| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/0409/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/401 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/401
2024 04 16 2024/ШЦТ/401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Г.Хурмандах,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б***************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 ***********дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*****************
урьд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/405 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Б***************, /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 61а дугаар байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.*****ыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, баруун сарвуунд зулгаралт, хамар, баруун хөмсөг, баруун, зүүн хөмсөгний дотор, уруул, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 61а дугаар байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.*****ыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, баруун сарвуунд зулгаралт, хамар, баруун хөмсөг, баруун, зүүн хөмсөгний дотор, уруул, хүзүүнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан гэх тэмдэглэл, /хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-11/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 61 дүгээр байрны гадна гражаас машинаа гаргаад эхнэр хүүхдүүдээ хүлээгээд зогсож байхад танихгүй 2 эрэгтэй хүн надаас гал гуйсан. Би галаа авахаар хэлэхэд надад миний галыг өгөлгүй шатсан 1000 төгрөгөө өгсөн, тэгэхээр нь авахгүй миний галыг өгчих гэсэн чинь чи надаас гал гуйдаг хэн бэ гээд... ********** гэдэг нэртэй нь энгэрээс заамдаж бариад миний хамар хэсэгт нэг удаа мөргөсөн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд намайг мөргөсөн залууг **********, хамт байсан залууг нь Бат-Оргил гэдэг талаар мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15/, хохирогч Ч.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...********** гэдэг эрэгтэй миний нүүр хэсэгт мөргөж гэмтэл учруулсан. Өөр хэн нэгэн надад гэмтэл учруулаагүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Надад холбоотой эмчилгээний баримтууд надад байхгүй байна. Харин нүүр царай муухай болсон гэсэн шалтгаанаар 7 хоногийн турш ажиллаж чадаагүй. Би өөрөө Нартын голомт ХХК-нд сантехникийн инженер ажил хийдэг, нэг өдрийн 76,000 төгрөг, нийт 7 хоног 532,000 төгрөгийн цалин авдаг, дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17/, гэрч Ш.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би С.Лтай пиво уусан, бид 2 хамтдаа 7 цагийн үед гарч тамхи татахаар болсон. **********, Ч.***** нар нь зогсоолын чипээс болоод маргалдаад эхэлсэн. Би энэ явдлын дундуур орох гэж оролдоогүй, С.Л нь Ч.*****ын өөдөөс харж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Өөр хүн халдаж зодоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19/, гэрч Ж.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нөхөр *****той хамт ажилдаа явах гэж байсан. Нөхөр надаас түрүүлж гараад машинаа халаагаад байж байсан. Намайг машин дээрээ очих үед ***** танихгүй 2 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэр 2 хүн нь согтуу байсан. Намайг мөргөчихлөө гэж хэлсэн, ***** чи намайг цохчихлоо шүү дээ гэж хэлээд тонгойгоод орилж байх үед би очиж таарсан дээрх хүмүүс нь *****оос гал гуйсан байсан. Эргээд галаа авах гэхэд өгөхгүй, шатсан 1000 төгрөг өгснөөр маргаан эхэлсэн. Манай нөхөр өглөө гарахдаа нүүрэндээ ямар нэгэн бэртэлгүй гэрээсээ гараад явсныг би мэднэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2548 дугаартай шинжээчийн: “...1. Ч.*****ын биед хамар ясны хугарал, хамар, баруун сарвуунд зулгаралт, хамар, баруун хөмсөг, баруун, зүүн хөмсөгний дотор, уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 24-25/, яллагдагч С.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ч.***** гэх хүнээс тамхи асаах гал асууж болон машин гарах гэсэн машины хаалтаар гарах чип байгаа, байхгүй гэсэн асуудлаас болж хоорондоо маргалдаад би Ч.*****ыг нүүр хэсэгт нь мөргөчихсөн. Би буруутай үйлдлээ ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч С.Лын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Ч.*****ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч нь хохирогч Ч.*****ыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, баруун сарвуунд зулгаралт, хамар, баруун хөмсөг, баруун, зүүн хөмсөгний дотор, уруул, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн “ гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.***** нь ямар нэгэн гомдол саналгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 532,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Л төлсөн болох нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Ч.*****ын гаргасан хүсэлт, төлбөрийн баримт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Лаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Лд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, С.Л нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч С.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Лаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО