Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00604

 

 
 
 
 

 
                      2021              03             15                                                   183/ШШ2021/00604    
 
 
 
      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Х дугаар хороо, Х дугаар хороолол, ХХ дүгээр байрны ХХ тоотод оршин суух, Х овогт Д  Б /рд:ХХ00000000/,

Нэхэмжлэгч: Х аймаг, Х дугаар баг, Онон 00 тоотод байрлах, ББ ХХК /рд:000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Х дугаар хороо, ХХ дүгээр байрны ХХХ тоотод байрлах, М ХХК /рд:0000000/-д холбогдох,

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компанийн болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч ББ ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Н /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /ШТЭҮД-0000/, Г.Н /ШТЭҮД-0000/, гэрч О.Я,  Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Б, ББ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “...Д.Б нь 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ББ ХХК-ийг үүсгэн байгуулсан, компанийн нийт энгийн хувьцааг 100 хувь эзэмшдэг, цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. 2019 оны 01 дүгээр сард М А Г ХХК-ийн захирал С.Б нь Д.БО ББ ХХК-ийг худалдаж авах санал тавьж, улмаар 1 600 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцож, төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтааж цувуулан төлөхөөр 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01 дугаартай худалдах, худалдан авах  гэрээг байгуулсан. М А Г ХХК нь “манайх газар дээр тариа тарих шаардлагатай, газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад ББ ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/, тариалангийн зориулалтай газрын гэрчилгээ хэрэгтэй” гээд компанийн бүх бичиг баримт, бүх эд хөрөнгө, тариалангийн газар, тариа, бригадын барилга, байгууламжууд, машин техникүүдийг хүлээн авсан. Гэвч М А Г ХХК-ийн захирал С.Б хэлсэн амандаа хүрэлгүй 2020 оны 3 дугаар сарын байдлаар ББ ХХК-д нийтдээ 723 000 000 төгрөгийг төлснөөс өөр төлбөрийг төлөөгүй тул ББ ХХК-ийн захирал Д.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 06, 20-ны өдрүүдэд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг М А Г ХХК-д хүргүүлж, уг мэдэгдлээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гэрээ цуцалж байгааг мэдэгдэж, 2020 оны 5 дугаар сард Д.Б нь Х аймгийн Биндэр сумын нутагт байрлах ББ ХХК-ийн эд хөрөнгө, машин техникүүдийг лацадсан. Д.Б-ын гэрээнээс татгалзсан мэдэгдэлд М А Г ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 33 тоот “...Монгол банкнаас зээл авах гэж байгаа, ...төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл сунгах, энэ хугацаандаа төлбөрийг төлж дуусгана” гэсэн албан бичгийг ирүүлсэн. Гэвч  дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд улмаар ББ ХХК-ийн зүгээс асуудлыг шийдвэрлэхээр М А Г ХХК-тай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр М А Г ХХК-ийн оффис дээр ББ ХХК-аас захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т,  өмгөөлөгч Н.Н, Б.Т,  М А Г ХХК-ээс тус компанийн ерөнхий захирал С.Б, гүйцэтгэх захирал болох Б.БА, үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Г, Ө.Н, нягтлан Г.Н гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн уулзалтаар “...энэ өдрийг хүртэл М А Г ХХК-ээс ББ ХХК-д төлсөн 723 000 000 төгрөг дээр нэмээд, урьд нь зээлээр худалдан авсан байсан техникийн 109 000 000 төгрөгийг гэрээний төлбөр дээр нэмж тооцон 833 356 875 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр нь 766 643 225 төгрөг” болохыг баталгаажуулан, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах  гэрээг дуусгавар болгох хэлцэл байгуулсан. Уг хэлцлээр М А Г ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 766 643 225 төгрөгийг төлж дуусгавар болгох, хэрэв төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч тал буюу  Д.Б нь гэрээний урьдчилгаа төлбөрт төлөгдсөн төлбөрийг ажлын 5 хоногийн дотор багтаан төлж дуусгах гэсэн аль нэг хэлбэрээр гэрээгээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгавар болгохоор тохиролцсон. Хэлцэлд дурдсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болоход хариуцагч төлбөрөө төлөөгүй тул Д.Б нь гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж, тохиролцсоны дагуу ажлын 5 хоногийн дотор ББ ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 400 000 000 төгрөгийг хэлцэлд заасан М А Г ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээдэд шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 02 дугаар сарын 11-ий өдөр 66 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 100 000 000 төгрөг болон 200 000 000 төгрөг, нийтдээ 366 000 000 төгрөг, нийт 766 000 000 төгрөгийг ББ ХХК-иас М А Г ХХК-д буцааж шилжүүлсэн байдаг. Гэрээ дуусгавар болгох хэлцэлд ББ ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн бүртгэлд 64 424 910 төгрөгийн өртэй байсан. Гэтэл М А Г ХХК-иас ББ ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаад захирал Ө.Н гэж гарын үсэг зураад үрийн буудайг зээлээр авч нийт 141 000 000 төгрөгийг өртэй болсон байсан тул өмнөх өр 64 424 910 төгрөгөө хасаад 75 000 000 төгрөгийг шилжүүлээгүй. Яагаад гэвэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өмнө ББ ХХК-ийн нэр дээр өр байгаа учраас хасаж тооцсоноор төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх хангалттай хугацааг тогтоож өгсөн. Эцэст нь гэрээ дуусгавар болгох хэлцлийн дагуу төлбөрөө төлөөгүй ч бидний зүгээс урьдчилж авсан төлбөрөө хэлцлийн дагуу М А Г ХХК-д төлбөрөө буцаасан учраас гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа. Хариуцагч тал гэрээг дуусгавар болгох хэлцлийг хүчин төгөлдөр бус, худалдах, худалдан авах  гэрээ одоог хүртэл хүчинтэй байгаа гэж манай талыг буруутгасан тайлбар өгч байна. Гэвч Д.Б гэрээг дуусгавар болгох хэлцлийн дагуу 766 000 000 төгрөгийг М А Г ХХК-д буцааж шилжүүлсэн. Энэ мөнгийг хариуцагч М А Г ХХК аваад 3 сар гаруй хугацаа өнгөрч байхад одоог хүртэл буцааж шилжүүлээгүй үйлдэл нь гэрээг дуусгавар болгох хэлцлийг баталгаажуулаад байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан, үүнийгээ тодорхой үйлдлээрээ илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийсэн хэлцэл гэж үзнэ гэж зааснаар гэрээг дуусгавар болгох хэлцэл бичгийн хэлбэрээр ч мөн бодит үйлдлээр ч баталгаажсан, хэлцлийг нэгэнт цуцлах замаар дуусгавар болгосон байтал хариуцагч өнөөдрийг хүртэл ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/-ийг эзэмшээд байгаа нь хууль бус эзэмшил тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр гэрээний дагуу ББ ХХК-ийн хөрөнгө болон улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/-ийг шаардах эрхгүй. Иргэний эрх зүйн үүргийг зохих ёсоор шударгаар хугацаанд нь биелүүлэх зарчим ёсоор хариуцагч тал эдгээрийг бүрэн биелүүлсэн тохиолдолд ийн шаардах эрхтэй байж болох юм. Гэтэл өнөөдрийг хүртэл биелүүлсэн ямар ч үүрэг байхгүй, урьдчилгаанд төлсөн мөнгөө хэдийн буцаагаад авчихсан байж нэхэмжлэгчээс компанийг нь авах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа янз бүрийн шалтгаан гарган тайлбарладаг ч энэ нь өөрөө талуудын хооронд байгуулагдаж байгаа хэлцэл биш, ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй. Уг гэрээг  нэг талаас М А Г ХХК-ийг төлөөлж  С.Б гэж хүн байгуулсан, гэтэл С.Б нь энэ компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш, Б.БА гэж хүн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд байсан. Нөгөө талаас Д.Б нь ББ ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Гэтэл худалдах, худалдан авах  гэрээний зүйл нь ББ ХХК-ийн хувьцаа, хууль зүйн талаас харвал энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагад нийцээгүй бөгөөд эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд буюу ББ ХХК өөрөө өөрийгөө захиран зарцуулсан байгаа тул уг гэрээг хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр хэлцлийн шаардлага хангаагүй, талууд бие биеэсээ шаардлага гаргах боломжгүй нөхцөл байдал бүхий гэрээ гэж үзэж болохоор байна. Тиймээс энэхүү хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Хоёрдугаарт, хэлцлийн агуулгын хувьд худалдах, худалдан авах  гэрээний  төлбөр төлөгч М А Г ХХК нь 2019 оны 12 дугаар сард багтаагаад гэрээний төлбөрийг бүхэлд нь төлснөөр ББ ХХК-ийн бүхий л эрх, үүрэг, тамга, хувьцаа бусад зүйлсийг М А Г ХХК-д хүлээлгэн өгнө  гэсэн тохиролцоо байдаг. Гэтэл бодит байдал дээр хэрэгжээгүй, худалдан авагч тал төлбөрөө бүрэн төлөөгүй тул ББ ХХК-ийн эрх болон дагалдах эд хөрөнгийг ч шаардаж авах эрх үүсээгүй. Гуравдугаарт, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар худалдан авагч тал гэрээгээр тогтоосон хугацаандаа үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагч М А Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М А Г ХХК-ийн ерөнхий захирал С.Б, гүйцэтгэх захирал Б.Б бид иргэн Д.Б-той 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, газар тариалангийн зориулалтай, нийт 2170 га газар худалдан авахаар болж гэрээний төлбөрт нийт 903 781 785 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Гэтэл энэхүү гэрээг нэхэмжлэгч талаас эрх олгогдоогүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 53 дугаар зүйлд эрх олгогдоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр байх, 53.1-д эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан байдаг. Гэрээ байгуулагдах талаар М А Г ХХК-ийн бүх удирдлага мэдэж байсан ба нэхэмжлэгч тал гэрээний дагуу шаардлага гаргаж байсан учраас гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас эд хөрөнгөө шаардах эрхээ хэрэгжүүлэх гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа. Маргааны үндсэн асуудал нь үүрэг зөрчсөнөөс буюу үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бөгөөд үүнтэй ч манай тал маргадаггүй. Харин энэ маргаанд хууль бус эзэмшилтэй холбоотой асуудал байхгүй, гэрээний дагуу хууль ёсоор эзэмшсэн асуудал юм. Бидний зүгээс нэхэмжлэгчид гэрээний төлбөрөө төлөх хүсэл зориг байсан ч хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалтай холбоотой асуудал үүссэнээс гадна цар тахлын улмаас гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл бий болсны улмаас төлбөр төлөх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм. Д.Б нь өнгөрсөн хавар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгож эхэлснээс хойш гэрээний үнийн дүнгээс тооцогдох хүн амын орлогын албан татварыг төлөхгүй гэж, өөрөөр хэлбэл 1 600 000 000 төгрөгийн ашиг олж байгаа атал хүн амын орлогын албан татварын 10 хувь буюу 160 000 000 төгрөгийн татварыг төлөхгүй, гэрээний үнийн дүнг бууруулан бичиж дахин гэрээ хийх санал тавьсан бөгөөд тус саналыг манай компани хүлээж аваагүй тул гэрээ цуцлах саналыг гаргаж, мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. Үүнээс татвараа хасуулаад үлдэгдэл төлбөрөө ирж ав гэж удаа дараа хэлсэн боловч шүүхэд хандаж, биднийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болгосон. Манай компанийн зүгээс ББ ХХК-д 2019, 2020 онуудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийгээд газар тариалангийн үйл ажиллагаагаа эрхлэхэд бүрэн боломжтой нөхцөл бүрдэхэд гэрээ цуцлах саналыг гаргаад байгаа нь үндэслэлгүй. Тус гэрээний талаар талууд удаа дараа уулзалт зохион байгуулж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах  гэрээг дуусгавар болгох хэлцлийг байгуулсан. Уг хэлцэлд талуудын санал тусгагдсан боловч хэлцлийг хүчин төгөлдөр болоход нөлөөлөх техник ажиллагаанаас шалтгаалан энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр болж чадаагүй. Яагаад гэхээр нэхэмжлэгч Д.Б нь уг гэрээнд гарын үсэг зурна гэж авч яваад манайд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авчирч өгсөн. Гэтэл энэ үед гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа дууссан байсан тул гэрээ биелэгдэх ямар ч боломжгүй болсон, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг болон 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч энэ талаар нэхэмжлэгч тодорхой хариу хэлдэггүй байсан, мөн манай ерөнхий нягтлан бодогч О.Я-аас бэлнээр хүлээн авсан 18 000 000 төгрөгийг аваагүй гэж маргадаг. Бид 2021 оны 01 сарын 05-ны өдрийн 173/01 тоот Хас банкны тодорхойлолтоор манай талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн биелүүлэх боломжтой байсан талаарх баримтыг гаргаж өгсөн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс үндэслэлгүй шаардлага гаргасан, дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, харин анх байгуулагдсан 01 тоот худалдах, худалдан авах  гэрээ нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, манай компани нэхэмжлэгч компанид 2019 онд 580 438 182 төгрөг, 2020 онд 188 990 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 2020 оны 7 дугаар сард Х аймгийн Биндэр суманд байрлах газар тариалангийн зориулалттай  2179 га талбайд 21 км газарт бетонон шонтой хашаа барихад 200 000 000 төгрөгийг зарцуулсан, Агромаштек компанид трактор барьцаанд тавьсан 120 000 000 төгрөгийг төлсөн, ингээд нийт 930 781 785 төгрөг төлж, 1 047 252 286 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бидэнд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар ББ ХХК-аас хохирол шаардах эрх үүсэж байгаа ч бид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компани болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг М А Г ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ББ ХХК-д даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б анх тус шүүхэд хариуцагч М А Г ХХК-д холбогдуулан тус компанийн хууль бус эзэмшлээс ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТСХХХХ дугаартай тамга /тэмдэг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ББ ХХК нь нэхэмжлэгчээр оролцож, М А Г ХХК-иас ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТСХХХХ дугаартай тамга /тэмдэг/ гаргуулж, ББ ХХК-д хүлээлгэж өгөхийг М А Г ХХК-д даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1 600 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, ... удаа дараа гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл сунгах талаар хүсэлт ирүүлсэн боловч энэ хугацаанд мөн төлөөгүй, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр талууд нийт 833 356 875 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 766 643 225 төгрөг болохыг баталгаажуулаад, ...аль нэг хэлбэрээр гэрээгээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгавар болгохоор тохиролцсоны дагуу ...нийт 766 000 000 төгрөгийг ББ ХХК-иас М А Г ХХК-д буцааж шилжүүлснээр гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/-ийг гаргуулна” гэж тайлбарласан. 
 
Хариуцагч “...2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах  гэрээг дуусгавар болгох хэлцэл байгуулагдсан. Нэхэмжлэгч гарын үсэг зурна гэж авч яваад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авчирч өгөхөд аль хэдийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа дууссан байсан. Иймд гэрээ биелэгдэх боломжгүй болсонд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай, дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн маргааны үндсэн асуудал нь үүрэг зөрчсөнөөс буюу үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, энэ маргаанд хууль бус эзэмшилтэй холбоотой асуудал байхгүй, гэрээний дагуу хууль ёсоор эзэмшсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан. 
 
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ. 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.   

Хавтаст хэрэгт, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр М А Г ХХК /түүнийг төлөөлж С.Б/, ББ ХХК /түүнийг төлөөлж Д.Б/-ийн хооронд байгуулагдсан 01 тоот худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээгээр Д.Б нь 2179 га талбайтай үр тариалангийн зориулалтаар ашиглах газар бүхий ББ ХХК, машин механизм, дагалдах тоног төхөөрөмжүүдийг 1 600 000 000 төгрөгөөр М А Г ХХК-д худалдахаар, худалдан авагч буюу М А Г ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 200 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар талууд тус тус тохиролцсон байна.  
 
Нэхэмжлэгч дээрх хэлцлийг “...гэрээг худалдан авагч талаас М А Г ХХК-ийг төлөөлж С.Б гэж хүн байгуулж, гарын үсэг зурсан, гэтэл С.Б нь тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш. ...Мөн худалдагч талаас Д.Б нь ББ ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Гэтэл худалдах, худалдан авах  гэрээний зүйл нь ББ ХХК-ийн хувьцаа тул эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд буюу ББ ХХК өөрөө өөрийгөө захиран зарцуулсан байгаа тул уг гэрээ хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр хэлцлийн шаардлага хангаагүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ББ ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Б болох нь тогтоогдох тул тэрээр тус компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй. /хх6/ 
 
 Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан бөгөөд дээрх гэрээ байгуулагдах үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар С.Б нь М А Г ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсан боловч М А Г ХХК-ийн зүгээс гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр төлөх талаар талууд дахин гэрээ байгуулж, мэдэгдэл хүсэлт хүргүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл М А Г ХХК нь худалдан авагч тал байна.  
 
Иймд шүүх ББ ХХК болон М А Г ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.      
 
Худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар талуудад зөвхөн үүрэг үүсдэг бөгөөд хууль болон гэрээгээр худалдан авагч М А Г ХХК-д гэрээгээр тохиролцсон төлбөр 1 600 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, худалдагч ББ ХХК-д биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг тус тус үүссэн.  
 
Хариуцагч дээрх гэрээний дагуу 930 781 785 төгрөг төлсөн гэж тайлбарласан, харин үлдэх төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээ “...Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалтай холбоотой асуудал үүссэн, мөн цар тахлын улмаас гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл бий болсноор төлбөр төлөх боломжгүй болсон тул үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй” гэж тайлбарласан боловч энэхүү татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй. 
 
Улмаар хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгч ББ ХХК хариуцагчид 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэх 10 хоногийн нэмэлт хугацаа олгосон агуулга бүхий албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээнээс татгалзсан агуулга бүхийг мэдэгдэл тус тус хүргүүлснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.   
 
Хариуцагч дээрх нэмэлтээр тогтоож өгсөн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч Д.Б 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талууд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, “2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай худалдан, худалдан авах гэрээг дуусгавар болгох” тухай хэлцэл байгуулж, тус хэлцлийн 1 дэх заалтаар гэрээний дагуу М А Г ХХК-ийн төлсөн төлбөр 833 356 875 төгрөг болохыг, 2 дахь заалтаар М А Г ХХК-ийн төлөх үлдэгдэл төлбөр 766 643 225 төгрөг, үүнээс 64 420 910 төгрөгийг Хөдөө аж ахуйг дэмжих санд, 702 218 215 төгрөгийг Д.БО төлөхийг, 3, 5 дахь заалтаар М А Г ХХК гэрээний 1-д заасан төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.Б М А Г ХХК-ийн төлсөн 833 356 875 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...Нутгийн зам групп ХХК-ийн дансанд шилжүүлж гэрээг дуусгавар болгох, энэ хэлцлийн 1, 2-т заасан аль ч тохиолдолд дээрх худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна.    
 
            Харин хариуцагч дээрх хэлцлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч Д.Б нь уг гэрээнд гарын үсэг зурна гэж авч яваад манайд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авчирч өгсөн. Гэтэл энэ үед гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа дууссан байсан тул гэрээ биелэгдэх ямар ч боломжгүй болсон. Үүнд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг болон 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай. Мөн дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул анхны худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр юм” гэж тайлбарлан “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах  гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компани болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг М А Г ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ББ ХХК-д даалгах”-аар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Талууд эхлээд амаар ярилцаад, эцсийн байдлаар тохиролцсон тохиролцоог хариуцагч талаас цаасан дээр буулгасан, тохиролцоонд М А Г ХХК-ийн ерөнхий захирал С.Б, гүйцэтгэх захирал Б.БА, Ө.Н, нягтлан Г.Н гээд холбогдох бүх хүмүүс нь гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үүгээр хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэлцлийн дагуу гэрээний үүрэг биелүүлэх хугацаа тогтоосон гэдэг нь нотлогдоно. Дээрх тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Д.Б-ын зүгээс 766 000 000 төгрөгийг шилжүүлснээр гэрээ цуцлагдсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд шаардах эрхтэй байж болох ч өнөөдрийг хүртэл биелүүлсэн ямар ч үүрэг байхгүй, урьдчилгаанд төлсөн мөнгөө хэдийн буцаагаад авчихсан атал байж нэхэмжлэгчээс компанийг нь авах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан.  

            Хэргийн баримт, талуудын тайлбараар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэлд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч гарын үсэг зурж, хариуцагчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдох боловч талууд удаа дараагийн уулзалтаар амаар тохиролцсоны дагуу уг хэлцлийг байгуулсан, мөн хэлцлийг хариуцагч талаас бичгийн хэлбэрт буулгаж, хариуцагч нар гарын үсэг зурж, 2020 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчид хүргүүлсэн зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан” гэж зааснаар бичгээр хэлцэл хийгджээ. 
 
            Улмаар хариуцагч нь хэлцлээр тохиролцсон хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 766 643 225 төгрөг төлөх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Б мөн өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг, биелүүлээгүй тохиолдолд гэрээгээр тохиролцсоны дагуу 833 356 875 төгрөгийг өөрөө төлснөөр гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 18, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийт 766 000 000 төгрөгийг хариуцагч М А Г ХХК-д шилжүүлснээр талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон байна. 

Ийнхүү дээрх гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгч ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТСХХХХ дугаартай тамга /тэмдэг/-ыг буцааж өгөх үүрэг хариуцагч М А Г ХХК-д үүсэх боловч хэргийн үйл баримт болон талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл байгуулсан, хариуцагч худалдан, худалдан авах хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлж, бичиг баримтыг шилжүүлж авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан зэргээр хууль болон гэрээний дагуу уг баримт бичиг, тамга тэмдэг хариуцагчийн эзэмшилд байсан болох нь тогтоогдох тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. 
 
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч М А Г ХХК-иас ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм эх хувь, тамга /тэмдэг/-ыг гаргуулж нэхэмжлэгч Д.Б болон ББ ХХК-д олгож, шүүх нэгэнт гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн тул хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах  гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компани болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг М А Г ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ББ ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  
 
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас “...нэхэмжлэгчид нийт 903 781 785  төгрөг төлсөн, ...Д.Б бэлнээр 18 000 000 төгрөг авсан” гэж, нэхэмжлэгч талаас “...хариуцагч худалдан авсан байсан техникийн 109 000 000 төгрөгийг гэрээний төлбөр дээр нэмж нийт 833 356 875 төгрөг төлсөн” гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан, мөн нэхэмжлэгч нь “...хариуцагчид 766 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ М А Г ХХК-ээс ББ ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаж зээлсэн 141 000 000 төгрөгийн өр, ББ ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан дахь 64 424 910 төгрөгийн өр зэргийг тооцож, 75 000 000 төгрөгийг шилжүүлээгүй” гэж тайлбарласан боловч хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, дээрх маргаан, тооцоолол нь талуудын хэн алины нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байсан тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд хандан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.  
 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, ББ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 157 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 228 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.БО, 8 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББ ХХК-д тус тус олгох нь хуульд нийцнэ. 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч М А Г ХХК-иас ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТСХХХХ дугаартай тамга /тэмдэг/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Б болон ББ ХХК-д олгосугай. 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах  гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компани болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг М А Г ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ББ ХХК-д даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, ББ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 157 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 228 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.БО, 8 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББ ХХК-д тус тус олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ