| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00260/И |
| Дугаар | 155/ШШ2021/00491 |
| Огноо | 2021-04-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2021/00491
| 2021 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2021/00491 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын ... дүгээр багийн ... дугаар гудамжны ... тоотод бүртгэлтэй, Х аймгийн М сумын ... дугаар багийн ... тоотод түр оршин суух, О овогт Н-ийн Н (Р.........)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Н-ийн А (Р.........)-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 155/2021/00260/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Н.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Н нь Н.А-тай 2006 онд танилцан үерхэж байгаад 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин А.А 20.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр, хүү А.Э нь 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн. Н.А нь архи уухаараа агсам тавьж анх намайг 2008 оны 7 дугаар сард зодсон. Үүнээс хойш архи уухаараа хэрүүл өдөж, агсам тавьж, хүүхдүүдээ айлгаж намайг гэрээсээ явах хэмжээнд хүргэж, айлгаж, сүрдүүлж өдийг хүрсэн. Сүүлийн 6 жил огт ажил хийхгүй ажил хийх сонирхолгүй байгаа бөгөөд энэ хугацаанд улам архинд орж элдэв муухай үгээр доромжилж, хоёр хүүхдээ айлгаж зандарч байх болсон. Ийм байдлаас болоод хоёр хүүхэд маань аавыгаа архи уусан үед нь явъя, өвөөгийнд очъё гэх мэт шийдвэр гаргах болсон. Энэ байдал нь хүүхдүүдийн маань эрх ашиг, хүмүүжилд маш муугаар нөлөөлж байна.
Цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул 2007 оны 366 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин А.А, хүү А.Э нарыгаа өөрийн асрамжид авч амьдрах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно. Хүүдийн тэтгэмж тогтоолгохгүй гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.А-тай 2017 онд гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаандаа хоёр хүүхэдтэй болсон. Би 2009 онд стандарт хэмжил зүйн газарт ажилд ажилд орсон. Энэ цагаас хойш цалингийн зээл авч амьдралаа авч явсан. Н.А тэр үед хувийн байгууллагад ажиллаж байсан. Ажил эрхэлж байх хугацаандаа гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй. Цалингаа ч гэр бүлдээ зарцуулахгүй байсан. Охины маань цэцэрлэг ажлын хажууд байдаг байсан учраас би өөрөө дандаа хүүхдээ өглөө орой цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан. Дараа нь хүүтэй болсон. Охин хүү хоёроо би өөрөө л өглөө цэцэрлэгт нь хүргэж өгч, орой цэцэрлэгээс нь авдаг байсан. Энэ хугацаанд Н.А ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй, амьдралаа дээш нь татах ямар ч бодолгүй байсаар өдийг хүрж байна. Бага хүүгээ төрөхөд ажлаасаа гараад 2017 оноос хойш ажил эрхлэхгүй байгаа. Би цалингийн зээлтэй байсан учраас ажилдаа буцаж орж ажилласан. Н.А хүүгээ 2 нас хүртэл нь харсан.
Н.А анх том охиноо 6 сартай байхад нь нүдийг маань хөхөртөл зодсон. Түүнээс хойш архи ууж, намайг хэл амаар доромжилдог болсон. Миний ажил лабораторид ажилладаг болохоор хөдөө их явдаг. Тэр болгонд хүний гудас болсон биз гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, ажлыг маань үл хүндэтгэдэг. Тэгээд архи уухаараа гэрээсээ хөөхөөр нь аав, ээжийнх рүүгээ хоёр хүүхдээ дагуулаад явдаг байсан. Сүүлдээ аав, ээжийнхээ санааг зовоох юм болов уу гээд найз нөхдийнхөөрөө очиж хонодог болсон.
Би цагдаад дуудлага удаа дараа өгч байсан. Энэ талаар баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Уурлахаар нь найз нөхдийнхөөрөө байж байгаад ирэхээр тайвширсан байна байх гээд цагдаа дуудахгүй байх тохиолдол зөндөө байсан. Сүүлдээ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн хүн нь 100.000 төгрөг төлдөг болсон байсан учраас надад хэцүү болсон. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сард миний толгой тус газарт иртэй зүйлээр цохиж гэмтэл учруулсан. Үүнээс хойш толгой байнга өвддөг болсон. Хоёр хүүхэд маань аав нь архи уусан үед их айдаг.
Өнгөрсөн зун аав маань нас барж, ээж маань ганцаараа үлдсэн болохоор ээжийнхээ хажууд нүүж ирсэн. Айл болсон цагаасаа хойш хадам аав ээжтэй хамт байсан. Хадам аав, ээжийн зүгээс хүүхдэдээ үг хэлдэг эсэхийг мэдэхгүй юм. Өглөө ажилдаа явах замдаа хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой ажлаа тараад хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирэхээр архи уусан согтуу янз бүрийн зүйл нэхээд л байж байдаг. Ямар ч ажил хийх сонирхолгүй амьдардаг. Би өдөрт тамхийг нь авч өгдөг. Энэ байдал нь их дарамттай санагддаг. Өнөөдөр ч гэсэн шүүх хурлын дараа намайг яаж дарамтлахыг мэдэхгүй байна, үнэнийг хэлэхэд би айж байна.
Сүүлийн үед хоёр хүүхэд маань аавыгаа архи уусан байгааг мэдвэл эмээгийнх рүүгээ явъя гээд байдаг болсон. Н.А намайг шөнө ч хамаагүй хөөдөг, хаалгаа түгжээд оруулдаггүй. Аль аль талаараа хариуцлага хүлээх ухамсар байхгүй. Гэр бүлийнхээ төлөө, хоёр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ухамсар одоог хүртэл байхгүй. Тэгээд би 2018 онд гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд Н.А ирээгүй учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Манай ажлын хамт олныг архи уудаг гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй байна. Би өөрөө суманд арван жилийн сургуулиа төгссөн болохоор надад энд найз нөхөд байдаггүй. Ямар нэг зүйл болбол аав ээж рүүгээ очно эсхүл ажлын хамт олон руугаа очдог. Надад өөр очих найз байхгүй. Үүнийг маань далимдуулаад хоёр хүүхдийнхээ хажууд намайг болон манай ажлын хамт олныг элдэв бусаар доромжилдог. Би ажил төрөл хийж байгаа хүн тул баяр ёслолын өдрийг ажлынхантайгаа тэмдэглэх үе байдаг. Тэр үед би нөхрөөсөө айж байна гээд хамт олноосоо зугтах нь эвгүй санагддаг. Миний ажлын хамт болон бол миний хоёр дахь гэр орон, намайг түшиж тулах хүмүүс гэж боддог. Заримдаа баяр ёслолын үеэр бага зэрэг гадуур гараад гэртээ очихоор Н.Амарбаясгалан намайг зоддог. Тэгж зодуулж байхаар гээд ажлынхаа найз нөхдийнд хонодог. Энэ нь надад амар байдаг. Н.А-ийн намайг доромжилж байгаа нь үнэхээр муухай. Хүнд тэвчээрийн хязгаар гэж байдаг юм гэж хэлмээр байна. Манай гэр бүлд 2018 оноос хойш халуун дулаан уур амьсгал бүрдээгүй. Орой ажлаасаа ирэхээр нь гэртээ согтуу байна, эсхүл ийм ч зүйл хэрэгтэй байна гээд сууж байдаг нь хэцүү байна. Би долоо хоногт нэгээс хоёр удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Намайг 1 пиво л уугаад очиход дарамталдаг. Би ажлынхантайгаа ч нийлж болохгүй, өглөө ажилдаа яваад орой гэртээ хариад тамхийг нь авч өгч, хоол ундаа хийж байх ёстой юм болов уу?. Яах ёстой юм бол мэдэхгүй юм. Би ийм л байсан.
Н.А сүүлийн 6 жилийн хугацаанд архины хамааралтай болсон. Гэртээ очихоос хэцүү байдалтай болсон. Тэгээд тэр хавьд байдаг архи уудаг, завтай хүмүүстэй танил болчихсон байсан. Намайг өглөө ажилдаа явахаар үлдээд орой ирэхээр л байнга согтуу байдаг. Хадам аав, ээж ч хүүдээ юм хэлдэггүй. Архи уусан үед нь одоо яах бол гэж айдаг. Сүүлдээ бүр хоёр хүүхдээ хүртэл дарамталдаг болсон. Аавыгаа архи уусан гэж сонсох л юм бол явъя гээд байдаг болсон. Өчигдөр бас архи уусан. Гэхдээ агсам тавиагүй. Дарамт шахалт гэж зүйлийг үнэхээр мэдэрч байна гэв.
Хариуцагч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н худал хэлж байна. Би байнга архи уудаггүй. Гэхдээ Мэргэжлийн хяналтынхан байнга архи уудаг. Тэгээд хэд хоногоор алга болдог. Энэ хугацаанд нь би хоёр хүүхдээ хардаг. Үүнээс болоод уур хүрдэг. Би Н.Н-д архи уухаа болих, хоногоор явахаа болих талаар л шаардлага тавьдаг. Гэтэл Н.Н чадахгүй гэсэн. Ийм байдалтай байгаа нь өөрөө архины хамааралтай гэж харахаар байдаг. Нэхэмжлэлийг нь уншсан, өөрөө ямар ч буруугүй юм шиг бичсэн байсан.
Одоо гэрлэлээ цуцлууллаа гэхэд хүүхдүүд маань сэтгэл санаа нь дарамттай байдалд орно. Одоо манай том охин гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа юм уу гээд асуугаад л байгаа. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахгүй. Н.Н гурван удаа цагдаагийн газарт дуудлага өгч байсан. Би танхайрсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдож байсан. Н.Н ажлынхантайгаа зөвхөн баяр ёслолын өдөр уудаггүй. Долоо хоногт нэгээс хоёр удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Нэг уухаараа хоёроос гурав хоног алга болчихдог. Намайг залгахаар утсаа авдаггүй болохоор нь хүүхдүүдээрээ залгуулж байж холбоо барьдаг. Би хүүхдүүд рүүгээ дайрч байгаагүй. Хүүхдүүд маань надаас айдаггүй. Мөн Н.Н өдөр болгон өөрөө хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авдаг байсан гэж тайлбарлаад байх юм. Би ч гэсэн хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгч орой авдаг. Би хоёр хүүхдээ өсгөсөн. Н.Н арай л хэтрүүлж яриад байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Н.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Н.А нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан доорхи нотлох баримтаар гэрлэгчид нь 2006 онд танилцан үерхэж тэдний дундаас 20.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр охин А-ийн А, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр хүү А-ийн Э нар төрсөн, гэрлэгчид 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Н.А, Н.Н нар 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж бүртгүүлсэн тухай 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
20.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин А-ийн А, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү А-ийн Э нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримтууд болно.
Шүүх гэрлэлтийг цуцалж, 20.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин А-ийн А, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү А-ийн Э нарыг эх Н.Н-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Учир нь: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Н.Н нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зохигч нар нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын тэмдэглэл,
нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн биед халддаг, хамгийн сүүлд миний толгойн тус газар иртэй зүйлээр цохиж гэмтэл учруулсан. Цагдаад шалгагдан шүүхээр орж торгуулийн ялаар шийтгэгдсэн. ...цаашид хамтран амьдрах боломжгүй... гэх тайлбар,
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн байгууллагаас авсан гэх хариуцагч Н.А-ийн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан 2012-06-06 Н-ийн А согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 2014-09-11 Н-ийн А бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, 2017-10-21 Н-ийн А согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 2020-01-14 Н-ийн А Х аймгийн М сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух иргэн Н нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний шөнө гэртээ бусдад зодуулснаас эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан ... гэж тус тус бичигдсэн бүртгэлийн хуудас 4 хуудас баримт зэргээс хариуцагч Н.А нь архи согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд ноцтой хохирол учруулсан нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүүхдүүд болох 20.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин А-ийн А, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү А-ийн Э нар бага насны байх ба эх Н.Н-ийн асрамжид байнга байсан, одоо ч эхийн асрамжид байгаа, хүүхдүүдийн эхдээ ээнэгшин дассан, эх Н.Н нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 20.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин А-ийн А, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү А-ийн Э нарыг эх Н.Н-ийн асрамжид үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч Н.Н нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэх тул үүнийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Н.Н нь хүүхдийн тэтгэлгийн асуудлаар дахин шүүхэд хандах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д эцэг, эх дараах үүрэг хүлээнэ, 26.2.2-д зааснаар Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг тус тус дурьдлаа.
Өөрөөр хэлбэл хүү А-ийн А, охин А-ийн Э нар нь эцэг Н.А-тай хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-аас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б овогт Н-ийн А (Р.......), О овогт Н-ийн Н (Р.........) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 20.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн охин А-ийн А, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү А-ийн Э нарыг эх Н овогтой Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.А-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Н-д даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-аас 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА