Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/306

 

  2024         03          25                                      2024/ШЦТ/306

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт БМт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 2023 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” /Seoul plaza/ төвийн цахилгааны шатны дотор байрлалтай андройд шилэн тоучны шилийг гараараа цохиж хагалж хууль бусаар гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 5,100,000 төгрөгийн хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************ дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Б.Нын мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, “Сөүл плаза” төвийн лифтний дотор байрлах андройд шилэн тоуч гэмтээснийг баримтжуулсан гэрэл зураг /хх-ийн 21 дүгээр хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СБ1-24-119 дугаартай “Үнэлгээний дүн 5,100,000 төгрөг” гэсэн хөрөнөгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-28 дугаар хуудас/ зыэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.М нь 2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 2023 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сөүл плаза” /Seoul plaza/ төвийн цахилгааны шатны дотор байрлалтай андройд шилэн тоучны шилийг гараараа цохиж хагалж хууль бусаар гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 5,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Тгийн “...Миний бие “Монгол Файне Арт” ХХК буюу “Сөүл плаза” гэх нэртэй байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн биеэр оролцож байгаа болно... 2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 2023 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө гэртээ амарч байхад над руу манай “Сөүл плаза”-ийн харуул хамгаалалтын ажилтан Б.Н залгаж “Лифтний дотор байрлах андройд шилэн тоучны шилийг хүн хагалчихлаа” гэж хэлсэн... би “Цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. Тэгээд Б.Н нь цагдаад дуудлага өгөөд улмаар гэрчээр мэдүүлэг өгсөн. 2019 онд манай “Сөүл плаза”-гийн тухайн лифтний дотор байрлах андройд шилэн тоучны шилийг 1 хүн хагалж байсан юм. Тэгээд тэр үедээ “Хьёндэ Элеватор Монгол” ХХК-аас 5,000,000 төгрөгөөр янзалж өгч байсан. Одоогийн зах зээлийн үнээр 5,100,000 төгрөгөөр дээрх компани нь янзалж өгнө гэсэн. Тийм болохоор дээрх үнээр буюу 5,100,000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн лифтний дотор байрлах андройд шилэн тоучны шилэнд ямар нэгэн марк загвар байхгүй. Янзлах сэлбэг нь “TOUCH ОРВ” гэх нэрээр сэлбэг нь цаана байрлах үйлдвэрээсээ захиалгаар ирж засагддаг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.Нын “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Сөүл плаза” төвийн 10 давхарт харуулын ээлжийн ахлахын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 1 цаг 50 минутын үед 1 давхрын харуул н.Ууганбаатар /89173366/-с “Доор асуудал гарлаа” гэсэн мэдээ гар утсаар аваад доошоо би хамгаалагч Н.А, Н.Г /**************/ нарын хамт доошоо буун очиход үл таних эрэгтэй хүн "Сөүл плаза" төвийн баруун талын цахилгаан лифтний дотор байрлах андройд шилэн тоучны шилийг хагалсан байсан ба хагалсан хүн нь 1 давхрын буйдан дээр сууж байсан. Хагалсан хүн нь хар өмдтэй дээгүүрээ хар куртиктэй хар саравчтай малгайтай баруун гараас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд хамгаалагч н.Ууганбаатар болсон асуудлын талаар асууж лавлаад цагдаад дуудлага өгсөн. Дэлгэц хагалсан эрэгтэй хүн нь “Төлбөр мөнгийг барагдуулна” гэж хэлсэн. Мөн түүнтэй хамт явж байсан өөр нэг эрэгтэй нь “Та нар бид нарыг “Чоко” бааранд оруулсан байсан бол лифтийг чинь эвдэхгүй байсан" гэж хэлсэн. Тэдгээр хүмүүс нийт дөрвүүлээ явж байсан ба согтолтын зэрэг өндөртэй гэж үзээд тэдгээр хүмүүсийг 10 давхрын “Чоко” баар луу оруулахаас татгалзаж буцаасан учир уурандаа лифтийг эвдсэн гэж ойлгож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

- “Сөүл плаза” төвийн лифтний дотор байрлах андройд шилэн тоуч гэмтээснийг баримтжуулсан гэрэл зураг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СБ1-24-119 дугаартай “Үнэлгээний дүн 5,100,000” төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-28 дугаар хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” /Seoul plaza/ төвийн цахилгааны шатны дотор байрлалтай андройд шилэн тоучны шилийг гараараа цохиж хагалж хууль бусаар гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 5,100,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тд 5,100,000 төгрөгийн хохирол /хх-ийн 22-28 дугаар хуудас/ учруулсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х ургийн овогт БМыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Мын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ