Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00466

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00466

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын ... дүгээр багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Т овогт Э-ийн Б (Р...)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Х овогт Ч-ийн Э (Р...)-д холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 155/2021/00371/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Ч.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Б нь Ч.Э-тай үерхэж байгаад ... оны ... дугаар сарын ...-ны өдөр охин С-ийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхэд гаргаснаас хойш Ч.Э бидэн дээр ирэх нь бага болсон, ирэхдээ согтуу ирдэг. Охин том болж сургууль, цэцэрлэгийн хувцас хунар мөнгөний хэрэгцээ их болж байгаа тул Ч.Э-г охин С-ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, Ч.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ч.Э- нь согтуу ирэхээрээ би охиндоо тийм юм ийм юм авч өгнө гэж хэлээд худлаа ярьдаг. Бид хоёр хамт амьдардаггүй. Одоо охин маань том болж байгаа. Тийм учраас тэтгэлэг тогтоолгоно гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Э нь Б-тэй 2014 онд танилцан үерхэж байгаад 20.. онд охин С төрсөн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Ирэн очин амьдарцгааж байсан. Би Улаанбаатар хот орж ажил хийгээд охин С-д хувцас хунар авч өгч мөн Б-т боломжийнхоо хэрээр мөнгө төгрөг явуулдаг байсан. Би эхнэр хүүхэд хоёр дээр очихдоо согтуу очдоггүй байсан. Охин дээрээ очиж уулзах гэхээр хадам ээж болох Д уулзуулахгүй, охиндоо аваачиж өгсөн юмыг аваад орчихдог байсан. Би Б-ээс салж охиноо өнчрүүлмээргүй байна. Тиймээс би хамт амьдармаар байна гэжээ.

Хариуцагч Ч.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөнгөтэй үедээ мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зөндөө явуулсан. Миний үүрэг болохоор үр хүүхдэдээ байгаагаа өгч байсан. Сая ажил хийгээд хүссэн зүйлийг нь авч өгсөн. Би С-ийн эцэг мөн гэдгээ зөвшөөрч байна. Надад тэтгэлэг төлөх боломж байхгүй тул тэтгэлэг төлмөөргүй байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Ч.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч тэд эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин Б.С төрсөн болох нь нэхэмжлэгчийн ... Ч.Э-тай 2014 онд танилцан үерхэж байгаад 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр охин Б.С-ийг төрүүлсэн... гэх нэхэмжлэл,

Хариуцагчийн ... Миний бие Ч.Э нь Э.Б-тэй 2014 онд танилцан үерхэж байгаад 20.. онд охин С төрсөн ... гэх хариу тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Т овогт Э-гийн Б (Р.........)-ийн гэр бүлд 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Б-ийн С төрснийг 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр ...........-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тус тус нотлогдож байна.

Охин Б.С нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар хүний их эмч Х.И-гийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн: Овог Б нэр С, нас хүйс ..., хүйс эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх эмчийн тодорхойлолт хэрэгт авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан байх тул Э.Б нь охин Б.С-ийн төрсөн эцгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Ч-ийн Э нь Б-ийн С-ийг өөрийн хүүхэд мөн болох талаар маргаагүй бөгөөд харин тэтгэлэг төлөх боломжгүй учир тэтгэлэг төлмөөргүй байна гэсэн боловч энэ нь эцгийн үүргээч чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн Т овогт Б-ийн С (Р.......)-гийн төрсөн эцэг Х овогт Ч-ийн Э (Р.......) мөн болохыг тогтоож, эцэг Ч.Э-ээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3 зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн ба  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг хариуцагч Ч.Э-ээс гаргуулж

улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн Т овогт Б-ийн С (Р.........)-ийн төрсөн эцэг Х овогт Ч-ийн Э (Р.........) мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн Т овогт Б-ийн С (Р.........)-ийг 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Х овогт Ч-ийн Э (Р.........)-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг хариуцагч Ч.Э-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА