Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/74

 

  2024         03          22                                      2024/ШЦТ/74

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын Бод холбогдох эрүүгийн 2306028762506 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастель” нэртэй баарны гаднаас иргэн Б.Угийн эзэмшлийн Тоёота Харрер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар байрны гадна зогсоол дээр хүргэж өгөхдөө тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан иргэн Ц.Мийн эзэмшлийн Айфоне икс загварын 1 ширхэг гар утас, иргэн Б.Угийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын 1 ширхэг гар утсыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Мид 545,000 төгрөгийн, хохирогч Б.Уд 3,679,000 төгрөгийн буюу нийт 4,224,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ч.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дондогдуламын рашааны модон дунд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

Эрүүгийн ******************* дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Ц.Мийн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, хохирогч Б.Угийн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, гэрч Б.Амэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, “Дамно” ХХК-ийн БЗД2-23-1010, БЗД2-23-1690 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-25-р хуудас, 200-203-р хуудас/, Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29/6098 дугаартай албан бичиг /хх-ийн 30-р хуудас/, шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны хуулга /хх-ийн 35-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн 130-131-р хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7949 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 149-150-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 118-126-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ч.Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастель” нэртэй баарны гаднаас иргэн Б.Угийн эзэмшлийн Тоёота Харрер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар байрны гадна зогсоол дээр хүргэж өгөхдөө тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан иргэн Ц.Мийн эзэмшлийн Айфоне икс загварын 1 ширхэг гар утас, иргэн Б.Угийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын 1 ширхэг гар утсыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Мид 545,000 төгрөгийн, хохирогч Б.Уд 3,679,000 төгрөгийн буюу нийт 4,224,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ч.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дондогдуламын рашааны модон дунд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- Хохирогч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцал өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- Гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б халааснаасаа Айфоне икс, Айфоне 13 гэх нэршилтэй утас гаргаад ирсэн. Би утсыг нь аваад үзэхэд олон удаа код буруу хийснээс болоод юмуу, эсхүл код уншуулснаас болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан ашиглах боломжгүй болчихсон, дэлгэцэн дээр нь бичиг гараад ирчихсэн байсан. ...би утсыг нь 900,000 төгрөгөөр авсан. ...Б надад хулгайн утас зарсан гэж мэдээгүй цааш нь өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-23-1010 дугаартай, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн БЗД2-23-1690 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-25-р хуудас, 200-203-р хуудас/,

- Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29/6098 дугаартай “...************ тоот дансыг ...Чулуунбат Б эзэмшдэг байна...” гэсэн албан бичиг /хх-ийн 30-р хуудас/,

- Шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны хуулга /хх-ийн 35-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.А-аар гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Энэ 5 хүний зурганд намайг зодсон хүн энд байна гэж хуруугаараа 3 дугаартай зургийг заав. ...Нүүрний ерөнхий байрлалаар нь таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 118-126-р хуудас/

- Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 06-р сарын 17-ны өдөр 22 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 16-р хороо Дондогдуламын рашааны саадан дээр хувцасаа сольж байсан чинь Мөнхтуяагийн дүү Гантөгс гэж хүүхэд над дээр ирээд манай эгчийг нэг танихгүй эгч 2 удаа цохичихлоо гэхээр нь би Гантөгстэй Мөнхтуяагийн байгаа газарт нь очсон. ...Намайг очих үед манай дүү Ану-Үжинг цохисон байхаар нь яагаад манай дүүг цохьсон юм бэ гээд учрыг нь олох гээд юм асуусан чинь намхан саравчтай малгайтай ах намайг шууд түлхээд миний нүүр гэдэс рүү гараараа цохьсон. ...Миний зүүн нүдэнд 1, гэдсэнд 2 удаа гараараа цохьсон. Миний зүүн нүдэнд цус хурсан гэдэс өвдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-131-р хуудас/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7949 дугаартай “Б.А-н биед зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 149-150-р хуудас/,

- Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Үүрээр Кастле баар хааж байхад 4 залуу баарнаас гарч ирж байхаар нь жолооч авах уу? гээд асуусан. Тэр залуучуудаас нэг нь жолооч авна гээд хэлсэн. ...Би 28-р сургууль дээр очиход дүү нь гэх залууг буулгасан. Тэгээд цаашаа кино үйлдвэр орох гээд Жуков худалдааны төвийн орчимд явж байгаад хаашаа явах талаар асуух гэхэд машин дотор байсан хүмүүс уусан архиндаа тасраад унтчихсан сэрэхгүй байсан. Тэгэхээр нь голын хайрцаганд нь байсан ягаан өнгийн Айфоне икс утас авсан. Миний хажууд согтуу унтаж байсан бүдүүн ахын халааснаас нь Айфоне 13 гэх утсыг авсан. ...Би утсыг нь очоод Монтел гар утас худалдааны төвийн лангуунд аваачиж хоёр гар утсыг нь нийлүүлээд 900,000 төгрөгөнд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

“...Билгүүн нэг охинтой хэрэлдээд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад “нэг жоохон охин намайг янхан гичийгээр дуудаад байна” гэсэн. Шагай жоохон хүүхдүүдийг Билгүүнтэй маргалдаад байхаар нь болиулж байсан. Билгүүнтэй маргалдаж байсан охин цагдаа дуудсан гэж хэлж байсан. Би тэр хүүхдүүдийг согтуу байна гэж бодсон. Удалгүй тэр хүүхдүүдийн ээж гэх хоёр эмэгтэй ирээд Билгүүн рүү дайраад байхаар нь би уурандаа 2 охиныг гараараа цохисон. ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн хуулийн 11.6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хүний биед учирсан гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд юм.  

            Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа иргэн Б.Угийн эзэмшлийн ******** улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар байрны гадна зогсоол дээр хүргэж өгөх явцдаа хохирогч Ц.М, Б.У нарыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан тухайн тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан иргэн Ц.Мийн эзэмшлийн Айфоне икс загварын 1 ширхэг гар утас, иргэн Б.Угийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын 1 ширхэг гар утсыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Мид 545,000 төгрөгийн, хохирогч Б.Уд 3,679,000 төгрөгийн буюу нийт 4,224,000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дондогдуламын рашааны модон дунд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар биед нь халдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Хулгайлах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мид 545,000 төгрөгийн хохирол /хх-ийн 22-25-р хуудас/, хохирогч Б.Уд 3,679,000 төгрөгийг хохирол /хх-ийн 200-203-р хуудас/-оос шүүгдэгч Ч.Б нь төлж барагдуулаагүй ба насанд хүрээгүй хохирогч Б.А нь хохирол нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Ч.Боос 545,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мид, 3,679,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уд олгох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ч.Быг нийт 4,224,000 төгрөгийг хохирогч Ц.М, Б.У нарт төлөх төлбөртэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоох” саналыг гаргасан.

            Шүүх шүүгдэгч Ч.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.

            Шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож, түүний эдлэх нийт ялын хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, түүний эдлэх нийт ялын хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бод оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 35 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Боос 545,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мид, 3,679,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уд олгуулж, насанд хүрээгүй хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар нь эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             М.ОЧБАДРАХ