Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

  2020          6             30                                            2020/ДШМ/851

 

 

Д.Бид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Үүлэн,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2005005090465 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шангас овгийн Довдонгийн Д.Б, 1976 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 5536 тоотод оршин суух, /РД:ОЮ76090716/,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 566 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, М-Ойл групп ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд хохирогч Т.Ганболортой шатахуун авах дарааллаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шангас овгийн Довдонгийн Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Т.Ганболор нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг миний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн доод хэмжээ 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Бага насны хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Мөн нэмж хэлэхэд Т.Ганболортой хамт явж байсан 2 залуу намайг бүлэглэж зодсон. Би тухайн үед төвөгшөөгөөд цагдаагаар яваагүй. Намайг машиндаа сууж байхад чирч буулгаж шанаадсан. Би тавиулах гээд самардсан. Намайг чирч буулгасан хэрнээ хуулийн хариуцлага хүлээгээгүй, цагдаа үүнд ямар нэг санаа тавиагүй. Камерын бичлэгт энэ бүгд бичигдсэн байсан. Би цагдаагаас “камерын бичлэг хэрэгт байгаа юм уу” гэхэд “байгаа” гэж надад хэлсэн хэдий ч прокурорт хэрэг ирэхэд бичлэг байгаагүй. ...” гэв.

Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Т.Ганболорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, М-Ойл групп ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд хохирогч Т.Ганболортой шатахуун авах дарааллаас болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Ганболорын “...маргалдаад байж байх үед тэр ах гартаа барьж байсан гар утсаараа уруул руу цохиж миний үүдэн шүд хугарч би амаа дарж доошоо суусан. Тэр үед миний амнаас цус гарч байсан. ...” /хх 7/,

гэрч Б.Цэвэгмэдийн “...Ганболор миний өөдөөс шүд намайг цохичихлоо, миний шүд уначихлаа гээд ирсэн. ...” /хх 12/,

гэрч Ж.Ганчимэгийн “...40-45 орчим насны эрэгтэй Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь нүүрээ дараад доошоо суугаад шүд уначихлаа гээд гартаа шүдээ бариад амнаас нь цус гараад талбай дээр шүлсээ хаяад байсан. ...” /хх 14/,

гэрч Б.Мягмарянжингийн “...20-25 орчим насны нэг залуугийн амнаас нь цус гарчихсан гартаа шүдээ бариад цохиулчихсан цагдаа дуудсан гээд байж байсан. ...” /хх 16/,

шүүгдэгч Д.Бийн “...намайг цохих гэхээр нь би гараараа хамгаалж сарвайгаад нүүрэнд нь түлхээд салж би цагдаа дуудна гэсэн чинь яаая шүд уначихлаа гээд нүүрээ дараад газарт суучихсан. ...би Т.Ганболорын эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 37/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Т.Ганболорын биед нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, доод уруулд зулгаралт, дотор салстад эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 22/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/ зэрэг хэрэгт ач ходбогдол бүхий баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Д.Бийн “...Бага насны хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Миний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн доод хэмжээ 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна....” гэсэн утга, агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцдэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд Д.Б нь бага насны хүүхэдтэй амьдардаг гэх баримт тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хохирогч Т.Ганболор, гэрч Б.Цэвэгмэд, Ж.Ганчимэг, Б.Мягмарянжин нарын мэдүүлгүүдээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3530 тоот “...Д.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 27-28/ зэргээр шүүгдэгч Д.Бийн давж заалдах гомдолд дурдсан “...Т.Ганболортой хамт явж байсан 2 залуу намайг бүлэглэж зодсон...” гэх нөхцөл байдал няцаагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Гэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах...” гэж “...санаатай...” гэх үгийг орхигдуулсан техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүх гаргасан  байгааг дурьдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ