| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0222/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/338 |
| Огноо | 2024-03-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/338
2024 03 29 2024/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч П.Итгэл,
насанд хүрээгүй хохирогч М.Н, түүний хууль ёсны төлөөлөгч С.Д,
шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овоогт Ч Мд холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 103-ын зүүн талын зам дээр 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутын орчимд Toyota Ractis маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэсэгт 12.3, 18.3, 1.3 заалтуудыг зөрчиж явган зорчигч М.Н /11 настай эмэгтэй/, Ж.А /11 настай эмэгтэй/ нарыг мөргөж М.Нгийн эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны доод булууны 1/3 хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр, Ж.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/, в/, г/ заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр дугуйлангийн багш нь над руу ярьсан. Тэгээд би хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг явсан. Шүүгдэгчийн өгсөн утасны дугаар нь буруу дугаар байсан. Эмнэлэг дээр очиж хөлөө гипсдүүлээд байж байтал Тээврийн цагдаагаас залгахаар нь бид хоёр очсон. Хүүхдээ гэмтсэнээс хойш захиалгаа дуусгаж чадалгүй түрээсийн байраа, ажлын байраа алдсан. Хүүхэд маань хичээл сургуульдаа ч явж чадахгүй байгаа. Маш их гомдолтой байгаа, өвдсөн үед нь нэг ч удаа утсаар яриагүй” гэв.
Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхнэрийнхээ ажил руу явах гээд 1 дүгээр эмнэлгийн хашаанаас гарч байсан. 20 метр орчим явж байсан чинь толинд хар хувцастай хүн унах шиг болоод харагдсан. Тэгээл гараад харсан чинь 2 хүүхэд уначихсан байсан. 2 хүүхдийг машиндаа суулгаад сууж байгаад аав ээж рүү чинь залгая гэсэн чинь яах юм бэ гэсэн. Тэгээд 2 хүүхэд дугуйлан руугаа хүргүүлье гэсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ******************* дугаартай хэргээс:
Улсын яллагч 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 10-11 дүгээр хуудас/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, хууль ёсны төлөөлөгч С.Дын мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч М.Нгийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, хууль ёсны төлөөлөгч П.Агийн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ж.Аын мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Сийн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний хариуцагч Д.Бгийн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Зын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №290 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Гийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №401 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 77-82 дугаар хуудас/, Жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 109, 51 дүгээр хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1364 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 86-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Ч.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ч.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Ч.М нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн тусламжийн 103-ын зүүн талын зам дээр 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутын орчимд ***** улсын дугаартай Toyota Ractis маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 18.3, 1.3 заалтуудыг зөрчиж явган зорчигч М.Н /11 настай эмэгтэй/, Ж.А /11 настай эмэгтэй/ нарыг мөргөж М.Нгийн эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны доод булууны 1/3 хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр, Ж.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/, в/, г/ заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
- 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 10-11 дүгээр хуудас/,
- жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
- Хууль ёсны төлөөлөгч С.Дын: “2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байтал манай охин Нгийн багш надруу залгаад машинд мөргүүлсэн халуураад зургандаа орж чадахгүй байна та ирээд эмнэлэг аваад яваач гэхээр нь би очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч М.Нгийн: “2023 оны 12 сарын 09-ны өдөр өглөө дугуйланруугаа найз Аын хамт явж байгаад багшийн дээдийн автобусны буудал дээр буугаад урагшаа яваад Perfect эмнэлэгийн харалдаа ирээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарах гэтэл зам хоосон чөлөөтэй байхаар нь зам гартал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан машин бид 2-г мөргөөд 2-уулаа газар унатал тухайн машин зогсолгүй миний баруун хөлийн шагай хэсгээр машиныхаа зүүн талын 2 дугуйгаар дайраад зогссон. Тэгээд жолооч нь машинаасаа бууж ирээд бид 2-г машиндаа суулгаад дугуйлангийн үүдэнд хүргэж өгөөд миний дансыг асуухаар нь би ээжийнхээ дансыг хэлтэл 40.000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлээд утасны дугаараа хэлээд яваад өгсөн. Тэгээд дараа нь утасруу нь залгатал буруу дугаар өгчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
- Хууль ёсны төлөөлөгч П.Агийн: “2023 оны 12 дугаар сарын 09-ний үдээс хойш би эмнэлэг дээр хүүхэд үзүүлээд явж байтал манай охин А надруу 16 цагийн үед залгаад ээж миний мөр өвдөөд байна. Өглөө машинд мөргүүлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Ж.Аын: “2023 оны 12 сарын 09-ны өдөр өглөө дугуйланруугаа найз Нгийн хамт явж байгаад багшийн дээдийн автобусны буудал дээр буугаад урагш явсан замаар ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар явж байгаад “Perfect” гэдэг эмнэлэгийн харалдаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарах гээд урдаасаа хойшоо явсан урсгалд машин байхгүй байсан тэгээд хойноос урагшаа чиглэлд явах зам нэг машин холоос ирж байхаар нь зам гараад явж байтал гэнэт миний баруун талаас машин мөргөөд Н бид 2 газар унасан. Нг унах үед машин зогсолгүй Нгийн баруун хөл дээгүүр машины зүүн талын 2 дугуй дайраад гарч яваад зогссон. Тэгээд жолооч нь машинаас бууж ирээд бид 2-г машиндаа суулгаад очих гэж байсан Sub center гэдэг газарт байдаг дугуйланд хүргэж өгөөд Нгийн дансыг асуугаад ээжийнх нь дансруу 40,000 төгрөг хийгээд утасны дугаараа өгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч С.Сий: “Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Н нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 160,000 төгрөr гарсныг яллагдагч Ч. Мас гаргуулж Эрүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Иргэний хариуцагч Д.Бгийн: “2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай ах М надад машинтай явж байгаад 2 хүүхэд мөргөчихсөн гэж хэлсэн. “Toyota Ractis” маркийн ***** дугаартай дээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би хуульд заасны дагуу учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Ч.М нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах түргэн тусламжийн 103-ын зүүн талын зам дээр 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутын орчимд ***** улсын дугаартай Toyota Ractis маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэсэгт 12.3, 18.3, 1.3 заалтуудыг зөрчиж явган зорчигч М.Н /11 настай эмэгтэй/, Ж.А /11 настай эмэгтэй/ нарыг мөргөж М.Нгийн эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны доод булууны 1/3 хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр, Ж.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/, в/, г/ заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Мөнгөнтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч С.Д, П.А нар нь хохирол нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Харин гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Нгийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 9,900,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ч.Мас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.
Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч Ч.М нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 9,900,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, мөн иргэний нэхэмжлэгч С.Сэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Нийгмийн даатгалын сангаас зарцуулсан 160,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас нэхэмжилсэн дээрх 160,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1,600,000 төгрөгөөр тогтоох” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Ч.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялын хэмжээг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,050,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овоогт Ч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,050,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ч.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар нь эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ