Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00127

 

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00657 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00865 дугаар магадлалтай,

Ч.А-ийн нэхэмжлэлтэй,

............-д холбогдох,

Тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч ............-д холбогдуулан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00657 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч ............-өөс нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,397,204 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ............-өөс 473,850 төгрөг гаргуулж улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00865 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............-д холбогдох, тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Ч.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хянуулахаар гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т ...тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Гэтэл маргаж буй асуудлыг тусгайлан зохицуулсан 2021.01.15-ны өдөр батлагдан, хэрэгжиж буй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаа тэтгэмж олгоно гэж хуульчилсан байхад Төрийн албаны тухай хуулийг баримтлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг өгч шүүхэд гаргасан нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2021.01.15-ны өдөр батлагдан, хэрэгжиж буй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалт нь зөвхөн шүүгчээр ажиллаж байсан хүмүүст хамааралтай хууль гэж үзэх үндэстэй юм.

Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор анхан шатны шүүгчийн албан тушаалын цалинг 2,700,000 төгрөгөөр тогтоосон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т :..цалин хөлс нь: үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ...шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж тус тус хуульчилжээ.

Миний бие ажиллаж байсан байгууллага болох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын санхүүгийн тодорхойлолтоор сарын дундаж цалин хөлсийг 5,021,589 төгрөг болохыг тодорхойлж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан болно.

2021.01.15-ны өдөр батлагдан, хэрэгжиж буй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаа тэтгэмж олгоно гэж хуульчилсан ба миний үндсэн цалин хөлс болох 2,700,000 төгрөгөөр тооцож ............-өөс 97,200,000 төгрөг олгосныг дутуу олгосон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Дундаж цалин хөлсийг тооцоолохдоо: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-т ...нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо: ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана гэжээ.

Миний бие өөрийн байгууллагын санхүүгээс авсан тодорхойлолтоор миний сарын дундаж цалин 5,021,589 төгрөг, үүнийг 36 сараар тооцоход 180,777,204 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс надад шилжүүлж өгсөн 97,200,000 төгрөгийг хасч тооцоход 83,577,204 төгрөгийг зөрүү гарч байна.

............-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа шүүгчийн албан тушаалын цалин 2,700,000 төгрөгийг сарын дундаж цалин гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хуульчид бид хуулийг хэрэглэхдээ үг, үсэг, таслал зэргийг анхааран үздэг. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр гэсэн байх ба албан тушаалын буюу үндсэн цалингаар тооцно гэсэн үг, өгүүлбэр байхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т зааснаар шүүгч нь төрийн тусгай албан хаагч гэж хуульчилсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.10.31-ний өдрийн 203 тоот зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр шүүгч албан тушаалаас чөлөөлөгдсөн тул төрийн албан хаагчийн эрх үүрэг дуусгавар болсон ба мөн ............-ийн даргын тогтоолд гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн харилцаагаар маргаантай асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж иргэний шүүхэд хандсан юм.

Иймд тэтгэмжийн зөрүү 83,577,204 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч Ч.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 001/ШХТ2023/00664 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч ............-д холбогдуулан 87,577,204 төгрөг гаргуулахаар шаардахдаа “...2021.01.15-ны өдөр батлагдан, хэрэгжиж буй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаа тэтгэмж олгоно гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ...шүүгчийн цалин, хөлс нь албан тушаалын цалин, хөлс болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж тус тус хуульчилжээ. Миний бие шүүгчээр ажиллаж өндөр насны тэтгэвэрт гаргах үед сарын дундаж цалин 5,021,589 төгрөг байсан, үүнийг 36 сараар тооцоход 180,777,204 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс надад шилжүүлж өгсөн 97,200,000 төгрөгийг хасч тооцоход 87,577,204 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд Шүүхийн тухай хуулийн шүүгчийн эрх зүйн баталгааг тусгайлан тогтоосон хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй тул нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөгийг ............-өөс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...авч байсан сарын дундаж цалин... нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх “...Монгол Улсын Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгож журмын 4.4-т дурдсан зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасны дагуу тэтгэмж олгохыг шаардах эрхтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн сарын дундаж цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэж байх бөгөөд нэхэмжлэгч нь тэтгэмжийн зөрүү авах үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. ...Хуульд заасан дээрх сарын дундаж цалинд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл орохооргүй байна. Анхан шатны шүүх сарын дундаж цалинг “цалин хөлс” гэж тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан зохицуулалт нь тус маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ.” гэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9.Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй буюу иргэний хэргийн шүүхийн маргаанд хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамд нийцээгүй байна. Энэ нөхцөлийг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй нь буруу болжээ.

10.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч Ч.А- нь ............- буюу захиргааны байгууллагад холбогдуулан тус байгууллагын холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийн улмаас өөрийнх нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субъектив эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарах үед олгогдох тэтгэмжийг албан тушаалын үндсэн цалингаар бус хуульд заасан нэмэгдлийн хамт сар бүр авч байсан цалин хөлсийн дунджаар тооцож олгоогүй гэж маргасан тул зохигчийн хооронд үүссэн энэхүү маргаан нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна.

11.Иймд анхан болон давж заалдах шатны шүүх харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00657 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00865 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ч.А-ийн нэхэмжлэлтэй ............-д холбогдох тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН