| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/03364/И |
| Дугаар | 183/ШШ2021/00657 |
| Огноо | 2021-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2021/00657
2021-03-18 183/ШШ2021/00657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: т.г
Хариуцагч: Х ХХК
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.013.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г-ын эзэмшилийн 000000000 гэсэн дугаартай харилцах данснаас 3 удаагийн гүйлгээгээр Хаан банк нь данс эзэмшигчийн баталгаат гарын үсэггүй, зөвшөөрөлгүй, урьдчилж мэдэгдэлгүйгээр 1.013.800 төгрөгийг татан авсан. Тус гүйлгээг Г.О-ын тэтгэврийн зээл авч байсантай холбоотой зээлийн эргэн төлөлтөнд суутгаж авсан. Т.Г нь Г.О-ын хамтран зээлдэгч байсан тул хамтран үүрэг гүйцэтгэх ёстой гэж тайлбарладаг. Хаан банкны Т.Г-ын данснаар мөнгө татсан үйлдэл нь Монгол Улсын хууль зөрчсөн байна. Тухайн хүний дансанд байгаа зүйл бол тэр хүний өмчлөлийн зүйл юм. Хүний дансанд байгаа хөрөнгөнөөс суутгал авахдаа баталгаат гарын үсгийг авах ёстой. Тэтгэврийн зээл өгсөн авсан асуудал дээр маргаан байхгүй. Г.О гэх хүн нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өвчний улмаас нас барсан. Зээлийн гэрээний асуудлыг харахад тэтгэврийн зээл авч тэтгэврийн зээлийн орлогоор эргэн төлж байсан үйл баримт нь харагдаж байна. Тэтгэврээс өөр орлогогүй хүн тэтгэврийн зээлээр эргэн төлнө. Харин тэтгэвэр авагч нь өөд болсон тохиолдолд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн харилцаа дуусгавар гэж заасан. Гэтэл яагаад үүргийн харилцаа дуусгавар болсон байхад хамтран хариуцагч гэх хүний данснаас суутгаж авч байгаа юм бэ?. Т.Г-ын хувьд хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан хэдий ч үүргийн харилцаа дуусгавар болж байгаа асуудал юм. Тэтгэврийн зээлийн харилцаатай холбоотой гуравдагч этгээдийг хамтран зээлдэгчээр оруулж болдоггүй. Хэрвээ оруулах юм бол тус хэлцэл хууль бус хэлцэл болж хувирдаг. Хамтран хариуцагч бол үүргийн хамтран хариуцах ёстой. Үүргийг хариуцахийн тулд тухайн хүн тэтгэвэр авагч байх ёстой. Гэтэл Т.Г тэтгэвэр авагч биш. Үндсэн зээлдэгч Г.О тэтгэвэр авдаг. Батлан даасан асуудал байхгүй. Хэрэвээ батлан даасан тохиолдолд үндсэн үүрэг дуусгавар болсоноор дуусгавар болно. Х хувьд хэлэхэд тус асуудал маш олон шүүхийн шийдвэрээр тодорхой болсон асуудал дээр ямар ч хамааралгүй Т.Г гэх хамаатны хүнийг холбож, дарамтлах шаардлага байхгүй. Иргэний хуулийн дагуу Г.О-ын үүрэг нь дууссан гэдгийг та бүгд мэдэж байгаа. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгжсөн Хаан банкнаас 1.013.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдүүлэгч бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч н.О-тай 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 15,464,200 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлсэн. Нэхэмжлэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээхээр гарын үсэг зурсан. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1,600,000 төгрөгийг нэмж зээлсэн. Мөн тус гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон. Иргэний хуулийн 41 дүгээр зүйл дээр хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө талд өгсөн. Т.Г зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох хүсэлтээ илэрхийлж гарын үсэг зурсан. 2018, 2019 оны цалингийн карт, ажлын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргасан. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгүүлэгчид нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн тус бүрээс нь шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу Т.Г-ыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байна. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт зааснаар хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийг үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу н.О нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Г-т зээл шилжсэн. Талуудын байгуулсан гэрээний 1.3.4, 3.2.7, 1.2, 6.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснаас үл маргах журмаар зээлийг төлүүлнэ гэж заасан. Хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Г сар бүрийн 1-5-ний хооронд 1.000.000 төгрөгөөр төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл Т.Г нь би хамтран үүрэг гүйцэтгэгч мөн гэдгээ илэрхийлсэн гэсэн үг. Гэвч өнөөдөр үүнийг мэдэхгүй гэж шал өөр зүйл ярьж байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрөөс нэг удаа зөвхөн 6.000.000 хүртэл төгрөгийн зээлийг хаах шийдвэр гарсан. Үүний дагуу 6.000.000 төгрөгийг банк зээлээс хассан. Тэтгэврийн зээлийн талаар шүүхийн шийдвэр хангалттай байдаг. Банк гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үү. Мөн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан баримт бол хэрэгт хангалттай авагдсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй шүүхийн практиктай хамаарахгүй юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Г үндэслэлгүйгээр данснаас суутган авсан 1.013.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Х ХХК-нд холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тэтгэвэрийн зээлийн үндсэн үүрэг гүйцэтгэгч нас барсан учир хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн төлбөр суутгасан гэж маргаж байна.
Х ХХК Г.О , Т.Г нартай 2019.03.05-ны өдөр 201944359195 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 15.464.200 төгрөгийн зээл, 2019.06.04-ний өдрийн 201944518116 дугаар гэрээгээ нэмж 1.660.000 төгрөгийн зээл, 2019.08.19-ний өдрийн 20194467878 дугаар гэрээгээр нэмж 855.300 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгожээ.
Уг зээлийг олгохдоо Г.О тэтгэврийг барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.Г гарын үсэг зуржээ.
Тэтгэврийн үндсэн зээлдэгч Г.О 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд Х хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Г-ын данснаас 2020.05.26-ны өдөр 213.300 төгрөг, 2020.06.10-ны өдөр 240.500 төгрөг, 2020.06.23-ны өдөр 560.000 төгрөг, нийт 1.013.800 төгрөгийг суутган авсан байна.
Талуудын хооронд байгуулсан 2019.08.19-ний өдрийн 20194467878 дугаар тэтгэврийн гэрээний 3.2.1-т “зээлийн төлбөрийг сар бүр 5075503965 харилцах дансандаа төвлөрүүлж эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх”, 4.1.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон 30-с дээш хоног хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг Банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол Зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, Банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах”-аар тусгасан бөгөөд хариуцагч хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснаас төлбөр суутган авсан нь гэрээний 3.2.1, 4.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэв.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор хуульчилжээ.
Талийгаач Г.О-ын тэтгэврийг барьцаалж банк зээл олгосон бөгөөд талийгаач Г.О-ын хувийн байдалтай салшгүй холбоотой байх бөгөөд тэрээр нас барснаар үүрэг дуусгавар болох юм.
Т.Г тэтгэврийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан ч тэтгэвэрээ барьцаалж зээл авсан Г.О нас барснаар уг гэрээний үүрэг дуусгавар болсон тул Х ХХК Т.Г-ын данснаас хууль зөрчиж, 1.013.800 төгрөг суутган авч хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 1.013.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Г-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 28.881 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО