Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: А.П***

Д.Т***

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э***,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.А***,

 нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч А.П***, Д.Т*** нараас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 416 тоот захирамжийн Ц-ын Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Б-д Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12-ын 75а тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг 2 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосныг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/2946 дугаар албан бичгээр “шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хариуг өгснийг нэхэмжлэгч нараас хүлээн авч, Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасан.

            3. Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/747 дугаар албан бичгээр мөн “шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хариу өгсний дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч нараас шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “...Олон жилийн хугацаанд 5-6 удаа Баянгол дүүргийн Газрын албанд хандан амьдарч буй газраа баталгаажуулж авахаар газрын гэрчилгээг гаргаж өгөөч хэмээн хандаж байсан. Газрын албанаас “...танайх орц, гарц муутай байх тул газрын гэрчилгээ олгох боломжгүй” хэмээн бидний гаргасан хүсэлтийг удаа дараа хүлээн аваагүй.

            Манай хашаанд Ц.Б***гэдэг хүн “...дүү нарыгаа түр суулгая хашаа олдохгүй байна, аргагүй байдлыг ойлгооч” хэмээн гуйгаад байхаар нь ядарсан улсад тус болох зорилгоор дүү нарыг нь хашаандаа түр хугацаагаар буулгасан.

            Ингээд Ц.Б-ын дүү гэх П***, Б*** гэх хүмүүс буусан бөгөөд эхнэр бид хоёр ар гэрийн асуудлаас болж түр хугацаанд хүү дээрээ очих шаардлагатай болоод гэртээ очоогүй хэсэг хугацаанд Ц.Б***манай газар дээр хүсэлт гарган газрыг маань эзэмшиж авсныг 2021 оны 12 дугаар сарын эхээр мэдэж, дүүргийн газрын албанд хандан хариугаа аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ц.Б***манай энд амьдарч байгаагүй бөгөөд өөрийнх нь харъяалал нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн 21 дүгээр гудамжны 5*** тоот юм.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.   

  1. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27-34 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг 2 жилийн хугацаатай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 12-75а тоот хаягаар иргэн Ц.Б-д тус газрыг эзэмшүүлсэн.

                 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Т*** нь Баянгол дүүргийн Засаг даргын А/416 дугаар захирамжийг хууль бус бөгөөд, тухайн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг цуцлуулах талаар өргөдөл, гомдлоо Баянгол дүүргийн Засаг даргад гаргаж байсан. Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 06/2105 дугаартай албан бичгээр тухайн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

                 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.П***, Д.Т*** нар нь дахин дээрх асуудлаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан өргөдөл, гомдол гаргасан ба Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар дахин хариу мэдэгдсэн байна.

                 Нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус хэтрүүлсэн байна.

                 Гуравдагч этгээд Ц.Б-д газар эзэмших эрх олгосон 2 жилийн хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

  1. Гуравдагч этгээд Ц.Б-аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие 2015 онд 18639312560853 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Т***-, А.П***- нартай өөр нэгэн газраар солилцож авсан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан агуулга нь ор үндэслэлгүй, худал зүйл бөгөөд биднийг тухайн үед газар солилцож байсан гэдгийг гэрчлэх гэрчүүд байгаа. Гэвч Д.Т***-, А.П***- нар өөр нэгэн маргаанаас болж уг газраа буцаан авах хүсэлтэй байгаа юм байна.

                 Миний бие Ц.Б- нь Д.Т***-, А.П***- нартай тохиролцож маргаантай асуудлаа шийдсэн тул Баянгол дүүргиийн Засаг даргын 2015 оны А/416 дугаар захирамжийн надад холбогдох хэсэг, мөн ...........8 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнээс татгалзаж байгаа бөгөөд хүчингүйд тооцуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч А.П***, Д.Т*** нараас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/416 дугаар захирамжийг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

                 Тухайн газраа нэхэмжлэгч нар нь олон жил амьдарсаар ирсэн бөгөөд Газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргасаар байхад хүлээж аваагүй байж тус газарт түр оршин сууж байсан этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч А.П***, Д.Т*** нар нь маргаан бүхий газарт 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд оршин суудаг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн болон 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  тодорхойлолт, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 66 дугаар албан бичиг, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гуравдагч этгээдээс шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон холбогдох бусад баримтаар,

            Гуравдагч этгээд Ц.Б***нь маргаан бүхий газарт түр оршин сууж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14/205 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн нотлох баримт гуравдагч этгээдээс шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон холбогдох бусад баримтаар,

                 Маргаан бүхий газар түр оршин сууж байсан гуравдагч этгээд Ц.Б-аас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 12 дугаар гудамжны 75а тоот хаягт байрлах 700 м.кв газарт “Газар эзэмших хүсэлт” гаргасныг хариуцагчаас Газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж буй эсэхийг хээрийн судалгаа хийж шалган тогтоолгүйгээр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдийн А/416 дугаар захирамжаар түүнд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 12 дугаар гудамжны 75а тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмших эрхийг болгосон.

Гуравдагч этгээд Ц.Б-аас Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 75а дугаар хаягт байрлах газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байгаагүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/416 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч, уг газрыг эзэмших эрхээсээ татгалзаж буй талаарх тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа дурдсан,

Нэхэмжлэгч Д.Т***-аас анх 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 12 дугаар гудамжны 75б тоот хаягт байрлах 204 м.кв талбай бүхий газарт “Газар эзэмших эрх хүсэх тухай” хүсэлтийг гаргасан ба тухайн хүсэлтийг дүүргийн Газрын албанаас шийдвэрлэж хариу өгөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14/205 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 14/315 дугаар албан бичгээр, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 1293 дугаар бүртгэл хяналтын карт, Д.Т***-аас гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

                 4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлана, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн,

            Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” хэмээн тус тус хуульчилсан.

            5. Шүүх, нэхэмжлэгч А.П***, Д.Т*** нарын 2000 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд байнга оршин сууж амьдарч байгаа газрыг эзэмших хүсэлт гаргасан гуравдагч этгээд Ц.Б-ын хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан журмын дагуу тухайн газрыг бусад этгээд бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа эсэх асуудлыг хээрийн судалгаа хийж нягтлан тогтоолгүй Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/416 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Б-д эзэмшүүлж шийдвэрлэсэн асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

            Үүнтэй холбогдуулан, шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт болон гуравдагч этгээдэд мэдэгдсэн ч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, гуравдагч этгээд Ц.Б-аас “...байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй” болохоо шүүхэд илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ”, 91.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтад заасныг тус тус үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/416 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА