Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Б,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2417000000051 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 02-нд Д аймгийн А суманд төрсөн, 3* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Г аймгийн С сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Б /РД: ЕЙ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 1-6-81 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б-гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж баруун нүдний зовхи баруун хацарт, баруун нүдний салстанд, зүүн нүдний зовхинд, дээд, доод уруулын дотор салстанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 1-6-81 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр буюу хохирогч Б.Б-гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж баруун нүдний зовхи баруун хацарт, баруун нүдний салстанд, зүүн нүдний зовхинд, дээд, доод уруулын дотор салстанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-гийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед нөхөр болон нөхрийн ах Л нартай хамт байрны гадаа машиндаа 2 шил финлианд нэртэй архи хувааж уусан. Тэгээд орой 00 цагийн үед гэртээ орцгоосон. Би нилээн согтсон байсан учир орондоо ороод унтсан. Үүрээр 4 цагийн үед сэрээд бие засах өрөө ортол дүүрэн ус алдсан байсан учир би ус цэвэрлэж байгаад хадам ээжтэйгээ маргалдсан. Тэгтэл нөхөр сэрээд хадам ээжийг өмөөрөөд миний нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд би уурлаад хувцасаа өмсөөд гараад явсан. Манай нөхөр намайг цохисноос болж миний 1 нүд хөхөрч хавдсан. Тэгээд хүйтэн мөсөөр жин тавиад миний нүд эдгэсэн. Би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Миний сэтгэл санаанд болож сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй. Манай нөхөр надаас уучлалт гуйсан. Одоо хамт амьдарч байгаа. Надад сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох гэмтлийн зэргийг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг яаралтай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Х.Ц-ын “...Тухайн өдөр би хүү болох Б-ийн гэрт 3 хүүхдийн хамт байсан. Тэгээд 26-ны 01 цагийн орчим гэртээ Б, Б нар орж ирсэн. Орж ирэхдээ хоёулаа архи уусан байсан. Тэгээд манай бэр Б ариун цэврийн өрөө орохдоо нойлын фочки руу налаад фочки цуураад ус алдсан. Тэгээд би босоод хартал Б орон дээрээ унтаад Б охинтойгоо ус арчаад зогсож байсан. Тэгээд бүгд унтацгаасан. 04 цагийн орчим бэр Б ариун цэврийн өрөө орох үед дахиад ус алдсан байсан. Тэгтэл Б уурлаад орилоод байсан. Тэгээд би босоод очтол та нар энэ сангийн асуудлаа засуулахгүй арчаагүй хамаг ус нь гоожоод байх үед унтаад байх юм гээд уурласан. Тэгтэл Б чи өөрөө наадахаа хагалсан шүү дээ гээд хэлтэл өөрөө усаа шавхаад уурлаад намайг элдвээр хэлээд хөөгөөд байсан. Тэгтэл хүү Б уурлаад чи миний ээжийг хөөлөө гээд Б-г нүүрэн тус газар гараараа 1 удаа шууд цохисон. Тэгтэл Б уурлаад хашгираад Б рүү дайраад байсан. Тэгтэл манай хүү Б 3-4 удаа Б-гийн толгой нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд хэрэлдэж зодолдсоор байгаад өглөө 6 цаг болсон. Тэгтэл Б хувцасаа өмсөөд явсан... 12 цаг өнгөрч байх үед бэр Б-гийн ээж болох С руу залгаад үүрээр ийм асуудал боллоо гээд болсон бүх зүйлийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Б.С-гийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчим гэртээ байх үед манай том охины хадам ээж Ц над руу залгаад Чойрт очиж хүүхдээ аваарай, манай 2 хоорондоо муудаад зодоон нүдээн болсон гэж хэлсэн. Би Ц-д чи тэгээд цагдаа дуудахгүй яагаад хооронд нь зодолдуулж байгаа юм, манай охин агсам тавиад байсан бол цагдаа дуудаад өгөхгүй яасан юм гэтэл одоо яах вэ дээ би хотод ирсэн байна шүү гэсэн. Тэгээд би өөрийн бага охин Б-г дагуулаад Улаанбаатар хотоос Чойр руу орой 20 цагийн үед ирсэн. Ирээд том охин Б-гийн гэрт орох үед гэртээ байгаагүй манай хүргэн 2 хүүхэдтэйгээ байсан. Би хүргэн Б-д уурлаад манай охин яасан юм гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгтэл манай охин Б найзынхаа гэрт очсон нүүр ам нь хөхөрч хавдсан, нүд нь улаан хөх хавдартай болсон байсан учир би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Би хүргэн Б-ээс чи яагаад эхнэрээ зоддог юм гэтэл танай охин өөрөө болохгүй байсан, манай ээжийг гэрээсээ хөөгөөд байсан гэж хэлсэн. Тэгээд би Б-гаас яагаад ийм асуудал болов гэтэл би 03 дугаар сарын 25-ны өдөр нөхөр болон нөхрийн хүргэн ахтай хамт жоохон архи уусан. Тэгээд гэртээ ороод унтаж байгаад шөнө босоод хадамж ээж Ц-тай маргалдаад гэрээсээ хөөсөн. Тэгтэл манай нөхөр намайг зодсон гэсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч С.М “...Б.Б ах нь даруу, дуу цөөтэй хүн юм. Би 2011 онд эхнэртэйгээ гэр бүл болсон. Тэр үеэс Б ахыг мэднэ. Одоог хүртэл ойр дотно байдаг. Б хааяа архи дарс уудаг. Уусан үедээ ямар нэгэн байдлаар хүнтэй маргалдаж хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, унтаад өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- Б.Б-ийн биед баруун нүдний зовхи баруун хацарт, баруун нүдний салстанд, зүүн нүдний зовхинд, дээд доод уруулын дотор салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун нүдний зовхи баруун хацарт, баруун нүдний салстанд, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээд доод уруулын дотор салстанд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, Х.Ц, гэрч Б.С нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Б-ээс эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Б-ийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ