Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/00945

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: АХ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 42,987,427 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б- нь тус банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн СХД  дүүргийн 00 дүгээр хороо , 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 00  байр 166 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000004 тоот бүртгэлд бүртгэгдсэн 46.36 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 35,000,000 төгрөгийн зээлийг авах хүсэлтийг илэрхийлэн өргөдөл гаргасан байдаг. Ийнхүү Д.Б-гийн нийт 35,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр олгож 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр З/061319/01 дугаартай зээлийн гэрээг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулж, түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо , 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 00  байр 166 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22001050524 тоот бүртгэлд бүртгэгдсэн 46.36 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Тэрээр зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлээсээ 6,450,000 төлөн бөгөөд энэ мөнгө нь тооцсон хүүндээ огт хүрэхгүй үлдэгдэл хуримтлагдсаар өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй болно. Манай байгууллага зээлдэгч Д.Б-гийн 96097356 дугаар залгаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр Ажил зогсонги байдалтай байна, удахгүй мөнгө орж ирнэ, орж ирсэн мөнгөө өөр зүйлд зарцуулчихлаа түр хүлээж байгаач гэх зэргээр тайлбарлаж байсан. Ийнхүү зээлдэгч Д.Б-д зээлээ төлөхийг байнга шаардсаар төлөлтөө хийхгүй байсан тул бид 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх талаар буюу хугацаа хэтэрсэн хоногийн зээлийн төлбөр 13,110,040 төгрөг, зээлийн хүү 9,148,751.6 нэмэгдүүлсэн хүү 62,458.5 төгрөг нийт 22,321,250.1 төгрөгийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч зээлдэгч Д.Б- нь яг одоо бөөнд төлөх боломжгүй байна. Түр хугацаа өгөөч гэж хүссэний дагуу хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүй бөгөөд орж ирсэн мөнгөө өөр зүйлд зарцуулсан гэх тайлбарыг өгдөг. Мөн би хүнээс авлагатай түүнийгээ авч чадахгүй байна. Намайг шүүхэд өг гэж зөвшөөрсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай зүгээс зээлдэгтэй аль болох эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон боловч зөвшилцөж хүрээгүй өнөөдрийг хүрлээ. Зээлдэгч Бат-Амгалан 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 33,527040 төгрөг, зээлийн хүү 9,460,387 төгрөг, нийт 42,987,427 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Д.Б-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 33,527,040 төгрөг, зээлийн хүү 9,460,387 төгрөг, нийт 42,987,427 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б- 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр З/061319-01 дугаартай зээлийн гэрээ Б/0613119/01 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээг тус тус “Алтан хот” ББСБ-тай байгуулан 35,000,000 төгрөг бэлнээр авсан. Зээлийн гэрээний төлөлтийн хувьд нийтдээ 6,450,000 төгрөгийг хариуцагч төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Д.Б- нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанд нь төлж чадаагүй болох шалтгаан мөн холбогдох нотлох баримт шүүх хуралдаан дээр тодорхой гаргаж өгч мэтгэлцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байх тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АХ” ББСБ ХХК-нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 33,527,040 төгрөг, зээлийн хүү 9,460,387 төгрөг нийт 42,987,427 төгрөгийг гаргуулах, зээлдэгч үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

 

Шүүх хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 9 дүгээр сарын 18-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан Баримт №4, №5-д гарын үсэг зуруулжээ./хх-ийн 32-35 дугаар тал/

 

Хариуцагч Д.Б- 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25, 26 дугаар зүйлд зааснаар иргэн Г.Цэрэнжамцад Итгэмжлэл олгосноор, 9 дүгээр сарын 17-ны өдөр тэрээр хариу тайлбарыг шүүхэд өгч, 9 дүгээр сарын 18, 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцаж Баримт №5, №6-д гарын үсэг зурсан байна./хх-ийн 33, 38, 62 дугаар тал/

Монгол улсад Covid19 цар тахал дотооддоо тархсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой байдлын комиссын12 дугаар тогтоол, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 01/1163 дугаар зөвлөмжийн дагуу Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал, цуглаан хийх боломжгүй болсон тул иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 101/ШЗ2020/21545 дугаар захирамжаар жич товлон хуралдааны товыг өөрчилсөн болно.

 

Шүүх тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13.30 цагт товлон зарлаж хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжамцад Монгол шуудангаар хүргүүлэхэд, төлөөлөгч өөрөө хүлээн авсан нь шуудан хүргэгчийн тэмдэглэл, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдов./хх-ийн 73-74 тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжамц шүүгчийн туслахад “........Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон 722 дугаар байрны 6 тоот хаягт оршин суудаг бөгөөд тухайн хаягаа корона вирус илэрсэн М.Б гэх хүний ойрын хавьтал болсон тусгаарлалт орсон......” гэж мэдэгдсэн атлаа түүнтэй холбоотой баримтыг шүүхэд өгөөгүй болно.

 

Шүүхээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны тухайн хэсгийг хариуцсан нийгмийн ажилтан н.Энхжаргалын 88789919 дугаар луу залган Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон 722 дугаар байрны 6 тоот тусгаарлалтад орсон эсэхийг тодруулахад “......хорооны нийгмийн ажилтан н.Энхжаргал тухайн хаягт корона вирус илрээгүй, тусгаарлалтад ороогүй......” гэх тайлбарыг өгсөн нь Баримт №3 шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв./хх-ийн 78 дугаар тал/

 

2.    42,987,427 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо үндсэн зээл 33,527,040 төгрөг, зээлийн хүү 9,640,387 төгрөг, нийт 42,987,427 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч үүргээ сайн дураараа биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардсан.

 

Зээлдүүлэгч “АХ” ББСБ ХХК-болон зээлдэгч Д.Б- нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр № З/061319/01 тоот зээлийн гэрээ байгуулан, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 35.000.000 төгрөгийг, 3 хувийн хүүтэйх, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалттай зээлдүүлсэн, зээлдсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт, бэлэн мөнгө хүлээн авсан зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-ийн 18-20, 25-27 дугаар тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №Б/061319/01 тоот гэрээгээр Д.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220000024  дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо , 21 дүгээр хороолол18081, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 00  дүгээр байрны 166 тоот хаягт байрлах 46.36 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулжээ./хх-ийн 21-24 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.”,

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байлгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “АХ” ББСБ ХХК , Д.Б- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар тэдний хооронд гэрээний харилцаа үүсэж, талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл бөгөөд зээлдэгч нар хугацаа, эргэн төлөлтийг тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.Б- нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 35,000,000 төгрөг, үндсэн хүүд 13,236,112.4 төгрөг, нийт 48,236,112.4 төгрөг төлөх үүрэгтэйгээс тэрээр үндсэн зээлд 1,472,960 төгрөг, зээлийн хүүд 4,806,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 170,410 төгрөг нийт 6,450,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлт хийсэн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон гэж үзэв./хх-ийн 53 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Цар тахал буюу короновирус /Covid-19/ гарсантай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах хорооноос өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцохыг зогсоосон болно гэсэн баримтыг шүүхэд нэхэмжлэгч тал ирүүлжээ./хх-ийн 54 дүгээр тал/  

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “ Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн ээлийн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ. Зээлдэгч хугацаа хэтэрч төлсөн тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлсний дараа үндсэн зээлээс хасалт хийнэ.”, 3 дугаар зүйлийн 1.8-д “зээлдэгч гэрээнд заасан зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг сар тутам 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү нэмэгдүүлсэн хүү авах” гэжээ./хх-ийн 18-20 дугаар тал/

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж зааснаар хариуцагч хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “......Цар тахал буюу корона вирус /Covid-19/ гарсантай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах хорооноос өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцохыг тооцохыг зогсоосон болно....” гэсэн баримтыг шүүхэд нэхэмжлэгч тал ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа 33,527,040 төгрөг, зээлийн хүү 9,640,387 төгрөг, нийт 42,987,427 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тодорхойлсон./хх-ийн 54 дүгээр тал/  

 

Гэтэл нэхэмжлэгч “АХ” ББСБ ХХК-нь хариуцагч Д.Б-гаас 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хүртэлх хугацаанд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү 170,410 төгрөгийг суутгаж авсан нь хуульд нийцээгүй байх тул үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Зээлдэгч Д.Б- гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн зээлийн үндсэн төлбөрт 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш, зээлийн хүүг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр тооцож гаргасан тул энэ өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зээлдэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс зөрчиж, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар зээлдүүлэгч зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж, зээлдэгчид 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандаж байснаас үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, зээлдэгч Д.Б- гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн,  зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,527,040 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд төлсөн 170,410 төгрөгийг хасаж, үлдэгдэл 33,356,630 төгрөгийг, зээлийн хүүд төлөх 13,236,114 төгрөгөөс төлөлт хийсэн 4,806,630 төгрөгийг хасаж үлдэгдэл 8,429,482 төгрөг, нийт 41,786,112 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,356,630 төгрөг, зээлийн хүүд 8,429,482 төгрөг нийт 41,786,112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АХ” ББСБ ХХК -д олгож шийдвэрлэв.

 

Д.Б- нь Цар тахлын улмаас хариуцагчийн ямар үйл ажиллагаа, хэрхэн доголдсон талаар баримтаар нотлоогүй банк бус байгууллагад хандаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээл, зээлийн хүүг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нотлох эрхээ алдсан гэж үзэв.

 

3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагын тухайд:

 

Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №Б/061319/01 тоот гэрээгээр өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220000024  дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо , 21 дүгээр хороолол18081, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 00  дүгээр байрны 166 тоот хаягт байрлах 46.36 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу зээлдэгч Д.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №Б/061319/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 33,356,630 төгрөг, зээлийн хүүд 8,429,482 төгрөг нийт 41,786,112 төгрөгийг гаргуулж, АХ ББСБ ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 1,201,315 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч        Д.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-220000024  дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо , 21 дүгээр хороолол 18081, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 00  дүгээр байрны 166 тоот хаягт байрлах 46,36 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,087.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 366,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ