Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000280033 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ...овогт ... ... /РД:../, ... аймгийн Сайнцагаан .. оны .. дүгээр сарын ...ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...хамт амьдардаг, ... оршин суух албан ёсны хаягтай, одоо .. оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны орой...байрлах гэртээ 2 хүүхдээ маргалдаж өөрийг нь унтуулсангүй гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч ... хүзүүг боох, зүүн гар, хөл хэсэгт нь гараараа удаа дараа цохих зэргээр, хүү .../11 настай/ дух хэсэг рүү толгойгоороо мөргөх, газар унагах зэргээр тус тус зодож, ...биед зүүн бугалгад, эрүүнд, зүүнд гуянд, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий, ...биед тархи доргилт, толгойн зүүн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий 2 хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 2 хүүхэд маань гар утас булаацалдаад дүү нь ахынхаа нүүр рүү утас шидэхээр нь бага хүүгээ толгойгоороо мөргөсөн. Хойш нь унагаасан зүйл байхгүй. Эхнэрийг 2 удаа цохиод ор луу түлхсэн. ... хүзүүг боох, зүүн гар хэсэгт гараараа цохих зэргээр зодсоноо хүлээн зөвшөөрч байна. ... зодсон гэдгээ мөн адил хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Би урьд нь эхнэр, хүүхдэдээ гар хүрч байгаагүй. Маш их гэмшиж, харамсаж байгаа. Утасны хэрэглээ ихэссэнээс болоод энэ асуудал үүссэн. Эхнэрийг оройтож ирлээ гэхээр намайг хардлаа гэж уурлаад байдаг. Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

2. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”Би ...тэй 2018 оноос өдийг хүртэл хамтран амьдарч, дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн өдөр би ажлаасаа 17 цагийн орчимд гэртээ иртэл манай нөхөр ... над руу учиргүй уурласан. Ямар шалтгааны улмаас уурлаад байсан талаар мэдэхгүй. Удалгүй нөхрийн найз Отгонбаяр гэр бүлээрээ манайд ирээд нөхөр минь бага зэрэг архи ууж байгаад унтсан. Орой 21 цагийн үед манай бага 2 хүүхэд хоорондоо маргалдах үед сэрээд бага хүүхдээ данхны тавиураар нуруу хэсэг рүү нь 1 удаа цохиод унагаахаар нь би нөхөр лүү яаж байгаа юм бэ гэхэд намайг гэрийн баруун ор луу түлхээд гараараа миний хүзүүг боогоод зүүн гар, гуя ,хөл хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон. Хүү ... рүү таавчиг шидээд битгий давраад байгаарай гээд очоод дух хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. Би гар утсаараа өөрийн төрсөн эгч болох Уугандэлгэр рүү залгаж дуудсан. Манай нөхөр өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй. Энэ асуудлаас болоод миний бие бага зэрэг хөхөрсөн. Одоо би нөхөр ...тэй эвлэрч хамт амьдарч байгаа. Тухайн асуудлаас болж надад ямар нэгэн хор уршиг учраагүй. Эмнэлгийн байгууллагаар эмчлүүлээгүй мөн эм тариа хэрэглээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67, 73-74 хуудас/

3. Насанд хүрээгүй хохирогч Я.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд аав ... унтаж байгаад сэрээд уурласан. Намайг ор зас гээд би газар ор засаж байх үед ээж рүү уурлаад унагаад цохиод байсан. Над руу тавчиг шидээд миний дух руу мөргөөд унагасан. Ээж томоо руу залгаад дуудсан. Томоо эгч ирээд бид нарыг аваад эмээгийнд хүргэж өгсөн. Тухайн үед миний толгой маш их өвдсөн.  Миний толгой бага зэрэг ойр ойрхон хатгуулж өвдөөд байгаа. Би тухайн үед аав ...гээс бага зэрэг айж байсан. Одоо ямар нэгэн байдлаар би айж, түгшихгүй байгаа. Миний сэтгэл зүй хэвийн байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 70-71, 76-77 хуудас/

4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд: ...биед зүүн бугалганд, эрүүнд, зүүн гуянд, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22-23 хуудас/

5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай дүгнэлтэнд: ...биед тархи доргилт, толгойн зүүн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 28-29 хуудас/

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 14-15, 16, 56-61 хуудас/

7. Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, нас тоолсон тэмдэглэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 31-34, 49-50 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 81 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч ... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд ... байрлах гэртээ 2 хүүхдээ маргалдсан гэх шалтгаанаар хамтран амьдрагч ...маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ...хүзүүг боох, зүүн гар, хөл хэсэгт нь гараараа удаа дараа цохин зодож бие махбодид нь зүүн бугалганд, эрүүнд, зүүн гуянд, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хүү .../11 настай бага насны/ дух рүү толгойгоороо мөргөж газар унаган зодож бие махбодид нь тархи доргилт, толгойн зүүн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ...гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч ..., насанд хүрээгүй хохирогч Я.... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч ...д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал: Шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 290 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ: Миний үйлчлүүлэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудалдаа 20 хоног баривчлах шийтгэл хүлээгээд биеэр эдлээд дуусгавар болсон. Хүмүүжлийг энэ хугацаанд хангалттай авсан талаараа надад хэлсэн. Өөрийн гаргасан үйлдлийн хор уршгийг ойлгож эхнэр болон хүүхдүүдээсээ уучлалт гуйгаад хамтран амьдарч байгаа. Өмнө нь тээврийн хэрэгслийн зөрчил гаргаж байснаас өөрөөр ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. 8 дугаар ангийн боловсролтой учраас өөрийгөө илэрхийлэх чадвар сул шүүхэд өөрийн гэмшиж ухаарсан байдлаа илэрхийлж чадахгүй байна. Хувийн байдлын хувьд хувиараа барилгын салбаруудад ажил хийдэг. Барилгын ажил нь одоо эхэлж байгаа. Эхнэр нь 2023 оны 10 сард ажилд орсон. Эхнэрийн цалин 4 хүүхэдтэй ам бүлд хүрдэггүй. Шүүгдэгч нь өр авлагатай хүмүүсээсээ авлагаа авч торгуулийг төлөх боломжтой байдлаа илэрхийлж шүүхэд дансны хуулгыг гаргаж өгсөн. Мөн 2 хүүхдээ цэцэрлэгт зөөх үүрэг хариуцлага өөр дээр нь байдаг учраас энэ байдлуудыг харгалзан үзэж торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч ... эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцалага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ..., насанд хүрээгүй хохирогч Я.... нар нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ...овогт ... ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...г  240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

       7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА