Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/320

 

  2024         03          26                                      2024/ШЦТ/320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч О.Даваахүү,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч ургийн овогт Б Од холбогдох эрүүгийн *********  дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаа хийдийн хажуугийн 57 дугаар гудамжинд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зүс таних Б.Атэй үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.Аг газар унагааж түүний зүүн талын хацар хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн *********  дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Б.Агийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Э.Оын мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Э.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14220 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирогч Б.Агээс ирүүлсэн хохирлын баримтыг хавтаст хэрэгт тусгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 78-81 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Огаас хохирогч Б.А нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан талаарх баримт /хх-ийн 82-83 дугаар хуудас/, шүүгдэгч Б.О, хохирогч Б.А нарын хүсэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.О нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Од нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.О нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаа хийдийн хажуугийн 57 дугаар гудамжинд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зүс таних Б.Атэй үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.Аг газар унагааж түүний зүүн талын хацар Хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Агийн “... Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ найз Оын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дэлгүүрээс найзын хамт гурил авах гээд явж байхад зүс таних Мөнгөөнөөгийн найз Өмбөөрөө би энэ хоёрын бүтэн нэрийг мэдэхгүй байна. Өмбөөрөө нь надтай хамт байсан Оыг газар унагаагаад өшиглөсөн тэгээд намайг газар унагаагаад миний зүүн талийн шанаа руу хөлөөрөө өшиглөсөн. Бас миний А52 маркийн гар утасны дэлгэцийг хагалсан. Мөнгөөнөө нь 2 найзын хамт явж байсан нэг найзыг нь Өмбөөрөө гэдэг нөгөөхийг нь би мэдэхгүй байна. Би тэр залууг цохиж зодсон зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

- Гэрч Э.Оын “... Одоогоос хоёр сарын өмнө найз А бид хоёр Агийн гэрээс гараад дэлгүүр рүү явж байх хооронд гурван согтуу хүнтэй тааралдсан тэр гурван согтуу хүний нэг нь ирж намайг хавирч газар унагаагаад цээж рүү өшиглөсөн тэгээд А рүү гүйж очоод Аг цохисон байх намайг эргээд харахад А газар хэвтчихсэн байж байсан тэгээд босоод бид хоёр цагдаа дуудаад ирэхгүй байхаар нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

- Гэрч Э.Мөнх-Эрдэнийн “... Ог Өмбөөрөө гэж дууддаг намайг хүмүүс Мөнгөөнөө гэж дууддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...1. Б.Агийн биед Зүүн дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх 14220 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Агээс ирүүлсэн хохирлын баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 78-81 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Огаас хохирогч Б.А нэхэмжилсэн хохирлыг баригдуулсан талаарх баримт, /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.О, хохирогч Б.А нарын хүсэлт/хх-ийн 86-87 дугааp хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.О нь зүс таних Б.Атэй үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.Аг газар унагааж түүний зүүн талын хацар Хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.А нь 428,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд 428,000 төгрөгийн хохирол /78-81 дүгээр хуудас/ нөхөн төлөгдсөн болох нь баримт /хх-ийн 82-83 дугаар хуудас/-аар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч ургийн овогт Б Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Огийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ