Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Ө.Бямбасүрэн

Шүүгдэгч Ж.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201714000104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Эрдэнэт өртөөний холбоонд холбоочин ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-11-58 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Гал овогт Жамъянданзангийн Отгонбаатар /РД: ФД83062811/

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-11-58 тоотод эхнэр Ө.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэртээ гар хүрсэн нь миний буруу. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Дахин гар хүрэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид 2 эвлэрээд хамт амьдарч байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ө.Бямбасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нөхөр рүүгээ залгаад охиноо авчихаарай гэж ярьсан. Гэртээ ирэхэд нөхрийн машин гадаа байхаар нь машингүй явсан юм байна гэж бодоод охиноо өөрөө авчихъя гэж нөхөр рүүгээ залгаж хэлэхэд уурлаад “нэг ав, нэг боль” гээд байх юм гэсэн. Тэгээд гэртээ ороод хадам ээжтэй маргалдсан. Орой нь Отгонбаатартай маргалдаж намайг түлхэхэд нь би газар унасан. Бид хоёрын маргаан хадам ээжээс болдог. Одоо бид хоёр хүүхдүүдтэйгээ хадам ээжээс тусдаа амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн гэсэн мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 162 дугаартай дүгнэлтэнд:

1. Ө.Бямбасүрэнгийн биед дух, цээж, зүүн хөл, хэвлий, 2 тохой, баруун гар, зүүн бугалга, дагзанд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шинэ гэмтлүүд байна.

5. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 13 ху/,

 

-Ж.Отгонбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 18-21 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-11-58 тоотод эхнэр Ө.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ө.Бямбасүрэнгийн“...Отгонбаатартай маргалдаж намайг түлхэхэд нь би газар унасан. Бид хоёрын маргаан хадам ээжээс болдог” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед дух, цээж, зүүн хөл, хэвлий, 2 тохой, баруун гар, зүүн бугалга, дагзанд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 162 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Ө.Бямбасүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Отгонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.