| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2022/387/3 |
| Дугаар | 128/ШШ2022/0529 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2022/0529
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "Э***" ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.С***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т***
Хариуцагч: "У***" ХНН,
"У***" ХНН-ийн УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, дарга Т.А***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: "У***" ХНН-ийн Хууль зүйн албаны хуульч А.Ц***, Худалдан авалт, борлуулалтын албаны Тендер захиалгын мэргэжилтэн Ж.М***,
Гуравдагч этгээд: "Т***" ХХК
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Д.Ц***,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч.Б*** нарын хоорондын тендер сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С***, өмгөөлөгч Б.Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Ж.М, Т.А***, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Ц***, өмгөөлөгч Ч.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч "Э***" ХХК анх "У***" ХНН, "У***" ХНН-ийн УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан “"У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичиг, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын багц №1-т "Т***" ХХК-ийг шалгаруулсан "У***" ХНН-ийн тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/, "У***" ХНН-ийн "Т***" ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон "Т***" ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн,
"У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичиг, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын багц №1-т "Т***" ХХК-ийг шалгаруулсан "У***" ХНН-ийн тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/, "У***" ХНН-ийн "Т***" ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон "Т***" ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
2. Нэхэмжлэгч "Э***" ХХК "У***" ХНН-ийн “Санхүүгийн тайлангийн зорилгоор дахин үнэлгээ хийх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын багц №1-т оролцон 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 54/2022 тоот албан бичгээр тендерт оролцох техникийн саналаа хүргүүлсэн.
Хариуцагч "У***" ХНН-ээс 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг үндэслэн танай компанийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгараагүй болох”-ыг нэхэмжлэгчид мэдэгдсэн.
3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч "Э***" ХХК-иас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 66/2022 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/1335 дугаар албан бичгээр “... “” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 6.2 буюу үнэлгээний шалгуур үзүүлэлтийн II-т “санал болгож буй үнэлгээний ажлын арга, аргачлал, хөтөлбөр нь захиалагчийн ажлын даалгаварт нийцсэн эсэх” гэсэн шаардлагад нийцээгүй буюу ажлын даалгаварт тусгагдаагүй ажлыг хийхээр санал ирүүлсэн, ГТН 2.1-д заасан гэрээ гүйцэтгэх хугацааны шаардлагыг тус тус хангаагүй гэж татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна” гэх агуулга бүхий татгалзсан хариуг өгснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр анх тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
. 4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“... У.........1 дугаартай "У***" ХНН-ээс зарласан “Санхүүгийн тайлагналын зорилгоор хөрөнгийн дахин үнэлгээ хийх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний тендерийн багц 1-д манай компани оролцсон. Бидний хувьд тус тендерийн багц 1 буюу “Барилга байгууламж ангид хөрөнгийн дахин үнэлгээ хийх” тендерийн зөвлөхийн хураангуй жагсаалтад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16/124 албан бичгээр мэдэгдсэн, улмаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 54/2022 дугаар албан бичгээр тендерт оролцох техникийн саналаа хүргүүлсэн.
Гэтэл "У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичгээр манай материал шалгараагүй болохыг мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/1335 тоот албан бичгээр гомдлыг хангаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тендерийн өгөгдлийн хүснэгтэд “хоёроос доошгүй үндсэн үнэлгээчинтэй байх ба уг үнэлгээчид нь тухайн компанийн үндсэн ажилтан байх, 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын баталгаажсан нийгмийн даатгалын НД8 тайлангийн хуулбарыг ирүүлэх, мөн хүснэгтийн 4.4.4-т “тухайн үнэлгээний ажлыг нийт 13 ба түүнээс дээш үнэлгээчдийн багаар гүйцэтгэх шаардлагатайгаас 2-оос доошгүй нь компанийн үндсэн ажилтан байх, түүнийг нотлох 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын баталгаажсан нийгмийн даатгалын НД8 тайлангийн хуулбар ирүүлэх” гэж заасан байна. Гэвч "Т***" ХХК нь үндсэн үнэлгээчнээр Д.Ц***, Н.Э нарыг санал болгосон боловч 2021 оны 10 дугаар сарын НД8 тайланд Н.Э-ийн нэр байхгүй байх бөгөөд тухайн сард "Т***" ХХК-д ажиллаж байгаагүй тул зөвлөхийн туршлагын доод түвшинг заасан 2021 оны 10, 11, 12 дугаар сард тухайн компанид үндсэн ажилтнаар ажилласан байх шаардлага хангаагүй.
Мөн үндсэн үнэлгээчин Д.Ц*** нь “А” ХХК-ийн үндсэн аудитораар мэдүүлж, Мэргэшсэн нягтлан бодогчийн институтийн аудитын байгууллагын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иймээс Аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасны дагуу аудитор нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар ажиллахыг хориглосон байна.
Зөвлөх үйлчилгээний хувьд голлох боловсон хүчин нь гол үнэлэх үзүүлэлт бөгөөд нэгэнт тендерт өрсөлдөж буй компанийн 2 боловсон хүчин нь хууль болон тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй байхад "Т***" ХХК-ийг тендерт шалгаруулсан нь хууль зөрчсөн бөгөөд шударгаар тус тендер шалгаруулалтад оролцсон манай компанийн эрхийг зөрчиж байна.
Түүнчлэн "Т***" ХХК-иас “Д” ХХК-тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12/20 дугаартай гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13/22 тоот албан бичигт буй “ҮХХ-ийн үнэлгээний ажил гүйцэтгэх” гэх, “Б” ХХК-тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд буй “ҮХХ-ийн үнэлгээний ажил гүйцэтгэх” гэх үгийн фонт илт өөр байгаа нь эдгээр гэрээнүүдийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу "У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан мэдэгдэлд “...захиалагчийн ажлын даалгаварт тусгаагүй ажлыг хийхээр санал ирүүлсэн нь манай компанийн материалыг татгалзах үндэслэл болсон” мэтээр дурдсан байх бөгөөд “Газар газрын сайжруулалт, ашиглалтын байдалтай танилцах, хэмжилт хийж баталгаажуулах тухай захиалагчийн ажлын даалгаварт тусгагдаагүй” тул манай тендерээс татгалзсан боловч уг ажиллагаа нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэхэд зайлшгүй хийгдэх ажиллагаа байдаг. Иймд дээрх үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй.
Иймд "У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичиг, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын багц №1-т "Т***" ХХК-ийг шалгаруулсан "У***" ХНН-ийн тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/, "У***" ХНН-ийн "Т***" ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон "Т***" ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...”Т” ХХК-ийг шалгаруулах ёсгүй гэж үзэж байгаа. Зөвлөх үйлчилгээний гэрээний хувьд голлох үзүүлэлт зөвлөгчийн чадвар, чадамжийн асуудал зөвлөх үйлчилгээний голлох үнэлгээг өгөх үзүүлэлтээр яригддаг. Үнэлгээний багт хоёроос доошгүй үнэлгээчин оролцох, компанийн үндсэн ажилтан байх ба 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын баталгаажсан нийгмийн даатгалын тайлангийн хуулбарыг ирүүлэхээр тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4-д заасан буюу тендерийн өгөгдлийн хүснэгт дээр тодорхой заагаад оруулаад өгсөн. Энэ хэсэгт "Т***" ХХК-иас өөрсдөө санал болгосон үндсэн хоёр ажилтан нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангахгүй буюу нэг нь 11 сараас эхлээд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн этгээд байдаг. Хариуцагч захиргааны байгууллагаас юу гэж тайлбарлаж байгаа гэхээр тухайн ажлын байранд санал болгосон нийт ажилтнаас бусад өөр этгээдүүд нь үндсэн ажилтан байгаа учраас шаардлага хангаж байна гээд өөрөө санаачилгаараа "Т***" ХХК-ийн хийх ажлыг өмнөөс нь санаачилж шалгаад ажиллагаа явуулаад байгаа. Ийм байж болохгүй. Тухайн компани өөрөө хоёр этгээдийг нэр заагаад шаардлага хангаж байгаа гээд нэрээ өгсөөр байхад энэ хоёр хүн шаардлага хангахгүй юм бол өөр бусад этгээд шаардлага хангаж байгаа юм чинь болно гэдэг байдлаар дүгнэлт өгөөд үнэлээд яваад байна. Энэ асуудал дээр манайх гомдолтой байгаа учир шударга хандах ёстой. Хэрэв тухайн этгээдийн нэрлэн зааж, санал болгоогүй этгээд нь шаардлага хангаж болохоор байсан бол нэхэмжлэгч компанийн хувьд багийн ахлагч нь шаардлага хангахгүй этгээд байсан учир 10 оноо алдсан гэж тайлбарлаад байгаа. Үнэлгээ өгсөн хүснэгтээр үнэлгээчдийн чадвар болон туршлага багын ахлагч нь хөрөнгийн тэргүүлэгч зэргийн үнэлгээчин эсэх гэдэгт нэхэмжлэгч компани 0 оноо авсан буюу 10 оноо алдсан. Энэ үнэлгээнд үндэслэж үнэлгээ өгч байгаа бол нэхэмжлэгч компанийн яг адилхан ахлагч гэдгээр тавьсан этгээд нь П.Б*** нь тэргүүлэгч зэргийн гэрчилгээтэй мөн адил тендерийн баримт бичигт өгсөн материал дээрээ багийн ахлах гэдгээр материалаа бүрдүүлээд өгсөн. Гэтэл яагаад тэргүүлэх зэргийн этгээдийг тавьсаар байхад энэ этгээдийн 10 оноог хасаж үнэлсэн мөртөө нэрлэж заагаад яг энэ этгээдүүдэд тус ажлын байран дээр ингэж ингэж орно гээд өгсөн материал дундаас энэ хүмүүс шаардлага хангахгүй юм бол бусад нь шаардлага хангаж байгаа юм чинь ингээд өндрөөр үнэлсэн гэдэг байдал дээр гомдолтой байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Гэрээний хувьд үнэлгээ өгөхдөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж байгаа гэрээнүүдийг үнэлээгүй, тийм учраас бусад гэрээг үнэлээд хангалттай гэж оноо өгсөн талаар дүгнээд явж байгаа. Гэтэл ядаж хийсэн ажлын цар хүрээ өгсөн гэрээний тоо зэргийг харгалзаад үзэх юм бол нэхэмжлэгч нь яалт ч үгүй илүү ажил хийсэн гэдэг нь тендерийн шалгаруулалт өгсөн материал дундаас тодорхой харагдаж байгаа. Ийм учраас манайх гомдол гаргаж нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.
5. Хариуцагч "У***" ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-1т заасны дагуу "У***" ХНН нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөрх санхүүгийн тайландаа бүртгэлтэй Монгол Улсын хойд хилээс урд хил, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хилийн Эрээнцав өртөө хүртэл нийт 1815 км төмөр зам даган байршсан 61 байгууллагын 2853 ширхэг барилга, 6742 ширхэг төмөр замын байгууламжийг дахин үнэлж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх бодит үнэ цэнийг тогтоох, ашиглалтын хугацааг тодорхойлох /багц 1/ 455,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгүүлэх тендер “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу зарлаж, тендер шалгаруулалтаа зохион байгуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн дагуу "У***" ХНН нь тендерийн Багц 1-т оролцохоор хүсэлт ирүүлсэн 6 компанийн цахим системээр ирүүлсэн материалаас мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлийг магадлан үнэлж, "Т***" ХХК, "Э***" ХХК, “Х***” ХХК, “И***” ХХК нарын 4 оролцогчдоор “зөвлөхийн хураангуй жагсаалт” үүсгэсэн.
2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “зөвлөхийн хураангуй жагсаалт”-д орсон оролцогч 4 компанид үнэлгээний ажлын даалгавар, оролцогчдын чадавхын шаардлага, үнэлгээний шалгуур үзүүлэлт, санал ирүүлэхэд баримтлах зааварчилгаа, гэрээний төсөл зэрэг материалыг тендерт оролцох саналын урилгын хамт цахим системээр ил тодоор илгээж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цахим тендерээ нээсэн.
Үнэлгээний хороо нь оролцогчдоос ирүүлсэн тендерийг захиалагчаас баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхэд "Т***" ХХК нь үнэлгээний ерөнхий болон онооны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, бусад оролцогчдоос ирүүлсэн саналд тусгагдаагүй илүү сайн ажлын хөтөлбөр ирүүлсэн тул 100 онооноос 99 авч хамгийн өндөр оноо авсан оролцогчоор шалгарсан. Тухайн компанийн ирүүлсэн үнийн санал нь манай нийгэмлэгийн баталсан төсөвт өртөгт багтсан.
Харин "Э***" ХХК-ийн ирүүлсэн тендер нь үнэлгээний ерөнхий болон босго 70 онооны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан боловч “Үнэлгээний багийн ахлагч нь хөрөнгийн тэргүүлэх зэргийн үнэлгээчин байна” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, захиалагчийн ажлын даалгаварт гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор үнэлгээ хийж дуусгахаар тусгагдсан байтал ажлын 5 хоногоор 12 долоо хоног буюу ажлын 60, хуанлийн 84 хоногоор хөтөлбөр боловсруулж ирүүлсэн нь хугацааны хувьд боломжгүй, ажлын даалгаварт тусгаагүй “газар, газрын сайжруулалт ашиглалтын байдалтай танилцах, хэмжилт хийж баталгаажуулах” тухай хөтөлбөртөө тусгасан, үнэлгээчдийн ажил гүйцэтгэх хугацаа, ажлыг тоймлож ирүүлсэн боловч үнэлгээчин тус бүрийн ажлын талбарыг тодорхойлоогүй зэрэг шалтгаанаар хамгийн дээд оноог аваагүй.
Үнэлгээний хорооноос 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу "Т***" ХХК-ийн санхүүгийн саналыг нээж, 3 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэн, бусад оролцогч нарт тендерт шалгараагүй тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд үүнээс ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах гэж байтал Сангийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 6-1/1192 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичээр “Э*******” ХХК-ийг гомдол гаргасан тухай мэдэгдсэн.
Үүний дагуу Сангийн яаманд холбогдох бүх материалыг хүргүүлэн шалгуулсан бөгөөд Сангийн яамны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/1335 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзсэн.
"У***" ХНН-ийн удирдлага 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тендерт шалгарсан "Т***" ХХК-тай санхүүгийн болон бусад нөхцөлийг харилцан тохиролцож, онлайн хурал зохион байгуулснаар 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ЗҮ/22/005 тоот гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн баг дахин үнэлгээний ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд нь буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүрэн, чанартай гүйцэтгэж дуусган тайлангаа ирүүлсэн.
"Т***" ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэхэд тухайн компанийн 2021 оны 10, 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын баталгаажсан тайланд 2 үнэлгээчин нь үндсэн үнэлгээчин /код 22/-ээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, цахим тендерт материалаа ирүүлж байгаа оролцогчдын тухайд ирүүлсэн материалыг цахимаар үнэлгээ хийж байгаа тохиолдолд тухайн компанийн үнэлгээчид нь өөр компанид давхар ажил эрхэлж байгаа эсэхэд хяналт тавих боломжгүй байсан.
Мөн "Т***" ХХК нь нийт 8 гэрээний хуулбар, холбогдох баримтын хамт ирүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо “Д***” ХХК, “Б***” ХХК-тай байгуулсан гэрээний хуулбар шаардлага хангахгүй байна хэмээн үзэж үлдсэн 6 гэрээнд үнэлгээ хийсэн.
Түүнчлэн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 1.6 дугаар зүйлд "У***" ХНН-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх санхүүгийн тайланд бүртгэлтэй 9595 орчим барилга, байгууламжид хөрөнгийн дахин үнэлгээ хийхээр тусгасан бөгөөд үүнд захиалагчийн эзэмшлийн газар, газрын сайжруулалт, ашиглалтын байдалтай танилцах, хэмжилт хийж баталгаажуулах ажлыг гүйцэтгэнэ гэж заагаагүй тул ажлын даалгавартай тохирохгүй гэж үнэлгээний хороо үзэж "Э***" ХХК-ийн тендерээс татгалзсан болно” гэв.
Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... "У***" ХНН-ийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн олон улсын “К***” нь манай байгууллагыг 2021 онд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийх үүрэг өгч үнэлгээний ажилд хараат бус үнэлгээний компанитай хамтран ажиллах тухайгаа мэдэгдсэн тул "У***" ХНН нэн даруй тендер зарлан, дахин үнэлгээ хийх шаардлагатай болсон.
Иймээс шалгарсан оролцогч нь хөрөнгийн үнэлгээгээ олон улсын “К***”-ын байгууллагад хүлээлгэн өгч баталгаажуулах ёстой.
Хэрэв нийгэмлэг үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй тохиолдолд аудитын хязгаарлалттай дүгнэлт гарч, улмаар зээл олгогч олон улсын банк нь зээлийн шалгуур үзүүлэлт хангаагүй шалтгаанаар хугацаанаас нь өмнө зээлээ эгүүлэн татаж, зээлийн гэрээний дефолт байдалд хүрэх нөхцөл үүсэхээр байна.
Олон улсын аудитын компани нь дүгнэлтээ ерөнхий хувь нийлүүлэгчид буюу 2 улсын Засгийн Газарт хүргүүлэх ба үүний дараа 2 улсын Засгийн Газрын “Тэгш эрхэт комисс”-ын шалгалт ажиллаж, санхүү үйл ажиллагаанд дүгнэлт өгдөг. Энэ жилийн шалгалт 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ирэхээр мэдэгдсэн байтал мөн аудитын дүгнэлт гараагүй шалтгаанаар хойшлоод байна.
"Т***" ХХК нь дахин үнэлгээний гэрээгээр тохирсон хугацаанд нь буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүрэн, чанартай гүйцэтгэж дуусган тайлангаа ирүүлснийг нийгэмлэгийн удирдлага хүлээн авсан ба одоо олон улсын “К”-ын байгууллагад үнэлгээний тайланг баталгаажуулах ажил хийж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
6. Гуравдагч этгээд "Т***" ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани "У***" ХНН-ээс зарласан “Санхүүгийн тайлагналын зорилгоор хөрөнгийн дахин үнэлгээ хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаартай зөвлөх үйлчилгээний Багц 1” тендерт шалгарсан тухай мэдэгдлийг УБТЗ-ын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/754 дугаартай албан бичгээр хүлээн авсан.
Гэвч тендерт оролцогч "Э***" ХХК шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар мэдэгдэлд заасан хугацаанд гэрээ байгуулагдаагүй. Сангийн яам гомдлыг хянаад 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/1335 тоот албан бичгээр "У***" ХНН-д гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу "У***" ХНН-ээс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12/1005 албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдэл дахин ирснээр гэрээ байгуулагдсан.
Тус компанийн үнэлгээчин Н.Э*** нь манай компанид 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс үнэлгээчний албан тушаалд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж эхэлсэн тул 2021 оны 11 дүгээр сараас эхлэн цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн. Бид тендерийн материалаас сүүлийн хувилбарыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хаягаар илгээсэн.
Үнэлгээчин Д.Ц*** нь "Т***" ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд 2007 оноос хойш тус компанийн захирлаар ажиллаж байгаа. Д.Ц*** нь “А” ХХК-ийн аудитораар бүртгэгдсэн боловч тус компанийн аудитын үйл ажиллагаанд оролцож байгаагүй, энэ чиглэлээр огт ажиллаагүй болно. Тус компани нь аудитын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахад 4-өөс доошгүй үнэлгээчинтэй байх хуулийн шаардлагыг хангах хэрэгтэй байна гэж гуйгаад миний нэрийг бүртгүүлсэн.
Гэвч бидний хийх ажил нь хөрөнгийн үнэлгээ хийх ажил болохоос аудитын үйл ажиллагаатай хамааралгүй. Иймээс нэхэмжлэгчийн гомдолд дурдсан тендерийн өгөгдлийн хүснэгтэд зааснаар хоёроос доошгүй үнэлгээчин нь компанийн үндсэн үнэлгээчин байх шалгуурыг хангаагүй гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
“Г***” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрхээ хасуулсан этгээдийн хар жагсаалт”-д ороогүй тул гэрээний үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Мөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад манай тэргүүлэх үнэлгээчин Д.Б***, Б.Х*** нартай холбоотой гомдол бүртгэгдээгүй ба энэ талаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгсөн.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "У***" ХНН гэдэг байгууллагын тухайд хоёр улсын хамтарсан онцгой байгууллага юм. Монгол Улсын хуулийн дагуу худалдан авах ажиллагаа явуулдаг юм байна. Тендерийн ажилтан өөрөө нэлээн цаг хугацаа шахагдсан, цаанаа олон улсын банк, санхүүгийн байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байгаа. Нэхэмжлэгч тал үндсэндээ тендер шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, тендер шалгаруулсан захиргааны актыг бүхэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх үйн зөрчилтэй захиргааны актыг тодорхойлно” гэж байгаа. Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа эрх зүйн зөрчилтэй байна гэж үзэж байгаа байна. Гуравдагч этгээдийн хувьд тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлсөн асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагатай түүний үндэслэлтэй холбоотой маргасан байдаг. Уг 3 үндэслэлд зохих ёсоор тайлбарыг өгөх зүйтэй байх. Нэгдүгээрт тендерийн өгөгдлийн хүснэгтэд 2-аас доошгүй үнэлгээчин байх шалгуурыг хангаагүй гэсэн нэгдүгээр үндэслэл байж байна. н.Эрдэнэцэцэг гэдэг хүн бол тус компанид 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээчнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ороод одоо ч ажиллаж байгаа. Энэ тендер хоёр үе шаттай явагдсан талаар хариуцагч ярьж байна. Үүнийг онцгой анхаарах ёстой. Эхнийх нь 12 сарын 07-нд зарлаад тэр нь 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон. Эхнийх нь шаардлага хангаагүй учир сүүлд нь дахиад 12 сарын 30-нд зарласан. Тендерийн бичиг баримтаар 10, 11, 12 сар гэж заасан байгаа. Ер нь бол агуулгаар тендерийн бичиг баримтыг хүлээж авахаас өмнөх 3 сар гэсэн. Гэхдээ заавал сар заасан. Ер нь бол хоёр үе шаттай явсан. Сүүлийн тендерийн бичиг баримт 01 сарын 20-нд гаргасан. 2022 оны 01 сарын 20-нд гарч ирсэн зүйл дээр хуучнаар бичсэн байна. Манайх бол тендерийн бичиг баримт авахаас өмнө өгсөн. 02 сарын 21-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө бид нар цахимаар илгээсэн. Тийм учир хоёр удаа зарлагдсан учир хоёр дах дээрээ үндсэн баримтаа хүлээж авсан. Тийм учраас тендерийн үйл ажиллагаанд захиалгат ажлын чанар болон гүйцэтгэлд нөлөөлөх сөрөг үр дагавар биш гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 27.2.1 дэх заалтыг зөрчсөн зүйл байхгүй.
Худалдан авах ажиллагааны хуульд заасан санхүүгийн чадвар зэрэг зүйлийг манайх бүгдийн хангасан байж байгаа. Агуулгаараа сүүлийн 3 сар гэж байгаа. Д.Ц*** хувьд 22 кодоор нийгмийн даатгал, шимтгэл төлдөг. Хоёр үндсэн үнэлгээчин хоёулаа 22 кодоор нийгмийн даатгал төлдөг. Сангийн сайдын хамтарсан 2017 оны тушаалаар үндсэн ажилтан 01 кодоор төлж байгаатай адилтгаж үзэж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн асуудлыг захиалагч байгууллага мөн Сангийн яам үүнийг хянаад зөрчил гэж үзээгүй байгаа. Манай багийн хүмүүсээс 4 хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж заасан. Харин тендерийн өгөгдлийн хүснэгтийн зарим шаардлагыг эд нар өөрсдөө хангаагүй. Манайх бол бүгдийн хангаж байгаа.
Хоёрдугаар асуудал бол Д.Ц***-г аудитын компанид давхар бүртгэлтэй буюу Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 38.1-д заасан боловсон хүчний чадвар, туршлага хангаагүй, мөн үнэлгээчин байх боломжгүй гэж маргаж байгаа. Д.Ц*** анх "Т***" ХХК-ийг анх үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч юм. Компанийн дүрмийг хавтаст хэрэгт өгсөн байж байгаа. 2007 оноос хойш үүсгэн байгуулсан захирлаар ажиллаж байгаа. Үндсэн үйл ажиллагааны тухайд хөрөнгийн үнэлгээ зэрэг хийх тусгай зориулалттай үйл ажиллагаа хийж байгаа юм. “А***” ХХК-д аудитор давхар бүртгүүлсэн асуудал байгаа боловч энэ чиглэлээр энэ хүн огт ажиллаж байгаагүй. Өмнө нь тайлбартаа тодорхой гаргаад өгсөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөл байдал тодорхойлсон. Ямар нэгэн байдлаар хөрөнгийн үнэлгээчин хүн өөр давхар бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй гэсэн ямар ч шалгуур шаардлага байхгүй. Хөрөнгийн үнэлгээний хуулийг зөрчөөгүй. 2018 оны мэргэшсэн дүрмээр хориглосон заалт мөн адил байхгүй. Тийм учраас давхар бүртгэлтэй гэх гомдлын тухайд тендер шалгаруулалтын үр дүнд нөлөөлөөгүй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан чанар ажлын гүйцэтгэлд нөлөөлөх сөрөг хүчин зүйл болж чадахгүй гэж үзэж байна. Зарлагдсан тендерийн ажил хөрөнгийн үнэлгээний ажил болохоос биш аудиттай ямар ч хамаагүй. Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тэр талаарх гомдлоо гаргаад зохих журмаар шийдвэрлэх боломжтой.
Гуравдугаарт багийн үнэлгээ буюу Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал ярьж байна. Хөрөнгийн үнэлгээний хуульд үйлчлүүлэгчийн эрхийг тодорхой заасан. Хөрөнгийн үнэлгээг алдаа дутагдалтай заасан бол санхүүгийн асуудал эрхэлсэн байгууллага, хөрөнгийн мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж болно. Мөн 30 хоногийн дотор мэргэжлийн зөвлөлд гомдол гаргаж болно гээд заасан. Эрдэнэт үйлдвэрийн газраас үнэлгээчинтэй холбоотой ямар ч гомдол гаргаагүй. Тайлангаар зөрчил илэрсэн гэж өөрсдөө ярьж байна. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 14.1.4-д сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол гэж заасан. Өөрөөр хэлбэл алдаа гаргасан бол шүүх тогтоосон байх шаардлагатай юм. Мөн улсын ахлах байцаагч тогтоосон бол гэж хуулиар заасан. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журам гэж байгаа. Тус журамд "Т***" ХХК болон манай багийн үнэлгээчнээс хэн ч бүртгэгдээгүй. Өнөөдөр баримтаар нягтлан бодох бүртгэхийн талаарх баримт өгсөн. Ёс зүйн зөрчил гаргасан бүртгэл байхгүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл хуульд болзошгүй гэдэг үндэслэлээр тендерээс хасах хууль зүйн үндэслэл байхгүй. Улмаар шүүх тогтоосон байх ёстой эсвэл улсын байцаагч тогтоосон тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан гэж үзэх юм. Иймд захиалагч байгууллагыг тендерээс хасах үндэслэл байхгүй. Тийм учраас Улаанбаатар Төмөр замын тендер шалгуурлах үйл ажиллагаа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд явагдсан гэж бид үзэж байна. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч "Э***" ХХК анх тус шүүхэд хандан "У***” ХНН, "У***" ХНН-ийн УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан "У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичиг, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын багц №1-т "Т***" ХХК-ийг шалгаруулсан "У***" ХНН-ийн тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/, "У***" ХНН-ийн "Т***" ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон "Т***" ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа
"У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичиг, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын багц №1-т "Т***" ХХК-ийг шалгаруулсан "У***" ХНН-ийн тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/, "У***" ХНН-ийн "Т***" ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон "Т***" ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлсон.
3. Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ:
1. захиалагчийн ажлын даалгаварт тусгагдаагүй ажлыг хийхээр санал ирүүлсэн гэх үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь хууль бус байсан,
2. тендерт шалгарсан "Т***" ХХК-ийн үндсэн үнэлгээчин тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй,
2. "Т***" ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээгээр хийгдсэн ажил нь зөрчилтэй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
"У***" ХНН-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн А/707 дугаар тушаалаар "У***" ХНН-ийн ажлын хэрэгцээнд “Санхүүгийн тайлангийн зорилгоор дахин үнэлгээ хийх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн Үнэлгээний хороог байгуулсан.
Үнэлгээний хороо "У***" ХНН-ийн үндсэн хөрөнгөнд санхүүгийн тайлагналын зорилгоор дахин үнэлгээ хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-ийг боловсруулан, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийг тендер сонгон шалгаруулалтын хураангуй жагсаалтад орсон 4 аж ахуйн нэгжид хүргүүлэн, мэдүүлгээ төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр ирүүлэхийг мэдэгдсэн.
Энэ дагуу тус тендер шалгаруулалтын багц 1-т нийт 4 аж ахуйн нэгж тендерийн баримт бичгээ цахимаар ирүүлснийг Үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэн “...багц 1 буюу “Барилга, байгууламж ангид хөрөнгийн дахин үнэлгээ хийх” тендерт техникийн хамгийн өндөр оноо авсан "Т***" ХХК ... санхүүгийн болон бусад нөхцөлийг тохиролцон хэлэлцээ хийхээр, бусад оролцогч компаниудад техникийн доод оноог хангасан боловч хамгийн өндөр оноо авсан оролцогчоор шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн” болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан "У***" ХНН-ийн даргын 2021 оны А/707 дугаар тушаал, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер сонгон шалгаруулалтын баримт бичиг, Үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар,
Нэхэмжлэгч "Э***" ХХК-иас "У***" ХНН-аас зарласан УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаартай тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн тендерийн баримт бичигт:
үнэлгээчдийн ажиллах хугацааг “ажлын 5 хоногоор 12 долоо хоног” буюу ажлын 60 хоног, хуанлийн 84 хоногт ажлыг гүйцэтгэхээр тусган ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн III.Гэрээний тусгай нөхцөл 2.1-д “Ажил гүйцэтгэх хугацаа: Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлийн 45 хоног байна” хэмээн тусгайлан заасныг,
"Э***" ХХК-ийн үнэлгээний багийн ахлагч Ё.Б***-ын мэргэшсэн нягтлан бодогч болохыг нотолсон баримтыг хавсаргасан байх боловч Хөрөнгийн тэргүүлэх зэргийн үнэлгээчин болохыг нотолсон баримтыг хавсаргаагүй нь тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.4.4-т “Багийн ахлах үнэлгээчин - 1 /хүний тоо/ - 10 ба түүнээс дээш /ажилласан жилийн тоо/ - Үнэлгээчний тусгай зөвшөөрөл эзэмшигч, Хөрөнгийн тэргүүлэх зэргийн үнэлгээчин, Мэргэшсэн нягтлан бодогч /мэргэшлийн шаардлага/” хэмээн тусгайлан заасныг тус тус хангаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаартай тендер сонгон шалгаруулалтад "Э***" ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичиг, Үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар,
Нэхэмжлэгч "Э***" ХХК-ийн зүгээс "У***" ХНН-аас зарласан УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер сонгон шалгаруулалтад "Т***" ХХК-ийг шалгаруулсантай холбогдуулан “үнэлгээчин Н.Э*** нь "Т***" ХХК-иас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын НД8 тайланд нэр нь байхгүй”, “А***” ХХК-нд давхар ажил эрхэлдэг”, “багийн Х.Х***, Д.Б*** нар нь өмнө гүйцэтгэж байсан мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан байж болзошгүй” хэмээн маргасан байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар,
Гуравдагч этгээд "Т***" ХХК-ийн ажилтан Н.Э*** нь “А” ХХК-нд аудитын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгэгдсэн гэх үйл баримт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлд хамаарахгүй, энэ талаар тендерийн баримт бичигт ямар нэгэн хориглосон болон хязгаарласан агуулгатай заалтыг тусгаагүй.
Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.4.4-т “2. Үнэлгээчин – 10-аас доошгүй /хүний тоо/ - 3 ба түүнээс дээш /үнэлгээчнээр ажилласан жилийн тоо/ - Үнэлгээчний тусгай зөвшөөрөл эзэмшигч /мэргэшлийн шаардлага/”,
“Үнэлгээний багт ажиллах 2-оос доошгүй үнэлгээчин нь оролцогч компанийн үндсэн ажилтан байх ба 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын баталгаажсан нийгмийн даатгалын НД8 тайланг хуулбарлан ирүүлэх” гэж заасан дагуу гуравдагч этгээд "Т***" ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичигт дурдсан нийт үнэлгээчдийн 4 нь тус компанийн үндсэн ажилтан буюу НД8 Өмаягт 01 кодоор нийгмийн даатгалын шимтгэлийг дээр дурдсан хугацаанд төлсөн.
Үнэлгээний багийн үнэлгээчин Х.Х***, Д.Б*** нар нь өмнө гүйцэтгэж байсан мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд 2022 оны 5 дугаар сарын байдлаар иргэд, хуулийн этгээдээс ямар нэгэн гомдол гаргаагүй, "Т***" ХХК-ийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой алдаа гарсан болон тендерт хуурамч мэдээлэл ирүүлсэн гэх асуудлаар Сангийн яамнаас хөтөлдөг “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд” иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргагч, бүртгэлд тусгагдсан зүйл байхгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаартай тендер шалгаруулалтын баримт бичиг, "Т***" ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичиг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2022 оны 5 дугаар сарын 24, 27-ны өдрүүдийн 22/35, 22/37 дугаар албан бичиг болон Сангийн яамны 2022 оны 6-1/1335 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.
5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”,
27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”,
28 дугаар зүйлийн 28.8-д “Зөвлөх үйлчилгээний саналыг үнэлэхэд энэ хуулийн 37, 38, 39 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”,
37 дугаар зүйлийн 37.2-т “Зөвлөх сонгох үнэлгээний арга нь чадварын, чанарын болон хосолмол үнэлгээний гэсэн хэлбэртэй байна”,
38 дугаар зүйлийн 38.1-т “Санал болгож байгаа зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны арга зүй, ажлын хуваарь, боловсон хүчний туршлага, чадвар, үйлчилгээний болон техник хэрэгслийн чанарыг харгалзан саналуудад шинжилгээ хийж харьцуулна”,
39 дүгээр зүйлийн 39.2-т “Техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ” хэмээн тус тус хуульчлан заасан.
6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч "Э***" ХХК-иас ирүүлсэн тендер нь ажил гүйцэтгэх хугацаа болон боловсон хүчний шалгуур зэрэг үзүүлэлтүүдээрээ захиалагчаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гуравдагч этгээд "Т***" ХХК-ийг шалгаруулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус үндэслэн "Э***" ХХК-иас "У***" ХНН, "У***" ХНН-ийн УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "У***" ХНН-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/752 тоот албан бичиг, УБТЗ/2021/ЗҮГС/11 дугаар тендер шалгаруулалтын багц №1-т "Т***" ХХК-ийг шалгаруулсан "У***" ХНН-ийн тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/, “"У***" ХНН-ийн "Т***" ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон "Т***" ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА