| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Ц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч, хохирогч: Г.М-, Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г-ын М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Н-гийн М- нарт холбогдох эрүүгийн 2335000000..... дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ..................... өдөр Увс аймгийн ....................... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 931 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Ш овогт Г-ын М-, (регистрийн дугаар: .....................);
2. Монгол Улсын иргэн, .................... өдөр Увс аймгийн ....................... суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Н-гийн М-, (регистрийн дугаар: .................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Улаан толгой” гэх газарт иргэн Н.М-ын толгой хэсэгт хүрзээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Мөн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Хар толгойн хавчиг” гэх газарт иргэн Г.Б-ын толгойн тус газарт ташуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Н.М- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Улаан толгой” гэх газарт иргэн Г.М-ын толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Г.М- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Улаан толгой” гэх газарт иргэн Н.М-ын толгой хэсэгт хүрзээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Хар толгойн хавчиг” гэх газарт иргэн Г.Б-ын толгойн тус газарт ташуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.М- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Улаан толгой” гэх газарт иргэн Г.М-ын толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч, хохирогч Н.М-ын өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 28-нд гарсан. Энэ гэмт хэргийн хүрээнд 5 хүн шалгагдаж, 3 хүний үйлдэл хэрэгсэхгүй болсон. Энэ залуучууд 20 гаруй настай үе тэнгийн хүмүүс. Өөрсдийнх нь анх удаа үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас 6 сарын хугацаанд цагдаа, прокуророос шалгагдаж байнга дуудагдаж, амьдралд нь ямар их цаг хугацаа алдагдсаныг ойлгож ухаарсан учраас дахин гэмт хэрэг үйлдэхгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд Г.М- нь Н.М-ыг “Н-гийн пизда босоод ир” гээд эхэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Н.М-ыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж байсан бөгөөд мэдүүлэг өгөхдөө “бүлэглэж үйлдээгүй, миний үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан” гэдгээ хэлсэн. Учирсан хохирлын хувьд Г.М-, Н.М- нар маргаантай байсан боловч прокурорын шатанд хялбаршуулах хүсэлт гаргаж чадалгүй, шүүхийн шатанд ирж хоорондоо тохиролцсон. Хэн хэнд нь хөнгөн гэмтэл учирсан тул И-баримтаа хоорондоо тулгаж үзээд, Н.М-т учирсан хохирлоос Г.М-т учирсан хохирлыг хасаад 320.000 төгрөгийг төлөхөө илэрхийлээд нотариатаар баталгаажуулсан. Н.М-ын хувьд 8 хүүхэдтэй айлын дундах хүүхэд, сургуульд сурсан боловч бичиг үсэг мэдэхгүй, зан төлөвийн хувьд өөрийгөө илэрхийлэхдээ төлөв даруу, бүрэг, ажилсаг тусч залуу. Амьжиргааны түвшин бага боловч малын А дансыг харахад 57 тооны мал тоолуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдохдоо хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, Н.М-т улсын яллагчийн зүгээс 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг санал болгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай, иймд торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Яагаад гэвэл амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуй нь хавар мал төллөж байгаа, цаг агаарын нөхцөл байдал муу байгаа тул үлдсэн малаа маллаж, торгуулийн ялыг төлж чадна гэдгээ илэрхийлж байгаа. Н.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан торгуулийн ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч, хохирогч Г.М-ын өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр Н.М-, Г.Б- нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэргийн 125-р талд авагдсан мэдүүлгээр нотлогдож байгаа. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул шүүх хуралдааныг нэгтгэж нэг үе шаттай явуулах санал гаргасан. Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Г.М-ын аав нь “энэ зун гэр бүрж, хүүгээ тусад нь гаргана” гэж хэлсэн. Иймд шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж үзээд улсын яллагчаас оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч, хохирогч Г.М- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Г.Б-, Н.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна. Мал төллөх дөхсөн аав ээж ах дүү нартаа тус дэм болмоор байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,
5. Шүүгдэгч, хохирогч Н.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “Дахиж ийм алдаа гаргахгүй. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000....дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-9 дэх тал);
2. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд (2 дахь хавтаст хэргийн 40-42 дахь тал);
3. Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 27-ны орой ....23 цагийн үед К /Н.М-/ ахын гэрт хонохоор ирэхэд Г.М-, Н.М- нар хоорондоо барьцалдаад авчихсан нэг нэгнээ цохиж байхаар нь би тэр хоёрыг салгаж Г.М-ыг гэрээс гаргасан...Г.М- нь морьтой ирж намайг цохиж намайг ухаан алдуулсан. Би ухаан ороход Г.М- байхгүй байсан бөгөөд миний толгой, хамраас цус гараад тогтохгүй байсан. Намайг цусаа гоожуулаад сууж байхад Дондоо ирсэн. Тэгээд миний цусыг тогтоож өгөөд К /Н.М-/ ахын гэрт хүргэсэн. Тэгэхэд Н.М-ыг Г.М- хүрзээр цохиж газарт унагаад хөлөөрөө дэвссэн гэж Конгоо /Н.М-/ ахын эхнэр Х-оо эгч Д ах бид хоёрт хэлсэн ...Г.М- нь уг хэрэг болсон гэх 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хар толгойн Хавчиг гэх газар миний араас морьтой хөөж ташуураар миний толгой руу цохисон ба түүнээс болж миний толгой хагарсан. Мөн Г.М- нь морьтой намайг хөөж газар унагаах үед би зүүн хацар, хамрын нуруу, зүүн гарын долоовор хуруугаа зулгалсан, ядам хурууг Г.М- нь надтай зодолдож байхдаа хазаж зулгалсан...Г- Г.Б нар нь морьтой намайг тойрч эргэж байсан бөгөөд миний биед халдаж зодсон зүйл байхгүй...Г.М-тай уг хэрэг гарсан гэх орой Н.М- нь Н.М-ын гэрт болон гэрийн гадна талд маргалдаж зодолдсон. Харин би Хар толгойн хавчиг гэх газар Г.М-тай зодолдсон бөгөөд өөр Г.М-тай маргалдаж зодолдсон хүн байхгүй...Г.М- нь миний биед учруулсан хохирлоо барагдуулсан. Одоо миний бие өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй...би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй ...гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-50 дахь тал);
4. Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.М- босож ирээд намайг заамдаж бариад шууд зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохисон... Би н.Б гэх айлд сууж байхад Г.Б- нь ирээд намайг гэрээс гараад ир би чамаас уучлалт гуйх гэсэн юм гээд байхаар нь би гэрээс гарахад намайг шууд миний нүүрийг базахаар нь би түүний хурууг хазаж тавиулсан ба бид хоёр уг газар зодолдсон. Т.Э- ах биднийг салгаж намайг барьж авахад Г.Б- нь миний толгой нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон... Г.Б- нь намайг дахин цохих гэж ирээд манай аав, дүү хоёрыг хараад зугтахаар нь би морьтой түүнийг хөөж өшиглөж газар унагааж цохисон ба толгой хагалчихлаа гэж орилохоор би морь унаад Конгоо /Н.М-/ ахын гэрт мотоцикль, хувцсаа авахаар явсан. Конгоо /Н.М-/ гэрийн хаалга онгойлгоод орох гэхэд Н.М- хаалганы баруун талд зогсож байхаар намайг дахин цохиж магадгүй гэж бодоод би ойролцоо байсан хүрзээр түүнийг цохисон...би баганаас барьж байгаад Н.М-ыг өшиглөх гэхэд Х-оо эгч намайг түлхэж багана хугарсан...миний толгой гэдэс дотор өвдөж байна, Н.М- нь гараа атгаж байгаад миний баруун нүд рүү цохиж хөхрүүлсэн, Г.Б- нь миний толгой, хөл цээж хэсэг рүү цохисон. ...Би Г.Б-ыг мориор хөөж газар унагаасан ба тухайн үед Г.Б- толгой хагалчихлаа гэж орилж байсан. Мөн миний нүүрийг базаж хуруу нь миний ам руу орж ирэхээр нь түүний хурууг хазсан. Харин би Н.М-ыг хүрзээр түүний зүүн хацар шанаа хэсэгт нэг удаа цохисон ба К /Н.М-/ гэрт ирээд түүний хөл рүү бос гэж 2 удаа өшиглөсөн... Н.М- нь Н.М-ын гэрт гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон, түүнээс болж миний тархи доргисон гэж би бодож байна. Харин Г.Б- нь Хар толгойн хавчиг гэх газар миний нүүрийг базаж тавих үед би гарыг нь хазаж тавиулсан бөгөөд тухайн үед уг зүүн нүдний зулгаралт гэмтэл үүссэн...уг хэрэг гардаг гэх орой Н.М- нь Н.М-ын гэрт миний нүүр баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон, гэрээс гараад гараа атгаж байгаад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Г.Б- нь Хар толгойн хавчиг гэх газар миний араас хөөж ирээд миний хөл рүү өшиглөж, миний нүүрийг базаж бид хоёр зодолдох үед Т.Э- салгаж намайг барих үед Г.Б- нь миний гэдэс хэсэг рүү өшиглөсөн... Би Б.М-ыг хүрзээр цохисон, Г.Б-ыг морин дээрээс өшиглөж нэг удаа ташуурдсан...уг ташуурыг би 2023 оны 07 дугаар сард өөрөө хийсэн... Н.М- нь миний биед учруулсан хохирлоо барагдуулаагүй...би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй...би гэмт хэргийн улмаас Г.Б-ын биед учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулж Г.Б- надад гомдол саналгүй болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-58 дахь тал);
5. Хохирогч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 27-ны орой... би С.А-ын хамт төрсөн ах К /Н.М-/ ахын гэрт баруун талд унтсан...Г.М- орж ирээд Н-н пизда босоод ир гэж миний хөл рүү 2 удаа өшиглөхөөр нь би орноосоо босож, түүнийг ах Н.М-ын гэрээс гаргаад баруун нүд хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон...миний толгойд учруулсан гэмтлийг Г.М- хүрзээр цохиж учруулсан......би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгож нэхэмжлэхгүй ...Г.М- бид хоёр нэг нэгэндээ ямар нэгэн гомдол, санал байхгүй...”гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-66 дахь тал);
6. Иргэний нэхэмжлэгч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.М- надад учруулсан учруулсан хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан...надад цагдаагийн байгууллагад шалгуулах болон Г.М-т ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-70 дахь тал);
7. Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.М- нь Н.М-ын хөл рүү 2 удаа өшиглөж “Н-н пиздаа босоод ир” гэсэн...Г.М-ын нүүр хэсэг рүү Н.М- 1 удаа цохих шиг болсон...гэрийн гадаа зодолдож нэг нэгнээ хөөгөөд байсан...Г.Б- Г.М- намайг чулуугаар цохисон гэж хэлээд тэрний хойноос гараад явлаа гэсэн...Г.М- гэрэл тусангуут гэрийн хаалгаар алхаж орж ирээд Н.М-ын толгойн зүүн хэсэгт хүрзээр нэг удаа цохисон ба Н.М- толгойгоо бариад газарт унасан. ..Би гэрээс гарахад Д Г.Б-тай хамт алхаад ирж байсан бөгөөд Г.Б-ын толгойг даавуугаар боочихсон, нүүр шанаа хэсэг цус болчихсон ирсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал);
8. Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хар толгойн хавчиг гэх газарт Г.Б-, Г.М- нар нь хоорондоо зодолдоход би салгасан...Г.Б-ыг Г.М- ташуурдаж толгойг нь хагалсан...Н.М-ын гэрт Н.М-, Г.М- нар хоорондоо барьцалдаж аваад Н.М- нь Г.М-ын нүд рүү цохисон бөгөөд Г.М- зөрүүлээд Н.М-ыг цохиж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-79 дэх тал);
9. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 468 дугаартай “...Үзүүлэгч Г.М-ын биед тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний 14 цаг 23 минутад үүсчихсэн байсан талаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 67592 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал);
10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467 дугаартай “...Үзүүлэгч Н.М-ын биед тархи доргилт, баруун талын гайморын /хацрын/ хөндийн урд, гадна, дотор хананы хугарал, гайморын хөндийд цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны 09 цаг 51 минутад үүсчихсэн байсан талаар Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 67581 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, баруун талын гайморын /хацрын/ хөндийн урд, гадна, дотор хананы хугарал, гайморын хөндийд цус хуралдалт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 7. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал);
11. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 459 дугаартай “...Үзүүлэгч Г.Б-ын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хамрын нуруу, зүүн гарын долоовор хуруу, ядам хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Зүүн хацар, хамрын нуруу, зүүн гарын долоовор хуруу, ядам хуруунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 141-142 дахь тал);
12. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 235 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар яргай модон ташуурын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 25.000 (хорин таван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт, мөн шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар модон иштэй хуучин хүрзний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 15.000 (арван таван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт, мөн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 219 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар 5 ханатай монгол гэрийн 1 ширхэг баганы зах зээлийн үнэ цэнийн баримжаа 56.000 (тавин зургаан мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 154, 166, 178 дахь тал);
14. Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220-221 дэх тал);
15. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхэг, хүрз 1 ширхэг, ташуур 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:
1. Гэрч Н.Мажигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...М- нь ............... Увс аймгийн ....................... суманд миний төрсөн, эцэг Т.Н-, эх Б.Н нарын 4 дэх хүү болж мэндэлсэн ба хоёр ах, нэг эгч, таван дүүтэй. Ах Н.М- нь ....................... сумын 2 дугаар багт малчин. Н.М- нь ....................... сумын ерөнхий боловсролын сургуульд бага боловсрол эзэмшсэн. Бага ангиа төгсөж эцэг, эхийн хамт мал маллаж байгаад ..... онд Завхан аймгийн .... сумын хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан. Н.М- нь төлөв даруу , тайван, тусч зантай бөгөөд амархан уурлаж бухимдаад байдаггүй, ах дүү нарын дунд хамгийн их эв найртай байдаг, эцэг, эх, ах, эгч нарын үгнээс гардаггүй, малд нүдтэй, нутгийн ах дүү нартай эв найртай нөхөрлөж явдаг...Н.М- нь 2022 онд өөрийн нэр дээр адуу-3, үхэр-4, хонь-30, ямаа-20 зэрэг мал тоолуулсан бөгөөд мустанг-5 маркийн мотоцикльтой, хадгаламж, зээл, хашаа, байшин, гэр байхгүй... өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Н.М- нь архи согтууруулах ундааг хааяа баяр ёслол, найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал);
2. Гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Н.М- нь төлөв даруу , тайван, тусч зантай бөгөөд амархан уурлаж бухимдаад байдаггүй, ах дүү нарын дунд хамгийн их эв найртай байдаг, эцэг, эх, ах, эгч нарын үгээс гардаггүй, малд нүдтэй, нутгийн ах дүү нартай эв найртай нөхөрлөж явдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал);
3. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолтоор Н.М- нь...өрхийн амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас бага байна гэх тодорхойлолт, (2 дахь хавтаст хэргийн 07 дахь тал);
4. Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 464 дугаартай “....................... сумын 2 дугаар багийн иргэн Н.М- нь ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт тус багт мал маллан амьдарч байгаа болно. Н.М- нь 2023 онд адуу-3, үхэр-4, хонь-30, ямаа-20 нийт 57 тооны мал тоолуулсан болно. Өрхийн амьжиргааны түвшингээр 2 дугаар зэрэгт эрэмбэлэгдэж буй зорилтот өрх мөн болно. Н.М- нь төлөв даруу, элдэв янзын хорт зуршилгүй, багаас зохион байгуулсан үйл ажиллагаанд манлайлан оролцдог манай багийн тэргүүний залуучуудын нэг мөн болно” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал);
5. Н.М-ын нэр дээр тоолуулсан малын “А” дансны хуулбар (2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Д.Бунжаа хэргээс:
1. Гэрч Ж.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.М- нь ........онд тус аймгийн ....................... суманд С.Г-, Б.Ц нарын 3 дахь хүү болж төрсөн, 2 ахтай, 4 дүүтэй байсан. Г.М-ын төрсөн 2 ах нь нас барсан. ...Г.М- нь эцэг, эх, 2 дүүгийн хамт ....................... сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг... Г.М- нь ....................... сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж ....................... Коллежид суралцаж байгаад хичээлээс гарсан ба биед нь ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг, өвдөж зовиурладаг зүйл байдаггүй, их хичээнгүй, түргэн шуурхай, аливаа ажлыг сэтгэлээрээ хийдэг, тусч зантай, ах дүү нарын дунд нэрт хүндтэй, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй...түүний аав С.Г- ахынх ....................... сумын 3 дугаар багт мал маллаж, хадлан тэжээл бэлдэж, жимс жимсгэнэ ......................., гадаадын жуулчинд хөтөч хийж амьдардаг. ....................... сумын Цагаан эрэг гэх нэртэй газарт чацаргана жимсний талбай, Хар толгой, Ар бэл гэх нэртэй газруудад хадлан хадах талбайтай, өвөлжөөний хашаа-1, ойролцоогоор 400 гаруй бог, сарлаг, адуу нийлсэн 40 гаруй бод малтай, зургаан ханатай болон 5 ханатай монгол гэртэй, мустанг-5 загварын мотоцикльтой...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал);
2. Гэрч Г.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.М- нь 1999 онд Увс аймгийн ....................... суманд С.Г-, Б.Ц нарын 3 дахь хүү болж төрсөн, 2 ахтай, 4 дүүтэй. ...Г.М- нь эцэг С.Г-, эх Б.Ц, Г.У, Г.Ш нарын хамт ....................... сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Г.М- ахын биед ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг, биед нь өвдөж зовиурладаг зүйл байдаггүй, их хичээнгүй, түргэн шуурхай, аливаа ажлыг сэтгэлээсээ хийдэг, тусч зантай, ах дүү нарынхаа дунд нэр хүндтэй, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Улаанбаатар хотод Г.М- ах бид хоёр нэг компанид ажилладаг байсан бөгөөд тухайн үед Г.М- ах үйлдвэр дээр осол гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ба ял шийтгэл авсан эсэхийг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал);
3. Г.М-, Г.Б- нарын Увс аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотлох баримтаар гаргаж өгсөн: “...Г.М- бид хоёр нэг нэгнийхээ биед учруулсан хохирлоо бүтэн төлж барагдуулсан тул одоо нэг нэгэндээ ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал);
4. Г.М-ын Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан“...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
Шүүгдэгч Г.М- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Улаан толгой” гэх газарт иргэн Н.М-ын толгой хэсэгт хүрзээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Мөн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Хар толгойн хавчиг” гэх газарт иргэн Г.Б-ын толгойн тус газарт ташуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.М- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг “Улаан толгой” гэх газарт иргэн Г.М-ын толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, хохирогч Г.Б-, Г.М-, Н.М- болон гэрч Б.Х-, Т.Э-, иргэний нэхэмжлэгч Н.М- нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467, 468 дугаартай дүгнэлтүүд, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 459 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Г.М-, Н.М- нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна. (1 дэх хавтаст хэргийн 3-9, 40-42, 43-50, 52-58, 60-66, 67-70, 73-75, 77-79, 110-111, 130-131, 141-142, 205-206, 220-221 дэх талууд);
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.М- нь Н.М-, Г.Б- нартай харилцан зодолдох явцдаа тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Н.М- нь хохирогч Г.М-ын зүүн нүд тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М-ын хохирогч Н.М-, Г.Б- нарыг зодсон үйлдэл, шүүгдэгч Н.М-ын хохирогч Г.М-ыг зодсон үйлдэл, тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Г.М-, Н.М- нар нь уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул хууль зүйн хувьд Г.М-, Н.М- нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд прокуророос ирүүлсэн хэргийн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч, хохирогч Г.М-, Н.М-, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
6. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Г.М-, Н.М- нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
7. Шүүгдэгч Г.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-, Н.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Г.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “...Г.М- нь миний биед учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг ирүүлсэн 2 дахь хавтаст хэргийн 55 дахь талд авагджээ.
Мөн шүүгдэгч Г.М- нь “...хохирогч Н.М-т эмчилгээний зардалд 320.000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаа илэрхийлсэн баримт”-ыг нотариатаар гэрчлүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна.
Шүүгдэгч Н.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба Н.М-, Г.М- нь хоорондоо харилцан тохиролцож, нэхэмжлэх хохиролгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгийг өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-, Н.М- нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Н.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэргийн хамт хадгалах, хүрз 1 ширхэг, ташуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна” дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нар нь нэг нутгийнх, нэг газар амьдардаг, хоёулаа хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү. ...Амьжиргааны түвшин бага боловч малын А дансыг харахад өөрийн нэр дээрээ 57 тооны мал тоолуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Иймд торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Яагаад гэвэл амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуй нь хавар мал төллөж байгаа, цаг агаарын нөхцөл байдал муу байгаа тул үлдсэн малаа маллаж, торгуулийн ялыг төлж чадна гэдгээ илэрхийлж байгаа. Н.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Д.Бунжаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “....шүүгдэгч Г.М-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзаж үзээд торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
5. Шүүгдэгч Г.М- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би Г.Б-, Н.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж, гэм буруугаа ухаарч байна. Мал төллөх дөхсөн тул аав ээж ах дүү нартаа тус дэм болмоор байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,
6. Шүүгдэгч Н.М- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Дахиж ийм алдаа гаргахгүй. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Н.М- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал),
-Шүүгдэгч Г.М- нь урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 931 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан ба уг ялыг эдэлж дуусгавар болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. (2 дахь хавтаст хэргийн 33-40 дэх тал),
-Шүүгдэгч Г.М- нь хувийн байдлын хувьд ......... онд төрсөн, ..... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эцэг, эхийн хамт мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй, зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 28-32 дахь талд авагдсан баримтуудаар,
-Шүүгдэгч Н.М- нь хувийн байдлын хувьд ......онд төрсөн, .... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 07-18 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
-Шүүгдэгч Н.М-, Г.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
-Шүүгдэгч Г.М-ын хувийн зан байдлын талаар гэрч Ж.Э, Г.П нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, (1 дэх хавтаст хэргийн 95-96, 102-103 дахь тал),
-Шүүгдэгч Н.М-ын хувийн зан байдлын талаар гэрч Н.М, Н.Н- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 93, 104 дэх тал) тус тус тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
8. Иймд шүүгдэгч Г.М-, Н.М- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, Г.М- нь хохирогч Н.М-д учирсан хохирол болох 320.000 төгрөгийг 2024 оны 04 сарын 20-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр,
Шүүгдэгч Н.М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
9. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.М- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.М- нь хохирогч Б-т төлөх төлбөргүй, хохирогч Н.М-д гэмт хэргийн хор уршигт 320.000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлснийг, шүүгдэгч нараас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, хүрз 1 ширхэг, ташуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
10. Шүүгдэгч Г.М-, Н.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Г-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд,
-Шүүгдэгч О овогт Н-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын дотор, шүүгдэгч Н.М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.М- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.М- нь хохирогч Г.Б-т төлөх төлбөргүй, хохирогч Н.М-д гэмт хэргийн хор уршигт 320.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлснийг, шүүгдэгч нараас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, хүрз 1 ширхэг, ташуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Г.М-, Н.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА