| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-04-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч: Р.Т-, Р.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБ-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Р-гийн Х-, Б- овогт Р-гийн Т- нарт холбогдох эрүүгийн 2235001210... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ............................... төрсөн, ............ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Увс аймгийн ..................сумын 11-р багт оршин суух хаягтай,
-Урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон, мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил, 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 9 сар,14 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 5 сар, 2 хоног хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, ялыг эдэлж дууссан,
-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Р.Х-д оногдуулсан хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай магадлалаар Р.Х-гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил, 6 сар, 26 хоногоор тогтоож байсан, Б- овогт Р-гийн Х-, (регистрийн дугаар: ..................);
2. Монгол Улсын иргэн, ........................................ны өдөр Увс аймгийн .......................суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн .....................сумын 8 дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б- овогт Р-гийн Т-, (регистрийн дугаар: ................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Т-, Р.Х- нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ......................сумын 3 дугаар багийн нутаг “.........................” гэх газраас тус багийн иргэн Б.Ө-гийн 2 тооны үхэр хулгайлж, нийт 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Р.Т-, Р.Х- нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ......... сумын 3 дугаар багийн нутаг “Хусны үзүүр” гэх газраас тус багийн иргэн Б.Ө-гийн 2 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, нийт 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Р.Х-, Р.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч Р.Х-гийн зүгээс хохирогчид 3.400.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан учир энэ шийтгэх тогтоолоор Р.Х-, Р.Т- нараас хохирогчид гаргуулах хохиролгүй. Хохирогч Б.Ө- нь шүүгдэгч Р.Х-, Р.Т- нараас баримтгүйгээр эрлийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зардал 1.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн учир баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч Р.Х-г эрэн сурвалжилж олж тогтоосон зардалд 1.001.644 төгрөгийг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Р.Х-гээс гаргуулж Увс аймгийн Цагдаагийн газарт олгох” гэх дүгнэлтийг;
2. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Р.Х-гийн зүгээс малыг ганцаараа авч ирж нядалсан гэдэг тайлбар гаргаж байгаа. Харин шүүгдэгч Р.Т- нь мал нядлах үед Зүүнговь сум руу явсан байсан тул хэрэгт хамааралгүй талаар тайлбар гаргасан байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Ө-гийн хувьд “2022 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хотонд мал байсан боловч өглөө эрт босоод харахад 2 тооны үхэр алга болсон” талаар мэдүүлсэн. Тухайн өдөр 2 тооны үхрээ хайж машин унаагаар шатахуун зарцуулж малаа эрж хайж яваад малынхаа сураг гаргаж нядалсан байсныг нь олж мэдсэн байдаг. Б.Ө-гийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс зөвлөгөө авч өмгөөлөл хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажиллагаанд оролцож байсан. Б.Ө- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 5 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Р.Х-гийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирол 3.400.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Хулгайн гэмт хэрэг үйлсэн этгээдийг гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “...Р.Х- нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир гэм буруугийн хувьд маргаангүй. Шүүгдэгч Р.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Р.Т-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа юм. Р.Х- мэдүүлэгтээ “2 тооны мал хулгайлж 1 малыг тууж явуулаад нөгөө малыг нь нядалсан” гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Р.Х- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 3.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Р.Х- нь зорчих эрх хязгаарлах ял эдэлж байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд бугуйвчийн цэнэг дууссан учир дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид зорчих эрх хязгаарлах ялын хүрээнд байршлын цэгийг яг таг заадаггүй, баримжаалж заадаг талаар илэрхийлсэн байгаа. Р.Х- нь ганцаараа хохирогчийн 2 тооны үхрийг хулгайлж нэг үхрийг тавьж явуулаад нөгөө үхрийг нядалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Хохирогчийн зүгээс өмгөөллийн хөлс, мал эрж хайсны хөлс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хөлс нийт 1.600.000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Тухайн хохирлын тооцоо нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд 1.001.644 төгрөгийг нэхэмжилж байгаа. Р.Х-г зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн гэж үзэж эрэн сурвалжилсан бол шүүхээс Р.Х-д хорих ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Р.Х-г зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй байхад эрэн сурвалжилсан гэж зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Р.Т-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Р.Х- Р.Т- нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтээр нийт 22 нотлох баримтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэгдсэн. Гэрч Ж.Б-ын зүгээс “С.Р- надад хандаж миний хэрэгт холбоотой юм байна гэдэг байдлыг хэлсэн” гэж мэдүүлдэг боловч С.Р-гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт Ж.Б-ын хэлж байгаа шиг зүйл байдаггүй. Гэмт хэрэг гарсан хугацаанд Р.Т- нь суманд байгаагүй байдаг. Гэрч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах хүсэлт гаргаж байсан боловч хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байдаг. Гэрч Ж.Б-ын мэдүүлгийг үндэслэн Р.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Ж.Б- нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бөгөөд гэрч С.Р-гийн мэдүүлэгт Ж.Б-ын ярьж байгаа шиг зүйл авагдаагүй байгаа юм. Хохирогч өөрөө хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нядлагдсан малаа очиж харсан бөгөөд Р.Т- гэртээ байгаагүй гэж мэдүүлсэн. Харин мал хулгайд алдагдсаны дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цагдаа нартай Р.Т-ын гэрт очих үед гэртээ байсан гэж мэдүүлсэн. Иймд Р.Т- 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байгаагүй гэж дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байна. Р.Т- мэдүүлэгтээ “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би аймаг руу яваад аймагт нэг хоноод Зүүнговь сум руу ирсэн” гэж мэдүүлдэг. Р.Т-ын эхнэрийн дансанд 1.000.000 төгрөг орсон талаар улсын яллагч дурдсан байсан. Р.Т-ын эхнэрийн хувьд мөнгөө бэлнээр хадгалж байгаад аймаг орох үедээ дансандаа хийсэн гэж мөнгөнийхөө эх сурвалжийг хэлсэн. 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгох санал прокурорт хүргүүлж байсан боловч прокуророос удаа дараа хэрэгсэхгүй болгож нэмэлт ажиллагаанд буцааж байсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй гэдэг дүгнэлтийг прокурорын зүгээс хийж, мөрдөгчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байдаг. Р.Х-, Р.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг бүлэглэн санаатай нэгдэж гүйцэтгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа бол Р.Т-ын үйлдэл оролцоог хөдөлбөргүй тогтоож орж ирэх ёстой байсан. Хэргийн бодит үйл баримтыг тогтоох үүргийг прокурорт хүлээлгэсэн боловч хэргийг бодит үйлдэл оролцоог тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэмт хэрэг гарсан газар буюу Хусны үзүүр нь .................... сумын Ястын газар гэх хоорондын газар зүйн байршил хэдэн км зайтай талаар гэрч нараас асууж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ хоорондох зайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох ёстой байсан. Гэрчүүд хэрэг болсон газар хүртэл 15-20 км зайтай гэх зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд 15 км газар ямар зайтай туулах уу? 20 км газрыг ямар зайтай туулах уу гэдэг нь 2 өөр асуудал юм. Р.Х- мэдүүлэгтээ “уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд өмнө нь мал нядалгааны газар ажиллаж байсан учир үхрийг ганцаараа нядлах боломжтой” гэдгээ хэлсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Т-т ашигтай байдлаар шийдвэрлэж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч Р.Т- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Р.Х-тэй бүлэглэж, 2 тооны үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн шөнө би гэртээ, Р.Х- манай аав С.Р-гийн гэрт хонож байсан. Би Р.Х-г тэр шөнө үхэр нядалсан эсэхийг мэдээгүй. Би эхнэрийн хамт Зүүнговь сум явахаар болоод Р.Х-гээр мал харуулахаар түүнийг дуудсан. Тэгээд Р.Х-г манайд ирэхэд малаа харуулчихаад би Зүүнговь сум яваад ирсэн. Манай аав С.Р-гийн хэрэглэдэг аяга, түмпэн, хутга зэргийг би хараад танихгүй, сайн мэдэхгүй. Тэр үеэр аав С.Р- гэртээ байгаагүй, эмнэлэгт хэвтэж байсан. Манай аав С.Р-гийнх манайхтай айл байсан, эзэнгүй үед гэрийг нь цоожлоод байдаггүй, онгорхой байдаг. Тэгэхээр хэн нэгэн аавын түмпэн савыг ашигласан байх. Би мэдэхгүй байна. Надад хийсэн хэрэг байхгүй” гэв.
6. Шүүгдэгч Р.Х- шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Р.Т-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хийгээгүй хүнийг дагуулаад явмааргүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар эрүүгийн 2235001210230 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 15-21 дэх тал);
2. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 22-25 дахь тал);
3. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газар дахин үзлэг хийсэн“...Samsung j-7 маркийн гар утсан дээр суулгасан Google maps /программ/ -ыг ашиглаж хэргийн газрыг дахин “А” цэгээр тэмдэглэж координатыг тогтооход 50.2336448 92.175684, гэх солбилцол зааж байлаа. ...ялтан Р.Х-д хяналт тавих программ маршрутыг шалгаж 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэрэг гарсан газарт хамгийн ойр очсон цэгийг тогтоож хэмжилт хийх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын программаар 50.236773 92.175395, 50.237648 92.175285 гэх координат заасан цэгүүдэд ойролцоох хэмжээний солбилцол заасан цэгээр тэмдэглэж гар утсан дээр суулгасан Google maps программ ашиглаж тогтооход Р.Х- тухайн өдөр 2 удаа очсон гэх цэг орчим нь 50.236715 92.175087 гэх солбилцол зааж байгаа цэг болон үхэр нядлагдсан “А” цэг хооронд хэмжилт хийхэд 54 метр хэмжээтэй байлаа. ...Тухайн цэгээс цааш үргэлжлүүлж Р.Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр очсон цэг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын программаар заасан 50.2384 92.17849 солбилцолд хамгийн ойролцоо заасан /гар утасны Google maps програмаар/ цэг буюу 50.238192 92.175948 гэх солбилцлыг тогтоож хэмжилт хийхэд өмнөх цэгээс 184 метр, үхэр нядлагдсан “А” цэгээс 238 метр хэмжээтэй газар байв...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 26-31 дэх тал);
4. Иргэн С.Р-гийн гэрт байх шар өнгийн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 32-35 дахь тал);
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Р.Х-гийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хянах зориулалт бүхий компьютерт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэвтэрч үзлэг хийсэн “...Зорчих эрхийг хязгаарлах ялтай Р- овогтой Х- ID21221209 дугаартай ялтны маршрутыг тогтоох зорилгоор нэвтрэхэд Р.Х- нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр .................... сумын 8 дугаар багийн иргэн Р.Т-ын гэрт 09:47:20:50 рм цагт очсон байв. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Р.Х- нь Р.Т-ын гэр орчим 50.242481, 92.178474 цэгт байсан байна. ...Р.Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн маршрут нь Р.Т-ын гэрийн ойролцоо байсан байна... -50.236773, 92.175395 цэгт 10:23:54:75 рм цагт очсон...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 40-46 дахь тал);
6. Таньж олуулах ажиллагааны “...Ажиллагаанд .................... сумын 9-р багт оршин суух хаягтай, Р-гийн Н-г /................../ оролцуулж хийв. ...Ажиллагааг цааш үргэлжлүүлж 1,2,3 гэх тоогоор тэмдэглэсэн 3 ширхэг аягыг баруун талаас 2, 1, 3 гэж байрлуулсан ногоон цоохор болон цагаан цэцэгтэй ногоон аяганаас оролцогч Р.Н- “1” гэж дугаарласан цагаан цэцэгтэй цайвар шар ногоон аягыг манай аав С.Р-гийн гэрт би 2022 оны 02-р сард аваачиж өгсөн ногоон аяга мөн байна гэж хэлэв. Р.Н- хэлэхдээ тухайн үед ногоон болон цэнхэр өнгийн цагаан цэцэгтэй цулгуй аяганууд аваачиж өгсөн одоо ч хэрэглэж байгаа гэж хэлэв. Хэргийн хохирогч Б.Ө-гийн хүрэн зүсмийн үхэр нядлагдсан газар байсан шар ногоон өнгийн аягыг “1” дугаараар тэмдэглэсэн ба оролцогч Р.Н- уг аягыг өөрийн аав С.Р-гийн аяга гэж зааж байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 47-50 дахь тал);
7. GPS программд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 51-54 дэх тал);
8. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Мөрдөн шалгах туршилтын ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 55-60 дахь тал);
9. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр ирүүлсэн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа Р-гийн Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 21- ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх маршрут (1 дэх хавтаст хэргийн 97-111 дэх тал);
10. Хохирогч Б.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 60 тооны үхрийг бэлчээрээс тууж малын хотондоо авчирсан. Тухайн өдрийн 00 цагийн орчимд гэрээсээ гарч харахад манай үхэр тоо толгойгоороо бүрэн бүтэн байсан. Тэгэхээр нь би гэрлүү орж унтаж амарсан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн орчимд сэрээд гэрээсээ гарахад хотонд байсан хонинууд бэлчээр лүүгээ явж байхаар нь буцаад хотонд тогтоогоод үхрээ харахад 2 тооны үхэр байхгүй байсан. Би буцаад гэрлүүгээ ороод хувцсаа өмсөөд гэрээс гарч үхрээ хайж эхэлсэн. Би тухайн өдрийг хүртэл хугацаанд өөрийн 2 тооны үхрийг хайсан боловч олж чадаагүй байна. Би эхнэрийн хамт өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд ......... суманд байрлах гэрээсээ аймгийн төвд ирсэн. Миний гар утсанд 14 цагийн орчим хэсгийн төлөөлөгч Ж.Г-аас дуудлага ирсэн. Дуудлага авахад та үхрээ алдсан юм уу, Б- гэдэг залуу үхрээ хайж байгаад 1 тооны үхэр нядлагдсан байсныг харсан байна. Танай үхэр мөн байж магадгүй гэж хэллээ гэж хэлсэн.
...Р.Т- болон түүний эхнэрийн утасны дугаар болон банкны дансны мэдээллийг шалгуулах хүсэлттэй байна...
...Миний 2 тооны үхэр гэрийн гаднаас 2022 оны 05 дугаар сарын 21-ний шөнө хулгайд алдагдаж .................... сумын 8 дугаар багийн нутаг Ястын гатлаганы дээд хэсэг модон дотор миний эрээн хүрэн зүсмийн 5 настай эр үхрийг нядлаад махыг нь аваад явсан байсан. Миний хулгайд алдагдсан үхэр хаа байсан .................... сумын нутаг, түүнчлэн айлын урд модон дотор нядлагдсан тул би .................... сумын 8-р багийн иргэн Р.Т- буюу Ё Б-, тэдний гэрт байсан гэх Тэс сумын харъяат Р-гийн Х- нарыг хардаж байгаа. Түүнээс гадна манай үхэр яагаад ч хөлөөрөө гүйж .................... сумын 8 дугаар баг руу очихгүй учир манай гэрийн ойролцоо амьдардаг нэр бүхий хүмүүсийг хардаж байгаа. Манай үхэр нядлагдах үед Р.Т-ын аав С.Р- гэх хүн аймгийн төвд байсан гэх ба тухайн үед Р.Т- гэртээ байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төв өөрийн ачааны машинаараа явсан талаар би сонссон тул тухайн үед миний үхрийг нядлаад махыг нь аваад машиндаа ачаад явсан ч байж магадгүй гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 166-184 дэх тал);
11. Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П-ын хамт үхрээ хайхаар гэрээс гарч .................... сум 8 дугаар багийн нутаг ястын амнаас гишгүүрт гэх газар хүртэл мод бураа шалгаж хайсан. Тэр үед Ястын гаталга гэх газрын дээд талд бураа, харгана дотор үхэр болон малын баас, цус, хүрэн зүсмийн үхрийн арьс зэрэг эд зүйлс байхаар нь бид хоёр харчихаад цагдаагийн байгууллагад хэлсэн. ...Уг газар орчим үхэр нядлагдсан байж болзошгүй байдалтай, эрээн хүрэн зүсмийн үхрийн арьс, баас, цус, гялгар цаас, 2 хутга, нэг аяга, нэг төмөр таваг зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал);
12. Гэрч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Б- бид хоёр үхэр хайхаар .................... сумын 8 дугаар багийн нутагт байрлах моднуудыг шалгаж үзэж явсаар “Ястын гатлага” гэх газар орчимд модон дотор малын баас цус, хүрэн эрээн зүсмийн үхрийн арьс зэрэг эд зүйл байсан. Тэгээд бид хоёр тэр орчим газар үзэхэд үхэр нядлаад махыг нь авч явсан байж болох шинжтэй байсан тул Цагдаагийн байгууллагад хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-190 дэх тал);
13. Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр .................... сумын нутагт модон дотор үхрийн арьс, баас болон бусад эд зүйл байна гэж сонсоод нөхөр Б.Ө-, хадам аав Ж.Б- нар сумын цагдаатай хамт очиж үзэхэд манай эрээн хүрэн, 5 настай, эр үхрийн арьс мөн байсныг надад хэлсэн. Тэр орой гэрийн гадна авч ирсэн үхрийн арьсыг үзэхэд манай үхрийн арьс мөн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-199 дэх тал);
14. Гэрч С.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би одоогоор гэртээ ганцаараа байгаа, манай гэрт хэрэглэж байгаа аяга тавгийг хэзээ худалдаж авсныг сайн санахгүй байна, цагаан сар болж байхад захаас аяга худалдаж авч байсан санагдаж байна. Манайх одоогоор хэрэглэж байгаа аяга бол шар ногоон, цагаан цэцэг хэлбэртэй зурагтай, мөн хөх цэцэгтэй цагаан өнгийн аяга байгаа. Уг аягануудыг сүүлийн хэдэн сар хэрэглэж байна. ...Манай аягатай адил аягатай айл энэ хавьд байхгүй байх энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 234-237 дахь тал);
15. Гэрч Р.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны эхээр цагаан сарын өмнө аймгийн төвөөс худалдаж аваад би аавд хүргэж өгсөн. Тухайн үед яг хэдэн ширхэгийг авч өгснийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238-240, 250, 2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал);
16. Гэрч Б.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р- овогтой Х- нь манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зорчих эрхийг хязгаарлах ялтай этгээдэд тавих хяналтын программд бүртгэгдсэн ................... дугаартай ялтан юм. Р- овогтой Х- нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төвөөс .................... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдарч байсан Р.Т-ын гэрт буюу 50,242481, 92.178474 дугаар цэг солбилцол орчимд очсон байна. Мөн тухайн цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Р.Х- нь Р.Т-ын гэр орчимд явсан маршрут байна. Хяналтын программд ялтны маршрутыг цэнхэр зураасаар тэмдэглэсэн нь явсан зам, улаан дугуй дүрслэл нь очсон газар, тухайн цаг хугацаанд хэр хэмжээгээр удаан байсан гэх цэгийг тэмдэглэж байгаа юм. Улаан цэгээр тэмдэглэсэн кординат зааж байгаа нь 5-7 минутын хугацаанд болон түүнээс дээш хугацаанд тухайн цэгт байсан газар орчмыг тэмдэглэж зааж байгаа гэж ойлгож болно...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч Ж.Г-ын хамт .................... суманд амьдардаг зорчих эрхийг хязгаарласан ялтан Б.Б-ийн байрлах газрыг гэнэтийн байдлаар очиж шалгахад манай программ өөрийн оршин суух хаяг буюу гэртээ байна гэж зааж байсан ба гэрт нь очиход Б.Б нь байгаагүй тул утсаар холбогдож хаана байгааг тодруулахад доод хороололд айлд байна гэж хэлсэн тул очиж уулзаж тухайн газрын координатыг тогтоож Б.Б-ийн гэрээс уг газар хүртэл зайг автомашины стометроор шалгахад 400 метр орчим хэмжээнд байсан. Б.Б гэрээсээ гараад уг айлд очоод 20 минут болж байна гэсэн ба тухайн үед Б.Б-ийн бугуй цаг өөрт нь байсан. Манай байгууллагын хяналт тавьж байгаа программ нь ялтны тухайн газар орчимд байна гэж заадаг бөгөөд яг энэ гэр, байр байшинд байгааг нарийн заадаггүй болох нь дээрх туршилтаар батлагдсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 247-249, 2 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал);
17. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...GPS багажаар авсан координатын цэгийг 4 янзаар хөрвүүлж болно. Тухайн хэрэгт байршил тогтоосон Garmin багажаар авсан цэг нь градус, минут, секунд, доль цэг, нөгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын программаас авсан цэг нь шууд уншигдах цэг гэж ойлгож болно. GPS багажаар 50.2384, 92.17849 солбилцол цэгийг хийж хөрвүүлж үзэхэд 50°14118.24N, 92°10142.56 гэх координатыг зааж байна. Тухайн нэг цэг гэж тэмдэглэж авсан цэгүүдийн орчимд 1-2 метр орчим хэмжээ алдаж заахад эдгээр байршил тогтоох цэг нь иймэрхүү бага хэмжээгээр буюу сүүлийн 4 орны тоо өөрчлөгдөх байдлаар зааж байх боломжтой гэж ойлгож болно. Тухайн нэг цэг гэж тооцож авсан байршил нь өндөр нарийвчлалгүй байгаа тул ийм байдлаар солбилцол нь өөрчлөгдсөн байх...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 5-6 дахь тал);
18. Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед бид нар үхрээ хайгаад явж байтал .................... сумын 8 дугаар багийн нутаг “Ястын гаталга” гэх газарт харгана дотор үхрийн арьс байна гэх мэдээлэл ирэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчийн хамт очиж үзэхэд миний хүү Б.Ө-гийн эрээн хүрэн зүсмийн, эр үхрийн арьс мөн байсан. ...Уг үхэр нядлагдсан газрын хойд талд 400 метр орчимд С.Р-, түүний хүү Р.Т- нарынх амьдарч байсан бөгөөд хэргийн газар оччихоод Р.Т-ын гэрт ороход эхнэр хүүхдүүдийн хамт 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зүүнговь сум руу явсан гэж үл таних нэг залуу хэлж байсан. Тэгээд дараа нь сонсоход Тэс сумын харъяат Р.Х- гэх залуу байсан бөгөөд бид нар гэрт орж Р.Т-ын утасны дугаар асуухад мэдэхгүй, сайн танихгүй, би ирээд 2 хонож байна гэх мэтээр худал ярьсан. Р.Х- нь Р.Т-ын гэрт энэ хавар байнга байсан, хэрэг гарч үхэр нядлагдах үеэр тэдний гэрт байсан тул Б.Ө-гийн үхрийг нядалсан хүний нэг юм. Сүүлд би Р-гийн гэрт очиж хэргийн газар үлдээсэн аяга, таваг, хутгатай ижил төстэй зүйл байгаа эсэх талаар үзэхэд С.Р-гийн гэрт хэргийн газар үлдээсэн цагаан цэцэгтэй, ногоон өнгийн аягатай яг ижил аяга байсан. Тэр үед С.Р-той ярилцаж байхад танай хүүгийн 2 үхэр манай хүү Р.Т-тай холбоотой, хууль шүүхээр явахаа боль, би хүүтэйгээ уулзаад төлүүлэх арга хэмжээ авна, хоёулаа утсаар ярья, Р.Х- энэ хавар манай хүүгийн гэрт байнга байгаа, үхэр нядлагдах үеэр би гэртээ байгаагүй, манай гэрийн орчимд айл байхгүй, хэргийн газар байсан аяга, таваг манайх мөн, үүнээс өөр баталгаатай нотолгоо гэж юу байхав гэх мэтээр надад хэлсэн. Тэгээд түүнээс хойш миний утсыг аваагүй, бид 2 уулзаагүй. Р.Т- өөрийн эзэмшлийн Вонго-3 машинтай бөгөөд тэдний гэрээс хүү Б.Ө-гийн гэр хооронд 17-18 км орчим зайтай тул мориор үхэр хөөвөл 1 цаг 30 минут орчим хугацаа шаардагдана...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 7-10 дахь тал);
19. Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ......... сумын Хандгайт багийн Засаг дарга, малын эмчээр олон жил ажиллаж байсан хүний хувьд тухайн газар орныг ерөнхийд нь сайн мэднэ. Уг газар хооронд 20 км түүнээс ч бага хэмжээний зайтай. ...Үхэр малыг хөөж явбал 40-50 минут, тайван туувал 1 цаг 30 минут цаг орчим хугацаанд хүрэх боломжтой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 21-22 дахь тал);
20. Гэрч Ч.Ц-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө эрт босож оройхон унтдаг хүн. Тухайн үед хавар байсан тул би өглөө 5 цаг гээд босож байсан. Тухайн 2 үхэр хулгайлагдсан шөнө Б.Ө-гийн гэрийн орчим болон замаар ямар нэгэн машин явж мэдэгдээгүй. Манайх тэр үед Хусны үзүүр гэх газар хаваржиж байсан ба .................... ......... чиглэлийн нуурын хөвөөгөөр явсан шороон замаас /хөндлөн зам/ 300 метр орчим зайд байсан. Тухайн замаар шөнө дунд машин явж мэдэгдээгүй. ...Тухайн газар хооронд 10 гаруй км зайтай тул морьтой хүн үхэр хөөж туувал 1 цаг орчим явна. Морьтой хүн үхэр мал туувал аль болох айл багатай газраар хөөж явна. Уг газар хооронд шавар ус багатай, саадгүй тул хаагуур ч явсан болно...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 24-26 дахь тал);
21. Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед уг газрын хооронд Шар гэсэн, Оргилдог, Зорхот зэрэг газруудаар айлууд их байсан. Уг газар орчмоор шороон замтай бөгөөд айл багатай газар орчмоор Хусны үзүүрээс Ястын гаталга гэх газар хооронд морьтой үхэр мал тууж явбал 15 км орчим зайтай. Уг газар хооронд гол ус байхгүй газраар морьтой мал тууж /хөөж/ явбал 1 цаг орчим явах боломжтой...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 27-29 дэх тал);
22. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай “...2022 оны 05 дугаар сарын байдлаар Увс аймгийн ......... суманд 5 настай, эр үхрийн үнэ цэнийн баримжаа 1.700.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 68 дахь тал);
23. Криминалистикийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж авсан шар ногоон өнгийн, цагаан цэцэгтэй аягыг 1 дугаараар тэмдэглэж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэн С.Р-гоос хураан авсан шар ногоон өнгийн аягыг 2 дугаараар тэмдэглэж шинжилгээнд ирүүлсэн байна. Дээрх 2 аяга нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг аяга нь хэлбэр дүрс болон аяганы өндөр, амсрын өндөр, ёроолын өргөн зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ ижил төстэй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 76-78 дахь тал);
24. Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.Х-г эрэн сурвалжлах болон олж тогтоож баривчлахын тулд аймгийн төвөөс нэг удаагийн маршрутаар 98 литр А92 бензин авч явсан. Тухайн бензиний нэгдсэн дүн нь 292.894 төгрөг болсон. Мөн Тэс сумын сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид 8 удаагийн маршрут батлуулж нийт 225 литр А92 бензин, 1 литр масло зэрэг нь нийт 708.750 төгрөгийн дүнтэй зардал гарсан. Тухайн хугацаанд нийт 1.001.644 төгрөгийн зардал гарсан тул тухайн зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 46-50 дахь тал);
25. Р.Т-ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар өөрийн машинаар ...Зүүнговь сум руу явсан...”гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 146-148 дахь тал);
26. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см радиустай төмөр таваг 1 ширхэг, бор өнгийн модон бариултай 25 см урттай хутга 1 ширхэг, бор өнгийн модон бариултай, 23 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн шаазан аяга 1 ширхэг, эрээн зүсмийн үхрийн хатсан арьс 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:
1. Гэрч Р.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Р.Х- нь миний төрсөн дүү юм. Ах, дүү, гурвуулаа бөгөөд Р.Х- нь айлын бага хүүхэд юм. Том эгч Р.Д нь Улаанбаатар хот хүүхдээ эмчлүүлэх гээд явсан. Аав Р- нь Тэс суманд ганцаараа амьдардаг. Ээж бид нарыг бага байхад нас барсан. Р.Х- нь номхон, дөлгөөн даруухан хүн бөгөөд хүнд их тусархуу, хүнтэй эвсэг харьцаатай нэг их юманд уурлаж уцаарлаад байдаггүй, төлөв даруу, ах, дүү нартай хайр халамжтай, тайван хүн, эгч нарынхаа үгнээс гардаггүй. Муу зан нь гэвэл хүнд итгэмтгий, хүн их дагаж явдаг. Р.Х-г архи хэрэглэж байсныг нь хараагүй, миний нүдэн дээр архи ууж байсан удаа байхгүй. Р.Х- 5 дугаар анги хүртэл сурч байгаад сургуулиасаа гарсан, надаас 1 насаар дүү бөгөөд бид хоёр бие биедээ эвтэй найрсаг харьцаатай байдаг. Ер нь бол хөдөлмөрч залуу бөгөөд олдсон ажлыг голохгүй хийгээд яваад байдаг юм. 2016-2017 онд цэрэгт явсан. Их хөдөлмөрч, бусдад тусархуу хүн юм. Р.Х- ах, дүү нартай нийлэмжтэй, эвсэг, харьцаатай, хар багаасаа айлын мал маллаад тусалж ирсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал);
2. Гэрч Р.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Р.Х- нь айлын бага болон айлын ганц залуу юм. Дээрээ хоёр эгчтэй бөгөөд бид гурав ар гэрийн тодорхой шалтгааны улмаас хамаатны айлдаа өссөн. Эгч нарын хувьд тусдаа гарсан. Харин Р.Х- нь Тэс сумын ерөнхий боловсролын сургуульд 5 дугаар анги хүртэл сурч байгаад мал дээр гарсан. Түүнээс хойш өссөн хамаатны айлын мал маллан амьдарч байгаад цэргийн алба хааж ирсний дараа хэд хэдэн хэрэгт холбогдож хоригдсон. Мөн шалгагдах, хоригдож байх хугацаандаа Р.Т- гэх хүнтэй танилцаж гарч ирээд мөн харилцаатай байх үедээ энэ хэрэгт холбогдсон. Р.Х-гийн хувьд хүний хэлсэн ярьснаар байгаад байдаг учраас нөхөрлөж байгаа хүмүүсээс хамаараад хэрэгт холбогдоод байна...Аж амьдралын хувьд ганц бие бөгөөд бод бог нийлсэн 100 орчим малтай.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал);
3. Иргэний нэхэмжлэгч Б.Д-ээс 1.001.644 төгрөгийн нэхэмжилж гаргасан мэдүүлэг, холбогдох нотлох баримт (3 дахь хавтаст хэргийн 49-50, 54-81 дэх тал);
4. Увс аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 46-3/4515 дугаартай Увс аймаг дахь хууль зүйн туслалцааны төвд ирүүлсэн “...өмгөөлөгч томилуулах тухай” албан тоот, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (3 дахь хавтаст хэргийн 33-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Б.Батгэрэл хэргээс:
1. Хохирогч Б.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 166-184 дэх тал);
2. Гэрч Ч.Ц-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн газар хооронд 10 гаруй км зайтай тул морьтой хүн үхэр хөөж туувал 1 цаг орчим явна. Морьтой хүн үхэр мал туувал аль болох айл багатай газраар хөөж явна. Уг газар хооронд шавар ус багатай, саадгүй тул хаагуур ч явсан болно...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 24-26 дахь тал);
3. Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед уг газрын хооронд Шар гэсэн, Оргилдог, Зорхот зэрэг газруудаар айлууд их байсан. Уг газар орчмоор шороон замтай бөгөөд айл багатай газар орчмоор Хусны үзүүрээс Ястын гаталга гэх газар хооронд морьтой үхэр мал тууж явбал 15 км орчим зайтай. Уг газар хооронд гол ус байхгүй газраар морьтой мал тууж/хөөж/явбал 1 цаг орчим явах боломжтой...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 27-29 дэх тал);
4. Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хусны үзүүр, Ястын гаталга гэх газар хоорондоо 20 км орчим газар бөгөөд гол ус гатлахгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал);
5. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хоорондоо 20 км орчим зайтай.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 38-40 дэх тал);
6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай “...Үзлэг ба шинжилгээ хэсэгт: Шинжилгээнд ил задгай байдлаар шар ногоон өнгийн аяга 2 ширхэг ирүүлсэн байв. ”1” гэж дугаарласан хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж авсан гэх аяга нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдон байх бөгөөд угааж цэвэрлэж үзлэг хийхэд...” гэх дүгнэлтэд шинжээч нь шинжилгээнд ирүүлсэн аягыг угааж цэвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна (2 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал);
7. Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” санал, Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол, Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” санал, Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдийн 37 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол,...мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” санал, Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол, мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” санал (2 дахь хавтаст хэргийн 82-129, 135-137 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Ө-, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Р.Х-, Р.Т- нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Х-, Р.Т- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Т-, Р.Х- нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ......... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Хусны үзүүр гэх газраас тус багийн иргэн, Б.Ө-гийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал: Хохирогч Б.Ө- нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 60 тооны үхрийг бэлчээрээс тууж, Увс аймгийн ......... сумын 3 дугаар багт байх малын хотондоо авч ирсэн, улмаар шөнийн 00 цагийн үед гэрээсээ гарч малаа харахад бүрэн байсан тул гэртээ орж унтаж амарч байгаад дахин үүрийн 04 цагийн үед сэрж, малаа бүртгэж үзэхэд түүний эзэмшлийн 60 тооны үхрээс 2 тооны үхэр дутсан, түүнээс хойш хулгайд алдсан 2 тооны үхрээ эрж хайсан боловч олдоогүй байна.
Гэтэл тухайн цаг хугацаанд Увс аймгийн .................... сумын 8 дугаар багийн иргэн Д.Б- нь төрсөн ах Д.П-ийн хамт өөрийн хулгайд алдсан 1 тооны, улаан зүсмийн үхрээ хайж, .................... сумын 8 дугаар багийн нутаг, Ястын амнаас гишгүүрт гэх газар хүртэл явж байх явцад Ястын гаталга гэх газарт хүрэн зүсмийн үхрийн арьс, хажууд нь үхрийн сэвс, 2 ширхэг хутга, 1 ширхэг шаазан аяга, 1 ширхэг түмпэн зэрэг эд зүйл байгаатай тааралдаж, тэнд 1 тооны үхэр нядлагдсан байж болзошгүй байна гэж сэжиглэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ястын гаталга гэх газарт нядлагдсан 1 тооны хүрэн зүсмийн, эрээн цоохор үхрийн арьс нь хохирогч Б.Ө-гийн 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хулгайд алдсан үхрийн арьс болох нь нотлогдсон байна.(1 дэх хавтаст хэргийн 168-184, 186-190, 198-199 дэх тал),
Түүнчлэн хохирогч Б.Ө-гийн 1 тооны үхэр нядлагдсан гэх Увс аймгийн .................... сумын 8 дугаар багийн нутаг, Ястын гаталга гэх газарт С.Р- (Ё гэх) болон түүний хүү Р.Т- нарынх айл саахалт хаваржиж байсан, хохирогч Б.Ө-гийн 1 тооны үхрийг нядалсан газраас олдсон 2 ширхэг хутга, 1 ширхэг төмөр түмпэн, 1 ширхэг шаазан аяга зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлс нь шүүгдэгч Р.Т-ын эцэг С.Р-гийн гэрт хэрэглэж байсан эд зүйлс мөн болох нь гэрч С.Р-, Р.Н- нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, кримналистикийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 15-20, 32-39, 47-50, 148-150, 235-240, 2 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал),
Шүүгдэгч Р.Х- нь гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Р.Х-гийн маршрутыг тогтооход тэрээр 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр .................... сумын 8 дугаар багт байх Р.Т-ын гэрт очсон, 5 дугаар сарын 21-ний өдөр Р.Х- нь Р.Т-ын гэр орчим байсан, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн маршрут нь мөн Р.Т-ын гэрийн ойр орчимд , 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөн тухайн цэгт буюу шүүгдэгч Р.Х- нь 2022 оны 05 дугаар сарын 20-23-ны хооронд хохирогч Б.Ө-гийн үхэр нядлагдсан газар байсан нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 105 тоот өрөөнд байрлах, шийдвэр гүйцэтгэгч нарын албаны компьютерт суулгасан зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын системд байгаа .............. дугаартай ялтан Р.Х-гийн явсан маршрутад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, GPS программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай албан бичгээр ирүүлсэн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа Р.Х-гийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх маршрут, гэрч Б.З-гийн мэдүүлэг, гэрч С.Б-ийн мэдүүлэг, Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч Ж.Г-ын илтгэх хуудас зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 22-31, 40-46,51-60, 96-112, 247-249, 2 дахь хавтаст хэргийн 5-6, 14-17 дахь тал)
Хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхэр хулгайд алдагдаж, улмаар 1 тооны үхрийг Увс аймгийн .................... сумын 8 дугаар багийн нутаг, Ястын гаталга гэх газарт буюу шүүгдэгч Р.Т-ын гэрийн урд нядалсан гэх цаг хугацаанд түүний эцэг С.Р- нь аймгийн төвд эмчлүүлж байсан, харин шүүгдэгч Р.Т- нь тухайн шөнө гэртээ байсан, тэрээр үхэр нядлагдсаны маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Д.Ц-ийн хамт өөрийн эзэмшлийн Вонго-3 маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төв орж, улмаар цааш Зүүнговь сум явсан болох нь хохирогч Б.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай үхэр хулгайд алдагдах үед Р.Т-ын аав С.Р- гэх хүн аймгийн төвд байсан гэх ба тухайн үед Р.Т- гэртээ байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төв өөрийн ачааны машинаар явсан талаар би сонссон. ...Миний үхэр нядлагдсан газрын хажууд С.Р- буюу Ётлоо, түүний хүү Р.Т- буюу Б- нарын айл байсан бөгөөд үхэр нядлахад ашигласан хутга, аяга түмпэн зэрэг нь С.Р-гийнх байсан, тэр үед С.Р- аймгийн төвд байсан тул би Р.Т-, тэдний гэрт мал хариулж байсан Р.Х- нарыг хардаж байна. Би Р.Т-ын гэрийн ойролцоо амьдардаг хүмүүсээс асуухад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө эрт Р.Т- өөрийн ачааны машинаар аймгийн төв рүү явж, түүгээрээ цааш Зүүнговь сум уруу явсан гэж хэлж байсан. Мөн тэр өдөр очиход Р.Т-ынд байсан Р.Х- гэх залуу Р.Т-ыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө аймгийн төв явсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манайх .................... сумын 8 дугаар багийн нутаг “Яст” гэх газар амьдарч байгаа. Манай дээд талд 1 км орчим газарт хадам ах С.Р-, түүний хүү Р.Т- нарынх амьдардаг. Би өдрийг нь сайн санахгүй байна. Р.Т- нь 2022 оны 5 сарын сүүлээр найз гэх Р.Х-г авч ирж, мал дээрээ үлдээчихээд аймгийн төв орж, түүгээрээ Зүүнговь сум яваад 7 хоноод ирсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2022 оны 5 сарын 10-ны үед .................... сумын 8 дугаар баг, Ястын ам гэх газар байрлах гэрээсээ эмчилгээ хийлгэхээр аймгийн төв явж, охин Р.Н-гийн гэрт байж байгаад 2022 оны 6 сарын 05-06-ны үед гэртээ ирсэн. 2022 оны 5 сарын 21-25-ны үед би аймгийн төвд байсан, тэр хугацаанд манай гэрт хүн байгаагүй, манай гэр цоожгүй байдаг. Миний хүү Р.Т-ынх манай гадаа байдаг тул би гэрээ цоожилдоггүй юм. Хүү Р.Т- болон түүний гэр бүл манайхаар орж гараад байж байдаг” гэх мэдүүлэг, гэрч Р.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний аав С.Р- .................... сумын 8 дугаар багт дүү Р.Т-тай хамт мал маллаж амьдардаг. Аав С.Р- 2022 оны 5 сарын 10-ны үед аймгийн төвд ирж, манайд болон дүү Р.С нарын гэрээр байж гадуур эмчилгээ хийлгэсэн. 2022 оны 6 сарын эхээр буцаж хөдөө явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би нөхөр хүүхдүүдийн хамт .................... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг ба манайх 2022 оны 4 дүгээр сард өвөлжөөнөөс нүүж, 8 дугаар багийн нутаг Ястын гаталга гэх газарт буусан. Би нөхөр Р.Т- болон хүүхдүүдийн хамт гэртээ байж байгаад 2022 оны 5 сарын 23-ны өдөр аймгийн төв явж, улмаар Зүүнговь суманд амьдардаг манай аав, ээжийн гэр рүү өөрийн Вонго-3 маркийн автомашинаар явж, 5-6 хоноод ирсэн. Нөхөр Р.Т- нь 2022 оны 5 сарын 23-ны өдөр найз Р.Х-г авч ирээд гэрт үлдээгээд явсан. ...Хадам аав С.Р- 2022 оны 5 сарын 10-ны үед аймгийн төв явж эмчлүүлээд буцаад 2022 оны 6 сарын эхээр гэртээ ирсэн. Аав С.Р-г аймгийн төвд байх хугацаанд тэдний гэрт хүн байгаагүй. Гэр нь цоожгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэргийн газар оччихоод Р.Т-ын гэрт ороход тэр эхнэр, хүүхдийн хамт 2022 оны 5 сарын 23-ны өдөр Зүүнговь сум уруу явсан гэж үл таних залуу хэлж байсан. Дараа нь сонсоход тэр залуу ..........сумын харъяат Р.Х- гэх залуу байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би .................... сумын 8 дугаар багт эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. Р.Т-ынх манайхаас 3-4 орчим км газар өвөлждөг. 2022 оны 5 сарын сүүлээр Р.Т-ын гэрийн урд, Ястын гаталга гэх газарт Б.Ө-гийн үхрийг нядалсан байсан талаар Ж.Б- надад хэлж, мөн утсаар ярьсан. Тухайн хэрэг гарах үеэр Р.Т-, Тэс сумын харьяат Р.Х- нар байсан. Р.Т-ын аав С.Р- аймгийн төвд байсан гэсэн. Р.Т- нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Вонго-3 маркийн автомашинтай” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 177, 181-182, 204-205, 235-237, 239-240, 243-246 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 08-10, 19-20 дахь тал),
Түүнчлэн хохирогч Б.Ө-гийн эцэг Ж.Б- нь Б.Ө-гийн 1 тооны үхэр нядлагдсан .................... сумын 8 дугаар багийн нутаг, Ястын гаталга гэх газарт байх С.Р-гийн гэрт очиж, хэргийн газарт үлдээсэн аяга, таваг, хутга зэрэгтэй ижил төстэй эд зүйл байгаа эсэх талаар тодруулах үед С.Р- нь гэрч Ж.Б-од “Танай хүү Б.Ө-гийн 2 тооны үхэр манай хүү Р.Т-тай холбоотой, хууль, шүүхээр явахаа болио, би хүүтэйгээ уулзаад төлүүлэх арга хэмжээ авна, Р.Х- энэ хавар манай хүүгийн гэрт байнга байгаа, үхэр нядлагдах үеэр би гэртээ байгаагүй, манай гэрийн орчимд айл байхгүй, хэргийн газарт байсан аяга таваг манайх мөн, үүнээс өөр баталгаатай нотолгоо гэж юу байхав” гэж хэлсэн нь хохирогч Б.Ө-, гэрч Ж.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. (2 дахь хавтаст хэргийн 08-10 дахь тал),
Хохирогч Б.Ө- мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Р.Т-тай уулзахад тэр “Би танай 2 тооны үхэр аваагүй боловч хуулийн байгууллагаас шалгаад шүүхээр шийдүүлбэл явахаас өөр яахав” гэж хэлсэн, мөн С.Р- нь хохирогч С.Ө-д “Манай хүү Р.Т- танай үхрийг авсан гэдгээ хэлэхгүй байна. Уг нь хэлчихвэл хохирлыг төлөөд энд хэргээ шийдүүлмээр байна гэдэг зүйлийг хэлсэн” гэх үйл баримтууд тус тус тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал),
Шүүгдэгч Р.Х- шүүхийн хэлэлцүүлэгт “ Би хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг Увс аймгийн ......... сумын нутаг, Хусны үзүүр гэх газраас ганцаараа тууж, Увс аймгийн .................... сумын 8 дугаар баг, Ястын гаталга гэх газарт байх Р.Т-ын гэрийн ойролцоо авч ирээд 1 тооны үхрийг нь нядалж, нөгөө үхрийг нь буцаан тууж явуулсан. Энэ гэмт хэрэгт Р.Т- оролцоогүй гэх боловч зорчих эдлэх хязгаарлах ял эдэлж байсан, ялтан Р.Х-гийн маршрутыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооход тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд .................... сумын нутаг дэвсгэрээс гараагүй буюу ......... сумын нутаг дэвсгэрт очоогүй болох нь тогтоогдсон тул Р.Х- нь ......... сумын 3 дугаар баг, Хусны үзүүр гэх газар байх хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг Р.Х- ганцаараа хулгайлж, нядалсан нь баримтаар нотлогдоогүй, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, уг гэмт хэрэгт Р.Т- хамтран оролцсон нь тогтоогдсон,
Хэргийн газрын үзлэгээр хохирогч Б.Ө-гийн 1 тооны үхэр нядлагдсан гэх газраас 2 ширхэг хутга илрүүлж, эд мөрийн баримтаар тооцсон, хэргийн газарт байсан түмпэн, аяга, хутга зэрэг үхэр нядлахад хэрэглэсэн ахуйн хэрэглээний эд зүйлс нь шүүгдэгч Р.Т-ын эцэг С.Р-гийнх болох нь эргэлзээгүй нотлогдсон,
Шүүгдэгч Р.Т- нь 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ байгаагүй, эхнэрийн хамт Зүүнговь сум явсан гэж мэдүүлэх боловч тэрээр хохирогч Б.Ө-гийн 1 тооны үхрийг хулгайлж, нядалсан шөнө гэртээ байсан, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхнэрийн хамт аймгийн төв орж, цааш Зүүнговь сум уруу явсан үйл баримт тогтоогдсон, хохирогч Б.Ө-гийн 1 тооны үхэр нядлагдсан гэх газарт шүүгдэгч Р.Т-, түүний эцэг С.Р- нарынхаас өөр айл байгаагүй, хохирогчийн 1 тооны үхрийг шүүгдэгч Р.Т-ын гэрийн урд талд нядлахдаа түүний эцэг С.Р-гийн гэрт, ахуйн хэрэглээнд хэрэглэж байсан 2 ширхэг хутга, 1 ширхэг шаазан аяга, төмөр түмпэн зэргийг ашигласан байгаагаас дүгнэхэд шүүгдэгч Р.Т-, Р.Х- нар нь 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ......... сумын 3 дугаар багийн нутаг, Хусны үзүүр гэх газраас хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг бүлэглэн хулгайлж, захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Увс аймгийн ......... сумын 3 дугаар багийн нутаг, Хусны үзүүр гэх газраас .................... сумын 8 дугаар багийн нутаг, Ястын гаталга гэх газар хоорондоо 20 км түүнээс ч бага зайтай, тухайн газар хооронд гол, ус байхгүй тул морьтой хүн үхэр тууж явсан тохиолдолд 1 цаг орчим хугацаа зарцуулах боломжтой талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б (2 дахь хавтаст хэргийн 21-22 дахь тал), Ч.Ц (2 дахь хавтаст хэргийн 24-26 дахь тал), С.О (2 дахь хавтаст хэргийн 27-29 дэх тал) нар мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нар нь хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хулгайлсан гэж ялласан улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Ө-д 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д зааснаар хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтын хүрээнд шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарыг бүлэглэж, 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ......... сумын 3 дугаар багийн “Хусны үзүүр” гэх газраас тус багийн иргэн Б.Ө-гийн 2 тооны, 5 настай, эр үхрийг хулгайлж, түүнд 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан, улмаар прокурорын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тогтоожээ.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.
Тиймээс хууль тогтоогчоос уг гэмт хэргийг нийгмийн хор аюулын хэр хэмжээг нь харгалзан хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэмт этгээд бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч болон эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулснаар гэмт хэрэг төгсдөг байна.
Шүүгдэгч Р.Т-, Р.Х- нар нь хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг хохирогчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд 2 тооны үхрийг Увс аймгийн ......... сумын 3 дугаар багийн нутаг, Хусны үзүүр гэх газраас Увс аймгийн ......... сумын 8 дугаар багийн нутаг, Ястын гаталга гэх газарт байх шүүгдэгч Р.Т-ын гэрийн гадаа авч ирснээр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Р.Т-, Р.Х- нар нь үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг хулгайлж, захиран зарцуулсан нь тогтоогдсон тул тэдгээрийг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Р.Т-, Р.Х- нар нь хохирогч Б.Ө-гийн 2 тооны бод малыг хулгайлсан нь хуульчилсан тайлбарт заасан “хоёр бод түүнээс дээш мал” гэх шинжид хамаарч байх тул прокуророос тэдгээрийг “олон тооны мал хулгайлж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарын амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Р.Т- болон түүний өмгөөлөгчөөс Р.Т-ыг цагаатгуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч М.Мөнхөөгийн “Шүүгдэгч Р.Х- нь шүүгдэгч Р.Т-тай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, өөрчлүүлэх” дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Р.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг хулгайлж, нядалсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр шүүгдэгч Р.Т-ын хамт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрөөгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Р.Х-, Р.Т- нар нь бүлэглэн, хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг хулгайлан авч, 1 тооны үхрийг нядалсан нь тогтоогдсон бөгөөд Увс аймгийн ......... суманд 2022 оны 05 дугаар сарын байдлаар 5 настай эр үхэр 1.700.000 төгрөгийн үнэ цэнэтэй байсан нь хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ө-гийн эд хөрөнгөд 2х1700.000=3.400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ө- нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд 2 тооны үхрийн үнэ 3.400.000 төгрөг, гэмт хэргийн хор уршиг буюу үхрээ эрж хайсны зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа ирж оролцож, мэдүүлэг тайлбар гаргасан зардалд 1.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 600.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч Р.Х- нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогч Б.Ө-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.400.000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан болох нь тэдгээрээс шүүхэд гаргаж өгсөн “Р.Х-гээс хохирогч Б.Ө-д 20.000 төгрөг 99 ширхэг, 10.000 төгрөг 98 ширхэг, 5000 төгрөг 88 ширхэг, нийт 3.400.000 төгрөг хүлээлгэн өгөв. Хохирогч Б.Ө- нь 3.400.000 төгрөг хүлээн авлаа” гэх тодорхойлолт болон хохирогч Б.Ө-, шүүгдэгч Р.Х- нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Р.Х-г гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.Ө-гөөс нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хохирогч Б.Ө- нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч сонгож авснаар хууль зүйн хувьд түүний эрх зүйн байдал дээрдэж байгааг гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй. Иймд хохирогч Б.Ө-гөөс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч Б.Ө- нь мал эрж хайсан зардал болон бусад зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулаагүй гэх тайлбарыг гаргасан, тухайн баримтуудыг одоо нөхөн бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогч Б.Ө-гөөс малаа эрж хайсан болон бусад зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Х-, Р.Т- нараас гаргуулж, хохирогч Б.Ө-д олгох хохирол, хор уршиггүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Р.Х- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаалтаас оргон зайлсны улмаас түүнийг эрж хайх зардалд Увс аймаг дахь Цагдаагийн газар нь 1.001.644 төгрөгийн бензин шатахуун зарцуулж, эд хөрөнгөөрөө хохирсон байх тул мөрдөн байцаалтын шатанд Увс аймаг дахь Цагдаагийн газар (Б.Д)-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн байцаалтын шатанд: “...тус Цагдаагийн байгууллагаас маршрутын дагуу оргодол Р.Х-г эрэн сурвалжлах болон олж тогтоож баривчлахын тулд аймгийн төвөөс 1 удаагийн маршрутаар 98 литр А92 бензин авч явсан. Тухайн бензиний нэгдсэн дүн 292.894 төгрөг, мөн Тэс сумын сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид Р.Х-г эрэн сурвалжлах ажиллагаанд 8 удаагийн маршрут батлуулж нийт 225 литр А92 бензин, 1 литр масло зэрэг нийт 708.750 төгрөгийн дүнтэй зардал гарсан. Тухайн хугацаанд Р.Х-г эрж хайх зардалд цагдаагийн байгууллагаас нийт 1.001.644 төгрөгийн зардал гарсан гарсан тул тухайн зардлыг нэхэмжилж байна” гэж мэдүүлж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байна. (3 дахь хавтаст хэргийн 49-50, 54-81 дэх тал);
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 , 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Х-гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.001.644 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн байгууллага (хууль ёсны төлөөлөгч Б.Д)-д олгож шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан “Бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Р.Х-, Р.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Р.Х-, Р.Т- нарын гэмт хэрэг үйлдсэн байдал хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тус бүрт 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Р.Х- нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай магадлалаар 2 жил 6 сар 26 хоногийн зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 3 жилийн хорих ял, урьд шийтгэх тогтоолоор түүнд эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр таваг, бор өнгийн модон бариултай 25 см орчим урттай 2 ширхэг хутга, шар өнгийн шаазан аяга 1 ширхэг, эрээн зүсмийн үхрийн хатсан шир зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Хэргийн газрын үзлэг хийх явцад бичсэн бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Т- нь цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгч Р.Х- нь яллагдагчаар 144 хоног цагдан хоригдсон байгаа. Р.Х-гийн цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Хохирол нөхөн төлөгдсөн тул гэмт хэргийн улмаас олсон ашиг 3.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн албадан гаргуулж, улсын орлогод оруулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Р.Х-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэгт Р.Т- оролцоогүй гэдэг талаар ярьсан байдаг. Р.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол төлөгдчихсөн байгаа. Үндсэн хохирол 3.400.000 төгрөгийн хохирол төлөгдчихсөн боловч гэмт хэргийн улмаас олсон ашиг 3.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах саналыг улсын яллагчаас гаргасан. Р.Х- мэдүүлэгтээ “хохирогчийн 2 тооны үхрийг авч яваад нэгийг нь алдаж явуулаад нөгөөг нь тууж явуулсан” гэж мэдүүлдэг. Харин хохирогч мэдүүлэгтээ “хэрэг болсон газар очиход 1 үхэр нядалсан байдалтай байсан” гэж мэдүүлдэг. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1 үхрийн үнэ буюу 1.700.000 төгрөг юм байна гэж үзэж байгаа тул гэмт хэргийн улмаас олсон ашгийг 1 тооны үхрийн үнээр тооцож өгнө үү. Улсын яллагчийн зүгээс Р.Х-гийн урьд зорчих эрх хязгаарлах ял авсан шийтгэх тогтоол болон магадлалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхдээ Р.Х-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэрэглэж өгнө үү. Мөн Р.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Б.Батгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байдаг. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. Р.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэмт хэргийн улмаас төлөгдөх хохирол, хор уршиг төлөгдсөн байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
6. Хохирогч Б.Ө- болон шүүгдэгч Р.Х-, Р.Т- нар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэг, хүсэлт гаргаагүй болно.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна тэдний хувийн байдлыг харгалзан үзэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
-Шүүгдэгч Р.Х- нь хувийн байдлын хувьд ............. онд төрсөн, .............. настай, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Увс аймгийн .................... сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй,
-Урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон, мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил, 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эдэлж дуусгавар болсон,
Мөн шүүгдэгч Р.Х- нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Р.Х-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай магадлалаар Р.Х-гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил, 6 сар, 26 хоногоор тогтоож байсан гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 177-220, 229-230, 240-245 дахь талд авагдсан баримтууд болон улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай магадлалын хуулбараар тус тус нотлогдож байна.
-Шүүгдэгч Р.Т- нь хувийн байдлын хувьд ................онд төрсөн, ........... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................... сумын 8 дугаар багт оршин суух, урьд 2 удаа гэмт хэрэгт холбогдож, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (оноо 409-ээс дээш), хувьдаа .................... сумын 9 дүгээр багт гэр бүлийн хэрэгцээний 525м.кв өмчийн газартай, KIA Bongo3 загварын болон Toyota Prius, Hyundai Porter загварын автомашинуудтай, бод бог нийлсэн 400 орчим малтай,өөрийн өвөлжөөтэй зэрэг эд хөрөнгөтэй,
-урьд Р.Т- нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 161-175, 221-228, 232-239, 247 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Т- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Р.Х-гийн хувьд удаа дараа мал хулгайлах гэмт хэрэгт холбогдон, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх явцдаа дахин шинээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч Р.Х-гийн хувийн зан байдлын талаар гэрч буюу түүний төрсөн эгч Р.Х, Р. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. (2 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал)
Шүүгдэгч Р.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй, шүүгдэгч Р.Х- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 3.400.000 төгрөг төлж барагдуулсныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Х-, Р.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, шүүгдэгч Р.Т-ын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Р.Х-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролд 3.400.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Р.Х-, Р.Т- нарын тус бүрт 2 (хоёр) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрт оногдуулсан 2 (хоёр) жил, 2 (хоёр) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Х-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Р.Х-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай магадлалаар Р.Х-гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил, 6 сар, 26 хоногоор тогтоож шийдвэрлэсэн ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Х- нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 145 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Р.Т- нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
Шүүгдэгч Р.Х-, Р.Т- нар нь бүлэглэн хохирогч Б.Ө-гийн 2 тооны үхрийг хулгайлж, хууль бусаар ашиг олсон нь тогтоогдож байх тул хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтэд үндэслэн шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Р.Т-ын хувьд ногдох хөрөнгөөс 1.700.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг, шүүгдэгч Р.Х-гийн хувьд ногдох хөрөнгөөс 1.700.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
3. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Т-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 28 см радиустай төмөр таваг 1 ширхэг, хутга 2 ширхэг, аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хууль ёсны эзэмшигч С.Р-д буцаан олгож, үхрийн арьс 1 ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэг бүхий хуурцаг (СD)-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Р-гийн Т-, Б- овогт Р-гийн Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Т-, Р.Х- нарын тус бүрт 2 (хоёр) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 2 сар хорих ял, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Р.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил, 6 (зургаа) сар, 26 (хорин зургаа) хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Р.Х-, Р.Т- нарт оногдуулсан 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 145 (нэг зуун дөчин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Р.Т- нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Ө-гөөс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 5.000.000 (таван сая) төгрөгөөс шүүгдэгч Р.Х- нь 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Ө-гөөс эрлийн болон өмгөөлөгчийн зардал, бусад зардалд нэхэмжилсэн 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Х-, Р.Т- нараас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиг байхгүйг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-, Р.Т- нарын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон хөрөнгө орлого буюу 2 тооны үхрийн үнэ 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Р.Т-ын хувьд ногдох хөрөнгөөс 1.700.000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг, шүүгдэгч Р.Х-гийн хувьд ногдох хөрөнгөөс 1.700.000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Х-гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.001.644 (нэг сая нэг мянга зургаан зуун дөчин дөрвөн) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн байгууллага (хууль ёсны төлөөлөгч Б.Д)-д олгож, шүүгдэгч Р.Т-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 28 см радиустай төмөр таваг 1 ширхэг, бор өнгийн модон бариултай, 25 см урттай хутга 1 ширхэг, бор өнгийн модон бариултай, 23 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн шаазан аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хууль ёсны эзэмшигч С.Р-д буцаан олгож, эрээн зүсмийн үхрийн хатсан арьс 1 ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА