Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 30

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

   Шүүгдэгч: А.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуунбаатарт холбогдох 201616000288 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

А.Чулуунбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “SGS” ХХК-ний хойд талд 5 км Гурвантэс сум руу явдаг сайжруулсан шороон зам дээр Уаз-2206 маркийн өөрийн эзэмшлийн 25-37 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн 51 настай эмэгтэй Д.Онжилмаагийн бие махбодид хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ...“...гэнэт миний машины буруу талын урд дугуйны чулак нь хугарах шиг болж машины руль буруу тал руугаа булаагаад машины буруу талын урд талын гуперээр нь хатгаад машин бүтэн бөгсөөрөө эргээд замын баруун талын шороон далан өөд буруу талынхаа хажуугаар унасан. Онжилмаа хөдөлж чадахгүй нуруу нь гэмтсэн битүү цохигдсон юм шиг байсан. Би тэгээд яаж ч чадаагүй норм хэтрүүлээд явсан. Би Онжилмаад учирсан 3 сая төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-119-р хуудас/, “2016.12.04-нд Амартүвшин, Батзориг, Онжилмаа, Баттогтох энэ хэд Өмнөговь явна гэж мэдэгдсэн. Хүнс цуглуулаад бүтэн сайн өдөр таарч гарсан. Нээх олон хүн авахгүй гэж бодсон байсан. Зар өгөөгүй. Жаргал, Батжаргал, Амаржаргал гээд яриагүй хүмүүс ирж суусан. 2 хүн нэмж ирээд багтахгүй үлдээсэн. Явж байгаад “SGS”-н өмнө урд талын чулак хугараад буруу талын гупрээр унасан. Цагдаа эмчид мэдэгдээд тэсээс ирсэн. “SGS”-н эмнэлгийн тэрэг ирсэн. Ардаас нь очиж бүх хүмүүсээ үзүүлсэн” гэв.

Хохирогч, иргэний нэхэмхлэгч Д.Онжилмаа мэдүүлэхдээ...“2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 25-37 гэсэн дугаартай жолооч нь Чулуунбаатар гэдэг хүний машинд суугаад аймгийн төв рүү явсан. Сумаас урагш 30 гаран километрт “SGS” ХХК хүрээгүй байхад машин онхолдсон гэхдээ би болсныг мэдээгүй нэг мэдсэн машин унасан байсан. Би машины хаагуур гарсанаа ч мэдээгүй. Машинд 14 том хүн, 2 жижиг хүүхэд сууж явсан. Би уг машины урагшаа харсан голын суудлын заалны хаалганы эсрэг талд цонхны хажууд суусан. Осол болсон газрын нэрийг мэдэхгүй. Осол болохоос өмнө цаг харахад 16 цаг 47 минут болж байсан. Түүнээс хойш 10 минутын дараа осол болсон. Юунаас болж осол болсныг мэдэхгүй. Өөдөөс машин ирж байсан гэсэн гэхдээ хараагүй. Ослын улмаас миний 8 хавирга, 3 нурууны сэртэн, хүзүүний суурь ясны сэртэн, дал хугарсан, нуруу мултарсан гэсэн гэмтэл гарсан. Бас хөхөрлүүд гарсан байсан. Гомдолтой байна. нэхэмжилж байгаа мөнгийг холбогдогч этгээдээр нөхөн төлүүлмээр байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуудас/

Гэрч Б.Батчулуун мэдүүлэхдээ...“Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 16 цагийн үед байх Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж Гурвантэс сумын төв дээр байдаг узелтэй дэлгүүрийн гадаа нь очиход 25-37 өмө улсын дугаартай саарал өнгийн фургон автомашин Өмнөговь аймаг явна гэхээр би тэр машины хамгийн арын суудал урагшаа хараад дөрвүүлээ суусан. Тэгээд Гурвантэс сумаас гараад урагшаа сайжруулсан замаар явж байхад нь би жаахан зүүрмэглээд явж байтал пургон автомашин гэнэт түр тар гэсэн чимээ гарах шиг болсон. Тэгээд сэрээд хартал машины ар тал онгойчихсон машинд байгаа хүмүүс арын хаалгаар гарцгааж байсан. Би тэгээд машинаас хамгийн сүүлд нь машины арын хаалгаар гарахад машин хажуу талаараа уначихсан байдалтай байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс машины бензин нь гоожоод байна гэхээр бид нар машиныг босгоод дөрвөн дугуйн дээр босгосон тэгээд удаагүй байтал удалгүй фургон машин ирээд бид нарыг сумын эмнэлэгрүү аваад явсан....тухайн үед автомашиныг Чулуунбаатар уг машиныг жолоодож явсан. Машины урд талын чулак нь хугараад машины нэг талын дугуй нь дотогш орчихсон байсан. Тэр өдөр салхитай хүйтэн байсан. Осол болох үед гадаа бүрий болж харанхуй болох гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

Гэрч Ө.Амаржаргал мэдүүлэхдээ... “Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед байх Өмнөговь зймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж Гурвантэс сумын төв дээр байдаг дэлгүүртэй узел дээрээс 25-37 өмө улсын дугаартай саарал өнгийн фургон автомашинд суугаад машины арын суудал дээр Батзориг, тэгээд хоёр танихгүй эрэгтэй хүнтэй дөрвүүл суусан. Тэгээд Гурвантэс сумаас гараад урагшаа сайжруулсан замаар явж байтал фургон автомашин гэнэт түр тар гээд машин далбилзаад хэлтийгээд донслох шиг болсон нэг сэхээд хартал машины жолооч гараарай гэж хэлж байсан. Намайг тэгээд машины араар гаргасан. Би тэгээд машинаас буухад миний ууц нуруу хөндүүрлээд байсан. Тэгтэл удалгүй Пургон машин ирээд бид нарыг сумын эмнэлэг рүү аваад явсан. Саарал өнгийн 25-37 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашин байсан. Бид нар Гурвантэс сумаас 30 гаруй километрт буюу “SGS” ХХК-ний сайжруулсан зам дээр машин онхолдсон байсан. Тухайн өдөр салхитай хүйтэн байсан. Осол болох үед гадаа гэгээтэй байсан. Орой 17 цагийн үед осол болсон байх. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

Гэрч Х.Алтанцэцэг мэдүүлэхдээ....“ 2016 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед би Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж Гурвантэс сумын төв дээр байдаг узелийн гадаа нь очиход нэг танихгүй залуу Өмнөговь явна гэж хэлэхээр нь явна гэж дугаараа өгөөд явсан. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед явлаа гээд намайг дуудсан. Тэгээд би хүрч очоод саарал өнгийн фургон автомашины голын суудал дээр хойшоо хараад суугаад Гурвантэс сумаас урагшаа сайжруулсан замаар явж байтал тэр машин гэнэт дайвалзаад явах шиг болсон. Би тухайн үед юу болов гэж хэлээд ухаан алдсан нэг сэрсэн чинь нэг хүн та амьд уу, зүгээрүү гэхэд би зүгээр байна гэж хэлсэн. Би тэгээд машины арын хаалгаар мөлхөж гарсан. Тэгээд машинаас гарахад машины бензин нь гоожиж байсан. Машин буруу талаараа уначихсан байдалтай байсан. Би гадаа гараад сууж байтал нэг хүн үстэй дээл дээрээс нөмөргөсөн. Тэгээд бид нарыг фургон автомашинаар сумын эмнэлэг дээр авчирсан. 15 хүн тухайн автомашинд сууж явсан. Үүнээс машин дотор 12 том хүн 3 хүүхэд байсан. Тухайн үед Онжилмаа эгч машины хажууд хэвтээд байсан. Бусад хүмүүс гайгүй байх шиг байсан. тухайн үед Чулуунбаатар автомшиныг жолоодож явсан. Чулуунбаатар архи уугаагүй эрүүл явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

Гэрч Ж.Гантулга... “Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр16 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж саарал өнгийн 25-37 өмө улсын дугаартай фургон автомашинд суугаад явсан. Би машины арын заалны дунд талын суудлын захад нь сууж явсан. Миний баруун талд нэг танихгүй эгч сууж явсан. Тэгээд сумаас урагшаа сайжруулсан шороон замаар явж 30 гаруй километрт явж эайтал фургон автомашин гэнэт шороо шажигнаж дуугараад машин буруу талаараа онхолдсон би тэгээд тухайн үед машинаас яаж гарсанаа мэдэхгүй байсан. Тэгээд фургон автомашинаас гараад машины гадаа нь сууж байсан. Тэгэхэд тэр фургон автомашин буруу талаараа уначихсан байдалтай байсан. Тэгээд нэг машин хүрч ирэхээр нь Онжилмаа эгч бид хоёрыг эмнэлэг рүү явуулсан. Тэр фургон машинд 12 том хүн, 3 хүүхэд байсан. Миний хувьд бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Тухайн үед Онжилмаа эгч бос чадахгүй байсан. бусад хүмүүс зүгээр босоод явцгааж байсан. Саарал өнгийн 25-37 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашин байсан. Бид нар Гурвантэс сумаас 30 гаруй километрт буюу “SGS” ХХК-ний сайжруулсан зам дээр машин онхолдсон байсан. Жолоочийг танина, Чулуунбаатар гэдэг залуу уг машиныг жолоодож явсан. Чулуунбаатар архи уугаагүй эрүүл явж байсан. Чулуунбаатар сумын колонк дээр очоод бензин авч байхдаа машиныхаа доогуур орчихсон эд ангийг үзэж шалгаж байсан. Надад гомдол санал байхгүй, миний биед учирсан гэмтэл байхгүй" гэх мэдүүлэг/хх-ийн 47-р хуудас/

Гэрч Ж.Батзоригийн: “Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж саарал өнгийн 25-37 өмө улсын дугаартай фургон автомашинд суугаад явсан. Би машины хамгийн хойд талын суудлын захад нь сууж явсан миний зүүн гар талд Нандинболд, түүний цаана нь Амартүвшин сууж явсан. Тэгээд сумаас урагшаа сайжруулсан шороон замаар явж байсан. Тэгээд 30 гаруй километрт явж байтал фургон автомашин гэнэт онхолдсон. Тэгээд би сэртэл фургон автомашин буруу талаараа уначихсан байдалтай машинд сууж байсан. Хүмүүс машины арын хаалгаар гарцгааж байсан. Би тэгээд машины арын хаалгаар гарахад фургон автомашин буруу талаараа уначихсан байсан. Тэгээд машины жолооч Чулуунбаатар Гурвантэс сум руу эмнэлэг, цагдаа нарт нь утсаар мэдэгдэж байсан. Тухайн үед Онжилмаа гэдэг эмэгтэй хүн босч чадахгүй байсан. Бусад хүмүүс зүгээр гайгүй босоод явцгааж байсан. Саарал өнгийн 25-37 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашин далбилзаад тэгээд замын хашлагруу хажуу талаараа унасан. Тухайн үед юунаас онхолдсоныг мэдээгүй, машинаас буугаад үзэхэд машины урд талын чулак нь хугарчихсан байсан. Үүнээс болж машин унасан байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/

Гэрч А.Амартүвшин мэдүүлэхдээ... “Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж сумын төвийн зарын цэг дээрээс саарал өнгийн 25-37 өмө улсын дугаартай фургон автомашинд суугаад явсан. Би машины урд талд буюу жолоочийн хажууд нь сууж явсан харин арын зааланд 10 гаруй хүн суусан байсан. Тэгээд сумаас урагшаа сайжруулсан шороон замаар явж байтал фургон машин гэнэт далбис гээд машин бөгсөөрөө шарваад тэгээд шороон замын баруун талруу замын хашлага руу хамраараа мөргөөд тэгээд машин нь буруу талаараа уначихсан. Тэгээд машинд сууж байсан хүмүүс машины арын хаалгаар гарцгааж байсан. Би тэгээд машины арын хаалгаар гараад онхолдсон фургон автомашиныг үзэхэд тэр машин буруу талаараа уначихсан байдалтай шороон замаас гараад замын хажуу хашлага дээр уначихсан байсан. Тэгээд машины жолооч Чулуунбаатар Гурвантэс сум руу эмнэлэг, цагдаа нарт нь утсаар мэдэгдэж байсан. Тэр фургон машинд нийлээд 15 хүн сууж явсан. Тухайн үед Онжилмаа гэдэг эмэгтэй хүн босч чадахгүй ёолоод байсан. Саарал өнгийн 25-37 өмө улсын дугаартай фургон маркийн автомашин далбилзаад тэгээд замын хашлага руу хажуу талаараа унасан. Гурвантэс сумаас 30 гаруй километрт сайжруулсан шороон зам дээр онхолдсон. Чулуунбаатар архи уугаагүй эрүүл байсан. Уг машины урд талын чулак нь хугарсан мөн буруу талын дугуй нь салчихсан машины арын хаалга, дээвэр нь задарч сөхөгдсөн машины хажуу талын цонхнууд нь хагарсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

Гэрч А.Баттогтох мэдүүлэхдээ... “2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед би Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж Гурвантэс сумын төв дээрээс Чулуунбаатарын 25-37 өмө улсын дугаартай саарал өнгийн фургон автамашинд хүү Балжинням, ээж Онжилмаа бид гурав суусан. Тэгээд би хүүгээ тэврээд машины буруу харсан суудал хойшоо хараад суусан. Ээж Онжилмаа миний урдаас хараад сууж явсан. Тэгээд сумаас гараад 17 цагийн үед автомашин сумаас урагшаа сайжруулсан шороон замаар явж байгаад “SGS” ХХК-ний хажууд явж байтал фургон автомашин гэнэт түр тар гээд машин зөв талруугаа хэлтийгээд хажуу талаараа онхолдох шиг болсон. Би хүүгээ тэвэрээд фургоны хойд талын онгорхой дээврээр гарахад фургон автомашин буруу талаараа уначихсан байдалтай заалны хаалга нь дарагдсан байсан. Тухайн үед фургон маркийн автомашинд нийт 15 хүн сууж явсан, үүнээс 12 том, 3 хүн нь хүүхэд байсан. Хүү бид хоёрт гомдол санал байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/

Гэрч Х.Ууганцэцэг мэдүүлэхдээ... “Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж сумын зарын цэг дээр очоод асуухад нэг фургон автамашин Өмнөговь аймаг явна гэсэн. Тэгээд би цагаан саарал өнгийн 25-37 өмө улсын дугаартай пургон автомашинд суугаад явсан. Тэгээд би машины ард талын голын суудал дээр урагшаа хараад сууж явсан. Тэгээд сумаас гараад фургон автомашин сайжруулсан шороон замаар явж байхад би жаахан зүүрмэглээд явж байтал гэнэт автомашин гэнэт түр тар гээд хүмүүсийн хашгирах чимээ сонсогдсон. Тэгээд би сэртэл машины гадаа сайжруулсан зам дээр хэвтэж байсан. Тэгээд би босоод иртэл жолооч хаалгаа тийрээд гарч ирээд машины хойд талын хаалгаар машин дотор байгаа хүмүүсээ гаргаж байсан. Тэгтэл нэг ах гүйж ирээд зүгээрүү ахын дүү гэхэд би зүгээр байна гэсэн. Тэгэхэд пургон автомашин хажуу талаараа уначихсан байсан. Саарал өнгийн 25-37 өмө улсын дугаартай фургон маркийн автомашин байсан. Бид нар Гурвантэс сумаас 30 гаруй километрт онхолдсон байсан. Чулуунбаатар архи уугаагүй эрүүл байсан. Надад гомдол, санал байхгүй. Миний хувьд бэртэж гэмтсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

Гэрч Д.Жаргал мэдүүлэхдээ... “2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед байх Өмнөговь аймгийн гурвантэс сумаас Өмнөговь аймаг руу явах гэж Гурвантэс сумын төв дээр байдаг дэлгүүрийн гадаа зогсож байсан 25-37 өмө улсын дугаартай саарал өнгийн фургон автомашинд суугаад машины дунд талын суудал дээр дөрвүүлээ суусан. Тэгээд Гурвантэс сумаас гараад урагшаа сайжруулсан замаар явж байхад би зүүрмэглээд явж байтал фургон автомашин гэнэт түр тар гээд чимээ гарах шиг болсон. Тэгээд сэрээд хартал машины жолооч Чулуунбаатар энүүгээр гараараа гэж хэлж байсан. Би тэгээд машины араар гарсан. Тэгээд гадаа дээлээ нөмөрөөд байж байтал удалгүй фургон машин ирээд бид нарыг сумын эмнэлэг рүү аваад явсан. Машин дотор 15 хүн сууж явсан. Чулуунбаатар архи уугаагүй байсан. Саарал өнгийн 25-37 өмө улсын дугаартай фургон маркийн автомашин байсан. Бид нар Гурвантэс сумаас 30 гаруй километрт “SGS” ХХК-ний сайжруулсан зам дээр онхолдсон. Надад гомдол санал байхгүй. Биед учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 54-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 01 дугаартай шинжээчийн дүгнэлт

Уаз-2206 маркийн 25-37 өмө улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Чулуунбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарчээ. Мөн дүрмийн 21.8-ын а/-д заасан “...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Бат-Очирын гаргасан акт үндэслэлтэй байна.

Уаз-22-06 маркийн 25-37 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Чулуунбаатарын буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол болсон байна. /хх-ийн 19-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №33 дугаар дүгнэлт

А.Чулуунбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 55 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын дүгнэлт

Тус суманд Уаз-2206 маркийн суудлын автомашины сэлбэг урд салхины шил 80000, кабин 3500000, урд чулак 520000, кабины цонхны шил 160000 төгрөгний үнэлгээтэй болохыг тодорхойлов. /хх-ийн 60 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.24 №29 дугаар дүгнэлт

-Д.Жаргалын биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 63 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №31 дугаар дүгнэлт

-О.Амаржаргалын биед нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 65 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №27 дугаар дүгнэлт

-Х.Алтанцэцэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 70 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №35 дугаар дүгнэлт: А.Баттогтохын биед духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. /хх-ийн 73 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №32 дугаар дүгнэлт: Б.Балжиннямын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 76 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №31 дугаар дүгнэлт: Н.Нандинболдын биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 81 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №24 дугаар дүгнэлт: А.Амартүвшингийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 85 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №25 дугаар дүгнэлт: Ж.Гантулгын биед духанд шарх, нүүрнийхэсэгт зулгаралт, баруун гуя, сээр нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 86 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №30 дугаар дүгнэлт: Ж.Батзоригийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 89 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.24 №37 дугаар дүгнэлт: Б.Наранзулын биед зүүн гуяны ар хэсгийн цус хуралт, шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 92 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.24 №26 дугаар дүгнэлт: Х.Ууганцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.20 №36 дугаар дүгнэлт:Б.Мандахын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.24 №28 дугаар дүгнэлт: Б.Батчулууны биед зүүн чамархайн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 103 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.12.21 №240 дугаартай дүгнэлт: Д.Онжилмаагийн биед хүзүүний 7-р нугалмын 2 талын нум ба арын сэртэнгийн далд хугарал, сээрний 8-р ба 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 6-р, сээрний 10-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зүүн талын 1-8-р хавирганы 1 ба 2-лосон хугарал, зүүн далны далд хугарал, цээжний зүүн хөндий дэх шингэн хуралдалт, тархи доргилт, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. “Дээрх хүзүүний 7-р нугалмын 2 талын нумны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдэгэрэлтээс хамаарна. /хх-ийн 109-110-р хуудас/ 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/

А.Чулуунбаатарын эзэмшлийн уаз-2206 маркийн 25-37 ӨМӨ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14-16-р хуудас/

А.Чулуунбаатарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драгер багажаар шалгахад 0,00 хувь гарч тогтоогдоогүй болохыг нотолсон жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/

А.Чулуунбаатарыг "В” “С” “Е” ангиллын 615789 дугаартай жолооны үнэмлэхтэй болохыг нотолсон үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолууд /хх-ийн 32-36-р хуудас/

Уаз-2206 маркийн 25-37 ӨМӨ улсын дугаартай автомашин нь А.Чулуунбаатарын эзэмшлийнх болохыг нотолсон 2017 оны 01 дугаар сарын 05-ны өдөр нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 37-р хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкнуудын тодорхойлолтууд /хх-ийн 121-129 дүгээр хуудас/

А.Чулуунбаатарын жолооны үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 130 дугаар хуудас/

А.Чулуунбаатарын ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 дүгээр хуудас/

Сум дундын 15 дугаар шүүхийн 2014.06.17 №44 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /136-139 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011.03.10 №37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 140 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012.11.01 №129 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 145-146 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд зассан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүхээс дараах үйл баримтыг тогтоосон талаар: Шүүгдэгч А.Чулуунбаатар ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “SGS” ХХК-ний хойд талд 5 км Гурвантэс сум руу явдаг сайжруулсан шороон зам дээр Уаз-2206 маркийн өөрийн эзэмшлийн 25-37 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн 51 настай эмэгтэй Д.Онжилмаагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон үйл баримтыг үгүйсгэн няцаах баримт байхгүй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч А.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, зүйлчлэсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Чулуунбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд шүүгдэгч А.Чулуунбаатарыг Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн  2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгэж, уг ял дээр 37 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан гэж байх тул шүүгдэгч А.Чулуунбаатар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй тул ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Чулуунбаатар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэнийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоолоо.

Шүүгдэгч А.Чулуунбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Д.Онжилмаа гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй боловч “Ослын улмаас би биеэ эмчлүүлэх гэж гарсан зардал 3000000/ гурван сая/ төгрөг гарсан” гэж мэдүүлдэг /хх-40-41 дүгээр хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хохирогчоор дахин мэдүүлсэн мэдүүлэгтээ ”надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ./хх-42 дугаар хуудас/

 Иймд шүүгдэгч А.Чулуунбаатар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал бүхий шууд хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “B” “C” “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 615789     дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Чулуунбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдлаа.

Шүүгдэгч А.Чулуунбаатар баривчлах шийтгэл оногдуулсан тул түүнд урьд авагдсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бөх шар овгийн Амаржаргалын Чулуунбаатарыг Тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чулуунбаатарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Чулуунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чулуунбаатарын №615789 дугаартай В,С,Д ангиллын тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чулуунбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ