Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Х.Б*** 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А***

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хот байгуулалт, хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б***

Хариуцагч: “У***” ТӨХК,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “У***” ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Б***, Горим, тохируулгын албаны дарга Т.А***,

Гуравдагч этгээд: М.С***,

Гуравдагч этгээд Д.Ч*** нарын хоорондын М.С*** барилгын гадна шугамын трассыг Х.Б***-ын өмчлөлийн газрыг дайруулсан баталсан шийдвэр, түүний улмаас учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б**, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А***, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, хариуцагч “У***” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***, Т.А***, иргэдийн төлөөлөгч М.Х***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Х.Б***нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “У***” ТӨХК-д холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсныг илт хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан 60,000,000 төгрөгийн хохиролыг гаргуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Х.Б***нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ........... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай, газар өмчлөх эрхийн 0......4 дугаар гэрчилгээ бүхий 271 м.кв газрыг Э.Ц***, Д.Э***, Э.Г***, Э.Г*** нарын хамт хамтран өмчилж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн газраа “Газар худалдах, худалдан авах” гэрээний үндсэн гуравдагч этгээд Д-ийн Ч-д  80,000,000 төгрөгөөр худалдсан.

                 Энэ хооронд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээд М.С***-ын Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны 0000962 №333/2014 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон №692015 дугаар Техникийн нөхцөл бүхий барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Х.Б-ын өмчлөлийн газрын дайруулан баталсан.

3.  Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Х.Б***Нийслэлийн Засаг даргад хандан “...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон “У***” ТӨХК-ийн иргэн М.С***-ын барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг батлахдаа өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр өмчлөлийн нь газраар дайруулан баталсан нь хууль бус” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 07/1771 дүгээр албан бичгээр “... зөвшөөрөл өгсөн нь таны хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэсэн агуулга бүхий татгалзсан хариуг өгснийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

.               4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

            “...Миний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,.............. тоот хаягт байрлах 271 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн гишүүдийн хамт 2007 онд хуулийн дагуу өмчлөх эрхтэй болсон. Иймд өмчлөгчийн хувьд тухайн газрыг бүрэн мэдэлдээ байлган, үр шимийг нь хүртэх, зөвхөн хуульд заасан тохиолдолд уг эрх хязгаарлагдана.

            Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна дулааны шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталж, улмаар үүнийгээ хэрэгжүүлэн хашааны газрыг ухан, 1.2 метр өргөнтэй дулааны шугамыг татсан.

            Засгийн Газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д зааснаар газар дор байрласан дулааны шугамаас 2 тийш тус бүр 5 метр хамгаалалтын зурвас байхаар тогтоосон. Үүнээс үзэхэд хашааны нийт уртын дагуу 12.27 метр газарт 11.2 метр өргөнтэй хамгаалалтын зурвас тогтоож, нийтдээ 134.7 м.кв газар буюу өмчлөх эрх бүхий газрын 50 хувиас илүүг ашиглах боломжгүй болсон. Уг захиргааны актыг өмчлөгчид мэдэгдээгүй, түүний ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дулааны шугамыг байрлуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

            Тухайн өмчлөлийн газраа иргэн Д.Ч***-д худалдсан бөгөөд ингэхдээ маргаан бүхий захиргааны актын улмаас газрыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй болсон тул бодит үнэлгээнээс 60,000,000 төгрөгөөр хямд буюу олох байсан орлогоос хасагдсаныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу шийдвэрлүүлж, эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан.

            Хохирлын тоооцоог бодитой гаргасан бөгөөд тухайн үеийн газрыг үнэлсэн нотлох баримтууд болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т***” ХХК-ийн тодорхойлолт зэргээр үнэлгээг тогтоосон.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, .......... хаягт байрлах 271 м.кв газрыг 2007 онд өмчлөх эрхтэй болсон. Өөрийн газрыг хуулийн дагуу өмчилж байтал Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг нь дайруулан баталсан. Уг шийдвэрийн дагуу дулааны шугам тавигдсан. Шугам тавих талаар нэхэмжлэгч Х.Б-д мэдэгдээгүй, ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дулааны шугамын трассыг баталсан байдаг. Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд зааснаар шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурваст гэр, орон сууц, барилга, байгууламж барих болон мод бут тарихыг хориглосон байдаг. Уг заалтыг авч үзэхэд нэхэмжлэгчийн 271 м.кв газраас 134 м.кв газрыг ашиглах ямар ч боломжгүй болсон. Иймд газар өмчлөгчийн эрх, ашгийг хохироосон гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хохирол нэхэмжилж байгаа тухайд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д “Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль тогтоомжид нийцээгүй, иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан байгууллага нөхөн төлнө” гэж заасан. Иймд газар өмчлөгчийн эрхийг зөрчигдсөн хэмжээгээр сэргээлгэхээр нөхөн төлбөрийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн газрыг үнэлж байсан үнэлгээний баримт болон “Т***” ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн үнийн дүнг гаргасан байгаа” гэв.

  1. Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн М.С нь холбогдох хууль, журам, дүрэмд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгч барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулан авсан. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын холбогдох заалтын хүрээнд тухайн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон гадна дулаан хангамжийн ажлын зургийг батлуулах үйл ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан ямар нөхцөл, шаардлагыг зөрчсөн талаар нэхэмжлэгч маргадаггүй. Тухайн захиргааны актаас болж иргэн Х.Б***нь өөрийн өмчлөлийн газраа үнэлэх эрхээ алдсан, зах зээлийн үнэлгээнээс бууруулсан байдлаар зарсан нь нэхэмжлэгчид хохирол болж байна. Энэ эрхээ сэргээлгэнэ гэж маргаж байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Одоо бодит байдал дээр иргэн Х.Б***нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлээд Д.Ч гэх хүнд газраа шилжүүлээд явсан. Тэгэхээр Х.Б***нь нэхэмжлэл гаргах эрхээ өөрийн хүсэл сонирхлын үүднээс алдсан учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

                 Нэхэмжлэгч Х.Б***нь ямар нэг барилга барих хүсэлтээ манай байгууллагад гаргаж байгаагүй, өмчлэх эрхээ бусдад өөрийн хүсэл зоригын дагуу бусдад шилжүүлсэн нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэмэгдүүлэхдээ “өмчлөгч миний хууль ёсны эрх зөрчигдөж байна” гэх мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                 Хариуцагч “У***” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 8/1012 дугаар албан бичгээр өгсөн  хариу тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэхэд “У***” ТӨХК нь зургийн хувьд зөвхөн архивт оруулах мэдээллийн санг үүсгэдэг. Мөн дулааны шугамыг угсрах явцад дулааны шугамын угсралтын стандарт, технологи мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Энэ талаар 8/1012 дугаар хариу тайлбартаа тодорхой дурдсан байгаа” гэв.

                 Гуравдагч этгээд М.С-ын өмгөөлөгч П.Б-аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Захиргааны акт илт хууль бус байна гэдэг нь энгийн иргэн хараад илэрхий алдаатай, хуульд нийцээгүй гэдгийг мэдэх боломжтой, ийм дүгнэлт хийхүйц байх шаардлагатай. Гэтэл Барилгын гадна шугамын трассын зурагт илэрхий алдаа гэж үзэх үндэслэлтэй хууль бус зүйл харагдахгүй байгаа бөгөөд зөвхөн уг зургийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндсөн эсэх талаар маргаж байна.

                 Нэхэмжлэгч Х.Б***нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн өмчлөлийн газраа хэн нэгний дарамт шахалтгүйгээр, гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд харилцан тохиролцож 80,000,000 төгрөгөөр Д.Ч-д худалдсан, Д.Ч нь тухайн газар дээгүүр шугам татсан байгааг мэдсэн, энэ талаар Х.Б-ын эсрэг маргаан үүсгээгүй, уг шалтгаанаар газрын үнийг зах зээлийн үнэлгээнээс доогуур доогуур худалдаж авсан талаар талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байна.

                 Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны газрыг албадан дуудлага худалдаанд 140,000,000 төгрөгөөр оруулах тухай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг үнэ нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиролцож, тогтоосон үнэлгээ байна.

                 Д.Ч-оос өгсөн гэрчийн мэдүүлгэд Х.Б-ын зүгээс газраа 80,000,000 төгрөгөөс дээш үнэлэх санал гаргаагүй талаар дурдсан байдаг.

                 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                 Гуравдагч этгээд Д.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Х.Б-ын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ............. хаягт байрлах 271 м.кв газрыг Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр авсан нь үнэн бөгөөд 140,000,000 төгрөгөөр зарах байсан талаар огт сонсож байгаагүй.

                 Мөн миний бие хуулийн дагуу тус маргаж буй газрыг худалдан авсан тул шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

                 Иргэдийн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар газраа зарахдаа буруу хүмүүст зарсан гэж ойлголоо. Мөн газрын үнэлгээ яагаад буурсныг сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн хүн хохирох ёсгүй. Тухайн үед шугам тавилаа гээд иргэнийг хохироож болохгүй. Иймд үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргав.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх бүхэлдэхүүн, нэхэмжлэгч Х.Б-ын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М.С-ын барилгын гадна шугамын трассыг нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг нь дайруулан баталсан үйлдлийг илт хууль бус хэмээн маргасан. Үүнд:

                 1. М.С-ын барилгын гадна дулааны шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталж, улмаар үүнийгээ хэрэгжүүлэн хашааны газрыг ухан, 1.2 метр өргөнтэй дулааны шугамыг татсан,

               2. газар дор байрласан дулааны шугамаас 2 тийш тус бүр 5 метр хамгаалалтын зурвас байх ёстой гэвэл хашааны нийт уртын дагуу 12.27 метр газарт 11.2 метр өргөнтэй хамгаалалтын зурвас тогтоож, нийтдээ 134.7 м.кв газар буюу өмчлөх эрх бүхий газрын 50 хувиас илүүг ашиглах боломжгүй болсон,

                 3. үүний улмаас газрыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй болсон тул бодит үнэлгээнээс 60,000,000 төгрөгөөр хямд буюу олох байсан орлогоос хасагдсан зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

                 Нэхэмжлэгч Х.Б***нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, .......... тоот хаягт эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаартай, газар өмчлөх эрхийн 0.........4 дугаар гэрчилгээ бүхий байрлах 271 м.кв талбай бүхий газрыг иргэн Э.Ц, Д.Э, Э.Г, Э.Г нарын хамт хамтран өмчилж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн газраа гуравдагч этгээд иргэн Д-ийн Ч-д “Газар худалдах, худалдан авах” гэрээгээр 80,000,000 төгрөгөөр худалдсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах тухай гэрээ”, гуравдагч этгээд Д.Ч-ын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан холбогдох бусад баримтаар,

                 Гуравдагч этгээд М.С нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд:

                ...........тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, газар өмчлөх эрхийн 0.........4 дугаар гэрчилгээ бүхий 696 м.кв,

                 ................ тоот эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, газар өмчлөх эрхийн 0............0 дугаар гэрчилгээ бүхий 700 м.кв,

                 .............. тоот эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, газар өмчлөх эрхийн 0..............3 дугаар гэрчилгээ бүхий 449 м.кв,

                 ..................... тоот эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай газар өмчлөх эрхийн 0...............3 дугаар гэрчилгээ бүхий 220 м.кв,

                 ................. тоот эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, газар өмчлөх эрхийн 0.............1 дугаар гэрчилгээ бүхий 308 м.кв,

                 .................тоот эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, газар өмчлөх эрхийн 0...............8 дугаар гэрчилгээ бүхий 272 м.кв талбай бүхий газрыг тус тус өмчилдөг бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг орон сууцны 7 дугаар хороолол болгон хөгжүүлэх “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г батлан,

                 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 тогтоолоор тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний “В” хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр “Б” ХХК-ийг шалгаруулсан.

                 Тухайн төлөвлөлтийн байршилд гуравдагч этгээд иргэн М.С-н өмчлөлийн газар орсон бөгөөд гуравдагч этгээдээс өөрийн өмчлөлийн газар дээр өөрөө барилга барихаар төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож, энэ талаарх хүсэлтээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргаснаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд М.С-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өмчлөлийн газартаа Үйлчилгээтэй, 100 айлын 12 давхар орон сууц барих №333/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон 69/2015 дугаартай Техникийн нөхцлийг олгосон.

                 Улмаар гуравдагч этгээд М.С-оос барилгын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон “У***” ТӨХК-иар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг батлуулсан нь нэхэмжлэгч Х.Б-ын өмчлөлийн газрын хашааны хойд талаас 14 метр, урд талаас 1.5 метрийн зайтайгаар 24 метрийн урттай дайран өнгөрсөн.

                 Гуравдагч этгээд М.С-ийн барилгын  үйл ажиллагаа явуулсан газар нь бусдын газраар хүрээлэгдсэн бөгөөд барилгын гадна дулааны шугамыг тухайлан өөрт хамгийн ойр боломжит эх үүсвэрээс татсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн 2015 оны А-37/15 албан бичиг, "У" ТӨХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09/203 дугаар албан бичиг, зурган мэдээлэл болон холбогдох бусад баримтаар,

                 Гуравдагч этгээд М.С нь маргаан бүхий үйл баримт болох барилгын гадна дулааны шугамын байгуулалтын трассыг тодорхойлох зорилгоор удаа дараа нэхэмжлэгч Х.Б-тай уулзаж байсан хийгээд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Х.Б-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоот хаягт очиж, тухайн хашаанд сууж байсан иргэн Ц.Б-тай харилцан тохиролцож зөвшөөрөл авч, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөгийг Ц.Б-ны дансанд шилжүүлсэн.

                 Улмаар энэ талаарх болон холбогдох бусад баримтыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар гаргаж өгнөөр  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон “У.” ТӨХК-иас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээд М.С-ийн барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг баталсан болох нь нь нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад хэлсэн нэмэлт тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан холбогдох бусад баримтаар,

                 Нэхэмжлэгч Х.Б***нь “...140 сая төгрөгөөр зарагдах боломжтой байсан газраа 80 сая төгрөгөөр зарж хохирсон тул 60 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, эл шаардлагын үндэслэлээ “Т***” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18/26 дугаар “Үнийн мэдээлэл өгөх тухай” албан бичгийг үндэслэн тайлбарлаж байх боловч шүүхээс 2019 оны 128/ШЗ2019/6610 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 53/01  дүгээр шинжээчийн дүгнэлтээр  тухайн маргаан бүхий газар нь 2015 оны байдлаар 82.655.000 төгрөгийн, 2016 оны байдлаар 86.342.860 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсан тухайн дүгнэлтийг  ирүүлсэн.

            Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч 2021 оны 128/ШТ2021/0030 дугаар тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилсон бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр маргаан бүхий газар зах зээлийн үнэлгээ 2015 оны байдлаар 72.673.610,59 төгрөг, 2016 оны байдлаар 81.869.578,86 төгрөг байсан талаарх дүгнэлтийг гаргасан бөгөөд шинжээчийн 2020 оны 53/01  дүгээр дүгнэлтийн зардалд 500.000 төгрөгийг тус шүүхийн Тамгын газраас шилжүүлсэн, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийн зардал 900.000 төгрөгийн нэхэмжлэхийг шинжээчээс шүүхэд тус тус ирүүлсэн  болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн 2020 оны 53/01  дүгээр болон 2022 оны 01 дүгээр дүгнэлтүүд болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

              4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй”, 27.1.3-т “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах”,31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно”, 31.1.1-т “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр” хэмээн,

            Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй”, 138.2-т “Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ” хэмээн,

Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т “шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг батлах”, 22 дугаар зүйлийн 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” хэмээн,

            Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүйхэмээн тус тус хуульчилсан.

            5. Үүнтэй холбогдуулан шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар тус шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанчлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэдэг.

            Тухайн маргаан бүхий үйл баримтын хувьд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй “...60.000.000 төгрөгийн хохирол учирсан” гэх үйл баримт нь хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, иргэдийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан дүгнэлтдээ “шугам тавилаа гээд иргэнийг хохироож болохгүй” хэмээн дүгнэсэн байх хэдий ч  хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээд М.С-ын барилгын гадна шугамын трассыг баталсан үйлдэл нь хариуцагчаас Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Х.Б-аас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “У.” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-н гадна шугамын трассыг Х.Б-ын зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг нь дайруулан баталсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан 60,000,000 төгрөгийн хохиролыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн 2020 оны 53/01  дүгээр дүгнэлтийн зардалд шүүхээс урьдчилан төлсөн 500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан тус шүүхийн Тамгын газарт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийн зардал 900.000 төгрөгийн нэхэмжлэгээс гаргуулан шинжээчид тус тус олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

                                           ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН

                                           ШҮҮГЧ                                    Д.ХАЛИУНА