| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0045/э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л-ийн Э-д холбогдох эрүүгийн 2417000000053 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 0* дугаар сарын **-нд У төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, О ХХК-д ***ажилладаг, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Г аймгийн С сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Л-н Э /РД:ЧД/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Ч.С-н өмчлөлийн 04-10 ГСО улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг 2,10 хувийн согтолттойгоор жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Ч.С-н өмчлөлийн Соната-6 маркийн 04-10 ГСО дугаартай тээврийн хэрэгслийг 2,10 хувийн согтолттойгоор жолоодсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Гэрч Т.Х-н “...Би тухайн өдөр буюу 04 дүгээр сарын 01-нээс 02-ны өдрийн хооронд Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. 02-ны өдрийн үүрийн 03 цаг 10 минутын орчим би мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа дэд ахлагч Д.Т, цагдаа жолооч ахлах ахлагч Т.З нарын хамт “манай найзын нөхөр Найрамдал хотхоны 9 дүгээр байрны гадна агсам согтуу тавиад байна” гэсэн дуудлага мэдээлэлд ажиллаж байх хугацаанд агсам тавьсан гэх залууг хайгаад дэнж орчимд явж байх үед Цагаан усны эгнээгээр мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн сэжигтэй тээврийн хэрэгсэл орсон. Араас нь дагаад очих үед гудманд зогсож байсан. Жолоочийн бичиг баримтыг шалгах үед жолооч нь бичиг баримтгүй тус жолоочоос архи согтууруулах ундаа үнэртэж байсан учир цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирч согтолтыг шалгах үед 2.10 хувь гэсэн тоон үзүүлэлт заасан тул холбогдох ажиллагааг хийн материалжуулж ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.А-н “...Л.Э нь хүнтэй их эвсэг, нөхөрсөг, даруу төлөв зантай, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй хүн. Хааяа нэг архи дарс уудаг. Гэхдээ би хамт ууж байгаагүй. Бид 2 ажил дээр таарч хамт байдаг болохоос бид ажил тараад гэр гэртээ харьдаг. Нээх архи дарс уугаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №0182573 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрч Т.Х-ын мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №0182573 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар, Л.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Э нарын хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Л.Э нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Харин улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.Э-д оногдуулах 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг,
шүүгдэгч Л.Э-ын өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.Э-д оногдуулах торгох ялыг түүний хувийн байдал, цалин, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан байх тул өмгөөлөгч Г.Э-ын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ