Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/00878

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.А

Хариуцагч: С.С

Хариуцагч. З.Ц холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 105,114,352,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу/ШТҮ№-2711/, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А-, С.С-, З.Ц- нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГВСС171121009-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ, №ЗБ/ВСС171121009-1-1, №ЗБ/ВСС171121009-1-2, №ЗБ/ВСС171121009-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 80,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нар №ЗГВСС171121009-1 Зээлийн эрх нээх гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож С.С-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220000086  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай, З.Ц-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200000085  дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/ 3 дугаар хэсгийн 0 тоотхаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, З.Ц-гийн эзэмшлийн нэгж талбарын №18641331356181 дугаарт бүртгэлтэй №000717387 тоот гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богинод байрлах 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлж барагдуулахгүйгээс гэрээний үүргээ зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах хүсэлтэй болно.

Зээлдэгч нар зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлд 353,070 төгрөг, зээлийн хүүд 30,265,188.94 төгрөгийг төлж, гэрээний үүрэгт үндсэн зээлд 79,999,646.93 төгрөг, зээлийн хүүд 24,231,027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862,6377.32 төгрөг,  нийт 105,114,352,18 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Зээлдэгч нар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 79,999,646.93 төгрөг, зээлийн хүү 24,231,027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүү 862,677.32 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардалд 21,000,000 төгрөг нийт 105,114,352,18 төгрөгийг гаргуулж “ХХБ” ХХК-д олгоно уу. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан С.С-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220000086  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай, З.Ц-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200000085  дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/ 3 дугаар хэсгийн 0 тоотхаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, З.Ц-гийн эзэмшлийн нэгж талбарын №18641331356181 дугаарт бүртгэлтэй №000717387 тоот гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богинод байрлах 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХБ-ны нэхэмжлэлтэй С.С-т холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, өөрийн татгалзлаар шүүх хуралдааны явцад нотлох баримт итгэлцлийн үндсэн дээр нотлох болно гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А миний би ХХБ -ны зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийн зүгээс хуралдаан дээр тайлбар гаргах болно гэжээ.

Хариуцагч З.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХБ -ны нэхэмжлэлтэй С.С-т холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, өөрийн татгалзлаар шүүх хуралдааны явцад нотлох баримт итгэлцлийн үндсэн дээр нотлох болно гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа, үндсэн зээлээс төлсөн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй. Зээлийн гэрээний хугацаа тодорхойгүй, хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж  өгнө үү гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Б.А-, С.С-, З.Ц- нарт холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээлд 79,999,646.93 төгрөг, зээлийн хүүд 24,231,027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862,6377.32 төгрөг, нотариатын зардал 21,000,000 төгрөг, нийт 105,114,352,18 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох З.Ц-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/, 3 дугаар хэсгийн 0 тоотхаягт байрлах гараашнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж бусад шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.Зээлийн гэрээний үүрэгт 105,093,312.18 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зээлдүүлэгч “ХХБ” ХХК болон зээлдэгч Б.А-, З.Ц- нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21ий өдөр №ЗГ/ВСС171121009-1 тоот зээлийн гэрээ байгуулан, 80.000.000 төгрөгийг, жилийн 22.80 хувь, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалттай зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-ийн 10-12 дугаар тал/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2017 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн №ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр З.Ц-гийн эзэмшлийн нэгж талбарын №18641331356181 дугаарт бүртгэлтэй №000717387 тоот гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богинод байрлалттай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газар, №ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр З.Ц-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200000085  дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/ 3 дугаар хэсгийн 0 тоотхаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, №ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр С.С-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220000086  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулжээ./хх-ийн 13-23 дугаар тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т  “Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-түл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т  “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэнхуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “ХХБ” ХХК, Б.А-, З.Ц- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар тэдний хооронд гэрээний харилцаа үүсэж, талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21ий өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл бөгөөд зээлдэгч нар хугацаа, эргэн төлөлтийг тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй. /хх-ийн 12 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т “зээлийн гэрээг банкны санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах” үндэслэлийг тохиролцсон байх ба 10.2.2-т ”Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийг зохицуулжээ.

Хариуцагч Б.А-, З.Ц- нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 353,070 төгрөг, үндсэн хүүд 30,265,188.94 төгрөг, нийт 30,618,258.94 төгрөг төлсөн байх бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, мөн өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон, хариуцагч нар энэ талаар маргаагүй. /хх-ийн 31 дүгээр тал/

Зээлдэгч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар зээлдэгч нар зээлийн эргэн төлөлт болох үндсэн зээлийг 2020 оны 4 дүгээр сарын 20, зээлийн хүүг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчсөн, нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 29, 2019 оны 10 дугаар сарын 16, 2020 оны 02 дугаар сарын 19, 3 дугаар сарын 17ы өдрүүдэд зээлдэгч Б.А-, З.Ц- нарт, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний барьцаалагч С.С-т мэдэгдэл хүргүүлснээс үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ./хх-ийн 25-31 дүгээр тал/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.2., 10.2.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгч нарт мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг тэдэнд урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нарын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт зээлдэгч Б.А- ковидтой холбоотой эргэн төлөлтөд хүндрэл гарсан, бизнесийн ажиллагаа муудсан талаар удаа дараа зээлийн эдийн засагчтай уулзаж байсан гэж тайлбарласан.

Цар тахлын улмаас хариуцагч нарын ямар үйл ажиллагаа, хэрхэн доголдсон талаар нотолсон баримтгүй байхын зэрэгцээ хариуцагч нарын зүгээс банканд хандаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн хүүг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нотлох эрхээ алдсан гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус хуульчилсан.

Зээлдэгч Б.А-, З.Ц- нар нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд 2020 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцож гаргасан тул энэ өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.А-, З.Ц- нараас 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 79,999,646.93 төгрөг, зээлийн хүүд 24,231,027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862,6377.32 төгрөг нийт 105,093,312.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХБ хариуцагч С.С- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн  өмнө үүрэг хүлээгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагын тухайд:

 Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2017 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн №ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр З.Ц-гийн эзэмшлийн нэгж талбарын №18641331356181 дугаарт бүртгэлтэй №000717387 тоот гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богинод байрлалттай, зуслангийн зориулалттай,  700 м.кв талбай газар, №ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр З.Ц-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200000085  дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/ 3 дугаар хэсгийн 0 тоотхаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, №ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр С.С-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220000086  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. “гэж заасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох зээлдэгч З.Ц-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/, 3 дугаар хэсгийн 0 тоотхаягт байрлах гараашнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч Б.А-, З.Ц- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд №ЗБ/ВСС171121009-1-3-1, №ЗБ/ВСС171121009-1-3-2, №ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

3.    Нотариатын зардал 21,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт Чингэлтэй дүүргийн тойргийн 304 дүгээр нотариатаас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр баримт гэрчилсний үйлчилгээний төлбөр 21,000 төгрөгийг “ХХБ” ХХК-д шилжүүлэх тухай нэхэмжлэл, мөнгө төлсөн тасалбар №4177 дугаартай тасалбар нь авагджээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-дҮүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйгэж заасны дагуу хариуцагч нараас 21,0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.А-, З.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 79,999,646.93 төгрөг, зээлийн хүүд 24,231,027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862,6377.32 төгрөг, нийт 105,093,352.18 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг нийт 105,114.352.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу №ЗБ/ВСС171121009-1-3-1, №ЗБ/ВСС171121009-1-3-2, №ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Б.А, З.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 79,999,646.93 төгрөг, зээлийн хүүд 24,231,027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862,677.32 төгрөг, нийт 105,093,352.18 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг, нийт 105,114.352.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХКолгож, хариуцагч С.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн №ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр З.Ц-гийн эзэмшлийн нэгж талбарын №1800000000 дугаарт бүртгэлтэй №000000000 тоот гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богинод байрлалттай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газар, №ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр З.Ц-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200000085  дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/ 3 дугаар хэсгийн 0 тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, №ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр С.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220000086  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХБ  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох З.Ц-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо , Хандгайтын богино/14094/, 3 дугаар хэсгийн 0 тоотхаягт байрлах гараашнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 753,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-, З.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжид 753,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ