Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0036

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Эм Эм И Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 18 дугаар зүйлийн 18.1, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг заасныг тус тус баримтлан “Эм Эм И Жи” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Эм Эм И Жи” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Дөт” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгож, “Эм Эм И Жи” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан NE-024987 өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “Домогт хээр” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Хүрэн-Уул” нэртэй талбайд XY-018741 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Эм Эм И Жи” ХХК-тай давхацсан хэсгийг хүчингүй болгож, “Эм Эм И Жи” ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Дөт” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс "Эм Эм И Жи" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгож, тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс "Домогт хээр" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс "Эм Эм И Жи" ХХК-тай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь "Дөт" талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Говь-Алтай аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус байна. "Домогт хээр" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг зөрчсөн байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь "Дөт" талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн "Эм Эм И Жи" ХХК-ийн өргөдлийг бүртгэсэн даруйд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзээд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/388 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Татгалзсан хариуг хуулийн хугацаанд ирүүлсэн тул Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр "Эм Эм И Жи" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь "Дөт" талбайтай хэсэгчлэн давхцалтай Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь "Хүрэн-Уул" талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн "Домогт хээр" ХХК-ийн өргөдлийг бүртгэсэн даруйд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзээд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3853 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Дэмжсэн саналыг хуулийн хугацаанд ирүүлсэн тул Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр "Домогт хээр" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д "ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах", Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д "газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.4-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх..." гэж заасны дагуу тухайн нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд санал авахад тухайн сумын иргэд дэмжихгүй саналыг гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад уламжилсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй" гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байж болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Кадастрын хэлтсийн дарга нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр "Эм Эм И Жи" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна. "Домогт хээр" ХХК-ийн тухайд орон нутгаас дэмжсэн саналтай тул 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироож Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан буюу "Эм Эм ИЖи" ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай нь мөн хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох н хариуцагчийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/368, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2274 дүгээр албан бичгүүдээр нотлогджээ. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын "хууль зүйн үндэслэлгүй" саналыг үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийнхүү "Эм Эм И Жи" ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаан арилаагүй, мөн талбайд давхцуулан дахин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Домогт хээр" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах "шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх" зарчимд нийцээгүй байна. Үүний учир Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн "Домогт хээр" ХХК-д холбогдох хэсгээс "Эм Эм И Жи" ХХК-тай давхацсан хэсгийг хүчингүй болгож, "Эм Эм И Жи" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэв" хэмээн шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудтай зөрчилдөж байна. Үүнд:

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26 өдрийн 1\317 дугаар албан бичиг /хх-103, 105/;

2. 2015 оны 02 дугаар сарын 26 өдрийн 66 дугаар "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал";

3. Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичиг;

4. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16 өдрийн 04 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичиг;

5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичиг;

6. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 16 өдрийн 1\100 дугаартай албан бичиг.

Ийнхүү нэхэмжлэгчид аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг үндэслэн “дэмжихгүй” гэсэн санал өгсөн үйлдэл нь хууль зүйн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэг аймгийн Засаг дарга "ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах", Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт "газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих, ажлыг зохион байгуулах" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж хуулиар эрх олгосон байна. Ийнхүү "Эм Эм И Жи" ХХК-д аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг үндэслэн "дэмжихгүй" гэсэн санал өгч түүнийг нь үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс татгалзсан хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар санал авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Аймгийн Засаг дарга нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай "Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэн-Уул нэртэй талбайд "Домогт хээр" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналын хуудсыг Кадастрын хэлтэс ирүүлсэн тул "Домогт хээр" ХХК-д ХҮ-018741 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн “Эм Эм И Жи” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт Хүрэн-Уул нэртэй газарт “Домогт хээр” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос “Эм Эм И Жи” ХХК-тай давхацсан хэсэг нь тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг даргаас мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэ нь хуульд заагдаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгөхийг хориглосон агуулгатай зохицуулалт бөгөөд төрийн захиргааны байгууллагад Засаг даргаас ирүүлсэн “тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” санал хуульд заасан үндэслэлээр гарсан эсэхээс үл хамаарч даган биелүүлэх үүргийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь өөрийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд өөрийн шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн талбайд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналын үндэслэл, шалтгааныг тодруулж, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй. Гэтэл хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын “сүг зураг, хадны бичээс, эртний булш бунхан байдгаас гадна одоо сумын иргэдийн оршуулгын газар болж, өвөг дээдсийн булш бунхан ихээр байгаа, мөн сум нь нутаг дэвсгэр багатай, цөлжилтийн байдалтай болсон учраас мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад бэлчээр, усны гачаалд орж байгаа” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг үндэслэн “Эм Эм И Жи” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй атлаа уг нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад Говь-Алтай аймгийн Засаг дарга мөн талбайд давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Домогт хээр” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж, өөр хоорондоо зөрчилдсөн хариу ирүүлсэн байхад түүнийг үндэслэж “Домогт хээр” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч “Эм Эм И Жи” ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Дөт” нэртэй маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн “Эм Эм И Жи” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “Домогт хээр” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос “Эм Эм И Жи” ХХК-тай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож, “Эм Эм И Жи” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж, тус хуулийн этгээд нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Дөт” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэр зөвхөн хуульд үндэслэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж ...” гэж заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсэгт “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ыг баримталсан нь буруу, мөн “Ашигт малтмалын газрын” гэхийг “Ашигт талтмалын газрын” гэж алдаатай бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтаас “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5” гэснийг хасч, “Ашигт талтмалын газрын” гэснийг “Ашигт малтмалын газрын” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН