Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00848

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 04 сарын 02 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00848                       Улаанбаатар хот

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, Н овогт Н.О /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, Ж овогт Б.Б /РД:00000/-т холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б 2013 оноос үерхэж, 2015 онд хамт хэсэг хугацаанд амьдарч дэлгүүр ажиллуулж байгаад 2018 онд Б.Б  цэрэгт явж ирээд тусдаа гарч амьдарсан. 2019 оны 6 дугаар сард бэр гуйж, 2019 оны 10 дугаар сард охинтой болсон. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид зан харьцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2020 оны 11 сараас хамтран амьдрах боломжгүй болсон. Б.Б нь “Алс групп” ХХК-д ажилладаг бөгөөд ажлын эмэгтэй А овогтой Э гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. А.Э удаа дараа сануулж хэлсэн ч байнга гэрт байх үед нь мессеж бичиж залгаад байсан бөгөөд байнга маргалдах шалтгаан үүсгэснээс цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид 2013 оноос үерхэж байгаад 2015 оноос хамтран амьдарсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч ирсэн. Б.Б бид хоёрын салах болсон шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс л болсон. Бидний дундаас охин Б.М 2019 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн. Одоо охин маань 1 ой, 06 сартай, би өөрөө асран халамжилдаг өөрийн асран хамгаалалтад өсгөхийг хүсч байгаа учраас охиныг минь миний асрамжид байгааг тогтоож, эцэг болох Б.Баас хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандсан. Бид хоёр хамт амьдраад 7 жил орчим болсон бөгөөд гэрлэлтээ батлуулах талаар ярилцаж байсан ч амжаагүй юм, одоо цаашид хамтран амьдрах боломжгүй.

Би охиноо аавтай нь уулзуулахгүй гэсэн нь хүүхдийнхээ эрхийг зөрчсөндөө биш, сүүлд гадуур цар тахалтай байхад Б.Быг гаднаас орж ирэхэд нь гараа угаах гэх мэт наад захын ариун цэврийн шаардлага тавихад өөдөөс зохисгүй сөрөг байдлаар харилцаа гаргаж байсан. Эцгийн хувиар хүүхэдтэйгээ уулзаад явах ч дараа нь хүүхэд өвдөх зэрэг сөрөг үр дагавар гарахад би өөрөө хүүхдийг өсгөж байгаагийн хувьд хариуцлагыг нь хүлээнэ. Түүнчлэн гэрт ирчихээд хүүхдийн хажууд хэрүүл маргаан хийж зохисгүй уур амьсгал бий болгосон учраас цаашид ийм байдал үүсгэмээргүй байна гэсэн юм. Дээрх байдлыг үүсгэхгүй харьцаа дээрээ анхаарвал хүүхдийг хүссэн үед нь уулзуулахаас татгалзахгүй заавал шийдвэрт тусгуулахгүйгээр уулзах үедээ харилцан тохиролцоод уулзаад байж болно гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.О 2013 онд үерхэж 2019 онд жирэмсэн болоод 2019 оны 10 дугаар сарын 25-нд хүүхэдтэй болсон. 2020 оны 6 дугаар сард Н.О болон хадам Ичинхорлоотой маргалдсаны улмаас намайг гэрээсээ хөөсөн. Ингээд 2020 оны 11 сар хүртэл хүүхэдтэй уулзах шугамаар холбоотой байж байгаад дараа нь холбоогүй болсон. Би аль болох боломжоороо охин Мөнхболортоо тусламж  дэмжлэг үзүүлдэг. Хүүхэдтэйгээ уулзаж байх эрх авмаар байна. Хүүхдийн тэтгэмж төлөх болохоор Н.О нь ямар нэгэн дарамт шахалтгүй хоёулхнаа уулзах боломж олгож өгнө үү. Мөн одоогоор би ажилгүй байгаа тул шүүх байгууллага уг тэтгэмжийг аль болох хөнгөн шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн охин М хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Н.Оийн ярьсан нь үнэн бөгөөд санал нэг байна. Бид өдөр судраас сайн өдөр харж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 00 хороо, Номноогийн 000 байрны 0 тоотод хамт амьдарч эхэлсэн. Хүүхэд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 23 цагт төрсөн. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр салсан бөгөөд тэр өдрөөс хойш хамт амьдраагүй бөгөөд хааяа нэг очдог байсан ч нэгээс илүү хонож байгаагүй. Дараа нь охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэхдээ ярилцаад тусдаа амьдрахаар шийдсэн юм. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй, хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу төлөхийг зөвшөөрч байгаа. Гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан шалтгаан нь бид гэрлэх гэж бэр гуйж байсан боловч Н.Оийг жирэмсэн байх хугацаанд би Мааньтад замын элсний тээрэмд ажиллаж зуны турш тэндээ байж байгаад 10 дугаар сарын эхээр хотод буцаж ирсний дараа хүүхэд төрөөд гэрлэлтээ батлуулж амжаагүй.  Миний хувьд зан харилцааны хувьд учир зүггүй уурлаад хашхираад байдаг хүн биш. Сүүлд шүүх хуралдааны товын тухай хэлэнгээ хүүхэдтэйгээ уулзах гээд очтол намайг уулзуулаагүй учраас л маргалдсан юм. Одоо бол тийм байдал үүсгэхгүй, Н.Оийн шийдсэнээр л байя. Тиймээс хүүхэдтэй уулзах талаар заавал шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Б.Бт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Н.О, Б.Б нь 2013 онд танилцаж, тэдний дундаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Мө төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 1122530344 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна /хэргийн 6-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь охин Б.М өөрөө асран халамжилж байгаа тул өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргаж өгнө үү гэсэн бөгөөд хариуцагч нь охин Б.М эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй, тэтгэлгийг хуульд зааснаар гаргуулахыг зөвшөөрч байна гэж тайлбарласан.

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар зохигчид тусдаа амьдарснаас хойш охин Б.Мөнхболор нь эхийн асрамжид байсан, мөн хариуцагч нь хүүхдийн асрсамжийн талаар маргаагүй, эх Н.Оийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул охин Б.М эх Н.Оийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Н.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Б.Баас шаардах эрхтэй, хариуцагч Б.Б нь охин Б.М асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж заасан, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжилсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Баас охин Б.М11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нь охин Б.М асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.  

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь хүүхэдтэйгээ уулзаж байна гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь  хүлээн зөвшөөрсөн, хүссэн үед нь уулзуулж байх болно гэж тайлбарласан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн асрамж тогтоолгоход төлөх улсын тэмдэгтийн хураамжид 32 400 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 865 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар 25-ны өдөр төрсөн охин Ж овогт Б.М эх Н овогт Н.О асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ж овогт Б.М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Баар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Н.От даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч  Н.О нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн Б.Бт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.От тус тус даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн асрамж тогтоолгоход төлөх улсын тэмдэгтийн хураамжид 32 400 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 865 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.   

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ХУЛАН