| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/03885/И |
| Дугаар | 101/ШШ2021/01033 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01033
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Т.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ТК” ББСБ ХХК-/рд: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.М-т холбогдох
Гэм хорыг хохиролд 7,169,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Цахим шүүх хуралдаанд: Дорнод аймгийн сумдын шүүх хуралдааны танхимд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэвжидмаа, өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Н.М-, өмгөөлөгч М.Цэнгүүн, иргэдийн төлөөлөгч Ш.Очгэрэл, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай нөхөр бид хоёр Тоёота истима маркийн 00-00 ДОРулсын дугаартай авто машиныг 2018 онд Улаанбаатар хотын Да хүрээ техникийн захаас 8,500,000 төгрөгөөр худалдан авсан. Авто машиныг бид бизнесийн зорилгоор “ТК” ББСБ ХХК-д зээлийн барьцаанд барьцаалж тээврийн хэрэгслийн гэрчилгээ тухайн банк бусын нэр дээр гарч, өмчлөлд нь байсан, надад гэм хорын хохирол нэхэмжлэх итгэмжлэлийн дагуу би нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Манай машины мотороос бага зэрэг тосол гоожоод байсан учраас засуулахаар Улаанбаатар хотод ирээд машин засдаг гэх Н.Мөхбаяртай холбогдож машинаа үзүүлэхээр тохирсон. Манай машиныг Н.М- үзээд банкны резваны шпилник алдагдсан байгаа тул резва татуулах хэрэгтэй гээд ажлын хөлсөнд 400,0000 төгрөг төлөхөөр тохиролцож Ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж урьдчилгаанд нь 180,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5420145679 данснаас түүнд шилжүүлсэн.Н.М- манай машиныг авто засварын газартаа оруулж 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр задлах явцдаа цахилгаан моторын ерөнхий эд анги болон моторын толгой төв тэнхлэг, цап, монтажны утсыг доош дагууд нь төв комьпютерийн дотогшоо утаснуудыг бүгдийг салгаж гарган задалсан. Манай нөхөр Н.М-т зөвхөн моторыг нь салгахгүй юм уу гэхэд “........үгүй бүгдийг нь задалдаг, энэ нь амар байдаг” гэж хэлсэн. Маргааш нь угсрах явцад нөхөр хажууд нь хараад зогсож байгаад 17 цагт дуусаад машинаа асааж үзэхэд урд талын хянах самбар анивчаад байхаар нь хэлсэн чинь ингэж байгаад зүгээр болно гэж хэлсэн.Тэгээд зүгээр юм байх гээд 200 метр орчим явахад машин их халаад байхаар буцаад очсон. М-тэнэ байдлаа хэлээд буцаад очиход нэг утсыг нь дутуу холбосон байна гээд оролдож байгаад дахин ингэвэл ирээрэй гээд явуулсан. Нөхөр машинаа засчихлаа гэж бодоод Нарантуул захад очиж зогссон. Учир нь: тэр өдөр манай дугаар явахгүй өдөр байсан. Маргааш нь нөхөр машинаа засуулчихсан гэж бодоод шалгаж үзэхээр Төв аймгийн зам буюу Айдсын давааны хавьд явж байхад яах ийхийн зуургүй машин шатсан. Тэр даруй 101–т дуудлага өгсөн.Онцгой байдлын гал унтраах анги ирж галыг унтраасан ба галын дүгнэлтээр цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас гал гарсан байх магадлалтай эсэн акт тогтоож галын шинжээчийн дүгнэлт гарсан. Нийслэлийн онцгой байдлын газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/199/1128 гал түймэр гарсан акт, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 237/1128 тоот дүгнэлтээр гал гарсан шалтгаан цахилгааны утаст масс үүссэнээс гэж дүгнэсэн.Манай машиныг засахдаа эмх замбараагүй болгоод эргүүлээд угсрахдаа алдаа гарснаас болсон нь тодорхой байгаа. Өмнө нь ямар нэгэн гэмтэл болоогүй, зөвхөн тосол жоохон гоожоод байсан. Машин шатсан орой Мөнхбаярт мэдэгдэх гэж залгасан боловч утсаа аваагүй. Маргааш нь биечлэн уулзахад машиныг шинээр авч өгнө төлнө гэж байсан боловч ямар ч байсан Онцгой байдлын дүгнэлт гараг гэж хэлсэн. Дүгнэлт гарсны дараа шүүхээр явъя гэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний доголдлоос буруу холболт хийж, эд хөрөнгө маань устсан учраас хохирлоо нэхэмжилж байна.
Иймд Дорнод Улаанбаатар хоёрын хооронд ирж очиход нийт 134,800 төгрөг, шатаж сэг болсон авто машин ачуулсны хөлс 100,000 төгрөг, Айдасын даваанаас такси дуудсан хөлс 55,000 төгрөг, 1 удаагийн хувцас 200,000 төгрөг, авто машины үнэлгээ 6,500,000 төгрөг, Н.М-т машин засуулахаар дансаар шилжүүлсэн 180,000 төгрөг нийт 7,169,800 төгрөгийн Н.М-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.М- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Очирбат гэдэг хүн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Тоёота Эстима маркийн 00-00 ДОРулсын дугаартай авто машинтай ирж миний машинаас тосол гоожоод байна гэж засуулахаар ирсэн. Тухайн авто машиныг үзэхэд моторын кришик бюу голын жийрэг резинээр тосол гоожсон байсныг 480,000 төгрөгөөр засахаар тохиролцоод урьдчилгаанд 180,000 төгрөг төлсөн.Засвар хийхдээ моторын кришик жийрэг болон биеийн сальник резинийг сольсон. Салнтк резинийг солихын тулд моторыг буулган авч сольдог. Тиймээс мотор, кродбг буулгахын тулд кабин дотроос мотор, кроптой залгаа байдаг 6 ширхэг утсыг жолоочийн эсрэг талын урд доороос зориулалтын түгжээ бүхий оролтынх нь дагуу салгаж улмаар мотор, кропийг буулгасан.Сальникийг солиход цахилгаан утас, монтажны утсыг салгах, оролдох, таслах ямар ч шаардлага, үндэслэл байхгүй. Миний буруугаас болоод цахилгааны масс гарсан бол урд хянах дэлгэц дээр анхааруулгын тэмдэг тэр даруй гарч, чек асаад машин явах боломжгүй болно. Хянах самбар дээр ямарч гэрэл асаагүй тул машиныг хүлээлгэн өгөөд аваад явсан. Машинаа авч яваад цаг орчмын дараа надруу яриад машин халаад байна гэхээр одоо зогсоогоод хөрөхөөр нь хүрээд ир гэсэн. Тэр орой нь ирж үзүүлсэн. Үзэхэд радиоторын буюу хөдөлгүүрийн сэнсний нэг залгуурын түгжээ мултарсан байсныг түлхээд түгжээд явуулсан. Тэрнээс хойш 2 хоног сураггүй байсан. Машин шатдаг өдөр нь би залгаад засварын үлдэгдэл 200,000 төгрөгийг өгөхийг шаардахад би Нарантуул дээр байна, удахгүй шилжүүлнэ л гэсэн. Тэрнээс машины талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Маргааш өдөр 11 цагийн үед нь надруу залгаад Нарантуулаас Төв аймаг руу явж байхад машин шатсан талаар ярьсан. Тэр өдрийнхөө үдээс хойш нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд машин шатсан даатгал дуудсан талаар хэлээд эхнэртэйгээ яриулахад эхнэр нь “…бид багаар даатгуулсан, даатгалаас мөнгө орж ирнэ чи нэмж 1,500,000-2,000,000 төгрөг өг” гэж надаас мөнгө нэхсэн.Хэрэв галын дүгнэлтээр мотор, кропоос болсон бол би хохиролгүй болгож өгнө, та галын дүгнэлтээ аваад ир гэж хэлсэн. Түүнээс хойш чимээгүй таг алга болж байгаад 6 дугаар сарын 27-ны өдөр ажил дээр ирээд “цахилгааны масс гэсэн дүгнэлт авчраад даатгал мөнгө өгөхгүй гэсэн 5,000,000 төгрөг гэж нэхсэн. Мотор, кропыг буулгахад цахилгааны утас салгах ямарч үндэслэл байхгүй. Намайг бас дэндүү үндэслэлгүй худлаа гүтгэж байна. Машины хянах самбарын гэрэл асаж унтраад бүдгэрч тодроод машин халаад байвал жолооч аюулгүй байдлаа хангаж машинаа нэн даруй унтраах ёстой. Гэтэл намайг цахилгааны утсыг эмх замбараагүй салгаж угсрахдаа алдаа гаргасан, түүнээс болж гал гарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.100 хувь даатгалтай байсан бол яагаад даатгалын нөхөн төлбөр олдохгүй байгааг ойлгохгүй байна. Машинд засвар хийж байхад хятад өсгөгчтэй, хятад гэрэл тавьсан байсан, би жолоочид хятад гэрэл тавьсан байна гэж хэлж байсан. Нэхэмжлэл дээр машин шатсан шөнө эхнэр Дорнод аймгаас ирсэн гэж бичсэн байна. Яагаад надтай ирж уулзаагүй. Дорнод аймгаас приус 30 машинаар ирсэн бол 650 км замд 47,000 төгрөгийн бензиний зардал гарна, гэтэл 134,800 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай актад Тоёота Эстима маркийн 00-00 ДОРулсын дугаартай авто машин бүрэн шатаж 6,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж байхад яагаад 6,500,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Ш.Очгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Уг хэрэгт холбоотой авто машин нь тосол гоожсон доголдлоо засуулах байсан боловч бүх эд ангиудыг салгаж угсарсан шалтгаанаар засварчны буруутай ажиллагаанаас гал гарч автомашин бүрэн шатсан гэж байна. Засварчин Н.М- нь засварын үйл явцад алдаа гаргаагүй гэж үзэж, Галын шинжээчийн дүгнэлт цахилгаан холболтын үүдэлтэй гэж гарсан байна. Тухайн үед эд хөрөнгө нь шатах эрсдэлд орно гэж мэдэхгүй учраас тухайн үед засвар хийж буй талаарх баримт дутуу бүрдсэн. Засварчинг буруутай гэж үзэх нотолгоо хангалтгүй юм байна. Засвар хийсэн Н.М- нь тухайн үед засварын явцад гарсан гэмтлүүдийн талаар машины эзэнтэй харилцан ойлголцож байсан ч, машин шатсанаас хойш өөрийн засварын ажил нь алдаагүй хийгдсэн гэж байгаа юм байна.Шүүгчийн асуусан тайлбарт тодорхой засвар хийсэн талаараа тодорхой хариулт хийсэнгүй. Өмгөөлөгчийн хэлсэн үг нь тухайн үеийн засвар хийсэн явцын бичлэг, зураг, бичлэг байхгүй гэж үзэж хариуцагчийг буруугүй гэж үзэж байгаа нь өрөөсгөл гэж үзэж байна. Өмгөөлөгчийн өмгөөлөлд шинжээчийг хамгаалах талын тухай яриад байгаа боловч бусад салгаж авсан эд ангиуд болон тэднийг холбоход ямар цахилгаан утас холбогдсон талаар дурдаагүй байна. Хариуцагч талыг техник ажиллагааг бүрэн хийж өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТК” ББСБ ХХК- 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 20/497 дугаартай иргэн М.Сэвжидмаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар “Итгэмжлэл”-ийг олгожээ. /хх-ийн 3 дугаар тал/
Уг “Итгэмжлэл”-ийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэвжидмаа хариуцагч Н.М-т холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр авто машин шатсаны улмаас Дорнод-Улаанбаатар хоёрын хооронд ирж буцсан зардал 134,800 төгрөг, шатаж авто машин ачуулсны хөлс 100,000 төгрөг, Айдасын даваанаас такси дуудсан хөлс 55,000 төгрөг, 1 удаагийн хувцас хунар 200,000 төгрөг, авто машины үнэлгээ 6,500,000 төгрөг, засварт шилжүүлсэн 180,000 төгрөг нийт 7,169,800 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
“Toyota Estima” маркийн, 00-00 ДОРулсын, AHR102005565 арлын дугаартай, хар хөх өнгийн суудлын зориулалттай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад орж ирсэн авто машин 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч "ТК" ББСБ ХХК-ийн эзэмшлийн нэр дээр бүртгэгдсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдасын давааны ард 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 13 минут орчимд иргэн Д.Очирбатын жолоодон явсан 00-00 ДОР улсын дугаартай, “Toyota Estima” макрийн авто машины шатаж байсныг, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги унтраасан үйл баримт тогтоогдож, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 11/199/1128 дугаар “Гал түймэр гарсан тухай акт”-ыг үйлджээ./хх-ийн 15 дугаар тал/
Хэрэгт, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 237/1128 дугаартай Шинжээчийн дүгнэлт баримтаар авагдсан байна. Уг дүгнэлтэд“......хэргийн газрын үзлэг, хэргийн материал, фото зураг, иргэний өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал түймэр гарсан байх магадлалтай байна.” гэжээ.
Зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар авто машин засуулах, засварлахаар тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт “...хариуцагч засварыг бүрэн бус, цахилгааны утаснуудыг буруу холбосноос тээврийн хэрэгсэл шатаж, надад хохирол учирсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч Н.М-т тухайн авто машиныг 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгч, 6 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед жолооч Д.Очирбат хүлээн авч, 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 13 минут орчимд авто машин шатсан үйл баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т “Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.”;
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14.–т “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг;
3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэж заажээ.
“Toyota Estima” маркийн 00-00 ДОРулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Д.Очирбат аюул учирч болзошгүй тохиолдолд зайлшгүй зогсолт хийх үүргийг биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4649 дүгээр шинжээчийн “......Toyota Estima маркийн авто машины дотоод шаталтын хөдөлгүүрийн гавлын дээд тагны резинийг солих ажил гүйцэтгэхэд 12 вольтын хүчдэл бүхий катушканы утсыг салгах шаардлагатай, дотоод шаталтын хөдөлгүүрийн гавлын дээд тагны резин буруу солиход гал гарах үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ./ хх-ийн 115-126 дугаар тал/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Сэвжидмаа, жолооч Д.Очирбат нар “Toyota Estima” маркийн 00-00 ДОРулсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн эсэх, ямар гэрээний үүргийн дагуу “ТК” ББСБ ХХК--ийн эзэмшилд тээврийн хэрэгсэл шилжсэн эсэх, даатгалын тохиолдол бүрдсэн эсэх, хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар эрх бүхий этгээдээс тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь түүнийг нотлох эрхээ алдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч Н.М-ын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн авто машинд гал гарч, гэм хорын хохирол 7,169,800 төгрөгийн хохирлыг учруулсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар, зэргээс дүгнэхэд хариуцагчийн гэм буруугийн үйлдэл хөдөлбөргүйгээр нотлогдохгүй, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэдийн төлөөлөгч Ш.Очбаяр дүгнэлтэд “.....Галын шинжээчийн дүгнэлт цахилгаан холболтын үүдэлтэй гэжээ. Засварчинг буруутай гэж үзэх нотолгоо хангалтгүй. Хариуцагч талыг техник ажиллагааг бүрэн хийж өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчаас гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй” гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талууд маргахгүй, эд хөрөнгөнд учирсан хохирлыг Н.М-аас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас авто машин шатсан гэх хөтөлбөргүй баримт тогтоогдохгүй тул түүний дүгнэлтийг гэж шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүйг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ТК” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-т холбогдох гэм хорын хохиролд 7,169,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 139,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ