| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0040/э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ийн Нт холбогдох эрүүгийн 2417000000031 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 13-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Г.. аймаг .... сум, ...... дугаар баг ......... тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/688 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Г-ийн Н /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х овогтой Г-ийн Н нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр цэцэрлэгийн хойд хаалганы харалдаа байсан иргэн Г.С-ын эзэмшлийн 27-96 УБЭ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд сууж, тус тээврийн хэрэгсэлд сууж байсан насанд хүрээгүй З.А-ын зүүн гарыг татаж буулган тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000031 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд М ахын 79-79 ГСА улсын дугаартай машинд Б, М ах бид 3 архи ууж байгаад би согтоод тэндээ унтаад сэрсэн чинь хамт байсан хүмүүс яваад өгсөн би ганцаараа машин дотор үлдсэн байсан. Тэгээд би Б рүү утсаар залгахад White house буудалд байна гэж хэлэхээр нь машинаас буугаад яаж явах вэ гээд ойр тойрноо харсан чинь гагнуур хийж байсан айлын хашааны гадаа цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь би тэнд гагнуур хийлгэж байгаа жолооч нарын машин байх гэж бодоод жолооч талынх нь хаалгаар орж суутал нэг эрэгтэй хүүхэд миний хажууд сууж байсан. Тэгээд би тэр машиныг унаад явах гэтэл тэр хүүхэд ахаа боль гээд миний гарнаас зуураад байхаар нь гарыг нь салгаж түлхсэн санагдаж байна. Тухайн машиныг жолоодоод White house-д ирчихээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би тус машиныг завших болон зарж үрэгдүүлэх зорилгоор авч яваагүй, архиныхаа согтууд хүний машин аваад явсан байна лээ. Дээрх үйлдэлдээ би гэмшиж байна. Мөн тус 27-96 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер эвдэлсний төлбөр болох 400 000 төгрөгийг хохирогчид өгч барагдуулсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28, 68 дугаар хуудас/
2. Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим дүү З.Аыг суулгаад өөрийн эзэмшлийн 27-96 УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 1-р цэцэрлэгийн харъяа гэр цэцэрлэгээс дунд хүү Д.Г-ыг авахаар очоод гэр цэцэрлэгийн хашааны хойд хаалганы харалдаа тээврийн хэрэгслээ зогсоож байрлуулаад машинд дүү Аыг үлдээгээд цэцэрлэгт ороод хүүгийнхээ хувцасыг өмсүүлж байтал А гүйж орж ирээд нүдэнд нь нулимс цийлэгнэсэн айсан байдалтай орж ирсэн. Тэгээд би цэцэрлэгээс гүйж гараад харсан чинь их хурдтай тоос босоод миний машиныг төмөр замын зүүн тал руу чиглэлтэй унаад явчихсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/
3. Шүүгдэгч Г.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 78, 53-57 дугаар хуудас)
4. Гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 45-49 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр цэцэрлэгийн хойд хаалганы харалдаа байсан хохирогч Г.С-ын эзэмшлийн 27-96 УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр тус тээврийн хэрэгсэл дотор сууж байсан насанд хүрээгүй хүүхэд З.Аын зүүн гарнаас татаж буулган тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х овогтой Г Н 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр цэцэрлэгийн хойд хаалганы харалдаа байсан иргэн Г.С-ын эзэмшлийн 27-96 УБЭ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Г.Н нь Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч Г.С, шүүгдэгч Г.Н нарын мэдүүлэг, бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч Г.Н нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул шүүгдэгч Г.Ныг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.Н нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Нын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн КБ-1 гэж хаягласан СД-1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, урт түрийтэй үстэй 2 ширхэг 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт оногдуулсан 600 /зургаан зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн КБ-1 гэж хаягласан СД-1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, урт түрийтэй үстэй 2 ширхэг 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Нт буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ