| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/04135/И |
| Дугаар | 183/ШШ2021/00812 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2021/00812
2021 оны 03 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2021/00812 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Х
Хариуцагч: м.и
Өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х, гэрч Д.О , О.Х , нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү О байраа алдах гээд гэрчээр асуулгах гэж байгаа М.Х-с би таньдаг өмгөөлөгч байна уу гэж асуухад М.И-г танилцуулсан. 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдөр М.И манай гэрийн гадаа ирж уулзаж, ажил дээр очиж хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан. Гэвч М.И надад гэрээний нэг хувийг өгөөгүй. Би М.И-с чамд өмгөөлөгчийн чинь нэрийн хуудас байна уу гэж асуухад өө бороо орж байсан болохоор мартсан байна гэж хэлсэн. Үүнээс хойш надтай огт уулзаагүй. Намайг дуудах болгонд нь би Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүргийн шүүх гэх мэт газруудад очдог. Өмгөөлөгчдийн сахилгын хороонд нь очиход мөн л асуудалтай байсан. Миний үзүүлсэн баримт болгоныг байнга канондож авдаг. Ингээд гэрээний дагуу тохиролцсон мөнгөө авъя гэхэд, өчнөөн олон сар алга болсон. Утас руу нь залгахад эхнэр авдаг. Намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Өмгөөлөгчийн сахилгын хороонд нь очиход 2,3 асуудалтай байсан. Над руу залгаж тохиролцъё гэдэг би огт утсаа авахгүй байгаа. Манай байр 112.000.000 төгрөгийн үнэтэй байрны хөлсөнд 1.200.000 төгрөг авсан. Иймд М.И-с өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.И шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Х-той хууль хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй. Харин түүний хүү Д.О-той Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой ажиллагаанд оролцох итгэмжлэл авсан. Би Ч.Х гуайгаас мөнгө аваагүй, энэ мөнгийг Б авсан. Би эднийг уулзуулж мөнгийг нь буцаан олгох талаар ярилцаж болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Х нь М.И-д холбогдуулан өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгчид байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ч.Х 2020 оны 05 дугаар сард өмгөөлөгч М.И-с хууль зүйн туслалцаа авахаар 1.200.000 төгрөгийг түүнд өгсөн болох нь шүүх хуралдаанд Д.О “...ээж И гэдэг хүнээс хууль зүйн зөвлөгөө авахаар 1.200.000 төгрөгийг түүнд өгөөд одоо хүртэл ямар нэгэн үйлчилгээ аваагүй, мөнгө авч чадахгүй байгаа” гэх мэдүүлэг, гэрч О.Х шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сард Ч.Х гуай надтай уулзаад таньдаг өмгөөлөгч байна уу, би туслалцаа авах хэрэгтэй байна гэсний дагуу өөрийн таньдаг М.И-г уулзуулсан. Тэгээд И эхнэр н.Б-тэй манай байрны гадаа цэнхэр машинтай ирээд би хажууд нь цэвэрлэгээ хийж байхад Х гуай түүнд мөнгө өгч байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч М.И 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд Хишигдорж гуайгаас би мөнгө аваагүй, Баасанхүү авсан. Би эднийг уулзуулж мөнгийг буцаан олгох талаар ярилцаж болно гэж тайлбарласан бөгөөд тэрээр Ч.Х гуайгаас мөнгө аваагүй гэх байдлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд М.И тохиролцсон ажил, үйлчилгээг Ч.Х-д үзүүлээгүй байна.
Иймд Ч.И-с хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзэж, түүнээс 1.200.000 төгрөг гаргуулж, Ч.Х-д олгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагч М.И-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч М.И-с 1.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Х-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.И-с 33.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Х-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО