Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/308

 

  2024         03          25                                      2024/ШЦТ/308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч О.Даваахүү,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт М Год холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бэд “Dell-615” маркийн зөөврийн компьютерыг 1 хоногийн хугацаанд хэрэглээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Dell-615 маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 2,080,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч М.Г нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бэд “Dell-615 маркийн зөөврийн компьютерыг 1 хоногийн хугацаанд хэрэглээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Dell-615 маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 2,080,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Бийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10:00- 11:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдэд өөрийн найз болох М.Г гэх хүнтэй уулзаад өөрийн эзэмшлийн нөүтбүүкээ түр хэрэглүүлэхээр өгсөн. Тэгээд тэр орой нь өөрийн 95356239 дугаараас *********  болох М.Гтой холбогдож нөүтбүүкээ авах талаар хэлсэн боловч янз бүрийн шалтаг хэлээд өгөхгүй байсан. Тэгээд сарын дараа М.Г гэх найзтай уулзаад асуусан чинь 25 дугаар эмийн сангийн ард байрлах “Good” ломбардад миний компьютерыг 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан талаар хэлсэн учир би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

            - Хохирогч Э.Бийн “...Би компьютерээ 2024 оны 02 дугаар сарын 20- нд 16 цагт 13-ийн автобусны буудал дээр авсан. Би өдөр шөнөгүй нэхэж байж авсан. Гэмтэл байсан засуулсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

            - “Өзөөд финанс” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хувь /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн СБ1-24-406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-36 дугаар хуудас/,

- Хохирогчийн Ч.Бы хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

- Гэрч Л.ын “...М овогтой Г РД: ************** дугаартай иргэн 2023 оны 10 дугаар сарын 24-нд Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сан автобусны буудлын ард өөрийн биеэр ирж ирж тавьсан бичиг баримттай байсан учир би барьцаа хүлээж авсан 1,500,000 мянган төгрөг дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- Яллагдагч М.Гын хүсэлт /хх-ийн 53-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч М.Г нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бэд “Dell-615 маркийн зөөврийн компьютерыг 1 хоногийн хугацаанд хэрэглээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Dell-615 маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 2,080,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Год холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бэд 2,080,000 төгрөгийн хохирол /хх-ийн 31-36 дугаар хуудас/ учруулсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогч Э.Бийн хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/-ээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ө овогт М Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч М.Гыг эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ