| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/04644/И |
| Дугаар | 101/ШШ2021/00859 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2021/00859
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.О- нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Г-од холбогдох
14,650,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, хариуцагч Н.Г-, өмгөөлөгч Ж.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.О- би Ж.Ганболдтой 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн дэвтэр нээж 59,829,800 төгрөгийн вакуум цонхны материалыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 43,829,800 төгрөгийн бараа материал зээлдүүлсэн. Зээлийн дэвтэр анх нээлгэхдээ надаа 10,000,000 төгрөгийг нэмж өгнө гэж зээл авсан. Н.Г- надаас авсан бараа материалын төлбөрөө төлөөгүй нэхэл дагал болж байж 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 29,000,000 төгрөгийг авсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаснаар 9 сард 9,000,000 төгрөгийг,10 дугаар сард 1,500,000 төгрөгийг 12 дугаар сард өмгөөлөгчийн дансанд 2,000,000 төгрөгийг нийт 41,500,000 төгрөгийг авсан. Үндсэн материал авсан зардлаас төгрөгийг төлөөгүй байгаа. Одоо Н.Г-оос эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн хөлс 1,500,000 төгрөг, тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан улсын тэмдэгтийн хураамж 60,400 төгрөг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулсны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, тус шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 219,750 төгрөг, анх надаа өгнө гэж тохирсон зээл болон шагнал 10,000,000 төгрөг, үлдсэн төлөөгүй төлбөр 2,329,800 төгрөг нийт 14,650,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Г- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Д.О-гаас нийт 44,000,000 төгрөгийн бараа материалыг зээлээр авч байсныг хүлээн зөвшөөрнө. Авсан барааны үнэнээс 2018 оны 7 дугаар сард 29,000,000 төгрөг, 9 дүгээр сард 2,000,000 төгрөг, мөрдөн байцаагчид 12,5000,000 төгрөг, өмгөөлөгчийн дансанд 2,000,000 төгрөгийг нийт 43,500,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Одоо надаа төлөх төлбөр байхгүй. Би Д.О-д 10,000,000 төгрөг төлөх талаар ямар нэгэн бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Н.Г-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 2,329,800 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1,500,000 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 60,400 төгрөг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, тус шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 219,750 төгрөг, анх надаа өгнө гэж тохирсон шагнал 10,000,000 төгрөг, нийт 14,650,350 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь “..Д.О-гаас 44,000,000 төгрөгийн бараа материал худалдан авсныг хүлээн зөвшөөрнө. Тухайн төлбөрийг төлөөд дуусгасан. 10,000,000 төгрөгийн шагнал өгнө гэж ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Талууд харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд вакум цонхны материалыг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцжээ.
Дээрх хугацаанд нэхэмжлэгч бараа материалыг бэлтгэн нийлүүлэх, хариуцагч хүлээн авсан материалын үнийг төлөх үүргийг хүлээхээр тэд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийн нөхцөлийг тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчимд нийцсэн, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний хооронд хариуцагчид 43,829,800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчээс нийтдээ 44,000,000 төгрөгийн бараа материал хүлээн авсан талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч Д.О- бусдад залилуулсан гэх гомдлоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэх бүртгэлийн СБ2-004576 дугаартай мэдээлэлд хэрэг бүртгэлтийн 180903365 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, тус дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2445 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан үндэслэлээр шийдвэрлэж, тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 79-80 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Н.Г-оос:
Хариуцагч Н.Г- нь нэхэмжлэгч Д.О-д:
Нэхэмжлэгч хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,500,000 төгрөгийг хүлээн авсан гэж, хариуцагч нэхэмжлэгчид 43,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж маргасан, харин бараа материалын үнэд 41,500,000 төгрөгийг авсан, өгсөн талаар талууд маргаагүй.
Хэрэгт баримтаар авагдсан “.....2015.10.1. гэсэн огноотой Н.Г- нэр бичигдсэн, 24 хуудастай, дөрвөлжин шугамтай сурагчийн дэвтэрт бичигдсэнээс үзэхэд хөх, хар өнгийн балаар бичигдсэн, барааг хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, дэвтэрт бичигдсэн тооцооллыг худалдан авагчид танилцуулаагүй, 1 дүгээр хуудаст 10,398,000, 2 хуудаст 13,102,800, 3 хуудаст 06 нуух 60, 06 хүрээ 50, 70*2900=2,030,000, дугаар талд нуух 40,*4500=18000, 72 нуух жижиг 60*4200=252000, 8 дугаар нүүрний ар далд 3,4092500, 3585950, 3704950, бүгд мөнгө хөх өнгийн балаар бичиж балласан, 53,829,800, хар өнгийн балаар эхнэр...” гэж үнийн дүнгүүд бичигдсэн зэрэг засвартай байх тул үнэн зөв баримт гэж үзэх үндэслэлгүй./хх-ийн 5-24 дүгээр тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Хариуцагч Н.Г- “....огноог нь санахгүй, мөрдөн байцаагчид 2,000,000 төгрөгийг өгсөн” гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргах боловч энэ талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч Н.Г- нь нэхэмжлэгч Д.О-гаас 43,829,800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээн авч, 41,500,000 төгрөгийг буцаан төлсөн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,329,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна./55-65 дугаар тал/
Иймд хариуцагч Н.Г-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,329,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч хариуцагчаас шагнал 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь“....Н.Г- надаа 10,000,000 төгрөгийн шагнал өгнө гэж хэлснээр зээлээр бараа материал авах болсон. Бид нэг удаа уулзаад банкны хүү нэг сарын 150,000 төгрөг байдаг, 70 хоног болсон тул 10,500,000 төгрөг болсон гэдгийг эхнэр болон өөрт нь хэлж байсан. Би зохицуулж өгнө гэж хэлсэн”, хариуцагч нь “.....би бараа материал худалдан авахдаа эхлээд 10,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн, мөнгө орж ирээгүйн улмаас өгч чадаагүй” гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд тохиролцсон хүү тогтоож болно” гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ нотлохоор хэрэгт авагдсан баримтад “.....2015.10.1. гэсэн огноотой Н.Г- нэр бичигдсэн, 24 хуудастай, дөрвөлжин шугамтай сурагчийн дэвтрийн “9 дүгээр хуудасны ар талд хар өнгийн балаар 12 сард 10,000,000 төгрөг өгнө, 10 дугаар хуудасны ар талд хөх өнгийн балаар үндсэн мөнгө 30,000,000 сая зээл хүүгийн мөнгө 3-26, 4-26, 5-26, үл-10 нийт 70*15000=10,500,000, VI/3нд Ганболд хүнээс бүгд авах мөнгө 40,500,000 мөнгө, Д.О-” гэж бичигдсэнээс үзэхэд зээлдэгч гарын үсэг зураагүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн хүү 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй./хх-ийн 10-11 дүгээр тал/
Иргэний хуулийн 420 дугаар 420.1-д “Тодорхой үйлдэл хийсэн, үр дүн би болгосон этгээд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ.”, 420.2-т “энэ хуулийн 420.1-д заасан үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээд түүнийг зарлагын дагуу гүйцэтгээгүй ч зарлалд заасан болзлыг хангасан бол шагнал авах эрхтэй.” гэж хуульчилсан.
Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тодруулахад “надаа шагнал өгнө гээд зээлээр бараа материал авсан” гэж тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийг шагнал олгохоор амлаж, түүнийгээ нийтэд зарласан гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 9-10 дугаар тал/
Өөрөөр хэлбэл хариуцагч “Д.О-гаас зээлээр бараа материал авахдаа 10,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард урьдчилгаа төлбөр өгнө” гэж тохирсон, хугацаандаа бараа материалын төлбөрийг төлөөгүй нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон гэж үзэв.
Иймд хариуцагчаас шагнал 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж шүүх дүгнээд тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулж байх үед өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 1,500,000 төгрөгийг төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна.”, 22.2.3-т “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар;” зэргийг гэрээндээ тусгасан байхыг шаардана.
Гэтэл нэхэмжлэгч эрүүгийн журмаар шалгуулж байх хугацаанд өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчид хөлс төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ алдсан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
4. Эрэн сурвалжлуулсан нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 219,750 төгрөг, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,400 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.”, энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.“ гэж заасан.
Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь: эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийг зохигчдоос төлж байгаа мөнгөн төлбөр тул шүүх хуульд зааснаар хуваарилах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж буй мөнгөн хөрөнгө гэж ойлгоно. Шүүхийн зардлыг хэргийг шийдвэрлэх үед хэрхэн хуваарилах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шүүхийн шийдвэрээр хариуцагчийн гэрийн хаягийг тодорхойлсон баримт авагджээ. /хх-ийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгч хариуцагчийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг төлснийг хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Н.Г-од холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тухайн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж 219,750 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 2 дугаар тал/
Тус шүүхэд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуульд зааснаар хуваарилах үүрэгтэй.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагчаас үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлсөн хураамжийг хохиролд төлөх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч тухайн шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд цуглуулж гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд хариуцагч Н.Г-оос худалдах, худалдан авах гэрээний 2,329,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,320,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хариуцагч Н.Г-оос 2,329,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,320,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-оос нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 52,227 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ