Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00013

 

 

 

 

 

 

2020         07             01                                         2020/ДШМ/13

 

Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Д.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Доржханд, В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолтой Д.Дд холбогдох 1938005110304 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Доржханд, В.Энхболд, дээд шатны прокурор Н.Батмөнхийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б овогт Д-ын Д, …. оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар …................/.

Шүүгдэгч Д.Д нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-29-18 тоотод иргэн Ш.Ганбатын нуруунд нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Д-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Дыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ялын 103 /нэг зуун гурав/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: МХХ-ны гишүүн, хуульч, өмгөөлөгч В.Энхболд би Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Ш.Ганбат нь шүүгдэгч Д.Дд “согтуу байж мотоциклоор явж яах юм бэ” гэж хэлээд, түүнийг дарж хэвтүүлчихээд, босоод буруу хараад цаашаа явж байхад нь шүүгдэгч Д.Д нь баруун талын халааснаасаа эвхдэг хутга гарган хохирогч Ш.Ганбатын араас нуруун тус газар нь 1 удаа хутгалж “цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн” амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн байна” гэж дүгнэжээ. Шүүх ингэж дүгнэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу “...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх...”, “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах” шаардлагыг хангаагүй. Тухайлбал, хохирогч Ш.Ганбат нь “би түүнийг гараад явчихаар нь араас нь гараад чи согтуу юм байж мотоциклиор явж яах гээд байгаа юм бэ? гээд түүнийг дарж хэвтүүлсэн. Тэгэхэд Төмөрөө билүү, Төмөрөөгийн эхнэр нь билүү намайг татаж босгосон. Би босоод эргээд харахад Д араас нуруу руу маань хутгалчих шиг болсон. Тэгэхэд Дын эгч нь гээд хүн ирчихсэн байх шиг байсан” гэж эх сурвалжаа тодорхой заагаагүй эргэлзээтэй мэдүүлэг өгсөн ба энэ мэдүүлэг нь хэргийн цорын ганц гэрч болох К.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “намайг гадаа гарахад Ганбат Дын дээр гарчихсан ноцолдож байгаа байдалтай байсан. Тэгээд би Ганбатыг боль гэж хэлээд түүнийг хүчээр татаж босгосон” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, “тухайн үед Ганбат Дын дээр нь гарчихсан цохиж байсан. Гэхдээ би яг хаана нь цохисныг нь анзаарч хараагүй. Би тухайн үед айж балмагдсан байсан учраас Ганбатыг Доос салгаж холдуулсан. Намайг Ганбатыг салгаж холдуулахад Д нилээн орилж хашхичаад цочирдсон байдалтай болчихсон байсан. Тэгж цочирдсон үедээ хутга гаргаж ирээд л Ганбатыг хатгачих шиг болсон”/хх-ийн 158-159 дүгээр талд/ гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд ч тусгаагүй, шүүгч анхаар ч үзэлгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх давхар үндэслэл болж байна. Мөн гэрч К.Оюунтуяагийн дээрх мэдүүлэг нь хохирогч Ш.Ганбатын “Д.Дд “согтуу байж мотоциклиор явж яах юм бэ” гэж хэлээд, түүнийг дарж хэвтүүлчихээд...” гэсэн мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй байхад түүнийг үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болно гэж үзэж байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд нь гэрч К.Оюунтуяагийн мэдүүлгээр давхар батлагдаж байгааг харгалзан үзээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэргийн 158-159 дүгээр талд байгаа шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шинжлэн судлаагүй нь нотлох баримтыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тухайн гэмт хэргийг үйлдэх урьдчилсан нөхцөл гэж шийдвэртээ тусгасан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд хэргийн бодит байдалд нийцүүлэн Д.Дын үйлдлийг зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 2020/ШШТ/139 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Д.Дд ял оногдуулсан. Хохирогч Ш.Ганбат нь шүүгдэгчийг боож унагаан дээр нь сууж, цамцны захаар нь боож, нүүрэн тус газар нь зодсон зүй бус үйлдлийн улмаас хэсэгхэн зуур амьсгал боогдон, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байгаа нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгүүдээс харагдаж байна. Тухайлбал гэрч К.Оюунтуяагийн “тухайн үед Ш.Ганбат Дын дээр нь гарчихсан цохиж байсан. Би Ганбатыг хүчээр татаж босгосон. Д чи намайг аллаа шүү дээ гэж орилж хашгичаад цочирдсон байдалтай байсан. Тэгж цочирдсон үедээ хутга гаргаж ирээд л хатгачих шиг болсон. Би түүнийг Ганбатыг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд гартаа барьсан хутгыг нь булааж авсан. Намайг тэгж хэлэхэд л Д ухаан ороод жаахан сууж тайвширч байгаад тэр чигээрээ манай гэрт оролгүй яваад өгсөн. Д зодуулсандаа болоод ч тэр үү их уурлаж, цочирдсон /балмагдсан/ байсан” гэх мэдүүлэг, Гэрч Э.Отгончимэгийн “нөхөр Д гэмт хэрэгт холбогддог орой гэртээ ирэхдээ хүнд зодуулсан байдалтай согтуу ирсэн. Хамарнаас нь цус гарчихсан, хүзүү хэсэг нь хүнд боолгуулсан гэмээр улайчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Намайг Төмөрөөгийн гэрээс гарч явахад Ганбат араас дагаж гарч ирээд боож унагаасан. Боолгуулж унаснаас хойш юу ч санахгүй байгаа. Ямар ч байсан маргааш нь миний хүзүү нэлээн улайчихсан, хамраас цус гарчихсан байдалтай сэрсэн. Намайг тийм байдалтай байхыг эхнэр Э.Отгончимэг харсан. Миний хувьд Ганбатыг хутгалсан үйлдлээ огт санахгүй байгаа. Нэг ухаан ороход л гэртээ ирчихсэн байсан” гэх мэдүүлэг зэргээс харахад энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх үндэслэл байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж, гэмтэл хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдана. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6 дугаарт заасан нотолбол зохих байдлуудыг нотолж шийдээгүй байна. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэл, зорилгыг нотолж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэлтэй шууд холбоотой. Дыг гэртээ харихаар удаа дараа гарахад нь хохирогч Ш.Ганбат явуулахгүй гэж дарж унагааж байсан ба улмаар 3 дахь удаагаа гарахад нь хохирогч өөрөө араас нь дагаж гарч ирээд цамцаар нь хоолойг нь боомилж унагаан дээр нь гарч сууж байгаад цохиж байсан ба энэ үйлдлийг гэрч К.Оюунтуяа таслан зогсоосон байдаг. Ингээд К.Оюунтуяа Ш.Ганбатыг хүчээр татаж босгосон ба Ш.Ганбатыг эргэж харахад нь Д.Д “чи намайг аллаашүүдээ” гэж муухай хашхирч босч ирээд халааснаасаа хутга гаргаж нэг удаагийн үйлдлээр Ш.Ганбатыг хутгалсан.  Харин анхан шатны шүүх энэ хэргийг нотолбол зохих байдлыг анхааралгүй орхигдуулж, хохирогчийн зүй бус үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд Ш.Ганбатыг Д.Дын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг болиулахын тулд хүч хэрэглэсэн гэж тайлбарлаад байгаа боловч энэ нь Ш.Ганбат шүүгдэгчийн биед халдаж, боож унагаасан, цохисон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

2.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугүй гэж маргаагүй, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин хэргийн зүйлчлэл тохироогүй учир зүйлчлэлийг өөрчлүүлэхээр мэтгэлцэж байхад шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн талаар маргаж байгаа учир шүүгдэгчийн гэм буруугийн талаар зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэнэ гээд шүүх хуралдааныг түр завсарлуулсан ба шүүх хуралдаан үргэлжилж, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэр гаргасан юм. Улмаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйтэй адил гэх байдлаар тайлбарлаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Энэ нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Ш.Ганбатыг Ганболд гэж 2 удаа бичсэн, шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаж, зөвлөлдөх тасалгаанд орж ирээд шууд шийтгэх тогтоол уншсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл мөн болохыг шүүх хуралдааны тэмдэглэлийн 11-р хуудаснаас уншиж болно.

3.Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Гэтэл тус шийтгэх тогтоол нь ойлгомжгүй, хэлсэн зүйлийг гуйвуулж бичсэн байгаа. Тухайлбал: шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч миний шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн, мэтгэлцсэн, хэргийн зүйлчлэл ба хууль хэрэглээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн тайлбарласныг огт бичээгүй атлаа “Д.Дын гаргасан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл биш, хохирогч Ганбатын дээр нь гарч суугаад цохиж зодсоны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж ийм үйлдэл хийхэд хүрсэн. Мөн хохирогч Ш.Ганбат нь 5 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэж мэтгэлцэж байна гэж бичсэн байгаа нь хууль мэдэхгүй, хууль хэрэглэж үзээгүй, энэ талаар ямар ч анхны мэдэгдэхүүнгүй хүн хэлсэн юм шиг зүйл бичсэн байгаа зэргээс шүүгчийн хандлагыг харж болно.

4.Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байхад шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулна гэсэн хандлагаар шүүж байгаа нь шийтгэх тогтоолд бичигдсэн дараах үг, өгүүлбэрээс харагдаж байна. Тухайлбал, “Өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, үр дагаврыг нь тооцох боломжтой байсан боловч хутгалж, урьдчилан харж, хүсч санаатайгаар үйлдсэн гэж үзлээ /ШШТ 7-р хуудас/, шүүгдэгч Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалгүй боловч үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв /ШШТ 10- р хуудас/, өөрөөр хэлбэл хохирогч Ш.Ганбат нь шүүгдэгч Дыг урьд нь таньдаггүй байсан тухайн үед анх удаа уулзсан, түүнд хүч хэрэглэж, зодож цохисон зүйлгүй, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжлоогүй, өөрийн эрхшээл дарамтад оруулаагүй, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох үйлдлийг таслан зогсоох нь шүүгдэгчийн өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн хууль ёсны үйлдэл бөгөөд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автах үйлдэл нь тухайн цаг хугацаанд гэнэтийн цочролд орж, түрхэн зуур буюу хэдхэн секунтын хугацаанд өөрийн үйлдлийг удирдан жолоодох үйл явц юм /ШШТ 7-р хуудас/” гэх зэргээр дүгнэж бичиж байгаа нь нэг өгүүлбэр доторх үгнүүд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн зэрэг ойлгомжгүй дүгнэлтүүд олон байна.

Иймд Д.Дд холбогдох хэргийн зүйлчлэл бодит үнэнд нийцээгүй байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан ялын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Үүнд: 1. Шүүгч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримталж шийдвэрлэсэн нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” гэж заасан байх тул шүүх шийтгэх тогтоолдоо уг заалтыг баримтлах байсан байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д түүний өмгөөлөгч Д.Доржханд, В.Энхболд нарын давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 29-18 тоотод хохирогч Ш.Ганбатын нуруун тус газар нь хутгалж амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хохирогч Ш.Ганбат, гэрч К.Оюунтуяа, Э.Отгончимэг, О.Төмөрхуяг нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг үнэлэн шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболдын “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, ...Д.Дын үйлдлийг зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү” гэх,

Шүүгдэгч Д.Д, өмгөөлөгч Д.Доржханд нарын “...хэргийн зүйлчлэл буруу, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Д.Дд ял оногдуулсан. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.6-д заасан нотолбол зохих байдлуудыг нотолж шийдээгүй. ...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Гэтэл тус шийтгэх тогтоол нь ойлгомжгүй, хэлсэн зүйлийг гуйвуулж бичсэн байгаа. ...шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэхдээ хэн нэг талыг барьж дүгнэлт гаргасан. ...Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байхад шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулна гэсэн хандлагаар шүүж байгаа нь шийтгэх тогтоолд бичигдсэн дараах үг өгүүлбэрээс харагдаж байна. Иймд Д.Дд холбогдох хэргийн зүйлчлэл бодит үнэнд нийцээгүй байх тул ...зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь анхан шатны шүүхийн “...хэргийн үйл баримт нь энэхүү гэмт хэргийн урьдчилсан нөхцөл болох “Өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтанд оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэх шинжийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь шүүгдэгчийг урьд нь таньдаггүй байсан, тухайн үед анх удаагаа уулзсан, түүнд хүч хэрэглэж, зодож цохисон зүйлгүй, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлоогүй, өөрийн эрхшээл дарамтанд оруулаагүй, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох үйлдлийг таслан зогсоосон нь шүүгдэгчийн өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн, хууль ёсны үйлдэл бөгөөд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автах үйлдэл нь тухайн цаг хугацаанд гэнэтийн цочролд орж, түрхэн зуур буюу хэдхэн секундын хугацаанд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвараа алдах үйл явц юм. Хэргийн бодит байдал дээр шүүгдэгч нь “Ганбатын босгосны дараа Д баруун талынхаа халааснаас хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Дыг наад хутгаа боль гэхэд Д муухай орилсноо Ганбатыг буруу хараад явж байхад нь араас нь хутгалчихсан” гэх гэрч К.Оюунтуяагийн мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийг хууль бус үйлдлийг таслан зогсоох К.Оюунтуяагийн анхааруулгыг үл ойшоон өөрийн гэмт санаа, үйлдлээ хэрэгжүүлж дуусгажээ...” гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан устгахыг зохих байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан ”хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахдаа илүү нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримталж шийдвэрлээгүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурор эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “1 дэх хэсэгт” гэснийг “1 дэх хэсгийн 1.4-т” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                                    Н.БАЯРХҮҮ