| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
2023 12 27 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Д.Өлзийбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Өлзийбаатарт холбогдох эрүүгийн 2310011401885 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** байр, *** тоотод оршин суух, Боржигин овогт Доржжанцангийн Өлзийбаатар /РД:ЧМ88030177/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Өлзийбаатар нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа буюу **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Кинг тауэр хотхон, **** дугаар байрны гадна хохирогч С.Нямсүрэнг хүргэж өгөн, таксины мөнгөнийхөө оронд түр үлдээсэн Самсунг галакси Эс21 загварын гар утсыг завшиж 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Хохирогч С.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 4.30 цагаас 5.30 цагийн хооронд ** дугаар хорооллын туслах замаас 2 найзын хамт такс бариад Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Кинг тауэр хотхон, ** дугаар байрны гадна хүргүүлсэн. Хамт явсан 2 найз маань тэндээ буугаад өөр газраас такси барихаар явсан. Би жаахан халамцуу байсан болохоор тухайн таксиндаа сууж байгаад гэр лүүгээ орно гэж 2 найздаа хэлсэн. Тэгээд таксины төлбөрийг төлөх гэтэл гар утас маань унтарчихсан байсан. Тэгэхэр нь гэр лүүгээ ороод таксины мөнгө аваад буцаж гарч ирэхээр тохиролцоод өөрийн Самсунг Эс21 маркийн гар утсаатаксины жолоочид үлдээсэн. Тэгээд нөхрөөсөө таксины мөнгө аваад буусан газраа очиход тухайн такси хөдлөөд явсан байсан. Тэгээд маргааш өглөө 8 цагаас эхлүүлээд өөрийн гар утас руугаа хэд хэдэн удаа залгахад дуудаж байсан боловч авахгүй байсн. 12 цагийн орчим миний гар утас маань холбогдох боломжгүй болсон. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөртөө хотхоны хяналтын бичлэгийг шүүж үзэхэд би гр лүүгээ орцоороо орж байгаа бичлэг байсан. Өөрийн үйлчлүүлсэн таксины улсын дугаарыг харах гэсэн боловч гэрэл цацраад юу ч харагдахгүй байсан. Тэгээд тухайн таксиг Тоёота приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан болохыг тогтоосон. Тэгээд улсын дугаар нь харагдахгүй байсан учраас цагдаад хандаад нэмэргүй гэж бодож байтал хүмүүс алдагдсан гар утасны имэй кодоор нь олох боломжтой гэж хэлэхээр нь өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
3. Гэрч Ш.Мөнгөнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай найз Лхагваагийн төрсөн өдөр болоод найзуудын хамт ** дугаар хороололд тэмдэглээд дуусаад гарч такси бариад найз Нямсүрэнтэй хамт гэр гэртээ харихаар таксиндаа суугаад манай найз таксинд унтаад байхаар нь би гэрийнхээ гадна талд ирээд утсаа аваарай гэж хэлээд такси дуудаад яваад өгсөн. Тухайн үед манай найз Нямсүрэн үлдээд би болон Хөхөө бид хоёр нэг таксинд суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
4. Гэрч Ө.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр утас худалдан аахаар болоод С21 зарна гэсэн зарын дагуу яриад утасны дугаар байхаар нь холбогдсон. Тэгээд би ажлаа тараад Гандангийн МҮИС-ийн автобусны буудал дээр машинтайгаа зогсож байхад саарал өнгийн Акуатай эгч ард ирж зогсоод машинд орж ирээд наймаа хийсэн. Тухайн хүн 900,000 гэж байхад нь 800,000 төгрөгөөр ярьж байгаад авсан. Тухайн утас нь үзмэн ягаан өнгөтэй Самсунг Эс21 маркийн гар утас байсан... Би Самсунг барьж чадахгүй байсан учраас тухайн утсаа солихоор болоод Баянбүрдийн автобусны буудал дээр очоод утсаа сольсон. Одоо надад тэр утас байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
5. Гэрч Л.Хиигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Самсунг Эс21 маркийн гар утас 1 ширхгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк зарын дагуу үл таних хүнээс худалдан авсан. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдан авалт хийхдээ 3,4 дүгээр хорооллын Өргөө кино театрын баруун талын автозогсоол дээр миний Тоёота акуа маркийн автомашинд үл таних залуугаас Самсунг Эс21 маркийн гар утас худалдан авсан. Тухайн залуу гар утас зарахдаа “Энэ утсыг Америкаас эгч явуулсан, тэгээд хямд зарж байгаа” гэж хэлсэн... Тухайн утсыг худалдаж авсны дараа мөнгөний хэрэг гарсан тул зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
6. Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ХУ1-23-267 дугаар шинжээчийн дүгнэлт
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Өлзийбаатар нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг тауэр хотхон, 135 дугаар байрны гадна хохирогч С.Нямсүрэнг хүргэж өгөн, таксины мөнгөнийхөө оронд түр үлдээсэн Самсунг Эс21 загварын гар утсыг авч явж худалдан борлуулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Өлзийбаатар нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Самсунг Эс21 маркийн гар утсыг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байгаа хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Өлзийбаатарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Өлзийбаатарын хохирогч С.Нямсүрэнгийн эзэмшлийн эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Нямсүрэн, гэрч Л.Хишигжаргал, Ө.Дөлгөөн, Ш.Мөнгөнчимэг нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн нэлгээний дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Өлзийбаатар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Өлзийбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Нямсүрэнгийн эд хөрөнгө буюу гар утсанд үнэлгээгээр тогтоогдсон 1,150,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Өлзийбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг танилцуулж, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Д.Өлзийбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Өлзийбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 34 настай, хувиараа ажил эрхэлдэг гэх/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Өлзийбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Доржжанцангийн Өлзийбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигин овогт Доржжанцангийн Өлзийбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч Д.Өлзийбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Өлзийбаатараас 1,115,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Нямсүрэнд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгч Д.Өлзийбаатарт сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Өлзийбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР