| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/00147/И |
| Дугаар | 101/ШШ2021/01295 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2021/01295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Ц-д холбогдох
Гэм хорын хохиролд 1,209,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ганбат, хариуцагч Г.Ц-, иргэдийн төлөөлөгч Ж.Оюунбаатар, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 50-93 УБР улсын дугаартай Toyota prius 41 маркийн суудлын автомашинтай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын буудлын гэрлэн дохион дээр зогсож байхад 63-56 УБЭ улсын дугаартай mazda Familia маркийн машины тоормос ажиллахгүй болчихлоо гээд эрчээрээ ирж мөргөсөн. Цагдаад дуудлага өгөөгүй болно. Тухайн үед явган хүний гарцаар хүмүүс гарч байсан ба миний урд байсан машиныг давхар мөргөж зогссон. Бодь даатгалд урд машинаа мөргөсөн гэдгээ хэлээгүй учир хохирлыг Г.Ц- өөрөө төлж барагдуулахаар болсон. Вендо үнэлгээгээр гарсан 3,038,000 төгрөгийн зардлыг Бодь даатгалаас төлсөн. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгөнд хохирол учруулж үнэлгээ бага дүнтэй хийгдсэнээс машины хойд талаа өөрөөсөө нэмж 420,000 төгрөг гаргаж машинаа засуулсан. Хойд талд авах гэрэл 400,000 төгрөг, никел тавцан 60000 төгрөг, урд буферын засвар 337,800 төгрөг, үнэлгээ хийлгэхэд мөнгө дутахад надаас гарсан 10,000 төгрөг нийт 1,209,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариу тайлбартаа: Миний бие үнэлгээ хийлгэхэд гарсан 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: уг 50-93УБР улсын дугаартай Toyota prius 41 маркийн авто тээврийн хэрэгслийг 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн жолоодож явсан mazda Familia маркийн 63-56 УБЭ улсын дугаартай машины тоормос ажиллахгүй болсноос мөргөсөн. Бид үнэлгээний газар хамт очиж үнэлгээ хийлгэсэн. Бодь даатгалаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Н-ын дансанд 3,038,000 төгрөг шилжиж орсон. Үнэлгээ хийгдсэнээс хойш нэхэмжилж буй засвар үйлчилгээ нь зам тээврийн ослоос үүдэлтэй гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд Е баримтгүй үнийн дүн засвартай санхүүгийн анхан шатны баримт гэдэг тодорхойгүй байна. Би нялх хүүхэдтэй ажилгүй байгаа. Бодь даатгалаас 5,000,000 төгрөг хүртэлх мөнгө орон боломжтой. Надад өөрөөс мөнгө гарсан талаар урд нь ерөөсөө хэлээгүй. Урд тал засуулах хэмжээний хохирол учраагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас Вендо үнэлгээ хийлгэхэд нэхэмжлэгчээс авсан 10,000,000 төгрөгийг зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч Ж.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Г.Ц- бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон байна. Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй.Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн автомашиныг мөргөж хохирол учруулсан байх тул хариуцагчийн ажиллаж байгаа албан газраас гаргуулах нь зүйтэй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Г.Ц-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан хохиролд хойд гэрэл 400,000 төгрөг, никел тавцан 60,000 төгрөг худалдан авсан, урд буфер засварлахад 337,800 төгрөг, автомашин засуулахад өөрөөс гарсан 402,000 төгрөг, Вендо үнэлгээний газар үнэлгээ хийлгэхэд төлсөн 10,000 төгрөг, нийт 1,209,800 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “Вендо” ХХК-ийн үнэлгээ хийлгэхэд Б.Н-оос авсан 10,000 төгрөгийг зөвшөөрнө, жолоочийн хариуцлагын даатгалаас төлөгдсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Г.Ц- нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн үед мазда фамиля /mazda famiha/ маркийн 6356 УБЭ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, төв замд, Вива сити хотхоны автобусны буудлын дэргэдэх гэрлэн дохионы дээр зогсож байсан тоёота приус/тоуоta prius/ маркийн 50-93 УБР улсын дугаартай нэхэмжлэгч Б.Н-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн ар талаас мөргөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зураг, хөрөнгийн Үнэлгээний Вендо ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлыг үнэлгээний тайлангийн хавсралт зэрэг нотлогдож байна./хх-ийн 4-7, 12-14 дүгээр талууд/
Мазда фамиля /mazda famiha/ маркийн 6356 УБЭ улсын дугаартай авто машин нь “Богд банк” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч Г.Ц- нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “өөрийн хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, 89.3-т “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж тус тус зохицуулснаар, шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т “Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.”;
Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4-д
а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
3.6. Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно. гэж заасан.
Хариуцагч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн ар талаас мөргөж хохирол учруулсан талаар талууд маргаагүй.
1. Хойд гэрэл 400,000 төгрөг, никел тавцан 60,000 төгрөг нийт 460,000 төгрөг, авто машин засуулахад өөрөөс гарсан 402,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Зам тээврийн осол гарсан өдөр буюу 2019 оны 09 дүгээр арын 22-ны өдөр хийсэн “Вендо хөрөнгийн үнэлгээ”-ний ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, үнэлгээнд тодорхойлсноор автомашины эвдэрсэн эд ангийг солих, засварлахад гарах шууд зардал 2, 270,000 төгрөг, эд анги солих засварлалттай холбоотой шууд бус зардлын буюу ажлын зардал 2,855,000 төгрөг нийт 3,038,000 төгрөгийн үнэлгээ тогтоогджээ./хх-ийн 5 дугаар тал/
Хариуцагч Г.Ц- нь Бодь даатгал ХК-тай 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг байгуулснаар 9 дүгээр сарын 22-ны өдөр нөхөн төлбөр олгох тухай хүсэлтийг гаргажээ. “Бодь даатгал” ХК даатгалын тохиолдлыг цахимаар хүлээн авч Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар хохирлын үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгч Б.Н-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нийт 3,038,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон талаар талууд маргаагүй./хх-ийн 86-87 дугаар тал/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангийн хавсралтын жагсаалтын “5 дугаарт зүүн хойд гэрэл 400,000 төгрөг, 6 дугаарт хойд буферын хамгаалт тавцан /никель/ 60,000 төгрөг” гэж дурдагдаж, “Бодь даатгал” ХК-иас хохирлын үнэлгээний тайланг үндэслэн нөхөн төлбөрт төлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгч тухайн зардлыг хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч даатгалаас авсан мөнгөн дээр хойд буфер шинээр худалдан авахад өөрөөс 402,000 төгрөгийг зардал гарсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, энэ хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Тоёота Пприус/tоуоta prius/ маркийн 50-93 УБР улсын дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтын 3 дугаарт “....хойд буфер эвдрэл дунд, засварлах 185,000 төгрөг” гэж үнэлснээс үзэхэд хойд буферийн эвдрэлийг засварлах боломжтой гэж дүгнэсэн атал нэхэмжлэгч шинээр сэлбэгийг худалдан авч, хариуцагчаас зөрүү төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй байна.
Зохигчдын хооронд үүссэн маргаан буюу зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг хөндлөнгийн шинжээч үнэлж мэргэжлийн дүгнэлт гаргасан байхад уг үнэлгээнээс давсан дүнгээр зардал гаргасан /шинэ хойд буфер/ нэхэмжлэгчийн өөрийн сонголт бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.
Иймд хойд гэрэл 400,000 төгрөг, никел тавцан 60,000 төгрөг, өөрөөс гарсан зөрүү төлбөр 402,000 төгрөг нийт 862,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
2. Урд буфер засварлахад 337,800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ”.... гэрлэн дохионы дээр миний жолоодон явсан тээврийн хэрэгсэл зогсож байхад хариуцагчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл ар талаас ирж мөргөсний улмаас би урд машиныг мөргөж миний авто машины урд буферын түгжээ эвдэрснийг одоо хүртэл засуулаагүй” гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлыг үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд буферийн эвдрэлийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Вендо хөрөнгийн үнэлгээний” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон гэж тайлбарласан боловч энэ талаар эрх бүхий этгээдээс тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь түүнийг нотлох эрхээ алдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгчийн тоёота приус/Тоуоta prius/ маркийн 50-93 УБР улсын дугаартай автомашины урд буферийн хохиролд 337,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдийг дүгнэвэл хариуцагчаас 10,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,199,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлагыг хариуцагчийн ажиллаж буй албан газраас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.
Хариуцагчийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэл нь “Бодь Банк” ХХК-ийн өмчлөлд байсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
Хариуцагчийн ажиллаж буй хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад Г.Ц-ын жолоодон явсан тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, гэм хорын хохирлыг хариуцахгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ц-аас 10,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 1,199,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Д.ЦЭРЭНДОЛГОР