Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00015

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

     Г.Б, Ц.Н нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолтой Г.Ц, Ц.Н нарт холбогдох 1838007130426 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Аварзэд, хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бугат овогт Г-н Б, ….... оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …........../.

Монгол Улсын иргэн, Х овогт Ц-н Н, … оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …............../.

Шүүгдэгч Г.Ц, Ц.Н нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 06-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.Аварзэдийн 151 бог мал хулгайлж 12,240,000 төгрөгийн хохирол, иргэн Д.Баасанжаргалын 2 тооны бог мал хулгайлж 180,000 төгрөгийн хохирол  учруулж, нийт 153 бог мал буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бугат Г.Б, Хөхийнхөн Ц.Ннарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны малыг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Цогтбаярын Нямдэлгэрийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Нт оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 299 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Боос 4,230,000 /дөрвөн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аварзэдэд, 90,000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баасанжаргалд, шүүгдэгч Ц.Нээс 4,230,000 /дөрвөн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аварзэдэд, 90,000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баасанжаргал нарт тус тус олгож, Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц, Ц.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Аварзэд, хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Ц, Ц.Н нар хохирлоо огт төлөөгүй байхад хамгийн доод ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь Г.Ц, Ц.Н нар нь мөрдөн байцаалт, анхан шатны шүүх дээр мал хулгайлсан хэргээ огт хүлээдэггүй, тухайн мал зуслангийн газраасаа 8 км газар явж ялтангуудын зуслангийн газарт ирсэн байдаг тул алдуул мал бид завшсан гэж булзааруулдаг. Мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Г.Ц, Ц.Н нар нь бусдын олон тооны мал хулгайлсан байхад ял оногдуулахдаа хамгийн доод ял оногдуулсан байна гэж дүгнэж, анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/132 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 71А дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.Ц, Ц.Н нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 05-06-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын ам гэх газраас хохирогч М.Аварзэдийн 151 тооны бог мал, хохирогч Д.Баасанжаргалын 2 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 12,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц, Ц.Н нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагыг тодорхойлсон атал шүүгдэгч нарт тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй хэт хөнгөн ял оногдуулжээ.

Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаартай тогтоолд дурдсан шүүгдэгч Г.Ц, Ц.Н нарт тус бүр 2 жил 2 сар хорих ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаас доод хэмжээний ялыг сонгож оногдуулсан нь ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй гэх өмнөх шийтгэх тогтоолыг дүгнэсэн дүгнэлтийг анхаарч үзээгүй байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч нарын цагдан хоригдсон 299 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан “дүгнэлт нь ...Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэснийг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох юм.

Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг шүүх эдлэх ялд нь оруулан тооцохдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2” гэж хуулинд байхгүй заалт хэрэглэснийг анхааруулж байна.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ц, Ц.Н нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Ц, Ц.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                        Н.БАЯРХҮҮ