Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч:Ч.Т-Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э овогт Ч-ын Т-Өд холбогдох эрүүгийн 2435000320... дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..............................................-ний өдөр Увс аймгийн ................ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................ сумын 3 дугаар багийн ............... айлын 3-30 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Э овогт Чын Т-Ө, (Регистрийн дугаар:........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Т-Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ................ сумын 3 дугаар багийн ........................ байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эцэг, 83 настай ахмад настан Л.Чыг байнга буюу 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнө тус тус зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Т-Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ................ сумын 3 дугаар багийн ............................. тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эцэг 83 настай, ахмад настан Л.Чыг байнга буюу 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнө тус тус зодож, гэр бүлийн хүчирхийллийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал);

2. Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /3 оноотой буюу бага /  (хавтаст хэргийн 4-5 дахь тал);

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 281 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаартай шийтгэврүүдийн хуулбарууд (хавтаст хэргийн 25-30, 35-40 дэх тал);

4. Хохирогч Л.Чын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн үед би гэртээ эхнэр Д.З-гийн хамт унтлагын өрөөнд унтаж байхад Ч.Т-Ө гаднаас гэрт орж ирээд өөрийн өрөөндөө ороод чимээгүй болоод унтах шиг болсон. Ойролцоогоор шөнийн 03 цагийн үед нь Ч.Т-Ө нь ариун цэврийн өрөөнд орчихоод шууд миний унтаж байсан өрөөнд “би муу хүн, би ганцаараа, надад хэн ч байхгүй, хөгшин талхи” гэж үглэсээр орж ирсэн. Би унтаж байсан орноосоо босоод орон дээрээ суугаад “Ч.Т-Өд хандаж чи өрөөндөө орж унт, чи дандаа архи ууж байдаг юм” гэх хэлэхэд Ч.Т-Ө нь миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү “ална шүү пизда” гэж хэлээд нэг удаа өшиглөсөн ба тухайн үед түүний эхнэр Д.Б- өрөөнөөсөө гарч ирээд Ч.Т-Өг дагуулаад өрөөндөө орсон. ...Ч.Т-Ө нь миний баруун хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөхийг Д.З- харсан. ... Ч.Т-Ө нь урд өмнө том өрөөний буйдан орон дээр намайг хоёр удаа түлхэж унагааж байсан ба би цаг хугацааг тодорхой сайн санахгүй байна. Ч.Т-Ө нь архи согтууруулах ундаа тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Харин би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дахь тал);

5. Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “................... сумын 3 дугаар багийн иргэн Л.Ч-оос 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнө гаргасан дуудлага мэдээлэлд очсон. Би дуудлага мэдээллийн дагуу ................ сумын 3 дугаар баг ..................... тоотод очиход Ч.Т-Ө нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай өөрийнхөө унтлагын өрөөнд эхнэр Д.Б-ийн хамт байсан. Харин Л.Ч нь өөрийнхөө унтлагын өрөөнд эхнэр Д.З-гийн хамт орон дээрээ сууж байсан ба Л.Ч нь надад хандаж “миний хүү Ч.Т-Ө нь архи ууж ирээд Д.З- бид хоёрын унтуулж амраахгүй, намайг өшиглөж, хэл амаар доромжилж байна” гэсэн. Тэгэхэд нь би Ч.Т-Ө, Л.Ч нарыг дагуулаад цагдаагийн газарт авч ирж Ч.Т-Өг цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд 24 цагаар саатуулж, Ч.Ч-оос мэдүүлэг аваад явуулсан. ...Л.Ч, Д.З-, Д.Б-, Ч.Т-Ө нарын биед ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан. Гэрийн эд хөрөнгө, тавилга эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан ба Ч.Т-Ө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Л.Ч, Д.З-, Б- нараас архи согтууруулах ундаа үнэртэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал);

6. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 13-ны орой Ч.Т-Ө бид хоёр хамаатны айлд сар шинийн золголт хийж очоод тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба шөнийн 00 цагийн үед гэртээ ирж өөрсдийнхөө өрөөндөө унтаж амарсан. Ч.Т-Ө нь шөнө дунд буюу ойролцоогоор 03-04 цагийн үед ариун цэврийн өрөө орсон, тухайн үед би зүүрмэглэн унтсан байсан. Тэгэхэд нойрон дунд хүмүүс чанга дуугаар маргалдаад байхаар нь би сэрэхэд манай нөхөр Ч.Т-Ө нь төрсөн эцэг Л.Ч, эх Д.З- нарын өрөөнд орчихсон маргалдаж байхаар би хадам эцэг Л.Ч, эх Д.З- нарын өрөө рүү очиж Ч.Т-Өг унтаж амар гэж хэлж дагуулаад өөрсдийнхөө өрөөнд орсон. Ч.Т-Ө нь өөрийнхөө өрөөнд орж ирээд тамхи татаад сууж байхад цагдаа орж ирээд манай нөхрийг аваад явсан. Л.Ч нь “хүү Ч.Т-Өд хандаж чи намайг чаддаг юм болж цохичих гэсэн орон дээрээ сууж байсан”, Д.З- нь хүү Ч.Т-Өд хандаж “Солиотой новш, цааш яваад өг" гэхэд Ч.Т-Ө чанга дуугаар “ би яасан юм, би муу хүн” зэрэг үг хэлж байсан бөгөөд би Ч.Т-Өг хурдан дагуулж өрөөндөө орсон. Л.Ч, Д.З-, Ч.Т-Ө нар нэг нэгнийхээ биед халдаж цохисон зүйл ажиглагдаагүй. Гэвч архи уухаараа төрсөн эцэг Л.Ч-той маргалдаж түүнээс болоод аав Ч нь цагдаа дууддаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-56 дахь тал);

7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаартай “...Үзүүлэгч Л.Ч-ын биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63 дахь тал);

8. Шүүгдэгч Ч.Т-Өгийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Ч.Т-Ө, хохирогч Л.Ч нар нь төрсөн эцэг хүү болох нь хавтаст хэргийн 81, 99, 99, 103 дахь талд авагдсан тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, багийн даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул тэдгээрийг дээрх хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид гурав ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.

Хохирогчийн биед халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэргээр хүний бие махбодид өвдөлт, зовиур мэдрүүлсэн аливаа үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч Ч.Т-Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг 83 настай, ахмад настан Л.Чын биед 3 удаа халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн” гэх шинжийг хангаж байх бөгөөд түүний үйлдлүүдийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж хуульчилсан байх бөгөөд хохирогч Л.Ч нь 83 настай буюу “Ахмад настан” болох нь хавтаст хэргийн 103 дахь талд авагдсан иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Т-Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Т-Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Ч.Т-Өгийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Т-Өг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Т-Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ч.Т-Өгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Хохирогч Л.Ч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжлээгүй, тэрээр шүүгдэгч Ч.Т-Өгөөс нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэх хүсэлт, тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн нь хавтаст хэргийн 107, 111 дэх талд авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Т-Өгөөс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Ч.Т-Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.Т-Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

3. Шүүгдэгч Ч.Т-Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Ч.Т-Өгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т-Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 (арван) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг гаргаж, шүүгдэгч Ч.Т-Өд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Ч.Т-Өгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т-Өд хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т-Өд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.Т-Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч Ч.Т-Өгөөс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Т-Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Чын Т-Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т-Өд хорих ял оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т-Өд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Т-Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ шийтгэх тогтоолоор Ч.Т-Өгөөс гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ч.Т-Ө нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА