Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ2015/0018

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ш.Д нарын 11 хүний нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Ж.Ц, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгэм хамгааллын улсын байцаагч Д.Н нарт холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21-06/030/196 дугаар актын хавсралтын Ш.Д, Д.Г, Б.О, Н.Э, Ч.С, С.Б, Ц.Д,  Д.Ц, Б.Д, Б.С, Б.О нар холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, хариуцагч Д.Н, Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нарын 11 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бид 12 хүн хамтарч Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21-06/030/196 дугаар актын хавсралтын Ш.Д, Д.Г, Б.О, Н.Э, Ч.С, С.Б, Ц.Д  Д.Ц Б.Д, Б.С, Б.О нар холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүнд өвчний улмаас аргагүйн эрхэнд Улаанбаатар хот уруу онош тодруулах, эмчилгээ хийлгэх, мэс ажилбарт орох зэрэг эмнэлгийн үйлчилгээ авахаар явцгааж хуулийн дагуу нэг талын зардлын хөнгөлөлт эдэлдэг. Хууль тогтоомжийн заалтад хөгжлийн шатлалын ялгаа байхгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн Улаанбаатар хотод нэг удаа эмчилгээнд явсан бол хөнгөлөлт эдэлнэ гэсэн. Биднийг хуурамч баримт бүрдүүлж, нэг талын унааны зардлыг авсан гэж хууль бусаар акт төлбөр тавьсан юм. Тэгвэл хуурамч баримт бичиг гэдэг нь шинээр албан бланк дуурайлган хэвлэх, хиймэл гарын үсэг зурах, тамга тэмдгийг баллаж хийх замаар үйлдсэн үйлдлийг хэлэх байх гэж бодож байна.

Улс орон даяар эдийн засаг хямарч хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, мөнгөний инфляц буурч буй өнөө үед засаг төрийн халамжийн сарын тэтгэвэр 126500 төгрөг, тэтгэврийн 230000 төгрөгийн орлогоор ядуу тарчигхан амьдарч буй хүмүүс билээ. Д миний бие нь 2014 оны 7 сард Улаанбаатар хотын клиникийн Төв эмнэлэгт 4800 долларын үнэ бүхий 1 хөлний өвдөгний протез хийлгэх хүнд мэс засалд орсон. 3 сар тутам төв эмнэлгийн мэс заслын эмч нарын хяналтын эмчилгээнд явж байгаа. 2015 оны 3 сарын 10-ны үеэр явж, 4 сарын сүүлийн 10 хоногт ирсэн байгааг анхаарна уу. Иймд Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21-06/030/196 дугаар актын хавсралтын Ш.Д, Д.Г, Б.О, Н.Э Ч.С, С.Б, Ц.Д,  Д.Ц, Б.Д, Б.С, Б.О нар холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гаргасан удирдамжийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын Нийгмийн халамжийн сангийн 2012, 2013 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар нийт 50 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд акт тавьснаас бидний 11 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд уг актыг өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бид ойлгохдоо Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 нийслэлээс 1000  ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын  комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх  тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “нийслэлээс 1000  ба түүнээс  дээш  км   алслагдсан   газарт  байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын  хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох”  гэж заасны дагуу нэг талын замын зардлаа авна гэж ойлгож холбогдох баримтаа бүрдүүлэн замын зардлаа авсан. Тэгээд ч дээрхи хуулийн заалтуудад заавал ахисан шатны эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэхийг шаардаагүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч, Д.Н, Ж.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн  сайдын тушаалаар эмнэлгүүдийн ангилал, шатлалыг тогтоосноор Улаанбаатар хотын дүүргүүдийн эмнэлэг, Төмөр замын эмнэлэг, Энэрэл эмнэлэг нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нэгэн адил шатлал, холбогдох стандарт зэрэгт хамаарч байгаа нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 8 дугаар зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлүүдийг зөрчиж, нарийн мэргэжлийн эмч нарын шийдвэргүйгээр, эмнэлгийн ангилал шатлал нэгэн адил эмнэлгээр эмчлэгдсэн ирсэн.

Үүнд Ш.Д Д.Г Б.О, Ж.Э, С.Б, Б.С, Б.О Д.Ц, Ц.Д нар нь Улаанбаатар хот уруу эмчилгээнд явахдаа дүүргийн болон Төмөр замын эмнэлэг, Энэрэл эмнэлгийн 13Б маягттай ирсэн.

Мөн Б.Д нь Ховд аймгийн “Ач заяа” хувийн эмнэлгийн 13А маягтаар Улаанбаатар хотод эмчлүүлсэн байна. Ч.Снь Улаанбаатар хот уруу эмчилгээнд явж 13Б маягт таглуулахдаа эмчлэгч эмчийн гарын үсэг, тамга нь зөрүүтэй, нэгдсэн эмнэлгийн тамгагүй байсан зөрчлүүд илэрсэн гэжээ.

 

Хариуцагч Д.Ншүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас баталсан удирдамжийн дагуу уг шалгалтыг хийсэн. Удирдамжинд Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумдын нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, албадын болон гэрээгээр нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  2013, 2013 оны санхүүгийн болон бусад холбогдох баримт материалд хяналт шалгалт хийхээр заасан байсан.  Үүний дагуу бид Ховд аймгийн 6 сумын нийгмийн халамжийн сангийн санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гэж ялгаварлаагүй хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн. Уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэд нь 13 А маягтанд эмчлүүлэхийг зааж өгсөн эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгээгүй, 13А маягт олгосон эмнэлгийн статустай адил статустай эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэсэн, мөн хувийн эмнэлгийн 13А маягтаар эмчилгээнд явсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Цшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хяналт шалгалт хийхэд бидэнд хүндрэлтэй байсан. Ахмад настай хүмүүс хуулийг буруу ойлгосноос болж энэ асуудал үүсээд байгаа юм. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс олгосон 13А маягтанд тус өвчтөнг эмчлүүлэх, онош тодруулахаар хүргүүлж буй эмнэлгийг зааж өгдөг. БОЭТ-с дүүргүүдийн эмнэлэгт эмчлүүлэх, онош тодруулахаар 13А маягт олгодоггүй. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс хөлний өвчтэй хүнийг эмчлүүлэх, эсхүл онош тодруулахаар 13А маягтанд Гэмтэл согогийн эмнэлэгт очихыг зааж өгдөг. Үүний дагуу өвчтөн нь Гэмтэл согогийн эмнэлэгт эмчлүүлэх, оношилгоо хийлгэсний дараа 13 Б маягт таглуулж авах ёстой. Гэтэл дээрхи иргэдэд адил шатны дүүргийн эмнэлэг, Төмөр замын эмнэлгээр 13 Б маягт таглуулж ирүүлсэн зөрчил илэрсэн. Үүнээс гадна Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тамгыг хуурамчаар дарсан, зөвхөн хүрээг нь оруулж бүдэгхэн дарсан зөрчил илэрсэн. Ийм учраас дээрх иргэдэд актын төлбөр тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нарын 11 иргэн Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21-06/030/196 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.2 дахь хэсэгт  тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, нэхэмжлэгчээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хандан гомдлоо гаргаж хариуг авсан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасан захиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нутаг дэвсгэрийн харъяаллыг зөрчихгүйгээр тус шүүхэд хандсан байх тул шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн  оролцогчоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр  нэхэмжлэгч Ш.Днарын нэр бүхий 11 иргэний нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Онгоцны зардлын хөнгөлөлт төлүүлэх тухай” 21-06/030/196 дугаар актын хавсралтаар нэр бүхий ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  эмчилгээнд явсны унааны зардлын хөнгөлөлтийг нөхөн төлүүлэхтэй холбоотой маргаан үүсчээ.

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч Ж.Цэнд-Аюушын ажлын газар, албан тушаалын нэршил нь өөрчлөгдөж аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллах болсон нь шүүх хуралдаанд гаргасан биеийн байцаалтаар тогтоогдсон болно.

Улсын байцаагч Д.Н, Ж.Цнар нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б-н баталсан 2014.04.15- ны өдрийн 01/109 тоот хяналт шалгалтын удирдамж[1]ийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын халамжийн сангийн 2012, 2013 оны үйл ажиллагааны баримтанд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалт нь “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн 2.3.1-д заасан улсын мэргэжлийн хяналтын чиглэлд хамаарч байх ба Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасныг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн байна. 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн зорилт нь тэдгээр иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл хэмжээг тогтоож, энэ талаар төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг тодорхойлохтой холбогдох харилцааг зохицуулахад оршиж байх ба Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д тус тус зааснаар ахмад настан  болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээнд төрөлд “хөнгөлөлт хамаарч байна. 

 Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-д “нийслэлээс 1000 ба түүнээс км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан /хөгжлийн бэрхшээлтэй иргэн/ аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох” хөнгөлөлт үзүүлэхээр зааж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”, 3 дугаар хавсралтаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-д унааны зардлын хөнгөлөлтийг авахад өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын шийдвэр буюу 13А, 13Б маягт, замын зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт бичгийг бүрдүүлэхээр тусгасан байна.         

Нэхэмжлэгч Б.С Д.Ц, Б.О, Н.Э, Б.Д, Ч.С нар нь ахмад настны хувиар Д.Г, Ш.Д, С.Б Б.О, Ц.Д нар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувиар Улаанбаатар хотод эмчилгээнд  явж ирсэн нэг талын унааны  зардлын авсан байх ба холбогдох хууль тогтоомжинд заасан баримт бичгийг бүрдүүлж өгч хөнгөлөлтийг эдэлсэн гэх боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхний хуулбар байхгүй, харин хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, тахир дутуугийн тэтгэвэр авдаг тухай тодорхойлолт зэргийг хавсаргасан, зарим материал баримт бичгийн шаардлага хангахгүй байдалтай байна.

Нэхэмжлэгч нар хөнгөлөлтөнд хамрагдахаар өөрсдийн бүрдүүлсэн материалтай холбоотойгоор улсын байцаагчийн актанд тавигдсан зөрчлийн талаар маргаагүй боловч холбогдох хууль тогтоомжоор ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмчилгээ, оношилгоонд явсан тохиолдолд жил нэг удаа унааны зардлын хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилсан болохоос хаана, ямар эмнэлэгт хэрхэн эмчлүүлсэн талаар нарийвчлан заагаагүй байна гэж маргажээ.   

 Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актанд Ховд аймгийн Жаргалант сумын халамжийн сангийн 2012, 2013 оны үйл ажиллагааны баримтанд хийсэн хяналт шалгалтаар Ч.С-н  2012 онд Улаанбаатар хотод эмчлүүлсэн  13Б маягтын эмчлэгч эмчийн гарын үсэг, тамга зөрүүтэй, Б.Д нь нэгдсэн эмнэлгийн нарийн эмчийн зөвлөгөөний шийдвэргүйгээр Ховд аймгийн “Ач заяа” хувийн эмнэлгийн эмчлэгч эмчийн шийдвэр /13А маягт/-ээр Улаанбаатар хот эмчилгээнд явсан бусад 9 нэхэмжлэгчийн хувьд Ховд аймгийн Баруун бүсийн эмчилгээний оношилгооны төвийн нарийн мэргэжлийн эмч нарын болон эмчлэгч эмчийн шийдвэрээр Улаанбаатар хот эмчилгээнд явсан боловч тус шийдвэр/13А маягт/-т заагдсан эмнэлэгт бус дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмчлүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

 “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” /13А маягт/ -д шилжүүлж буй эмнэлгийн нэр, онош, дараагийн шатлалын эмнэлэгт явуулж буй үндэслэл зэргийг бичихээр байх ба нэхэмжлэгч нарт олгосон эмнэлэгт өвчтөн илгээх хуудсаар Хавдар судлалын Үндэсний төв /Д.Ц/, Улсын клиникийн төв эмнэлэг /Ш.Д Ч.С, Н.Э, Ц.Д, Б.Д/, Шастины клиникийн төв эмнэлэг /Д.Г/, Гэмтэл согог сэргээн засах Үндэсний төв /Б.С, С.Б/ Нөхөн сэргээх клиник /Б.О/, Эх хүүхэд эрүүл мэндийн Үндэсний төв /Б.О/-д эмчлүүлэхээр шилжүүлсэн байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг эрэмбэлэн зааж, мөн хуулийн 16 дугаар зүйлд тухайн байгууллагын төрөл тус бүрийн чиг үүргийг тодорхойлсноос үзвэл эрүүл мэндийн тусламж үзүүлэх байгууллагын шатлал нь нутаг дэвсгэрийн хамрах хүрээ, хүн амын тооноос хамааралтай байна.  

 Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15-д зааснаар бүс нутгийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нарыг шилжүүлсэн Улаанбаатар хот дахь эмнэлгүүд  нь мөн хуулийн 16.16, 16.17-д тус  тус зааснаар улсын хэмжээнд төрөлжсөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд хамаарч байна.

Харин нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төв нь  Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан “өрхийн эрүүл мэндийн төв”-д хамаарч байх ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д зааснаар хот, суурин газрын хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх чиг үүрэгтэй байх тул Ховд аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндэслэлгүй байна

Иймд нэхэмжлэгч нарыг “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-аар шилжүүлсэн эмнэлгээс өөр эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөл буюу шатлалыг зөрчиж эмчлүүлснийг зөвтгөх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нарт олгогдсон Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 дүгээр тушаалаар баталсан “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”13А маягт, “Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас”13Б маягт нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар тушаалаар хүчингүй болсныг тэмдэглэж байна.    

 2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд унааны зардлын хөнгөлөлт үзүүлэх нь Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.4, 2.5, 2.6 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.2, 2.3, 2.4-д зааснаар хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өргөдөл холбогдох материалыг сумын нийгмийн ажилтан хүлээн авч, аймгийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлэх, нийгмийн халамжийн байгууллага материалыг хянан үзэж хөнгөлөлт олгох эсэхийг шийдвэрлэх буюу хөнгөлөлтөнд хамрагдах иргэдэд хувийн хэрэг нээж, нэрсийг баталгаажуулах улмаар нийгмийн халамжийн үйлчилгээний гэрээ байгуулсан банкинд хүргүүлснээр иргэд тус банкнаас хөнгөлөлтийн мөнгийг авах эрхтэй болох журамласан харилцаа байна. 

Маргаан бүхий актыг Жаргалант сумын нийгмийн халамжийн байцаагч нарт хандаж гаргасан, уг актыг зөвшөөрч холбогдох албан тушаалтан гарын үсэг зурсан зэрэг байдлаас дүгнэвэл улсын байцаагчийн актаар тавигдсан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нийгмийн халамжийн байгууллагын зүгээс хөнгөлөлт эдлэх иргэдийн материалын агуулга, баримт бичигт тавигдах шаардлагыг хянан үзэхгүйгээр зөвхөн бүрдүүлбэрийг харгалзан шийдвэр гаргасан нь  буруу болжээ.

Мэргэжлийн хяналтын шалгалтын зорилго нь удирдамжинд тодорхойлсноор “Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн тогтоолт, олголт......................д үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчилд дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх”-д оршиж байх ба Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-д зааснаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн жил бүр эмчилгээ, оношилгоонд явахдаа нэг талын унааны зардлын хөнгөлөлт эдлэх боломжтой байх тул дээрх зөрчлийг илрүүлснээр нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын ажлын алдаа дутагдлыг залруулах, иргэдийн хуулинд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, улмаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад ач холбогдолтой байна гэж үзлээ.

Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21-06/030/196 дугаар актын хавсралтаар 2012 онд 22 иргэн, 2013 онд 23 иргэнд эмчилгээнд явсан унааны хөнгөлөлтийг нөхөн төлүүлэхээр зааснаас 11 иргэн үл зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэдий ч цаашид эрүүл мэндийн байгууллага болон нийгмийн халамжийн байгууллагууд хууль тогтоомжийг зөв ойлгож хэрэгжүүлэх, иргэдэд зохистой үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.      

Иймд Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Онгоцны зардлын хөнгөлөлт төлүүлэх тухай” 21-06/030/196 дугаартай актын хавсралтын Ш.Днарын 11 иргэнд нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын Үндсэн хууль болон бусад холбогдох тогтоомжинд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.9, 8.3, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан Ш.Днарын нэхэмжлэлтэй “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 21-06/030/196 дугаартай “Онгоцны зардлын хөнгөлөлт төлүүлэх тухай” актын хавсралтын Д.Г, Ш.Д, Б.О, Н.Э, Ч.С С.Б, Ц.Д, Д.Ц, Б.Д, Б.С, Б.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 42-44 дэх тал