Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01205

 

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ө-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д.Ө-ыг хэсгийн ахлагч албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д.Ө- нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 12 дугаар хэсгийн хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авдаг байсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр мэдэгдэж, мөн өмнө нь удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт амаар илэрхийлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05ы өдөр Б/03 дугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж манай хорооны 12 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ болохын хувьд:

 Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоол, түүний хавсралтаар Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгтДүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250 орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос Хэсгийн ахлагчийн ажиллах журам гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл Хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг болно. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа юм.

2. Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд;

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05ы өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй.

Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно.

3. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд;

Хэсгийн ахлагч нь 7 хоногт нийтдээ 40 цаг ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ.

 Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай тушаал хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Ө- хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг. байнгын ажлын байр биш бөгөөд Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдахгүй болохын хувьд.

- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаар тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2-т Хэсгийн ахлагч нь Монгол Улсын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан нь шууд утгаараа тухайн дэмжлэг шаардлагатай үед ажиллах үүргийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл ажлын тогтмол өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүрэг биш ба хэсгийн ахлагч нар нь дэмжлэг шаардлагатай үед тодорхой аль нэг өдөр ирж ажилладаг /цагийн бүртгэл байхгүй/ юм.

Хэсгийн ахлагч нарт тогтоосон горим, хөдөлмөрийн багаж хэрэгсэл байхгүй бөгөөд баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч ажилдаггүй болно.

Дээрх журмын 2.1-т заасан Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэсэн нь ажлын байранд заасан тогтоосон горим, удирдлагаас баталсан хийж гүйцэтгэвэл зохих норм, үнэлгээ биш бөгөөд тухайн хэсгийн ахлагч хүрч ажиллах тоон хязгаар юм.

Мөн журмын 1.4 дэх хэсэгт Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилланагэж, 2.3-т Энэ журмын 2.5-д заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар журмын 1.4-д заасан гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна гэж тус тус заасан байна.

Д.Ө-ыг томилсон болоод чөлөөлсөн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр болж иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон.

Мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 359.2 дахь хэсэгт Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно., 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгтХөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно. гэж заажээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар Хэсгийн ахлагч сонгон шалгаруулах журам, Хөлсөөр ажиллах гэрээ-ний загваруудыг шинэчлэн баталсан байх ба хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Д.Ө-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Иймд гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж үзэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ыг баталсан бөгөөд уг тушаалын дугаар хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор тогтоосон. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх 30/24 тоот тогтоол түүний хавсралт "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-аар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, Хэсгийн ахлагч нарт тавигдах шаардлага хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрх айлын тоонд тулгуурлан "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ын 2.1-д заасны дагуу "Хөлсөөр ажиллуулах гэрээ"-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д зааснаар гурван тал /Иргэн, хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газар/ харилцан тохиролцож, хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг байгуулсан. Дээрх "Хөлсөөр ажиллах гэрээ"-ний хугацаатай бөгөөд "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ын 2.3-д зааснаар нэг жилийн хугацаатай байгуулж, 6.6-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сард "Хөлсөөр ажиллуулах гэрээ"-г дүүргийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байсан. "Хөлсөөр ажиллуулах гэрээ"-г байгуулах үед иргэн Д.Ө- нь гэрээтэй холбоотой ямар нэгэн санал, татгалзал, гэрээний нэр, төрлийг өөрчлөх санал гаргаж байгаагүй, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Төр, Төрийн байгууллага, албан тушаалтан, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний ажлын алба, албан тушаалтанд хууль, тогтоомж, журам, дээд шатны байгууллагын шийдвэр, Захиргааны актаар олгосон, зөвшөөрснөөс бусад эрхийг иргэний нэгэн адил эдлэхийг хязгаарласан байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоол, “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-д зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хэсгийн ахлагч нартай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31ний өдөр дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/03 тоот тушаал гаргаж Хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд Засаг даргын Тамгын газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан.” гэж Хэсгийн ахлагчийн ажил нь байнгын ажлын байр, Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хуулийн зохицуулалтаар зохицуулагдах харилцаа биш гэж маргаж байна.

1. Хэсгийн ахлагч нарт дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хорооноос ямар нэгэн байнгын ажлын байр зааж өгөөгүй, энэ талаар “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-нд тусгасан зүйл байхгүй болно.

2. Ажлын байрны тодорхойлолтоор эрхлэх ажлын горим тогтоогоогүй, хэсгийн ахлагчийн ажлыг хийхдээ ашиглах тусгайлсан хөдөлмөрийн багаж хэрэгсэл ямар нэгэн эд хөрөнгө хүлээлцэх актаар олгоогүй.

3. Ажил олгогч гэж үзээд байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний төлөөлөгчийн удирдлага гэж үзээд байгаа хорооны Засаг дарга нар нь хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг тогтоогоогүй урамшууллын хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон байна.

4. Хэсгийн ахлагчтай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-нд ажлын өдрийг сард хэд байх талаар заагаагүй, нэг өдөрт хэдэн цаг ажиллах талаар заагаагүй байна. Хэсгийн ахлагч нь өгөгдсөн ажлыг өөрийн зохион байгуулалтаар өөрийн боломжид тааруулж хийж байсан.

5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйл 359.2 “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.” гэж зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ямар ч ажил үйлчилгээ байж болохоор заасан байна. Дээрх нөхцөл байдал нотлох баримтуудаас үзэхэд хэсгийн ахлагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод нийцэхгүй бөгөөд байнгын ажлын байр биш гэдэг нь нотлогдож байна. Байнгын ажлын байр биш тул Хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагагүй. Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 2 дугаарт “Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.10.30-ны өдрийн 30/24 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/23 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвхөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан, Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна.” гэж маргаж байна.

1. Төр, Төрийн байгууллага нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүтэц, ажлын байрны жагсаалтыг дүүргийн Засаг дарга баталдаг. Хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр биш тул бүтэц, ажлын байрны орон тоонд байхгүй. Тухайн дүүрэгт байнга оршин суух бүртгэлтэй иргэнийг хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаарч ажиллуулдаг. Хэрэв тухай хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх айлуудын тоо цөөрч эсвэл тухай хороонд өрх айл оршин суухаа больсон тохиолдолд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай байна.

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/82 тоот, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/236 тоот “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” захирамжаар тус тус Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрыг тогтоосон. Дээрх захирамжуудад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, “10.4. Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчдын жагсаалтыг гаргасан байдаг энэ жагсаалтад хэсгийн ахлагчийн албан тушаал байхгүй.

3. Хэсгийн ахлагчийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйл, 57.5. Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно: гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 тоот “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөлсийг тогтоох ёстой гэтэл хэсгийн ахлагчийн урамшууллыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Д.Ө-тай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээгээр тохирсон урамшууллыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас саадгүй олгож, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул “Иргэний хуулийн 364 дүгээр зүйл 364.1.-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.” гэж заасны дагуу дуусгавар болсон. Нэхэмжлэгч талын маргаж байгаа Хөдөлмөрийн харилцаатай төсөөтэй харилцаа боловч зарим нэг нарийн ялгаа, хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.1-д заасан 4-н шаардлагыг хангасан байхыг шаарддаг хэрэв 21.1-д заасан 4-н шаардлагаас аль нэг нь байхгүй бол хөдөлмөрийн гэрээ гэж үздэггүй. Хөдөлмөрийн тухай хууль 21 дүгээр зүйл, 21.1.2.-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; гэсэн байдаг. Хэсгийн ахлагч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ө- нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч тал Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт Нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ажлын онцлогоос үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, байнгын ажлын байранд Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Монгол улсын Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар Төсвийн байгууллагын ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай тогтоолын 3.1.-д  “Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд нь зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх заавар болон үлгэрчилсэн гэрээг харьяа байгууллагынхаа онцлогт тохируулж боловсруулан төсвийн ерөнхий менежерүүдэд чиглэл өгч ажиллаж, ажлын явцад хяналт тавина.”6.2.-т Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд “Санхүү, бүртгэлийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ /байгууллагаас/, ном, хэвлэл бэлтгүүлэх, худаг, ус, хоолны газрын үйлчилгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, сантехникийн үйлчилгээ, цахилгаан хангамжийн үйлчилгээ, усан, хангамжийн үйлчилгээ, холбооны үйлчилгээ, эрүүл ахуй, ариутгалын үйлчилгээ, барилга засвар, мужааны үйлчилгээ, мод, зүлэг, ногоон байгууламжийн үйлчилгээ, мал маллах, харуул, хамгаалалтын үйлчилгээ, галын аюулгүй байдлын үйлчилгээ, үсчин, гоо сайхны үйлчилгээ, хувцас өлгүүрийн үйлчилгээ, биеийн тамир, урлаг соёлын нийтлэг арга хэмжээ, авто гараашийн болон авто зогсоолын үйлчилгээ, бусад.” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30/24 тоот тогтоолыг баталж, Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталжээ.

Дээрх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны 30/24 тоот Журам батлах тухай  тогтоол”-оор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ыг баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөхөөр, хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор тогтоожээ./хх-ийн 22 дугаар тал/

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолын хавсралт Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын:

1 дүгээр зүйлийн 1.2-т Хэсгийн ахлагч нь Монгол улсын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гарсан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хөнгөн шуурхай, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх,

1 дүгээр зүйлийн 1.4-т Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үнсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана.

2 дугаар зүйлийн 2.1-д Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хооронд 200-250, орон сууцны хорооллын хооронд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно.

2 дугаар зүйлийн 2.3-т энэ журмын 2.5-д заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар журмын 1.4-д заасан гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна.

2 дугаар зүйлийн 2.5-д Хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага:

2.5.1. Тухайн дүүрэгтээ байнга оршин суух бүртгэлтэй байх,

2.5.2.Эрүүл мэндийн болон эрх зүйн бүрэн чадамжтай байх,

2.5.3.Бүрэн дундаас дээш боловсролтой,

2.5.4.Баримт бичиг боловсруулах, компьютер техник хэрэгсэл дээр ажиллах чадвартай байх,

2.5.5.Ял шийтгэлгүй байх гэж Хэсгийн ахлагч-аар ажиллах иргэдийн сонгон шалгаруулан ажиллах болзлыг заажээ. /хх-ийн 23-27 дугаар тал/

Иргэн Д.Ө- дээрх болзлыг хангасан гэж үзэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/10 тоот Хэсгийн ахлагчдыг ажилд авах тухай тушаалаар тус дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 8-4 тоотод оршин суугч иргэн Д.Ө-ыг  тус дүүргийн 24 дүгээр хорооны 13 дугаар хэсгийн ахлагчаар томилж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 50-53, 4-5 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг зохицуулдаг бөгөөд талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн гэрээний эрх зүйн маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогч нарын хооронд хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтан тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгох ба хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг заавал тусгасан байхыг шаарддаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэсгийн ахлагчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар байнгын ажлын байр гэж маргах боловч Хэсгийн ахлагч ажиллуулах журмын 2.1, 2.3, 2.5 д заасан зааснаар зохигчид Хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх тул хорооны хэсгийн ахлагчийн ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй болно.

Иргэний  хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иргэний хөлсөөр ажиллах гэрээнд субъект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил төстэй атал ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээ цуцлах журам зэрэг нь өөрөөр тусгагдаж болно.

 

Хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар Хөлсөөр ажиллах гэрээ авагджээ./хх-ийн 46-49 дүгээр тал /

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .....Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга ажлаас чөлөөлөгдөхдөө өөрт байсан бүх баримт бичгийн хүлээлгэн өгөхгүй, аваад явсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны Хөлсөөр ажиллах гэрээ олдохгүй байна. гэж тайлбарласан, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх-ийн 44-45 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссаныг гэрээ дуусгавар болох өдрөөс ажлын 15 хоногийн өмнө дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэсгийн ахлагч нарт мэдэгдэнэ гэж зааснаар бидэнд мэдэгдээгүй гэж тайлбарлах хэдий ч энэ талаар баримтаар нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Түүнчлэн, Хөлсөөр ажиллах гэрээний 7.3-т Гэрээ дуусгавар болохыг мэдэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор хэсгийн ахлагч нь гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн саналыг дүүргийн Засаг даргын тамгын газарт ирүүлэх ба тогтоосон хугацаанд ирүүлээгүй санал хүчингүйд тооцогдоно гэж зааснаар нэхэмжлэгч тушаалтай танилцаад, гэрээг үргэлжлүүлэн ажиллах талаар хариуцагчид мэдэгдээгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ө- нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаар тогтоолоор баталсан тогтоолын Хэсгийн ахлагчийн ажиллах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 24 дүгээр хорооны Засаг даргатай гурвалсан гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан нь хэрэгт баримтаар авагдсан болно./хх-ийн46-49 дүгээр тал/

 Дээрх гэрээний хугацаа дуусгавар болж, дахин 2020 онд нэг жилийн хугацаатай гэрээг дахин байгуулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаар тогтоолоор тогтоолын 2-т заасны дагуу хэсгийн ахлагч нарт сар бүрийн олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл сар бүр 480,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл сар бүр 630,000 төгрөгийн урамшуулал авч, Хөлсөөр ажиллах гэрээ”-д тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн талаар маргаагүй, хэрэгт авагдсан баримтаар  нотлогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот  Нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нарыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулах тухай тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх ба Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо батлагдаагүй байна.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.”, энэ хуулийн 366.1.-д ”Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно. гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтийг илэрхийлээгүй, ажиллуулагч гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Хөлсөөр ажиллах гэрээ”-г дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах  хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байранд нэхэмжлэгчийг ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 12 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Д.Ө-ыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалд заасан  хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь  хууль зөрчөөгүй  гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамааруулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн тухай 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д.Ө-ыг хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.Ө-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ