| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Д,
Шүүгдэгч: Т.Бт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б- овогт Т-ын Бт холбогдох эрүүгийн 24350000000.. дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................................ өдөр Увс аймгийн ....................... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б- овогт Т-ын Б, (Регистрийн дугаар: ..............................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 1 дүгээр багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ч.Ш-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 1 дүгээр багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ч.Ш-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал);
2. Архины шилэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дахь тал);
3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай “...Үзүүлэгч Ч.Ш-ын биед духны зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эдгэж буй гэмтэл байна... Духны хэсэгт язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал);
4. Хохирогч Ч.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ....................... сумын төвд байх ээжийн гэрт байж байтал С.Э- гэх ах манай ээжийн гэрт орж ирж золгосон. Тэгээд намайг дүү хэзээ ирсэн юм бэ, манайд ороод ир гэхээр нь С.Э- гэдэг ахыг дагаад тэдний гэрт орсон. Тэгээд хоол хийж өгсөн ба би тэдний гэрт орохдоо дэлгүүрээс нэг шил Экс нэртэй 0,75 литрийн архи өгч тэрийг С.Э- бид хоёр уугаад дуусаж байтал Т.Б гэдэг ах гаднаас тэдний гэр лүү орж ирсэн. Тухайн үед 16 цаг болж байсан байх, С.Э- нэг бор өнгөтэй виски архи задлахаар нь Т.Б, С.Э- бид гурав хувааж уусан. Тэгээд архи нь дуусаад ойр зуурын юм яриад сууж байхад С.Э- ах бид хоёр хөдөө хамт явах болоод байж байтал Т.Б гэдэг ах намайг дулаан хувцас өмс, хөдөө явах гэж байгаа бол гэхээр нь би тэр хүний урдаас гөлөг минь чамд ямар хамаатай юм бэ, би юугаа өмсөх нь миний асуудал гэсэн. Гэтэл Т.Б ах гэнэт уурлаад над руу юм шидэх шиг болсон ба миний зүүн талын нүд сонин болоод духнаас цус гараад гоожоод эхэлсэн. Тэгээд юугаар цохичихвоо гэж хартал сүүлд уусан вискиний шил байсан. Тухайн шидсэн шил миний духанд хүчтэй цохигдсон ба нэлээн цус гарч, болохоо байгаад сумын эмнэлэг дээр очиж духныхаа язарсан хэсэгт оёдол тавиулсан. ...Миний толгой уруу архины шил шидэж цохих үед С.Э-, Т.Б, н.Т- гэх хүмүүс байсан. ...Миний духны язарсан шархыг цэвэрлэж 6 ширхэг оёдол тавьсан...Т.Б надад эмчилгээний зардал гэж 600.000 төгрөг өгсөн. ...Одоо надад ямар нэгэн гомдол, хохирол байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дахь тал);
5. Гэрч С.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би ....................... сумын н.Д- гэх айлд очиж тэр хүнд золгосон. Тэгтэл залуу нь болох Ш /Ч.Ш-/ Улаанбаатар хотоос ирсэн байхаар нь манай гэрт ороод гар, цай уу гэж хэлэхэд Ч.Ш- манай гэрт орж цай ууж, хоол идсэн. Тэгээд манай гэрт ирэхдээ 1 шил архи өгөхөөр нь тэрийг нь задалж хоёулаа хувааж уусан. Тэгж байтал Т.Б манай гэрт орж ирэхээр нь дахиад нэг шил виски байсныг тэр хоёрт задалж гурвуулаа хувааж уусан. Тухайн үед би нэлээн согтсон байсан ба Т.Б, Ч.Ш- руу ууж байсан архины шилийг шидэж цохичихлоо гэсэн юм болж байсан ба Ч.Ш-ын толгойноос цус гарч гоожиж байсан. Яг юунаас болж цохисныг нь анзаараагүй ба нэг мэдэхэд тийм л юм болж байсан. Нэг их маргалдсан зүйл байгаагүй бөгөөд чухам юунаас болж цохисныг нь сайн мэдэхгүй байна. Яг архины шилийг Ч.Ш- руу Т.Б шидэх үеийг хараагүй, Ч.Ш- толгойгоо дараад цус гарч байхад юу болсон бэ гэж асууж шилээр цохисныг мэдсэн. Тэгээд Ч.Ш-ыг эмнэлэгт хүргэж толгойд нь оёдол тавиулж, боолт хийлгүүлээд гэрт нь хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал);
6. Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Э-ийн гэрт очиход ах Ч.Ш-ын толгойны дух хэсэгт нойлын цаас тавьж, даавуугаар ороосон байхаар нь юу болсон талаар асуухад Т.Б манай гэрт орж ирээд сууж байхдаа архины шил шидэж Ч.Ш-ын толгой руу нь оночихлоо. Янз бүрийн хэрүүл маргаан болоогүй гэж байсан. Тэгээд эмнэлэг дээр ахыг дагуулж очоод эмчид үзүүлж дух хэсэгт 6 ширхэг оёдол тавиулсан. Дух хэсгээр цус гараад тогтохгүй байхаар нь оёдол тавиулсан...Т.Б гэдэг ахтай өнөөдөр уулзахад тал архи байсан, энэ хүмүүст архи уулгахгүй гэж бодоод Ч.Ш-ын дээгүүр нь давуулж, гэрийн хаяа руу шидэх санаатай шидэхэд толгойг нь оночихлоо. Муухай юм боллоо, уучлаарай гэж хэлээд уучлалт гуйсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал);
7. Гэрч Ж.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш тус сумын эрүүл мэндийн төвд Ч.Ш- гэх иргэн согтуу, толгойгоо даавуугаар ороосон байдалтай ирж анхны тусламж үйлчилгээ авсан. Тухайн иргэний зүүн талын хөмсөгний дээд талд 4 см урттай, доошоо 1 см гүнтэй зүсэгдсэн шархтай байсан ба шархны анхны цэгцлэлт хийж, 6 ширхэг оёдол тавьж, ариун боолтоор боож өгсөн. Мөн өвчин намдаах тариа, цус тогтоох тариа зэргийг хийсэн. Уг иргэн анх эмнэлэгт ирэхэд шархнаас цус тогтохгүй, нэлээн цус гоожсон байдалтай, даралт нь унасан байдалтай байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал);
8. Шүүгдэгч Т.Бын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ш-ын эрүүл мэндэд “духны зүүн хэсэгт язарсан шарх” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Т.Б-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
10. Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ч.Ш- нь мөрдөн байцаалтын шатанд “...Т.Б надад эмчилгээний зардал гэж 600.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгийг өгсөн, мөн хохирогчоос “...Т.Б нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад гомдолгүй, цаашид санал, хүсэлт байхгүй болно” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 52 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Баас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 49 дэх тал);
Шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 600.000 (зургаан зуун мянга) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Т.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Т.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн хор уршигт 600.000 (зургаан зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА