| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0044/э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000320043 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн,.... оны ... дугаар сарын ...ны өдөр ... төрсөн, ..настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... ... хамт ... суух бүртгэлтэй, одоо ... суудаг, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ... овогт ... ... /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ...нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ...нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явууладаг “Оргил Ундраа” хүнсний дэлгүүрийн урд талд байрлах хатуу хучилттай авто замаар ... улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/”тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй”, мөн дүрмийн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалаар өөдөөс ирж явсан морьтой хүнд зам тавьж өгөлгүй зүүн гар тал руугаа эргэсний улмаас зам тээврийн осол гаргаж ...бие махбодид баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун шилбэ, баруун гуяны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч ...үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 88 хуудас/
2. Годол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 2 хуудас/
3. Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны өглөө гэрээсээ 08 цагийн үед шинэлэхээр гарсан. Би унлагын зээрд зүстэй морийг унахаар бэлдээд хонуулсан байснаа хашаандаа очоод морио эмээллэж унаад 2 таньдаг айлаараа орсон. Тухайн үед орсон айлдаа хийж өгсөн архийг нь уугаад нэлээн согтсон байсан. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд би төмөр замд 15 цагийн үед айлаас гаргаад амрах байрны дэргэд морьтойгоо явж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсноо огт санахгүй байгаа. Нэг сэрэхэд би эмнэлэгт сэрсэн бөгөөд баруун хөлөө гэмтээсэн бололтой маш их өвдөж байсан. Эхнэр Эрдэнэцэцэгээс асуухад морьтойгоо явж байгаад Тумбааш дэлгүүрийн ойролцоо машинтай мөргөлдсөн гэсэн. Ослын улмаас баруун хөлийн дунд чөмгөө хугалсан. Улаанбаатар хотод дунд чөмгөө хадуулах мэс засалд орсон. Миний моринд ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16, 18 хуудас/
4. Иргэний хариуцагч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн ослыг манай нөхөр ...буруутай үйлдлийн улмаас гарсан бол бусдад учирсан гэм хорыг төлж барагдуулна“ гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
5. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон ...аймгийн Нэгдсэн эмнэлэгт болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх, яаралтай тусламж авах, мэс засал хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд нийт 3 714 900 төгрөгийн зардал гарсан байна. Тус 3 714 900 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
6. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2673 дугаартай дүгнэлтэнд: “...биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шилбэ, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. ...биед учирсан баруун дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун шилбэ, баруун гуяны цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Сэвжидмаа гэжээ. /х.х-ийн 64-66 хуудас/
7. Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04/2024 дугаартай дүгнэлтэд: 97-87 УБЭ улсын дугаартай Insight маркийн тээврийн хэрэгслийн жолооч ...нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ;-ыг хориглоно. 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ...нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 26.8.в/ Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцохдоо суурин газрын доторх замд ердийн хөсгийг давхиулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... улсын дугаартай Insight маркийн тээврийн хэрэгслийн жолооч ...нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /х.х-ийн 69-70 хуудас/,
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 4-10, 40-43 хуудас/,
9. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлын түүх, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36е/629 дугаартай албан бичиг, жолоочийн лавлагаа, /х.х-ийн 31, 44, 46-47 хуудас/,
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 98-103 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Э.... дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Э....гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ...нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ...нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ...нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ...эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 3 714 900 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э....эс гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор тогтоолоо. Мөн хохирогч ...нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э.Молор-Эрдэнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ...Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Э.... тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э....эс 3 714 900 /гурван сая долоон зуун арван дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА