Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00133

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 211/МА2023/00039 дүгээр магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох

523,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Агийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 523,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас 61,900,000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, 218,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч “Ц” ХХК-иас алданги 243,500,000 /хоёр зуун дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,775,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 467,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 211/МА2023/00039 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-аас 61,900,000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 218,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “Ц” ХХК-аас хохирол 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөг, алданги 61,900,000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг, нийт 341,900,000 /гурван зуун дөчин нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч “Ц” ХХК-аас алданги 243,500,000 /хоёр зуун дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 181,600,000 /нэг зуун наян нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “467,450” гэснийг “1,867,450” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Хариуцагч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 467.450 /дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Ч.Ө-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 2,465,950 /хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 1,867,450 /нэг сая найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 598,500 /таван зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж байна. Энэхүү гомдлын шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж тус тус заасан үндэслэлээр гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч “Ц” ХХК-иудын хооронд 2014.08.25-ны өдөр Бохир усны төв шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулагдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь товчхондоо дээр дурдсан гэрээний гүйцэтгэл чанартай сайн хийгдсэнгүй, ажил гүйцэтгэл бүрэн явагдаагүй гэсэн утгаар алданги 243,500,000 төгрөг болон уг Ажил гүйцэтгэлийн гэрээнд дурдсан ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд нэмж гарсан зардал 280,000,000 төгрөг, нийт 523,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн байсан.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа ноцтой зөрчилтэй явагдсан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тал дээр дурдсан гэрээнд заасан ажлаа заасан хугацаанд, чанартай сайн гүйцэтгээгүйн улмаас бид өөр бусад, гуравдагч компаниар уг гэрээт ажлыг гүйцэтгүүлэх болж, тухайн гуравдагч компанитай гэрээ байгуулан 280,000,000 төгрөгийн илүү зардал гаргасан, мөнгө төлсөн гэж тайлбарладаг.

Энэ нь нэхэмжлэгч талд гэм хорын хохирол учирсныг даруй илтгэх бөгөөд гэм хорын хохирол, төлбөртэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэлдэхүүнтэй буюу 3 шүүгч оролцсон шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэг ёстой байсан. Анхан шатны шүүх дээр уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч бүрэлдэхүүнгүй буюу дангаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсныг тодорхой харуулдаг.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасанчлан хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байдаг.

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь хэргийг үнэн зөв, шударга ёс, хууль ёсонд нийцсэн байдлаар шийдвэрлэхэд шууд, сөрөг байдлаар нөлөөлсөн гэж хариуцагч талын зүгээс үзэж байгаа болно. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд хэрэгт авагдсан “Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох, хүсэлт хангах тухай” 2017.05.31-ний өдрийн 129/ШШ2017/00290 тоот Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж, түүний биелэлтийн талаар өөр өөрийн тайлбар, дүгнэлтийг өгсөн.

Ингэхдээ Анхан шатны шүүх талуудын хооронд уг Шүүгчийн захирамж гарах хүртэл хугацааны ажлыг үнэлээд, үлдсэн хугацааны (хийгдээгүй үлдсэн ажлыг) ажлыг цаашид уг Шүүгчийн захирамжид дурдсаны дагуу хийгээрэй гэсэн агуулгаар гарсан байна гэдгийг үнэн зөв дүгнэсэн, гэтэл давж заалдах шатны шүүх уг Шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан агуулгаар тайлбарлаж, дүгнэлт өгч дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл бүхэлдээ хийгдээгүй байдлаар тайлбарлаж шийдвэрээ гаргасан.

Эдгээр байдал нь дээр дурдсан шүүхүүдээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэхэд хүргэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны олон алдаа, дутагдал гаргахад хүргэсэн болно. Эдгээр нь Анхан шатны шүүхийн шийдвэрийн, давж заалдах шатны шүүхийн магадлалын Үндэслэх болон Тогтоох хэсгүүдээс тодорхой харагддаг.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.16-ны өдрийн 129/ШШ2022/00764 шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2023.03.24-ний өдрийн 211/МА2023/00039 магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч Агийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.05.18-ны өдрийн 001/ШХТ2023/00571 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “Ц” ХХК-аас 523,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...“Ц” ХХК-тай 2014.08.25-ны өдөр №01 тоот Бохир усны төв шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь 2015.06.15-ны өдрийн дотор ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн, хугацаандаа ажлыг гүйцэтгэж өгөөгүй тул үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлэх, учирсан хохирол 265,900,516 төгрөгийг гаргуулахаар 2017 онд шүүхэд хандсан боловч харилцан тохиролцож эвлэрснээр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017.05.31-ний өдөр Зохигчийн эвлэрлийг баталсан захирамж гарсан.

Уг захирамжаар хариуцагч нь бохир усны 1.5 км шугамын ажлыг худгийн хамт хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь санхүүжилт болох 123,800,000 төгрөг болон шаардлагатай шугам хоолойг гаргахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчээс эхний санхүүжилтэд 61,900,000 төгрөгийг хариуцагчид өгсөн.

2017 оны 09 сард хариуцагч нь гэрээт ажлыг гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн бөгөөд Барилга байгууламжийн техникийн комисс ажлыг хүлээж авахад шугамыг ашиглах боломжгүй байсан тул доголдлыг арилгах даалгавар өгч, ажлыг хүлээж аваагүй. Гэвч хариуцагч нь нэмж ажил хийгээгүй 2019 он хүрсэн тул “В” ХХК-тай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэн, 2019 оны 08 сард дуусгаж Барилга байгууламжийн техникийн комисст хүлээлгэж өгсөн. Иймд “В” ХХК-аар хариуцагч “Ц” ХХК-ийн ажлыг гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд төлсөн 280,000,000 төгрөгийг, ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 243,500,000 төгрөгийн хамт нийт 523,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч “Ц” ХХК тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг ноцтой төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл, цэвдэгтэй хөрсний талаар мэдээлэл огт өгөөгүй, гэрээний дагуу 3.5 км урттай шугам тавих ёстой байсан боловч 2 км газарт шугам, худаг тавиад санхүүжилтийн мөнгө дууссан тул ажлаа зогсоосон. Нэхэмжлэгч нь 250,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, “Ц” ХХК 1.5 км шугам, худаг тавих ажлаа хийж гүйцэтгэчихээд ажлын хөлсөө авъя гэхэд 65,000,000 төгрөгийг нь өгөхгүй, эхний 3 худгийн хооронд ус байна, тэр усыг гаргаж янзал гэсэн, магадлашгүй зардал 17,000,000 төгрөгийг аваад ус тасарсан 3 худгийг зассан. Ажлыг бүрэн хийж гүйцэтгэн нэхэмжлэгч компанийн инженерт хүлээлгэн өгч, хүлээн авсан. ...бид улсын комисст ажлыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээгүй, гэрээнд заасан ажлыг стандартын дагуу хийсэн, 2017 онд 1.5 км шугам, худаг тавиад 123,800,000 төгрөг авах байснаас 61,800,000 төгрөг авсан, ...123 сая төгрөгөөр хийх ажлыг 280 сая төгрөгөөр хийлгэсэн байх боломжгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх: “... зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь 625,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, “Бохир усны төв шугамын барилга угсралтын ажил”-ыг 2015.06.15-ны өдөр хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, 2017.05.31-ний өдрийн байдлаар гүйцэтгээгүй үлдэгдэл ажил 123,800,000 төсөвтэй болох нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн №290 дугаартай захирамжаар тогтоогдсон, хариуцагч нь дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэх тайлбараа нотлоогүй, ажлыг хүлээлгэж өгөлгүй 2019 он гарсан тул нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох “В” ХХК-аар ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 280,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч дээрх төлбөр “Ц” ХХК-ийн хийх ёстой ажлыг хийлгэсэн, эсхүл доголдолтой ажлыг засан сайжруулахад гарсан зардлын аль нь болохыг нотлоогүй гэж дүгнэн, харин нэхэмжлэгчээс үлдэгдэл ажлыг гүйцэтгэхэд санхүүжүүлсэн 61,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, талууд Эвлэрлийн гэрээ байгуулж, өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгосон үндэслэлээр нэхэмжлэгч нь өмнөх гэрээний дагуу алданги шаардах эрхгүй” гэх үндэслэлээр хариуцагчаас 61,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: “...зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хариуцагч гэрээгээр хүлээсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй тул түүнийг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, гуравдагч этгээдээр үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлсэн тул “В” ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 280,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулан олгоно, талууд 2017 оны 22/2017 дугаартай гэрээнд үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол алданги шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байх тул гүйцэтгээгүй үүргийн дүнг 123,800,000 төгрөгөөр тооцож, үүний 50% болох 61,900,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэжээ.

9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шаардлагыг хангасан гэх үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцсэн болно.

10. Архангай аймгийн Тариат сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаан холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлын хүрээнд зохигч 2014.08.25-ны өдөр Бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 01 дугаартай гэрээ байгуулсан, гэрээний дагуу 625,000,000 төгрөгийн төсөв бүхий ажлыг гүйцэтгэгч 2014.08.25-наас 2015.06.15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр захиалагч үлдэгдэл ажлыг гүйцэтгэж дуусгах, өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн шүүгчийн захирамжаар “Ц ХХК нь бохир усны 1.5 км урт шугамын ажлыг худгийн хамт хийж гүйцэтгэх, Э ХХК шугам хоолойг хариуцан гаргаж, энэ ажлын санхүүжилт 123,800,000 төгрөгийн 50 хувь буюу 61,900,000 төгрөгийг 2017.06.01-ний өдрөөс өмнө гүйцэтгэгчид шилжүүлснээр гүйцэтгэгч ажлыг хийж эхлэх, үлдэгдэл санхүүжилтийг барилгыг улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш 3-5 хоногт багтаан гүйцэтгэгчид шилжүүлэх...”-ээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталжээ.

Шүүгчийн захирамж гарснаас хойш захиалагч санхүүжилтийн 50% болох 61,900,000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн, гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэх боловч Барилга байгууламжийн техникийн комисс шаардлага хангаагүй гэж үзэн ажлыг хүлээж аваагүй, зөрчлийг арилгах даалгавар өгсөн боловч гүйцэтгэгч ажлыг шаардлага хангасан нөхцөлөөр хүлээлгэж өгөөгүй, улмаар хариуцагч нь ажлыг дуусгалгүй орхисон үндэслэлээр 2019 онд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, “В” ХХК-тай гэрээ байгуулж, хариуцагчийн дуусгалгүй үлдээсэн бохир усны шугам, худгийн ажлыг гүйцэтгүүлэн дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогджээ.

11. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ...гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, ...талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 352 дугаар зүйлийн 352.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус зохицуулсан.

“Э” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн алданги болон учирсан хохирлоо нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

11.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 280,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй, хариуцагч нь үлдэгдэл ажлыг гүйцэтгэхээр 61,900,000 төгрөгийн санхүүжилт авсан боловч гүйцэтгээгүй тул дээрх төлбөрийг буцаан гаргуулна, харин гэрээний үүрэг 2015 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон тул алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэх ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж 280,000,000 төгрөг төлж хохирол учирсан нь тогтоогдсон тул энэ шаардлагыг хангана, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 123,800,000 төгрөг тул үүний 50% болох 61,900,000 төгрөгийг алдангид тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин “В” ХХК-д гэрээний үүрэгт төлсөн 280,000,000 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан.

“В” ХХК нь “Ц” ХХК-ийн хийгээгүй ажлыг гүйцэтгэсэн, мөн хийсэн 70 худгаас шаардлага хангасан хэсгийнх нь шугамыг сольсон, худгийг солиогүй, харин шаардлага хангаагүй 23 худгийг бүгдийг буулгаад стандарт хангасан кольцоогоор хийсэн, ...газар доор хөлдсөн шугамуудыг сольсон, ...зэрэг бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг бүхэлд нь гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн талаар нэхэмжлэгч тайлбарлажээ.

Эдгээрээс хэдэн төгрөгт хамаарах ямар ажил нь хариуцагчийн гүйцэтгэх байсан 123,800,000 төгрөгийн ажилтай холбоотой гарсан зардал болох, ямар нь хариуцагчийн өмнө  гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн хүлээн авсан ажлын доголдлын улмаас дахин гүйцэтгэж хохирол учирсан болох нь тодорхойгүй байх тул “В” ХХК-аар ажил гүйцэтгүүлсний зардалд 280,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна. Иймд энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/ хариуцагчийн гомдлын заримыг хангана.

Харин анхан шатны шүүх хариуцагч “Ц” ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан 123,800,000 төгрөгийн ажлыг “В” ХХК бүрэн гүйцэтгэсэн, дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс гаргасан зардалд тооцно, үүнээс 61,900,000 төгрөгийг хариуцагчид олгоогүй тул энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь гарах зардалд хамаарна, иймд үлдэх 61,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 61,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.

Талууд гэрээний 7.6-д үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол ...алданги тооцохоор харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр алданги шаардах эрхтэй.

     Хариуцагчийн хугацаандаа гүйцэтгээгүй үүргийг 123,800,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил байна гэж үзнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт хэмжээ хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 61,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчийн гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн зардалд 61,900,000 төгрөг, алданги 61,900,000 төгрөгийн хамт нийт 123,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 211/МА2023/00039 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-аас 123,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 399,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...467,450 төгрөг” гэснийг “...776,950...төгрөгийг” гэж, тогтоох хэсгийн заалтын “3”, “4”, “5” гэсэн дугаарыг “2”, “3”, “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Агийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Д-с 2023.04.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,867,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                        Н.БАЯРМАА

                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД