Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00014

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

        Л.Н, С.Мнарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч С.Мөнхжаргалын өмгөөлөгч: Ө.Учрал,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолтой Л.Н, С.Мнарт холбогдох 1838007710430 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Л”ийн Н, …...... оны .... дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................/.

Монгол Улсын иргэн, Ө овогт С.ийн М, …. оны ... дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................../.

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.М нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Мөрөн сумын 12-9-02 тоотод иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө овогт С-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овогт Л-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, С.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Маас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 984,492 төгрөг гаргуулж хохирогч Л.Нд олгож, хохирогч Л.Н нь 50,000,000 төрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Маас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, дугаар зүйлийн 505.1-т зааснаар зааснаар шүүгдэгч Л.Наас 1,163,700 /нэг сая нэг зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Самбуухүүгийн Мөнхжаргал /РЕ87110763/-д олгож, Эрүүгийн 1838007710430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, С.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. С.М нь шөнийн цагаар гэрт нь ирсэн Л.Наас өөрийн болон үр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, халдсан довтолгооныг таслан зогсоохоор хариу үйлдэл үзүүлсэн байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч тухайн довтолгооноос зайлсхийж зугтаах, бусдаас тусламж авах, идэвхигүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон байтал анхан шатны шүүхээс хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2015 оны Эрүүгийн хуульд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт тусгагдаагүй ч Л.Нын халдлага бодитой байсан төдийгүй түүний үйлдлийг эсэргүүцэж буюу хариу довтолгоон хийж хамгаалан зогсоохоос өөрөөр зайлуулах ямар ч боломжгүй байсныг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ЩЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгох буюу С.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Ө.Учралын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 267 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч С.Мыг 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Ныг 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, С.Мнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1.10 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан ба энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөн байна.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан ба энэ хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр С.М, Л.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хууль буцаан хэрэглэх нь эрүүгийн хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ хуулийг хэрэглэх ажиллагаа бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм хорын хохирлыг тооцож тогтоох хэсгийн 4 дэх заалтаар шүүгдэгч тус бүрээс гаргуулж шийдвэрлэжээ. Гэтэл шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй... болохыг дурдаж” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсныг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                      Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                  Н.БАЯРХҮҮ