Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 183//шш2021/01006

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр                             Дугаар 183/ШШ2021/01006                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Э

 

Хариуцагч: Б ББСБ ХХК

 

Хариуцагч: М

 

Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн муу зээлдэгчийн ангилалаас нэр хасуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э , хариуцагч Б ББСБ ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , хариуцагч М итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б  ББСБ ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний дөөр ЗГ-0082014 тоот барьцаат зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг У  ХХК-ийн барилгын ажилд зориулан зээл авсан. Миний бие зээлээ цаг тухайд нь төлөөд явж байтал У  ХХК нь ажлын гүйцэтгэлийн мөнгөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас зээлээ төлж чадаагүйд хүрсэн. У  ХХК нь ажлын гүйцэтгэлийн мөнгөө цаг тухайд нь өгөхгүй байснаас 2015-2019 оныг хүртэлх хугацаанд 3 шатны шүүхээр явж нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг гаргуулж авсан. Энэ хугацаанд Б  ББСБ ХХК-ийн зээлийг хугацаа хэтрүүлэн төлж, дууссан. Энэ хугацаанд Б  ББСБ нь намайг Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгүүлсэн байсан. Энэ нь миний бусад санхүүгийн байгууллагатай харьцах эрхийг зөрчиж байгаа тул эрхээ сэргээлүүлэхээр шүүхэд хандаж байна гэв.

 

Хариуцагч “Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э  гэдэг хүний зээлийн хугацаа хэтэрсэн тул журмын дагуу муу зээлдэгчийн ангилалд шилжүүлсэн. Манай байгууллага зээлийн мэдээллийн санд орсоныг шинэчлэх боломжгүй гэв.

 

Хариуцагч М  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар М  нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн мэдээллийн сантай байхаар заасан. Б  ББСБ ХХК-ийн Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4.1.8-т зааснаар мэдээлэл нийлүүлэгч юм. Мэдээлэл нийлүүлэгч нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т зааснаар үнэн зөвийг нягталж, бодитой, тодорхой мэдээллийг нийлүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн этгээд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар зээлийн мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт орсон бол тухайн мэдээллийг ажлын гурав хоногийн дотор хүргүүлэхээр заасан байдаг. Иймд Д.Э  нь Б ББСБ ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр авсан 30,000,000 төгрөгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээллийн үнэн зөвийг нягтлан тогтоох, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, зээлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулах эрх, үүрэг нь зээлдүүлэгч Б ББСБ-т ногдсон байх тул Б  ББСБ ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээр үнэн бодитоор тогтоож, зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч “Б  ББСБ” ХХК, М  нарт холбогдуулан Монгол банкны зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн муу зээлдэгчийн ангилалаас нэр хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Миний бие Б  ББСБ ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний дөөр ЗГ-0082014 тоот барьцаат зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг У  ХХК-ийн барилгын ажилд зориулан зээл авсан. Миний бие зээлээ цаг тухайд нь төлөөд явж байтал У  ХХК нь ажлын гүйцэтгэлийн мөнгөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас зээлээ төлж чадаагүйд хүрсэн. У  ХХК нь ажлын гүйцэтгэлийн мөнгөө цаг тухайд нь өгөхгүй байснаас 2015-2019 оныг хүртэлх хугацаанд 3 шатны шүүхээр явж нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг гаргуулж авсан. Энэ хугацаанд Б  ББСБ ХХК-ийн зээлийг төлж, дууссан. Энэ хугацаанд Б ББСБ нь намайг Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгүүлсэн гэх тайлбар гаргаж холбогдох бичгийн нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч “Б  ХХК ... Д.Э  гэдэг хүний зээлийн хугацаа хэтэрсэн тул журмын дагуу муу зээлдэгчийн ангилалд шилжүүлсэн. Манай байгууллага зээлийн мэдээллийн санд орсоныг шинэчлэх боломжгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б ХХК болон Д.Э нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байгуулжээ.

 

Дээрх гэрээний дагуу Д.Э  нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгавар болгосон нь Б  ББСБ ХХК-ийн 2020.05.08-ны өдрийн А-57-2020 албан тоотоор тогтоогдож байна.

 

 

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг тодорхой хугацаанд хэтрүүлж төлсөн шалтгаанаа У ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж тайлбарласныг хариуцагч Б  ББСБ ХХК тайлбар болон баримтаар үгүйсгээгүй байна.

 

Харин хариуцагч тал ...хэдийгээр Д.Э нь уг зээлийн гэрээг хугацаанаас өмнө төлж дуусгасан хэдий ч манай компани зээлдэгчийн мэдээллийг засах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17, 20 дугаар зүйлүүдэд мэдээлэл нийлүүлэгчийн баримтлах зарчим, эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой заасан байх ба 17 дугаар зүйлийн 17.1-д зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэд, ойлгомжтой байх; хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн мэдээлэл байх; зээлийн мэдээллийг өөрчлөлт орсон тухай бүр нь тогтмол, шинэчилж байх зарчимтай гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т зээлийн мэдээлэлд орсон нэмэлт, өөрчлөлтийг эх сурвалжид тулгуурлан тухай бүрд нь хийж, зээлийн мэдээллийг баяжуулан боловсруулалт хийж байхыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах, зээлийн мэдээллийн санд шилжүүлсэн мэдээлэлд худал, буруу ташаа нэмэлт мэдээлэл оруулахгүй байхад хяналт тавих, зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах гэж тус тус заажээ.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Б  ББСБ ХХК-ийг зээлдэгч Д.Э-н зээлийн мэдээллийг тухай бүрд нь үнэн, зөв оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Э нь зээлийн гэрээний үүргийг тодорхой шалтгааны улмаас зөрчсөн талаараа тайлбарлаж, түүнчлэн зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн хүүгийн хамт биелүүлж, энэ талаараа хариуцагч Б  ББСБ ХХК-д мэдэгдэж хүсэлт гаргасан байхад эрсдэлтэй муу зээлдэгч ангилалаас ямар үндэслэл, журмын дагуу хасах боломжгүй талаар шийдвэрлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Б ББСБ ХХК нь дээрх хуулиар тогтоосон журмыг хэрхэн биелүүлж ажилласан талаараа болон зээлдэгчийн мэдээллийг хэрхэн шинэчилдэг, түүнчлэн зээлдэгчийн мэдээллийг ямар шалтгаанаар өөрчлөх боломжгүй байдал үүссэн талаараа хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас иргэн Д.Э-ийн эргэлзээтэй муу зээлдэгчийн ангиллаас хасахыг Б  ББСБ ХХК болон М  даалгасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б  ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг, М-с 35.100 төгрөгийг тус тус гаргуулж Д.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО