Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000000036 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ...суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... ... нарын хамт амьдардаг, ... оршин суух бүртгэлтэй, одоо ... оршин суудаг, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ...овогт ... ... /РД:...

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч ...нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:11

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ...нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ... дугаар баг, ... гудамжинд ...гараас нь хөтлөх гэсэн үйлдэлд дургүйцэн маргалдаж түүний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөх, нүүр толгой хэсэгт гараараа цохих зэргээр зодож, бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд, эрүүнд, зүүн мөрөнд, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Д....ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

3. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд би дунд охины аав болох ...эй хамт ... ахынд 1 шил 0,75 литрийн Экс нэртэй архи аваад очиход ... ах, ... ах ...сууж байсан. Бид 4 нийт 3 шил архи хувааж ууж дуусаад 17 цагийн орчимд гараад гудамжаар алхахад ... надаас түрүүлээд алхсан. Би хамт явах гээд гараас нь барих үед эргэж хараад яах гээд байгаа писда вэ гээд миний гэдэс хэсэг рүү 2-3 удаа өшиглөж унагаад нүүр хэсэг рүү гараараа маш олон удаа цохисон. Намайг зодож байгаад босоод гүйхээр нь би араас нь хөөцөлдөж, хэрэлдэж гүйсээр байгаад 10 байшингийн голын дэлгүүрийн орчимд ирэх үед намайг цагдаад өгөөрэй гээд хашааны завсараар ороод алга болсон. ...эй би 2017 онд танилцаад 1 жил гаран хамт амьдраад 1 охинтой болоод 2022 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Би маш их гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна. Миний сэтгэл санаа зүгээр. Ямар нэгэн байдлаар надад хор уршиг учраагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн гэмтлийн зэрэг тогтоогох шаардлагагүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6, 8 хуудас/

            4. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон ...нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлагаар ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсанд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 162 750 төгрөгийн гарсан зардлыг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтэнд: “...биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд, эрүүнд, зүүн мөрөнд, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд, эрүүнд, зүүн мөрөнд, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” 

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 16-17 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 47-60 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д....ийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч ...гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ...нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ...нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч ...нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ...эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 162 750 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д....ээс гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо. Мөн хохирогч ...нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д....ийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

                                                                  Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...овогт ... ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д....ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.... оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д....ээс 162 750 /нэг зуун жаран хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА