Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2021/00056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг, 8 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, Цахир овогт Баасаннямын Соёлмаа /РД:МС83090708/-ийн хүсэлттэй Б.Сонинбаярыг сураггүй алга болсонд тооцох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, хүсэлт гаргагч Б.Соёлмаа /цахимаар/  нар оролцов.

                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Б.Соёлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний төрсөн дүү болох Баасанням овогтой Сонинбаяр нь 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон. 2003 оноос хойш ирээгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй алга болсон. 2003 онд миний төрсөн дүү Баасанням овогтой Сонинбаяр нь алга болсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж эрж хайсан боловч өнөөдрийг хүртэл хэл сураг гарсангүй энэ талаар дүүгийн маань эцэг, эх, ах дүү нар бүгд мэдэж байгаа иймд сураггүй алга болсонд тооцож өгнө үү...” гэжээ. 

Хүсэлт гаргагч Б.Соёлмаа шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай дүү 2003 онд ор сураггүй алга болсон. Одоог хүртэл сураг чимээ гарахгүй олон жил болж байгаа. Хуулийн заалт нь 5 жилийн хугацаанд хаагдах ёстой гэсэн учраас хүсэлт гаргасан. Б.Сонинбаяр 1984 онд төрсөн. 2003 онд 19 настай байсан. Алга болох үедээ Сант сумандаа манай аав, ээж хоёртой хамт байдаг байсан. Манай аавынх Орхон голын зах руу хөдөө байсан. 2003 оны намар би оюутан болоод хот руу явсан. Тэгээд манай аав, ээж хоёр намайг аваад хот явсан. Тухайн үед манай энэ дүү бага хоёр дүүтэй хамт үлдсэн. Манай хоёр дүү бага байсан. Энэ алга болсон дүүгийн маань бие эрүүл боловч хааяа татаж унадаг байсан. Гэртээ унтаж байгаад шөнө гарч яваад алга болчихсон. Тэрнээс хойш сураг гараагүй. Алга болсны дараагаар нь манай аав, ээж хоёр руу хүмүүс холбогдож хэлсэн. Тэгээд аав, ээж хоёр буцаж ирээд цагдаад мэдэгдсэн. Ерөнхийдөө манайхан бүгд ус руу орчихлоо гэж бодож ойлгосон. Тухайн үед онцгой байдлын газраас аврагч нар ирээд хайж үзэж өгсөн. Гэхдээ гол уснаас гарч ирээгүй. Онцгой байдлын газраас ирж эрж хайсан хүмүүс Хөтөлийн хүмүүс байсан байх. Би тухайн үед байгаагүй. Манай аав, ээж хоёр байсан учраас би сайн мэдэхгүй байна. Ямартай ч хүмүүс ирээд эрж хайж өгсөн. Цагдаагийн газраас бас хүн ирсэн...” гэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гарагч Б.Соёлмаа нь өөрийн төрсөн дүү Б.Сонинбаярыг сураггүй алга болсонд тооцох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагч Б.Соёлмаагийн хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Б.Сонинбаяр нь 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гарч яваад алга болсон нь Сэлэнгэ аймгийн Сант сумын х/төлөөлөгч цагдаагийн дэслэгч, Ц.Мөнхжаргалын 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “Д.Баасанямаас мэдээлсэн нь: 2003 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр намайг хотоос ирэхэд манай хүү Сонинбаяр гэрээсээ гарч алга болсон байсан. Одоо  гэртээ ирэхгүй сураггүй 4 хонолоо” гэх тэмдэглэл/хх-ийн 3/, 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол/хх-ийн 4/, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/219 дугаартай Сэлэнгэ аймаг Хөтөл хот дахь сум дундын цагдаагийн тасаг “Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Баасаннямын Сонинбаяр нь 200-09-13-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Б.Сонинбаяр нь 19 настай, эрэгтэй, 150 см орчим нуруутай, шар царайтай, том алаг нүдтэй, өтгөн хөмсөгтэй, зүүн нүдний доод талд жижиг хонхорхой сорвитой, толгойн оройн хэсэгт халцархай сорвитой, босоо пинтүү халимагтай. Алга болох үедээ хар пиджак, цэнхэр жинсэн өмд, хүрэн ботинктой, бараан өнгийн цамцтай явсан. Иймд Б.Сонинбаярыг тус тусын нутаг дэвсгэрт эрэн сурвалжилж хариу мэдэгдэнэ үү” гэх албан бичиг/хх-ийн 5/, Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 42/3-381 дугаартай Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад Б.Нямдаваагийн “Тус цагдаагийн хэлтсээс Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг Номтой тохой гэх газраас иргэн Цахир овогт Баасаннямын Сонинбаяр /РД:МС84102318/ нь 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гарч сураггүй алаг болсныг эрэх сурвалжилж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт/хх-ийн 16/,

Гэрч Б.Сонинболдын өгсөн “...Б.Сонинбаяр манай төрсөн ах байгаа юм. 2002 онд байх. Би тухайн үед 13 юм уу 14 настай байсан. Манайх хөдөө байсан. Тухайн үед аав, ээж хоёр байхгүй. Улаанбаатар хот руу явчихсан байсан. Манай Соёлмаа эгч оюутан болоод явчихсан. Миний дээд талын Сонинбилэг эгч, ах, бид нар хамт байсан. Тэгээд хамт байж байгаад 09 дүгээр сарын 20-д хавьцаа байх. Бие нь өвдөөд байдаг болохоор ч юм уу ээж рүү явна гэдэг байсан. Аав, ээж хоёрыг хот явахад хамт явна гээд дагаад байдаг байсан. Ээжийн хөл, гар нь өвдөөд хагалгаанд орохоор аав, ээж хоёр хот яваад бид нар малаа хараад Номтын тохой гэдэг газар үлдсэн. Тэгээд өглөө нь босоод харахад ах байхгүй. Ор нь хүн унтсан юм шиг байдалтай байсан. Малдаа явчихсан юм болов уу? гэсэн чинь мал хашаандаа байсан. Тэгээд бид нар төв рүү явчихсан юм болов уу? гэж бодсон. Манай ах малдаа яваад, ганцаараа төв рүү орчихдог байсан. Төвөөр ороод айлаар ороод явчихдаг байсан. Тэгэхээр нь манай эгч малдаа яваад би төв рүү орж хайхаар явсан. Гэртээ ирвэл ороод байж байг гэж бодоод байшингийнхаа хаалгыг түгжээгүй онгорхой орхиод явсан. Тэгээд би хайж байгаад орой гэртээ ирсэн. Гэтэл ах гэртээ байгаагүй. Ах гэртээ байхгүй болохоор нь клонкийн шатахуун түгээгч байсан. Тэр хүний утсаар аав, ээж хоёр руу холбогдоод ах алга болчихлоо, клонкийн шатахуун түгээгчийн утсаар холбогдож байна гэж хэлсэн. Тэгэхэд аав орой вагонд суугаад маргааш өглөө нь ирсэн. Тэгээд бид нар голоор явж хайгаад олоогүй. Ахыг алга болсноос хойш гурав дахь өдрийнх нь өглөө байх. Би ахыгаа хайж байгаад гэртээ ирсэн. Тэгсэн Эрхэмбаяр гэдэг ах урдаас ирээд танай бие муутай ах чинь ирсэн үү? гэж асуусан. Тэгэхээр нь ирээгүй гэж хэлсэн. Тэгсэн өчигдөр орой голын урд зогсож байсан. Гэртээ очоогүй юм уу? гэж хэлсэн.Тухайн гол танай гэрээс 3 километрт Орхон гол байдаг. Эрхэмбаяр гэдэг хүний гэрийн урд талд нь гол дээр зогсож байсан гэсэн. Тэгээд маргааш нь бид нар явган хайх нь хайгаад, морьтой явж хайсан. Аав, эгч, бид нар хэдэн өдөр хайсан. Эрхэмбаяр гэдэг хүн манай гэрийн урд талд голын эрэг дээр зогсож байсан гэж хэлсэн. Тухайн айл голоос 500-600 километрт байдаг. Голын эрэг дээр байдаг айл. Тухайн үед хадлан хийж байсан гэсэн. Тэр үед нь голын эрэг дээр харагдаж байсан гэж хэлсэн. Тэгээд бид нар гол дагаж хайсан.Түүнээс хойш ямар ч сураг гараагүй. Ээж хөлөө тайруулаад эмнэлэгт хэвтэж байгаад 12 сар гаргаад ирсэн. Тэгээд бид нар зөндөө хайсан боловч ямар ч сураг гараагүй. Гол дагаж их хайсан. Ямар ч байсан онцгой байдлын албанд мэдэгдээд гол дагаж хайж үзсэн. Манай ах тухайн үед 16 юм уу 17 нас хүрчихсэн байсан байх.  Манай ах татаж унадаг хүн байсан. Ухаан санаа нь муу. Гэхдээ наад, цаадхыг мэддэг. Хонь, малд явчихдаг хүн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21/,

Гэрч Л.Аваргын өгсөн “...Би 2000-2004 онд магистр хийж байсан. Тухайн үед энэ алга болсон гэх хүний аав Баасангийнх гэдэг айл Номтын тохой гэдэг газарт байдаг байсан. Тэгээд тухайн газарт байж байгаад алга болсон гэж байсан. Эрэл сурал хийгээд хайж байгаад чимээгүй болсон. Тэрнээс хойш гол руу ороод эндчихсэн юм уу, яасан юм мэдэхгүй байгаа. Тухайн үед аав нь манай хүү алга болчихсон. Эрэл сурал хийгээд хайж байгаа гэж байсан. Сумын төвөөс километр гаруй газарт тухайн айл өвөлжөөндөө байсан. Намрын улирал байсан санагдаж байна. Би сайн санахгүй мартчихаад байна. Тухайн үед сумаас хүн гаргаад хайж байна гэсэн. Хайх үед нь би оролцоогүй. Хайгаад олдохгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24/,

Гэрч С.Долгормаагийн өгсөн “...Алга болсон он, сар, өдрийг нь тодорхой мэдэхгүй байна. Би тухайн үед Сант сумын их эмч байсан. Тухайн хүүхэд алга болоод сумаас эрэл хайгуул хийж байгаа талаар мэдсэн. Үүнээс тодорхой зүйл мэдэхгүй. Олон жилийн өмнө болоод ч тэр юм уу санадаггүй. Яах аргагүй алга болоод эрж хайж байна гэдгийг мэдэж байсан. Б.Сонинбаяр унаж татдаг өвчтэй байсан. Би хяналтын эмч нь байсан учраас сайн мэднэ. Анх гэрт нь эргэлтээр ороход их хөөрхөн. Хүн орж ирэхээр инээгээд тавагтай идээ өгөөд явдаг хүүхэд байсан. Би гэрээр нь очиж аав, ээжийг нь, тухайн хүүхдийг үздэг байсан. Дуу дуулаад инээгээд явдаг хүүхэд байсан. Сүүлийн үед нэлээн муудаад, ойр ойрхон унаж татаад орж ирэхээр буланд тохойд суучихдаг байсан. Би тухайн үед сүүлийн үед нэлээн муудаж, унаж татаж байна даа гэж боддог байсан. Хүмүүстэй найзалж нөхөрлөхөө больчихсон байсан. Б.Сонинбаяр сүрьеэгээр өвдсөн. Тэгээд Сэлэнгэ аймагт эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгэхэд Сэлэнгээс танай хүн чинь айхтар унаж татдаг юм байна. Бид нар 2 давхрын цонхноос унагаах дөхлөө гэж байсан. Би эмч байсан учраас эрж хайх ажилд нь оролцож байгаагүй. Гэхдээ алга болоод эрж хайж байгаа талаар сонсож байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26/ мэдүүлэг болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь хүсэлт дээрээ нас барсан гэж зарлах, сураггүй алга болсонд тооцуулах  шаардлага гаргасан.

Гэрч Б.Сонинболдын өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Эрхэмбаяр гэдэг ах урдаас ирээд танай бие муутай ах чинь ирсэн үү? гэж асуусан. Тэгэхээр нь ирээгүй гэж хэлсэн. Тэгсэн өчигдөр орой голын урд зогсож байсан. Гэртээ очоогүй юм уу? гэж хэлсэн.Тухайн гол танай гэрээс 3 километрт Орхон гол байдаг. Эрхэмбаяр гэдэг хүний гэрийн урд талд нь гол дээр зогсож байсан гэсэн. Тэгээд маргааш нь бид нар явган хайх нь хайгаад, морьтой явж хайсан. Аав, эгч, бид нар хэдэн өдөр хайсан. Эрхэмбаяр гэдэг хүн манай гэрийн урд талд голын эрэг дээр зогсож байсан гэж хэлсэн. Тухайн айл голоос 500-600 километрт байдаг. Голын эрэг дээр байдаг айл...” гэх мэдүүлэг өгсөн.

Энэ мэдүүлгийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас Баасаннямын Сонинбаярыг  эрж хайсан эсэхийг тодруулах ажиллагааг хийсэн.

2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн10 дугаартай албан  тоотод “ Тус анги нь 2005 оноос нэгдсэн тогтолцоонд шилжсэн цагаас гал түймэр,гамшиг,осол, эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 2003 онд гол түймэртэй тэмцэх газрын харьяанд зөвхөн объектын болон ой, хээрийн түймэр унтраах үүрэг гүйцэтгэх чиглэлтэй  байгууллага байсан тул Баасанням овогтой Сонинбаяр /РД:МС84102318/ иргэний эрэн хайх ажиллагаанд оролцоогүй” гэсэн байна.

Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно гэжээ.

Хэдийгээр   Б.Сонинбаяр нь оршин суугаа газраасаа алга болоод 5 жилийн хугацаа өнгөрсөн ч түүнийг эрж хайх ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэх боломжгүй болох нь Сайхан сум дахь гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн тодорхойлолтоор тогтоогдсон.

Нөгөө төлөөс Б.Сонинбаяр нь амь үрэгдэж болох нөхцөл байдал байгаагүй байна. 

Иймд Б.Соёлмаагийн хүсэлтийг хангаж Иргэний хуулийн 23 дүгээр зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Цахир овогт Баасаннямын Сонинбаяр /РД:МС84102318/-г сураггүй алга болсон гэж зарлах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 2-т зааснаар сураггүй алга болсон иргэн Б.Сонинбаярт эрхлэн хамгаалах эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

1.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 1984 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Цахир овогт Баасаннямын Сонинбаяр /РД:МС84102318/-г сураггүй алга болсонд тооцсугай.

2.Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 2-т зааснаар сураггүй алга болсон иргэн Б.Сонинбаярт эрхлэн хамгаалах эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон Б.Соёлмаа нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг  мэдэгдсүгэй. 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА