Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2021/00367

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

                                       2021         02          04

            182/ШШ2021/00367

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Л. Б

Хариуцагч:  НШШГГ, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнчимэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/02117 дугаар шүүхийн шийдвэрээр Л.Б, Б.М нараас 37,180,610 төгрөг гаргуулж “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгө болох Л.Бийн өмчлөлийн БЗод байрлах Ү-2 дугаартай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэх, хураан авах, шинжээчээр үнэлгээ тогтоох ажиллагаа хийсэн юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “ХЭ” ХХК-аар үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийлгүүлсэн байх бөгөөд шинжээч нь Л.Бийн орон сууцыг 49,752,700 төгрөгөөр үнэлсэн. Л.Б нь шийдвэр гүйцэтгэх албанд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 80,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар өгсөн байтал шинжээч нь зах зээлийн үнэ ханшнаас хямдханаар үнэлсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин, хохироож байна. Уг орон сууц нь хуучны барилга бөгөөд гэрчилгээн дээрээ 18 м.кв буюу зөвхөн өрөөний ашигтай талбайг хэмжсэн талбайн хэмжээгээр бичигдсэн байдаг. Бид одооны мөрдөгдөж буй стандартын дагуу хананаас ханын хооронд хэмжихэд орон сууцны нийт талбай нь 50 м.кв талбайтай байсан. Манай 16-р хороололд шинээр олон орон сууц баригдаж байгаа бөгөөд 1 м.кв нь 1,800,000-2,500,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул манай орон сууц нь 1 м.кв талбай нь 2,000,000 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой. Гэтэл шинжээч нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/Ш32019/02217 дугаар захирамжаар Л.Б, Б.М нараас 37,180,610 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 414,054 төгрөгийн хамт гаргуулж “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Бийн өмчлөлийн, Ү-2 дугаартай, БЗод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 9/495 дугаар тогтоолоор “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 47,752,700 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2020 оны 10 сарын 08-ны өдөр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн. Тухайн орон сууц Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 68 байр, 39 тоот нэг өрөө байр ба 1989-1990 онд баригдаж ашиглалтанд орсон, 30 жил ашигласан цаашид 10 жилийн настай байр байсан. Шинжээч орон сууцыг үнэлэхдээ орлогын, зардлын, зах зээлийн хандлагын аргуудыг ашиглаж, зах зээлийн хандлагын аргад 100 хувийн ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон байдаг. Шинжээч нэхэмжлэгчийн байртай байршил, чанар, хэмжээний хувьд адил төстэй 3 байрын үнийг судалж, нэг м кв-ын үнийг гарган, тухайн байрны талбайн хэмжээ болох 34 м кв-аар үржүүлж үнийг тодорхойлсон байна. Ингэхдээ холбогдох хууль, дүрэс журмыг мөрдлөг болгосон байна. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, шүүхийн шийдвэрүүд, гүйцэтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол, талуудын үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, “ХЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, тэмдэглэлүүд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/Ш32019/02217 дугаар захирамжаар Л.Б, Б.М нараас 37,180,610 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 414,054 төгрөгийн хамт гаргуулж “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

 Төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцааны хөрөнгө болох Л.Бийн өмчлөлийн, Ү-2 дугаартай, БЗод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, албадан худалдахын тулд талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байна. Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн байна. Шинжээч орон сууцыг 47,752,700 төгрөгөөр үнэлсэн болохыг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-126/36768 дугаар тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж мэдэгдэн тэмдэглэл хөтөлсөн байх ба төлбөр төлөгч Л.Б үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг илтэд бага болсон үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2020 оны 10 сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

НШШГГ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар шинжээчээр “ХЭ” ХХК-ийг томилсон, шинжээч “ХЭ” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ зах зээлийн үнээс илт доогуур болсон байдал харагдахгүй байна. Үнэлгээний тайлангаас харахад үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, харгалзвал зохих үзүүлэлтийг харгалзсан, орон сууцыг ижил байршил, хэмжээ, өрөө бүхий орон сууцуудтай харьцуулан авч үзсэн нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч  шинжээчийн тогтоосон эд зүйлийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн үл эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг үндэслэл зааж няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Бийн нэхэмжлэлийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/02117 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                        С. БУД