Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00010

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

       Ж.А, Ө.Ч нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Б,

Шүүгдэгч: Ж.А, Ө.Ч,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батдорж, В.Энхболд, Б.Ганчимэг,

Хохирогч: М.М,

Нарийн бичгийн дарга: З.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолтой Ж.Алтанхуяг, Ө.Чойжилсүрэн нарт холбогдох 1838009270226 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, В.Энхболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А овогт Жын А, .... оны .. дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, урьд ... онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д зааснаар 2 жилийг хасч 6 сарын хорих ялыг цагдан хоригдсон 222 хоногийг ял эдэлсэнд тооцож суллагдсан /регистрийн дугаар ........../.

Монгол Улсын иргэн, Г Ө Ч, ........... оны..... дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд .... онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж байсан /регистрийн дугаар ....../.

Шүүгдэгч Ж.А, Ө.Ч нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Их харганы даваа” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө хохирогч М.М.ын 26 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 17,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А г, Гэрүүд Ө.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын А-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө-н Ч-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Ч-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийн цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.А-аас 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М-т, шүүгдэгч Ө.Ч-ээс 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М-т тус тус олгож, Эрүүгийн 1838009270226 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Чн нь цагдан хоригдоогүй, хохирогч М.Мөнхбаяр нь алдсан адуугаа эрж хайсан зардал 3,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.А, Ө.Ч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэгт шинжлэн судлагдсан эвхдэг хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Ч-д буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Ж.А-ийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шийтгэх тогтоолд үндэслэл болгохдоо ... ялтан Ө.Ч-ийн удаа дараагаар өгсөн мэдүүлгийн “тогтвортой” гэсэн хэсгээр Ж.А-ийг гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай болсон.

2.Тогтоолд тэмдэглэгдсэн, гэрчээр мэдүүлэг өгцгөөсөн, гэрч Б.Лхагважаргал, Б.Энхцогт, Л.Баттөр, н.Зоригтбаатар, Ч.Баттогтох, С.Лхагвасүрэн, Л.Чулуун-Эрдэнэ, Р.Баттулга нарын хэн аль нь ... Ж.А- ийг бусдын мал хулгай хийхэд оролцсоныг нотлоогүй, харин Ө.Ч-ийн үйлдэл болон холбогдлыг хангалттайгаар нотолсон байдаг.  

3.Ө.Ч өмнө нь гэрчээр ... 2018 оны 12 дугаар сарын 09, 2018 оны 12 дугаар сарын 12, 2019 оны 6 дугаар сарын 23, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд мэдүүлгийг өгсөн байдаг. Тэрээр ... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сумын төвд байхад 95521952 дугаар руу Алтанхуяг залгаад надад хандан “Их Жаргалант” гэх газар 18 тооны 2 шарга даагатай, хоёр алагтай адуу давуулаад ирчихсэн байна, чи хүрээд ир гэж хэлсэн. Би тэгэхэд нь очоогүй. ... Би ойлгохдоо өмнө ярьж байсан наймаагаа хийгээд байгаа юм байна ... гэж бодсон” гэжээ. Мэдүүлэг авах болгонд өмнө өгсөн мэдүүлгийг нь өгч танилцуулж байжээ. Ийм тохиолдолд мэдүүлэг тогтвортой гэж ойлгогдоно. Дээрх мэдүүлгийг Ө.Чойжилсүрэнгээс өөр хэн ч ийм байдлаар нотлоогүй болно.  

4.Гэрч Р.Баттулга нь /хавтаст хэргийн 82 дугаар тал/ 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ: “... Хэцүү хүнээс үхрээ солих гэж байна гэж яриагүй. Чойжилсүрэн бид хоёрын хооронд тийм яриа болоогүй ...” гэжээ. Үүгээр Ө.Чойжилсүрэн нь Ж.Алтанхуягийг энэ хэрэгт хэцүү хүн болгох гэж Р.Баттулга гэдэг хүнээр нотлуулахаар оролдсон байдаг.Үүнийг анхан шатны шүүх анзаараагүй.

 5.“Гэрч Б.Долгорсүрэн нь шүүгдэгч Ж.Алтанхуягтай төрөл садангийн холбоотой гэрч М.Даваасүрэн шүүгдэгч Ж.Алтанхуягийн эхнэр байх тул ашиг сонирхлын зөрчилтэй ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар мэдүүлэг нь үгүйсгэгдэж байх тул мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно гэжээ”. Шүүх дээрх хоёр гэрчийн мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг заагаагүй.

6.Гэрч Ч.Баттогтох нь Ө.Чойжилсүрэнгийн эхнэр, гэрч С.Лхагвасүрэн, Л.Чулуун-Эрдэнэ нар Ө.Чойжилсүрэнтэй ашиг сонирхол нэгтэй хүмүүс, тэдгээрийн мэдүүлэг нь ач холбогдолгүй. Үүгээр Ж.Алтанхуягийг буруутгах үндэслэл болохгүй.

7.Ө.Чойжилсүрэнгийн мэдүүлэг тогтвортой, үнэмшилтэй байгаагүй. Тэрээр хохирогчтой нүүр тулан учрахдаа янз бүрээр мэдүүлгийг өгсөн байхад шүүхээс Ө.Чойжилсүрэнгийн мэдүүлэгт “тогтвортой” гэсэн дүгнэлт хийсэн нь үнэмшилгүй болжээ.

... Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Ж.Алтанхуягийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав...” гээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны хангалттай байна гэж үнэлээд Эрүүгийн хуулийн дээр дурьдсан зүйл хэсгийг журамлан мөн тусгай ангийн дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал: Шүүгдэгч Ө.Чойжилсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан Ү.Баттогтох /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/, гэрч С.Лхагвасүрэнгийн /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/, гэрч Л.Чулуун-Эрдэнийн /1-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/, гэрч Р.Баттулгын /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байгаа. Шүүгдэгч Ж.Алтанхуягын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Жи мобайл ХХК-аас 98919933 гар утасны дуудлага гарсан, хүлээж авсан лавлагаа /1-р хх-ийн 101-121-р хуудас/, болон мөн дээр нэр дурьдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч М.Мөнхбаярын мэдүүлэг, гэрч М.Даваасүрэнгийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байхад шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн шүүгдэгч Ө.Чойжилсүрэн нь өөрийн гэм бурууг гаргасан үйлдлийнхээ хэмжээнд хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа, хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзаж үзээгүй.

Иймд хэргийг хуульд заасны дагуу бүхэлд нь хянан үзэж бодит байдалд нийцүүлэн Ө.Чойжилсүрэнд холбогдох зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж Эрүүгийн хэргийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанхуягийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүгдэгч Ө.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч В.Энхболд нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 113 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Ж.Алтанхуяг, Ө.Чойжилсүрэн нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Их харганы даваа” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө хохирогч М.Мөнхбаярын 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 17,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг бүрэн гүйцэт нотлоогүй байна.

Тухайлбал:Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Ө.Чойжилсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримт болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”  гэж заасны дээр уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.

Прокурор, мөрдөгч нь гэмт хэргийг хэн үйлдсэн, шүүгдэгч нар хэрхэн оролцсон, хаана, яаж үйлдсэн байдлыг тогтоогоогүй байх тул шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан нэг бүрчлэн тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэх байдал чухал ач холбогдолтой.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142-р хуудасны ар тал/-нд Ж.Алтанхуяг нь 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болгосон талаар дурдагджээ.

Гэтэл энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь “Эрүүгийн хуульд заасан бусад байдал” буюу шүүгдэгчийн хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэх юм.

Мөн хохирогч Г.Мөнхбаяр нь 26 тооны адуугаа хулгайд алдсан талаар гомдол мэдээлэл гарган мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнийг хохирогчоор тогтоон байцаалт авсан байна. Гэтэл Г.Мөнхбаярыг 26 тооны адуутай эсэхийг мөрдөгч, прокурор нарийвчлан шалгаагүй байна. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзэх юм.

Иймд нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Алтанхуяг, Ө.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба тус хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор хэвлэгдэж Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орсон 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр оногдуулах ялын төрөл, хэмжээ, яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан заалт ороогүй тул шүүгдэгч Ж.Алтанхуяг, Ө.Чойжилсүрэн нарт холбогдох хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн тохирох заалтаар зүйлчлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлтэд “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар тусгахаар заажээ. Гэтэл прокурор нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ямар заалтаар зүйлчлэгдэх талаар яллах дүгнэлтдээ тусгаагүй байхад шүүх уг яллах дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд шүүгдэгч Ж.Алтанхуяг, Ө.Чойжилсүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг тохирох зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон шинээр хуульчилсан тул шүүгдэгч Ж.Алтанхуяг, Ө.Чойжилсүрэн нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэх шаардлагагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Алтанхуяг, Ө.Чойжилсүрэн нарт урьд авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                        Н.БАЯРХҮҮ