Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/00798

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             03            30                                                 183/ШШ2021/00798

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 000 байр, худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 0 тоотод байрлах, з ХХК /РД0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Яармаг 0 гудамж, 000 тоот оршин суух, Б овогт О.Х /РД:0000/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 154 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч,  хариуцагч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч з ХХК-ийн захирал Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

з ХХК нь авто ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн О.Х №2017/** тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх №Ф2017/** фидуцийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон. Ингэхдээ О.Х өмчлөлийн 0000 УНВ улсын дугаартай Lexus LX470 маркийн автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр фидуцийн гэрээг тус тус байгуулж, мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай компанийн нэр дээр шилжүүлж өгсөн. ГэтэлО.Х нь гэрээгээр тохирсон хугацаа буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлөлт хийгээгүй, ба манай компанид барьцаанд тавьсан 0000 УНВ улсын дугаартай LEXUS LX470 маркийн автомашиныг бусдад худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. ЗээлдэгчО.Х нь зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу эхний 5 сард сар тутам 1 126 000 төгрөг, 6 дахь сард 1 260 570 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тул зээлийн гэрээний 3.1.5 дахь хэсэгт заасны дагуу алдангийг шаардах эрх үүсэх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 950 хоногийн хугацаа хэтрээд байна. Зээлдэгчийн гүйцэтгэх ёстой үүрэг буюу төлбөл зохих 7 789 720 төгрөгийн 0,5 хувиар тооцвол 38 948.5 төгрөг болно. 1 хоног 38 948.5 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хуульд нийцүүлж алдангийг тооцвол 7 789 720 төгрөгийн тавин хувь 3 894 860 төгрөгийг алдангид тооцон шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл О.Х холбоо барьж удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 789 720 төгрөг, алданги 3 894 860 төгрөг, нийт 11 684 580 төгрөгийг хариуцагчО.Хаас гаргуулах, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх №Ф2017/** фидуцийн гэрээний дагуу 0000 УНВ улсын дугаартай LEXUS LX470 маркийн автомашинаар хангуулж, улсын тэмдэгтийн хураамжийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд з ХХК-ийн нэхэмжлэлтэйО.Хт холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017/** тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3 4** 640, хүүгийн тооцоогүй, зээлийн үлдэгдлээс 3 4** 640 х 0,5 хувь=17 183 х 950 хоногийн алданги 16 326 850 байна. Иймд Иргэний хуулийн 235.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн тавин хувиас анз торгууль нь хэтэрч болохгүй гэснийг үндэслэн нийт 5 154 960 төгрөг болгон нэхэмжлэлийн  шаардлагыг багасгаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид анх шүүхэд хариуцагчО.Хаас зээлийн гэрээний үүрэгт 11 684 580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 5 154 960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болно. Учир нь барьцаа хөрөнгө болох автомашин нь бичиг баримтын хувьд манай өмчлөлд шилжсэн боловч бодитоор хариуцагч эзэмших, ашиглах эрхтэйгээр авч яваад одоо уг машин нь зарагдсан байгаа тул энэ шаардлагаас татгалзсан юм. Манай байгууллага нь хариуцагч О.Х зээлийн гэрээ байгуулж түүний дансанд мөнгийг шилжүүлэн өгсөн нь үнэн. Уг зээлийн мөнгийг хариуцагч нь авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж эргүүлэн төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээг андуурч байгуулсан, надтай биш ********тай байгуулах байсан гэсэн боловч өөрөө нас биед хүрсэн хариуцлага хүлээх чадвартай хувь хүн бөгөөд тухай үед энэ талаар мэдэгдээд гэрээг солиулах, зээлийн гэрээний мөнгийг буцаан өгөх боломжтой байсан. Гэтэл одоо шүүх дээр ирээд л ингэж хэлж байна. Иймд зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлэн авсан, хэдийгээр фидуцийн гэрээ байгуулсан боловч гэрээгээ зөрчиж, автомашиныг бусдад худалдсан тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5 154 960 төгрөгийг гаргуулан өгч, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.   

 

Хариуцагч О.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Булууд овгийн О.Х миний бие з ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 0000 УНВ улсын дугаартай LEXUS LX470 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Чи, Х гэх хүмүүст 15 сая төгрөгөөр худалдан борлуулсан юм. Ч, Х нар дээрх машиныг надаас худалдан авах үед тэд нарт 3 сая төгрөг дутсан тул ******** таньдаг гэх з ХХК руу дагуулан явж тэнд ********, Чинзориг нар сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 6 сая төгрөгийн №2017/** тоот зээлийн гэрээ байгуулахаар болсон юм. Ингэж гэрээ байгуулахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 0000 УНВ улсын дугаартай LEXUS LX470 маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээг тус компанийн нэр дээр шилжүүлж өгсөн юм. Энэ үед тус ломбардны ажилтан ********ын найз Нарангэрэл гэх эмэгтэй “албан бичгийг Хосбаярын нэр дээр буруу гаргасан байна. Захирал хөдөө явсан эзгүй байна. Захирлыг ирэхээр гэрээг Хашсансанын нэр дээр засаад өгье” гэхээр нь би түүнд итгээд машинаа ********, Чинзориг нар аваад явсан юм. Дээрх үйл баримт болох үед миний хажууд найз Мөнхжаргал байсан. з ХХК-ийн иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Чинзориг, ********, Нарангэрэл нар нь урьдаас үгсэн тохирч, бодит байдлыг нуун, намайг төөрөгдөл оруулан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь ******** бид нарын хооронд байгуулсан 0000 УНВ улсын дугаартай LEXUS LX470 маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээ з ХХК-ийн ажилтан Нарангэрэлтэй уулзах үед түүнд өгсөн юм. Иймд з ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 0000 УНВ улсын дугаартай LEXUS LX470 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Чинзориг, ******** гэх хүмүүст 15 сая төгрөгөөр худалдсаныг нотлох “худалдах, худалдан авах гэрээ”-г хуулбарлан авч, хэрэгт хавсаргаж өгнө үү. Учир нь дээрх гэрээг з ХХК-иас авах хүсэлт гаргахад “шүүхэд гаргаад өгсөн” гэдэг, шүүхэд з ХХК-иас гарган өгсөн материалыг үзэхэд ******** бид нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байдаггүй юм. Дээрх байдлаас үзэхэд з ХХК-иас зээлсэн 6 сая төгрөгийг ********, Чинзориг нар төлөх ёстой 3 саяыг нь төлсөн. Одоо 3 сая үлдсэн гэдгийг мэдсээр байж, миний нэрээр зээлийн гэрээ бичиж, намайг хуурч байгаад надаар гарын үсэг зуруулчихаад надаас илтэд үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа нь урьдаас төлөвлөж зохион байгуулалттай хийсэн залилах гэмт хэрэг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ******** нь таньдаг банк бус дээрээ намайг дагуулан очоод бид нарын хооронд байгуулсан машин худалдах, худалдан авах гэрээг з ХХК-д өгөөд, намайг төөрөгдөлд оруулан миний нэрээр зээлийн гэрээ байгуулаад надаас мөнгө нэхээд байгаа нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай залилах гэмт хэрэг байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба дээрх нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлж өгнө үү.

Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь з ХХК-ийн ажилтан Нарангэрэл гэдэг эмэгтэй зээлийн гэрээг н.Х нэр дээр гаргах байсан боловч андуураад миний нэр дээр гаргасан, дараа нь сольчихно гээд гарын үсэг зуруулсан юм. Миний дансанд мөнгө орж ирэх нь ирсэн байна. Би машин зардаг болохоор миний дансанд мөнгө орж, гарч л байдаг. Зээлээ төлөөрэй, төлөхгүй байна гээд з ХХК-иас шаардаад байна гээд манай найз н.М хэлж байсан боловч би гарын үсгээ сольчих байх гээд бодож байсан. Тиймээс би яагаад зээлийн гэрээг сольж өгөөгүй гэдгийг мэдмээр байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч з ХХК нь хариуцагчО.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 684 580 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 5 154 960 төгрөгийг гаргуулахаар багасгасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулж 6 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч буцаан төлөх үүргээ биелүүлэхгүй,  фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг худалдан борлуулж одоо хаана байгаа нь тодорхойгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3 4** 640 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 1 718 320 төгрөг, нийт 5 154 960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнд андуурч гарын үсэг зурсан, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, гэрээг солино гэсэн боловч солиогүй гэрээний үүрэг шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч з ХХК нь 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй болсон болох нь ******** улсын бүртгэлийн болон 28500** регистрын дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлээр тогтоогдож байна. /хэргийн 5-р хуудас/

 

Нэхэмжлэгч з ХХК нь хариуцагч О.Х 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №2017/** дугаартай Зээлийн гэрээ, №Ф2017/** дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 6 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, төлөгдөөгүй үнийн дүнгийн хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор, LexusLX470 маркийн***** УНВ улсын дугаартай хар өнгийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээндээ тусгасан байна. /хэргийн 6-8-р хуудас/

Хариуцагч нь уг зээлийн болон фидуцийн гэрээнд андуурч гарын үсэг зурсан, гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй, Б.Х уг гэрээг байгуулах байсан гэж маргасан боловч хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкетыг өөрөө бөглөж, зургаа наасан, батламжийг бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, зээлийн гэрээний зүйл болох 6 000 000 төгрөгийг хүлээн авсан бэлэн мөнгөний зарлагын баримтад 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гарын үсгээ зурсан, түүний ХААН банкны ******* тоот дансанд 5 890 000 төгрөг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул түүний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулахад гарын үсгээ андууран зурсан гэх тайлбар нь нотлогдохгүй байна гэж үзэв. /хэргийн 9, 11, 12-13-р хуудас /

Мөн хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/** дугаартай зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч гэрээний үүргийг би биш машиныг худалдан авсан Б.******** хариуцан төлөх үүрэгтэй, энэ нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах” гэрээгээр нотлогдоно, нэхэмжлэгчид энэ гэрээний харилцан тохиролцсон хувь нь байгаа гэж мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Автомашин худалдах худалдан авах гэрээ”-г М.******** буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчО.Х нь Б.********тай***** УНВ улсын дугаартай LexusLX470 маркийн автомашиныг худалдах, худалдан авахаар тохиролцон байх бөгөөд уг худалдах, худалдан авах гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний гар бичмэлээр бичсэн тохиролцоотой хувь нэхэмжлэгчид байхгүй, зээлийн гэрээг андуурч байгуулсан, зээлдэгчийг солих талаар хариуцагч нь ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарласан болно.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээ нь 286 дугаар зүйлийн 286.5-д заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”, 286.3-д “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэсэн боловч барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулсан гэж зохигч хэн аль нь тайлбарласан маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна.

ХариуцагчО.Х нь зээлийн гэрээг андуурч байгуулсан гэдгийг баримтаар нотлоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээний зээлдэгч ньО.Х гэж, 6 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан баримтад гарын үсгээ зурсан, түүний дансанд зээлийн гэрээний зүйл болох мөнгө шилжин орсон болох нь тогтоогдож байгаа тул түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна гэж үзэв.  

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоолол, түүний тайлбараар зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан, хариуцагчО.Х нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үндсэн зээлийн үлдэгдэл 3 4** 640 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт мөнгө шилжүүлж байгаагүй гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 1.1.4-т харилцан тохиролцсоноор үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алдангид хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 3 4** 640 төгрөгний 50 хувь 1 718 320 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь гэрээний 3.1.18-д заасан “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байгаа тохиолдолд зээлдэгчийн бизнесийн нэр хүндэд халдах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах, шаардлагатай гэж үзвэл зээлдэгчийг дампууруулах нэхэмжлэл шүүхэд гаргах” эрхээ хэрэгжүүлээгүй байх тул алдангийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагчаас зээлийн үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3 4** 640 төгрөг, алданги 1 718 320 төгрөгнөөс 50 хувийг хасч 859 160 төгрөг, нийт 4 295 800 /3 4** 640+859 160=4 295 800/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 859 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагчО.Хаас зээлийн гэрээний үүрэгт 4 295 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч з ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 859 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 903.28 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83 682 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН