Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0051/3 |
Дугаар | 128/ШШ2022/0531 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2022/0531
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б***
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын референт Р.Ж*** нарын хоорондын Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 72/188 дугаар тушаалаар “...Зарим... аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар... Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд ... хяналт шалгалт хийх... үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан” дагуу хяналт шалгалтын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллан, тайлан гаргаж, маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 278 дугаар тогтоолыг гаргасан.
3. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
. 4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс
шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“...Г.М*** нь Татварын ерөнхий газрын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/457 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагаар томилогдсон ба 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/549 тоот тушаалаар чөлөөлөгдөж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.А-ны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын албаны аудитаар томилогдсон. Үүний дараа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 тоот захирамжаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаартай тогтоолоор Г.М***-ыг Санхүүгийн хяналт, аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг тус тус зөрчиж байгаа учраас тухайн захирамж гаргасан эрх бүхий этгээдийг гаргасан захирамжаа хүчингүй болгохыг даалгасан тогтоол гаргасан нь нэхэмжлэгчийн хууль, ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитороор ажилладаг миний хувьд шатлан дэвших зарчмын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо болох Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Хөвсгөл аймгийн Засаг даргын ажилд томилсон захирамжид тус ажлын байрны тусгай шалгалт зарлагдах хүртэл Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх талаар тодорхой заасан байхад тусгай шалгалт өгөөгүй иргэнийг томилсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь дэд дарга, орлогчгүй, нэгжийн даргагүй байгууллага тул даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3. дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагч болох Г.М***-ыг томилсон нь зөрчилтэй томилгоо гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын тушаалаар татварын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны мэдэлд шилжүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын Г.М***-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар төрийн байгууллагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Үүнд орон нутгаас Хөвсгөл аймаг багтсан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл болон 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасны дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн төрийн захиргааны нийт 22 байгууллагад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад Санхүүгийн хяналт, аудитын газрын даргын албан тушаалд томилогдсон Г.М***-ыг зөрчилтэй томилогдсон гэж үзсэн. Г.М***-ын хувьд Татварын ерөнхий газрын, татварын улсын байцаагчийн албан тушаалтай байсан ба шилжүүлэн томилсон үйлдлийг хууль бус гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор тогтоосон. Учир нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны Б/12 тоот тушаалын хавсралтаар албаны дарга буюу ахлах улсын байцаагчийн орон тоо 1, улсын байцаагчийн эрхтэй ахлах аудиторын орон тоо 1, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхтэй дотоод аудиторын орон тоо 2, санхүүгийн хяналтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын орон тоо 2, дотоод аудиторын орон тоо 1 зэрэг төрийн захиргааны байгууллагын орон тоог баталсан байдаг. Тухайн хяналт шалгалтын явцад Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь В.Н гэх хүн байсан ба сахилгын шийтгэлээр төрийн албанаас халсан тушаалыг эс зөвшөөрч В.Н нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байсан. Мөн ахлах аудиторын албан тушаалд А.Д гэх хүн ажиллаж байсан ба мөн түүнийг ажлаас халсан учраас Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байсан. Ингээд улсын байцаагчийн эрхтэй ахлах аудитор гэсэн албан тушаалд зохих ёсны хүмүүсийг томилон ажиллуулж байсан ба орон тоо байхгүй албан тушаалд Г.М***-ыг томилсон нь буруу гэж ажлын хэсэг дүгнэсэн. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 1/229 гэсэн албан бичгээр “...Хяналт, шалгалт хийгдэж байгаа болон хугацаа хоцорч байна, улсын байцаагчийн эрхтэй ахлах аудиторын эрхийг нэгээр нэмэгдүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Хүсэлт хүргүүлсэн өдрөөр нь буюу аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1885 тоот албан бичгээр “...орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрөв” гэсэн хариу өгсөн байдаг. Гэтэл тухайн Засаг дарга төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сан, орон тоо байхгүйгээс үүдэн ажлын ачаалал их болж байгаа эсэхийг судалж үзээд ажлын байрны шинжилгээ хийсний үр дүнд ажлын ачаалал ихтэй болон орон тоо нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагад орон тоон нэмэгдүүлэх тухай захирамж гаргах ёстой байсан. Албан бичгээр хариу өгч байгаа нь Архив албан хэрэг хөтлөлтийн стандартад нийцээгүй бөгөөд албан бичиг нь зөвхөн мэдээлэл солилцох үүрэгтэй зохион байгуулалтын баримт бичиг юм. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн байгууллагын дотоод руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд дотогш чиглэсэн захирамж гаргах ёстой гэж үзэж байна. Түүнээс гадна ажлын байрны болон чиг үүргийн шинжилгээ хийх тохиолдолд Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор байгууллагуудын чиг үүргийг дахин байгуулах аргачлалыг хавсралтаар баталсан байдаг. Төрийн болон Засгийн Газрын харьяа байгууллагууд Засгийн Газрын 22 дугаар тогтоолын дагуу чиг үүргийн шинжилгээ болон бусад холбогдох арга хэмжээг аван, бүтэц орон тоог шинэчлэн батлах эсхүл нэмэгдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллагыг нэгтгэх, хуваарилах, орон тоо нэмэх, хасах зэргийг Засгийн газрын 22 дугаар тогтоолын дагуу явуулах ёстой байтал холбогдох хууль тогтоомжийг зөрчин албан бичгээр хариу хүргүүлсэн нь үндэслэлгүй байна. Мөн Г.М***-ыг дотоод аудитороор томилон баталж байгаа тохиолдолд Ашиг сонирхлын тухай хуульд заасны дагуу тухайн иргэн дээрх албан тушаалд ажиллахад ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд хяналт тавьж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах ёстой. Гэтэл уг ажиллагааг хийгээгүй бөгөөд энэ тухай баримтыг Авлигатай тэмцэх газраас шүүхэд ирүүлсэн байдаг. Харин даргын албан тушаалд томилохдоо Авлигатай тэмцэх газарт шалгуулсан байсан. Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд “...даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан тушаалтнаар түр орлон гүйцэтгүүлнэ” гэж заасан байх ба хамгийн ойр албан тушаалтан нь ахлах аудитор юм. Г.М***-ыг ахлах аудиторын албанд бус даргын албан тушаалд шууд томилсон гэж харагдаж байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 27, 33, 43, 44 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн 278 дугаар тоот тогтоолыг баталсан ба уг тогтоолын хавсралтад Г.М***-ын нэр багтсан. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:
1. Төрийн албаны тухай хуульд зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо болох Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байхад хууль бусаар томилогдсон гэж үзсэн үндэслэлгүй,
2. тухайн албан тушаалын тусгай шалгалт зарлагдах хүртэл түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад тусгай шалгалт өгөөгүй иргэнийг томилсон гэж үзсэн нь үндэслэлгүй,
3. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд хамгийн ойр хамааралтай алба хаагч болох намайг томилсон нь зөрчилтэй томилгоо биш,
4. Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг үндэслэн төрийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
Нэхэмжлэгч Г.М*** нь Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/457 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус албаны дотоод аудитороор томилогдсон ба улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1823 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/549 дүгээр тушаал, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаал, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 9, 10 дугаар саруудын цалингийн хүснэгт, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/571 дүгээр албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05/3577 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.М***-ыг “...Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж, хууль бусаар томилсон болохыг тогтоож, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу томилсон шийдвэрийг хүчингүй болгох”-ыг Хөвсгөл аймгийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэн, тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13/2195 дугаар албан бичгээр хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар тушаал, тус тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын удирдамж, уг ажлын хэсгийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан”, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/5407 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04/1168 дугаар албан бичиг, Хяналт шалгалтын тайлантай танилцсан тухай Г.М***-ын гар бичмэл, холбогдох бусад баримтаар,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар тус аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны бүтэц орон тоог Албаны дарга, улсын ахлах байцаагч-1, Ахлах аудитор-1, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхтэй дотоод аудитор-2, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор-2, Дотоод аудитор-1, Архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтан-1, Жолооч-1, нийт 9 орон тоотой байхаар баталсан бөгөөд тухайн үед Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн томилогдсон “дотоод аудитор” гэх 1 орон орон тоонд хүн ажиллаж байсан,
улмаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/229 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргад хандан “...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд зайлшгүй шаардлагатай байгаа “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор”-ын тоог нэгээр нэмэгдүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг Хөвсгөл аймгийн Засаг дарга хүлээн авч 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1885 дугаар албан бичгээр “...Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны батлагдсан төсөвт багтаан “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор”-ын орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрөв” хэмээн хариуг хүргүүлсэн. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар батлагдсан “Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба”-ны орон тоог Засаг дарга албан бичгээр “улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрөв” гэх байдлаар нэмж шийдвэрлэсэн гэх үйл баримт хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” 4.2.1-д “хуульд үндэслэх”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” хэмээн,
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх”, 43 дугаар зүйлийн 43.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.3.3-т “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” хэмээн,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн тус тус хуульчилсан.
5. Үүнтэй холбогдуулан шүүх,
Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь “...Зарим... аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар... Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд ... хяналт шалгалт хийх” зорилгоор байгуулагдаж, холбогдох хяналт шалгалтын ажиллагааг явуулсан.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны бүтэц, орон тоог “Албаны дарга, улсын ахлах байцаагч-1”, “Ахлах аудитор-1”, “Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхтэй дотоод аудитор-2”, “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор-2”, “Дотоод аудитор-1”, “Архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтан-1”, “Жолооч-1”, нийт 9 орон тоог баталсан боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1885 дугаар албан бичгээр “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор-1” орон тоогоор нэмэгдүүлсэн.
Мөн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.М***-ыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны “дотоод аудитор”-ын албан тушаалд буюу тухайн үед сул орон тоо гараагүй албан тушаалд томилгоо хийж, улмаар дараа өдөр нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Б/39 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болохыг тодруулж мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хэдий ч маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын Г.М***-д холбогдох хэсгээр дан ганц Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгохыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь Шалгалтын ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль болон шалгалтын удирдамжид заагдсан хяналт шалгалтын үйл ажиллагааг бүрэн явуулсан хэмээн үзэх боломжгүй.
Энэхүү үйл баримттай холбогдуулан шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан эрх зүйн дүгнэлтийг хийх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул тухайн хяналт шалгалтын ажлын тайланд тулгуурлан маргаан бүхий захиргааны актыг гаргах ажиллагааг дахин хийх шаардлагатай хэмээн үзэж хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын Г.М***-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын
Г.М***-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М***ӨНХТУЛГА