Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Д-ын От холбогдох эрүүгийн 2417000000044 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 07-нд  Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, малчин, ам бүл, нэр 2 хүүхдийн хамт Г. аймгийн С.р сумын ......... дүгээр багт оршин суух хаягтай, одоо Г. аймаг С. сум, ...... дугаар баг, ....... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т. овогт Д-ын О /РД:...................../,

                                                              Холбогдсон хэргийн талаар:

                                                            /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т. овогт Д.ын О нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар эрхээ хасуулсан байх үедээ дахин 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 12 дугаар байрны урд талын замд 66-99 ГСО улсын дугаартай Toyota Corolla Axio-EI40  загварын тээврийн хэрэгслийг 1.55 хувийн согтолттойгоор жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т. овогт Д.ын О нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар эрхээ хасуулсан байх үедээ дахин 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 12 дугаар байрны урд талын замд 66-99 ГСО улсын дугаартай Toyota Corolla Axio-EI40  хувийн согтолттойгоор жолоодсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр олон нийтийн цагдаа Хо-ын хамт 18-02 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2, 3-р багийн нутаг дэвсгэрт замын цагдаагийн тасгийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж байсан. Тухайн өдрийн 19 цагийн орчимд Найрамдал хотхоны 12 дугаар байрны гадаа 66-99 ГСО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгах үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тийм учраас би тухайн жолоочийн согтолтын зэргийг шалгахын тулд цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирч эрүүлжүүлэх байрны эмч Т.С-аар драйгер үлээлгэн шалгуулах үед 1,55 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Г.Э “...Би Оыг танина баяр ёслолын үеэр ганц нэг пиво дарс уудаг юм. Түүний нөхөр нь аймгийн хамба лам юм. Нөхөр нь архи тамхи хэрэглэдэггүй учир эхнэр болох О нь бас бараг хэрэглээд байдаггүй, хааяа бид нар нийлж дарс пиво уудаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/,

Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №0182140 дугаартай шийтгэлийн хуудсаар 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тухай шийтгэлийн хуулбар /хх-ийн 4, 40 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэрч Т.М, Г.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №0182140 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар, Д.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.О хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.О нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                            ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Д-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                   8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ