| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/00698/И |
| Дугаар | 101/ШШ2021/01032 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01032
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “АО” ХХК /рд/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “МНО” ХХК /рд:/-д холбогдох
10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатар, хариуцагч хуулийн этгээдийн захирал Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “МНО” ХХК -тай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №ХЗ/2018/046 тоот “Тос тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж бараа бүтээгдэхүүнийг гэрээний дагуу зээлээр авч 30,282,600 төгрөг төлөхөөс 14,195,000 төгрөгийг төлж 16,087,600 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2019 онд 16,087,600 төгрөг төлөхөөс 9,000,000 төгрөгийг төлж, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 7,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.Худалдан авагч “МНО” ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, төлбөрөө төлөхгүй элдэв шалтаг тооцож гэрээний үүргээ биелүүлээгүй болно.Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262-1 д Тос тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т худалдан авагч тал төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх төлбөр 7,000,000 төгрөг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алданги 3,500,000 төгрөг нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “МНО” ХХК -ийн захирал Ц.Мөнхбат шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид харилцан тохиролцож Тос тосолгооны материалыг худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан. Сэлбэгийн тооцоонд 7,000,000 төгрөгийг эдийн засгийн хүндрэлтэй байдлаас төлж чадаагүй үлдэгдэлтэй байгаа. Миний бие үндсэн төлбөр 7,000,000 төгрөгийг 42 хувааж 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хувааж төлөхөөр санал тавьсан. Алданги 3,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АО” ХХК нь хариуцагч “МНО” ХХК -д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 10,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч алданги 3,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талуудын хооронд ХЗ/2018/046 дугаартай 2018 оны 4 дүгээр дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай “Тос тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч 30,282,600 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлэх, худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний хүчин төгөлдөр бусын талаар талууд маргаагүй./хх-ийн 5-7 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуулийн этгээдийн хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх хэсэгт зааснаар үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан “Тос тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээнд:
1 дүгээр зүйлийн 1.2-т “Худалдагч, чанарын шаардлага хангасан тос, тосолгооны материал/цаашид ТТМ-гэх/ худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг шалган хүлээн авч гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрийг хийхээр тохиролцов.”,
2 дугаар зүйлийн 2.6-д “Энэхүү гэрээний 4-т заасан заасан хугацаанд төлбөр тооцоо хийгээгүй нөхцөлд ТТМ–иар хангахгүй байх гэрээний дагуу алданги тооцох.”,
4 дүгээр зүйлийн 4.1-д “Худалдан авагч тос тосолгооны бараа материалын тооцоог сар бүрийн 15,30-ны дотор төлбөрийг бүрэн төлнө.,” гэж тохиролцжээ.
Худалдан авагч “МНО” ХХК нь худалдагч “АО” ХХК -иас 30,282,600 төгрөгийг тос, тосолгооны материалын үнэ төлөхөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14,195,000 төгрөгийг төлж, 16,087,600 төгрөгийн үлдэгдэлтэйгээс, 2019 онд 9,087,600 төгрөгийг төлж 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 7,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй./хх-ийн7-8 дугаар тал/
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар хариуцагч “МНО” ХХК нь тос тосолгооны материалын үнэ 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “АО” ХХК -д төлөх үүрэгтэй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Худалдан авагч тал төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги худалдагчид төлнө” гэж тохирсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 23.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүн 7,000,000 төгрөгийн 50 хувь болох 3,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
Иймд хариуцагч “МНО” ХХК -иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АО” ХХК -д олгож шийдвэрлэв.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт эдийн засгийн байдлаас үйл ажиллагаа доголдсон гэж тайлбарласан атлаа хариуцагчийн ямар үйл ажиллагаа, хэрхэн доголдсон Цар тахалтай холбоотой эсэх талаар нотолсон баримтгүй байхын зэрэгцээ хариуцагч зүгээс нэхэмжлэгчид хандаж алдангиас чөлөөлүүлэх талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Алданги төлөхгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нотлох эрхээ алдсан гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч олгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “МНО” ХХК /рд:/-иас 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АО” ХХК /рд: /-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ